Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2018/0520

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2018/0520

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Х, Ш.Ч, Ж.Т, С.Л

Хариуцагч: Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Орон сууц хувьчлах товчоо

Гуравдагч этгээд: Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 4 дүгээр орцны 00 тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаартай орон сууц эзэмших эрхийг илт хууль бус захиргааны актад тогтоолгох.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 4 дүгээр орцны 00 тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Г.Ат холбогдох хэсэг, Г.Ат олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.Аийн дээрх 00 тоот өрөөг өмчлөх эрхийн Ү2204090516 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ж.Т, С.Л, Ж.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, нэхэмжлэгч Ш.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч Ш.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Унар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: Баянзүрх дүүргийн  18 дугаар хороо, 13-р хороолол, 22а дугаар байрны 4-р орцны техникийн /0 тоот/ өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны  байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт “....сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө... зэрэг эд хөрөнгө орон сууцны байшингийн дундьн өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” хэмээн заасны дагуу нэхэмжлэгч болох сууц өмчлөгч бидний буюу сууц өмчлөгч 216 айльн дундын өмч болно.

Гэтэл тус Сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллаж байсан Ц.Ц нь техникийн ‘“0” тоот өрөөг Г.Ат хууль бусаар шилжүүлэн Орон сууц хувьчлах товчоогоор хувьчлах тухай тогтоол гаргуулан өмчлөх эрхийн гэрчилгээ авч сууц өмчлөгчдийн дундын өмчийг хууль бусаар өмчилж авсан болохыг мэдээд уг тогтоол, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Орон сууц хувьчлах товчоонд (ОНӨААТҮГ) гомдол гаргасан боловч 2017 оны 09 сарын 18-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас уг хувьчлалыг хууль бус гэж үзэхгүй байх тухай албан бичиг ирсэн билээ.

Ийнхүү 2017 оны 09 сарын 19-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гомдол гаргасан боловч Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу өнөөдрийг хүртэл холбогдох хариуг өгөөгүй учир, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Сд 2017 оны 09 сарын 06-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 10 сарын 05-ны өдөр гомдлыг хангах үндэслэлгүй болох тухай хариуг ирүүлсэн учир ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргав,

Дундын өмчлөлийн дээрх өрөөг иргэн Г.А нь тус байрны оршин суугчид төдийгүй М” Сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэлгүй хувьчлуулсан байна. Тус байрны аваарын гарц болох өрөөг эзэмшиж, ашиглаж байгаагүй Г.А гэх хүн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаар тогтоол, иргэн Г.Ат олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, 2204090516 дугаартай улсын бүртгэлийг “М” Сууц өмчлөгчдийн холбоонд үзүүлэн дайрч орохыг завдав. Гэтэл иргэн Г.А нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн шаардлагуудыг хангалгүй хууль бусаар техникийн тодорхойлолтгүй, “М” сууц өмчлөгчдийн холбооны хүчин төгөлдөр шийдвэр,  тогтоолгүй, хууль бус баримт материалыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны сууц өмчлөгчдийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан байна.

Тус байр нь 9 давхар 216 айлын орон сууцны барилга юм. Барилга төлөвлөлтийн дүрмийн дагуу тухайн 22а байрны 4 дүгээр орцны 1 давхарын “0” тоотод аврах гарц төлөвлөгдсөн байдаг. Галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар аврах гарц, аюулын шатыг байнга чөлөөтэй байлгах хэрэгтэй гэж тусгасан байдаг. Уг техникийн “0” тоот өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, 15.1.1 -д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө... зэрэг эд хөрөнгөхэмээн заасан.

Гэтэл аврах шат юм уу өөр аваарын гарц бий болголгүй оршин суугчдийн эрх, ашиг сонирхлыг үл тоон Г.Ат хувьчилсан дээрх хувьчлал нь сууц өмчлөгч бидний эрхийг ихээхэн зөрчиж байгаа юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/-ын 2017 оны 09 сарын 18-ны өдрийн албан бичгээр уг "0” тоот өрөө нь 2004 онд Нийслэлийн захирагчийн ажльн албанаас иргэн Г.Ат олгосон 2004254 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр хувьчлагдсан байна” гэсэн боловч 2004 оны 09 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга болон Орон сууц нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга нарын олгосон орон сууц эзэмших эрхийн бичигтэй байгаа нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл 1992 оны Сайд нарын зөвлөлийн 25 дугаар тогтоолыг үндэслэн хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааг Нийслэл хотын Засаг даргын Тамгын газар болгон орон тоо зохион байгуулалтад оруулснаас гадна Улсын Их Хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын 3 дахь хэсэгт төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгасан байтал ийм хууль бус эзэмших эрхийн бичгийг үндэслэж хувьчилсан нь хуульд нийцэхгүй юм.

Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл шийдвэрлэх байтал “М” Сууц өмчлөгчдийн холбооны удирдлага гишүүд энэ талаар огт мэдээгүй, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаагүй байдаг. Дээр нь “0” тоот өрөөнд Г.А нь огт амьдарч байгаагүй, түрээсийн гэрээ, үйлчилгээний зардал төлж байгаагүй байтал дээрх бүх нөхцөл байдлыг шалган тогтоож, баримтуудыг судлалгүйгээр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо Г.Ат дээрх “0” тоот өрөөг хувьчлах асуудлыг шийдвэрлэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгож хууль зөрчсөн үйлдэл болсон нь тус байрны Сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгөнд хууль бусаар халдсан үйлдэл болж, тэдгээрийн өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг эрх, ашиг сонирхлыг зөрчиж баина.

Иймд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 11 дүгээр тоггоольн иргэн Г.Ат холбогдох хэсэг болон Г.Ат олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.Аийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13-р хороолол, 22а дугаар байрны 4-р орцны “0” тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090516 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож бидний дундын өмчлөлийн эзэмших, ашиглах эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:“... “М” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Ш.Ч болон Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны зарим иргэдийн танайд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.

Иргэн Г.А нь 2017 оны 04 дүгээр сард 13 дугаар хорооллын 22а байрны 4 дүгээр орцын “0” тоот өрөөг хувьчлан авах материалыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраар уламжлан Орон сууц хувьчлах товчоонд ирүүлсэн байдаг.

Тус товчоо нь орон сууц хувьчлахад бүрдүүлсэн эх материалуудыг товчооны хурлаараа хэлэлцүүлэн “Орон сууц хувьчлах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн дагуу хувьчлан 0117647 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Ат олгосон.

Тус “0” тоот өрөөнд орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсоноор дундын өмчлөлөөс хасагдаж орон сууцанд тооцогдох тул хувьчлалыг буцаах боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: Иргэн Ш.Чийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдагдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 22 а дугаар байрны 0 тоот орон сууцыