Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02258

 

 

 

 

 

 

 2021        11          24

           181/ШШ2021/02258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Ц-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С.Л-д холбогдох

 

М ХХК-ийн тамга, компанийн санхүүгийн бичиг баримт, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаар бүхий газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээ, Land cruiser 100 маркийн автомашины гэрчилгээ, түлхүүрийг албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн Г.Ц миний бие Гадаадын хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн нийт хувьцааг Белорусь улсын иргэн Ктай тэнцүү буюу 50, 50 хувиар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан юм.

            Гэтэл тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Беларусь улсын иргэн К нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барсан бөгөөд тус компанид ажиллаж байсан Сэнгээгийн Лувсандорж нь Кийг нас барсны дараах түүний амьдарч байсан гэрт нь орж “М” ХХК-ийн тамга, компанийн 2009 оноос 2016 он дуустал хугацааны санхүүгийн баримтууд, компанид бүртгэлтэй байсан “Land cruiser 100” автомашин, түүний гэрчилгээ, түлхүүр зэргийг бидэнд мэдэгдэлгүй, санаатайгаар, хуурч авч явсныг бид 2021 онд мэдсэн юм.

            Би 2020 онд компанийн ашиглалтад байдаг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 м.кв, 61 м.кв талбайтай газрын гэрчилгээг Газрын албанд сунгуулахаар өгсөн. 2021 онд сунгалтынхаа гэрчилгээг авахаар Дүнжингарав худалдааны төвийн Газрын албан дээр очтол Лувсандорж манай компанийн тамгыг дарж, хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлийг ашиглан, тус газрын албан тушаалтнуудтай хуйвалдан үгсэж, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаартай аж ахуйн хашааны зориулалтаар ашигладаг газрын 2 гэрчилгээ, 2020 оны газар ашиглах гэрээ зэргийг гарын үсэг зурж дур мэдэн, бидэнд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүй, ямар ч эрхгүй байж авч явсан байна.

            Түүнээс гадна Л хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлд дурдсан В гэх хүнийг өв залгамжлагчаар тогтоогоогүй, мөн өв залгамжлагч мөн эсэх нь эргэлзээтэй, Ковалёв нь энэ хүнтэй түр хугацаанд Монголд амьдарсан хүний нэр дээрх итгэмжлэл гэх эрх зүйн үндэслэлгүй баримт бичгийг ашиглаж дээр дурдсан гэрчилгээ, гэрээг авснаа бидэнд мөн мэдэгдээгүй.

            Лувсандорж надад итгэмжлэлийг эх хувиар нь өгөөгүй, зөвхөн мэйлээр илгээсэн. Ийм учир миний бие Л хуурамч баримт бичиг ашигласан гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.

            Ийнхүү Лувсандорж нь компанийн үйл ажиллагаа явуулах үндэс болох тамга болон бусад баримт бичгийг биднээс санаатайгаар нууж компанид их хэмжээний хохирол учруулсан.

            Иймд “М” ХХК-ийн тамга, компанийн санхүүгийн бичиг баримт, газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээ “Land cruiser 100” автомашин, түүний гэрчилгээ, түлхүүр зэргийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо хариуцагч С.Лоос компанийн тамга, хоёр газар эзэмших гэрээ, гэрчилгээг гаргуулах хүсэлтэй байна. Санхүүгийн бичиг баримт, ланд круйзер 105 маркийн автомашин, гэрчилгээ, түлхүүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй юм уу гэдэг дээр тайлбар хэлэх учиртай. Компанийн хувьцааг К болон Г.Ц 50:50 хувиар эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Гадаадын иргэн болох 50 хувийн хувьцаа эзэмшигч К 2016 онд нас барсан. Тэгэхээр Кийн эхнэр В гэдэг хүний 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2019, 2021 онуудад өгсөн итгэмжлэлийн хүрээнд С.Л гэдэг этгээд компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, тамгыг хууль бусаар эзэмшиж тодорхой үйл ажиллагааг явуулж байгаа. Хариуцагч С.Л “М” ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хувьцаа эзэмшигч биш юм.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компанийн хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг заасан байдаг. Нэхэмжлэл гаргах эрх нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэл гаргах эрх нь мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт заасны дагуу Кийн эхнэр болох В өгсөн итгэмжлэлийн дагуу С.Лийн хууль бус эзэмшлээс үүдэлтэй эд хөрөнгийг гаргуулах юм.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд зааснаар компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмших компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтан нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн эрх дурдагддаг. Газар эзэмшихтэй холбоотой асуудлаар Г.Ц газрын албанд холбогдох баримтыг бүрдүүлээд нотлох баримтаар өгсөн. Түүнээс гадна хариуцагч С.Лийн хариу тайлбараар “би авсан, газрын гэрчилгээг хуулийн дагуу холбогдож очиж авсан билээ” гэсэн байдаг. С.Лид компанийн тамгыг ашиглах ямар ч эрх байхгүй. Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авахуулж, шүүгчийн захирамж гарсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль бусаар мэдэлдээ авч эзэмших эрх үүснэ гэж заасан. Өнөөдөр С.Лид үүсэж байгаа эзэмшил нь хууль бус юм. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шударга эзэмшигч биш юм.

Хэргийн материалын 47-48 дугаар хуудсанд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн итгэмжлэл байна. Итгэмжлэлийг Кийг нас барснаас 7 хоногийн дараа олгосон байна. Итгэмжлэлээс харахаар миний ямар ч төрлийн бүх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгов гэж байна. В эд хөрөнгө Монгол улсад огт байхгүй. Итгэмжлэл дээр миний нөхөр Кийн өв залгамжлалаар ирсэн эд хөрөнгө, эрхийн тухай асуудал ярьсан бол өөр, итгэмжлэл буруу байна. Компанийн хувьцаа эзэмшигчийн талаар ямар ч үг байхгүй байна. Хариуцагч С.Лид компанийн эд хөрөнгийг авах, тамгыг ашиглах эрх олгогдоогүй. Хэргийн материалын 54 дүгээр хуудсанд өвлөгчийн эрхийн гэрчилгээ нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр В олгогдож байна. Тэгэхээр 2016 он, 2019 онд өгсөн итгэмжлэл хууль бус байна.

Өвлөх эрхийн гэрчилгээ албан ёсны болоогүй байхад энэ эмэгтэйд С.Лид олгох эрх байхгүй байна. Энэ бүх итгэмжлэл нь төрийн байгууллагад ямар байдлаар хандаж хууль бусаар гэрээг авсан нь ойлгомжтой гэж би үзэж байна. Хариуцагч хариу тайлбар дээрээ баримт бичгийг В өгсөн талаар нэг ч үг, өгүүлбэрийг дурдаагүй.

Иймд нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч С.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Нэхэмжлэл дээр иргэн Г.Ц нь намайг хаа хамаагүй хүн гарч ирээд өөрт нь огт хамааралгүй зүйлийг хуурамч баримт бүрдүүлэн аваад явсан мэтээр гүтгэлгийн шинжтэй зүйл бичсэн байна.

М компанийн ерөнхий захирал асан К бид хоёр хамт ажиллаж ах дүүгийн дотно харилцаатай байсныг дараахи олон баримтууд нотлох болно. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ковалёв В.К–ын бие гэнэт муудаж Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хэвтүүлэн жолооч С.Төрхүү бид 2 ээлжлэн сахиж өвчний хүндрэлийн улмаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барж шарилыг эхнэр Валюк.И.Г-ийн хүсэлтээр эх орон луу ачуулахад би найз Иваны хамт асар их шат дамжлагатай ажлыг богино хугацаанд амжуулж ойролцоогоор 5000 орчим ам.доллар зарцуулж явуулахад иргэн Г.Ц компанийн 50 хувь эзэмшдэг гэх хаана байлаа, юу хийж тусаллаа санадаггүй ээ. Эсрэгээр энэ бүх ажлыг та хийх байтал 300,000 төгрөг шилжүүлээд таг дуугүй байснаа мартаагүй байх гэж найдъя.

Мөн тантай хамт ажиллаж байхдаа 2008 онд Ковалёв В.К гэртээ харвалт өгч яаралтай эхнэрийг нь Беларусь улсаас онгоцоор авчрах болон буцааж галт тэргээр эх орон луу нь эмчилгээнд явуулахад гарсан зардал болох 2,280 ам.долларыг бас л би гаргаж явуулсан. 2010 оны 10 дугаар сард 3,000 ам доллар, 2010 оны 12 дугаар сард 17,280 ам доллар надаас зээлж тухайн үед оффис, амьдарч байсан гэрийн төлбөрүүдээ төлж байсан, энэ мөнгийг надад буцааж төлж чадаагүй нас барсан, би тэгэхээр хаа хамаагүй хүн биш байлтай.

Ковалёв В.К нас барсан, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр хууль ёсны өв залгамжлагч эхнэр нь болох Ковалёв.И.Г нь надад талийгаачийн үлдсэн эд хөрөнгө, түүнтэй холбоотой компанийн эд хөрөнгө хуваах бүхий л асуудлыг хуулийн дагуу шийдэх эрх нь олгогдож би иргэн Г.Цыг хамт ажиллаж байсны хувьд асуудлыг нааштай шийдэх болов уу гэж харзнаж байснаа сүүлд уулзахдаа санаа бодлоо хэлж ойлголцсон гэж бодож байлаа. Миний санал болгосноор хууль ёсны өв залгамжлагчтай холбогдож тодорхой мөнгөн дүнгээр тохиролцож М компанийн эрхийг, үлдсэн хөрөнгөө өөрийн болгох боломжийг санал болгоод түүнээс хойш бүтэн нэг жил утсаар нь холбогдох гэж оролдоод утсаа авахгүй байснаа та санаж буй биздээ. Иймд миний бие компанийн хууль ёсны 50 хувь эзэмшигчийн албан ёсны төлөөлөгчийн хувьд компанийн газрын гэрчилгээг өөр дээрээ хуулийн дагуу холбогдох бичиг баримттай очиж авсан билээ.

Мөн таны нэхэмжилсэн М ХХК-ийн 2009 оноос 2016 оны санхүүгийн бичиг баримт талийгаачийн гэрээс олдоогүй бөгөөд хамгийн сүүлийн 2009 оны жилийн эцсийн тайлан баланс байгаа болно. Таны нэхэмжилсэн компанийн балансад бүртгэлтэй гэх Ландкруйзер 100 биш 105 шүү, машин хэдэн онд К-ын нэр дээр шилжээд хэдэн онд өөр хүнд шилжсэн болохыг та мэдээгүй бололтой. Уг машиныг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьж худалдсан байсныг би 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нийт 33,000,000 төгрөг төлж авч өгснийг та надад эргүүлж төлбөл би уг машиныг танд эргүүлж өгөхөд татгалзах зүйлгүй болно.

За түрдээ ингээд зогсооё, удахгүй тантай шүүх дээр компанийн өмч хуваах асуудлаар уулзах болохоор өшөө олон баримт дурдахгүйгээр үүгээр таны нэхэмжлэлд тайлбараа хангалттай өгсөн байх гэж найдъя.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, нэхэмжлэгч Г.Ц 50 хувийг, үлдсэн 50 хувийг К эзэмшдэг байсан. К компанийн захирлын үүргийг гүйцэтгэж байгаад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан. Кийн эхнэр болох хууль ёсны өв залгамжлагч нь С.Лид итгэмжлэл өгч Монгол улсад байгаа манай нөхрийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж шилжүүлж өгнө үү гээд итгэмжлэл олгосон. Хариуцагч С.Л уг компанийн гэрчилгээг яагаад очиж авснаа хариу тайлбар дээрээ тодорхой дурдсан. Хууль ёсны өвлөгчөөс өгсөн итгэмжлэлийн дагуу бичиг баримтыг авсан. Итгэмжлэл нь М ХХК-тай хамааралгүй гэж байна. 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр итгэмжлэл олгох тухай гээд арын хэсэгт Монгол улсад байршилтай М ХХК-д хамааралтай хуулиар олгогдсон нэхэмжлэлийн шаардлага, өргөдөл, гомдол, гарын үсэг зурах, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн ашиг сонирхолтой иргэн, захиалагч Монгол улсын бүхий л байгууллагад хандах, хэрэгжүүлэх, нэхэмжлэл, гомдол, өргөдөл гаргах, арбитрын шүүхэд хандах, нэхэмжлэлээс бүрэн болон хэсэгчлэн татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрлийн гэрээ байгуулах, итгэмжлэлийн зүйл, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, бүх эрхийг олгох М ХХК-д дурдсан. Энэ итгэмжлэлийн дагуу хариуцагч газрын гэрчилгээг хүлээж аваад Кийн эхнэрт хүлээлгэж өгсөн ийм л үйл баримт байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан. С.Лийн эзэмшилд байхгүй зүйлийг нэхэмжлэх нь нэмэргүй. Та итгэмжлэл олгоод байгаа хүнтэй асуудлаа шийдэхээс биш ямар ч хамааралгүй төлөөлөл хэрэгжүүлж явсан хүнээс шаардаж шүүх дээр маргаан үүсгээд шийдэгдэхгүй. Хэргийн материалыг судлахад компанийн хамтрагч нас барахад С.Л өөрөөсөө мөнгө гаргаад тухайн үед асуудлыг нь зохицуулаад явж байсан байна. Тэр үед таныг байхгүй, хаашаа явсан бэ гэж байсан. Одоо ингээд нас барсан хойно би бүгдийг нь авах ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа нь хүний ёсны хувьд шударга бус санагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч С.Лид холбогдуулан М ХХК-ийн тамга, компанийн санхүүгийн бичиг баримт, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаар бүхий газрын гэрээ, гэрчилгээ, газар ашиглах гэрээ, Ланд круйзер /Land cruiser/ 100 маркийн автомашин, түлхүүрийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь шүүх хуралдаанд хариуцагч С.Лоос компанийн санхүүгийн бичиг баримт, Ланд круйзер /Land cruiser/ 100 маркийн автомашин, түлхүүрийг албадан гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч компанийн санхүүгийн бичиг баримт, Ланд круйзер /Land cruiser/ 100 маркийн автомашин, түлхүүрийг албадан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хариуцагч С.Л нь хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлээр компанийн тамга, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаар бүхий газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээг авсан тул хариуцагчаас гаргуулна” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “Кийн эхнэр болох хууль ёсны өв залгамжлагч В-ийн С.Лид олгосон итгэмжлэлийн дагуу компанийн тамга, газрын гэрээ, гэрчилгээ зэргийг авч түүнд хүлээлгэн өгсөн” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монгол Улсын иргэн Г.Ц, Бүгд найрамдах Беларусь улсын иргэн К нар нь 1997 онд тус бүр 6250 ам.долларын хөрөнгө оруулж, нийт 10,000,000 төгрөг буюу 12,500 ам.долларын дүрмийн сантай Монгол-ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийг  үүсгэн байгуулсан ба “М” ХХК-ийн нийт хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг байсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

 

Хувьцаа эзэмшигч К 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барсан байх ба түүний эхнэр Бүгд найрамдах Беларусь улсын иргэн В 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Хуулийн дагуу өв залгамжлах тухай гэрчилгээ” олгогджээ. /хх54/

 

Өв залгамжлах тухай гэрчилгээнд “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барсан Ковалев Виктор Константиновичийн хаана ямар ч байгаа тохиолдолд Бүгд найрамдах Беларусь улс, Минск хот, Д.Сердича гудамж, 11-р байр, 27 тоот оршин суугаа хаягтай 1964.05.24-ний өдөр төрсөн, №4240564А048PB1 дугаартай, Бүгд найрамдах Беларусь улсын иргэн, эхнэр В түүний өв хөрөнгө өвлөхийг баталж байна” гэжээ.

 

Бүгд найрамдах Беларусь улсын иргэн В Монгол улсын иргэн Сэнгээгийн Лувсандоржид 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус тус итгэмжлэл олгожээ. /хх45-52, 56-59/

 

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Г.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаар бүхий гэрчилгээтэй газрын газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/714 дүгээр захирамжаар “М” ХХК-ийн нэгж талбарын 133025/0036, 133025/0040 дугаартай газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг тус бүр 5 жилээр сунгаж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээг Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай “М” ХХК-ийг төлөөлж Г.Ц байгуулсан байна. /хх130-131, 140-142, 196-198/

 

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь В 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Өв залгамжлах тухай гэрчилгээ, иргэн С.Лид өв залгамжлагчийг төлөөлөн оролцох эрх олгосон тухай Беларусь улсын нотариатын баталгаажуулсан итгэмжлэл, компанийн тамгыг үндэслэн С.Лид 000002211, 000002212 дугаар бүхий гэрчилгээг олгосон нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03-04/3471 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх70/

 

Иймд М ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд найрамдах Беларусь улсын иргэн К-ийн хууль ёсны өв залгамжлагчаар түүний эхнэр В хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон, В-ийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч С.Л нь “М” ХХК-ийн тамга, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаар бүхий газрын гэрээ, гэрчилгээг хүлээн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүнийг компанийн тамга, газрын гэрээ, гэрчилгээг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх баримтгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

                 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Лоос “М” ХХК-ийн тамга, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаар бүхий газрын гэрээ, гэрчилгээ гаргуулах тухай Г.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь компанийн санхүүгийн бичиг баримт, Ланд круйзер /Land cruiser/ 100 маркийн автомашин, түлхүүрийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХЦЭЦЭГ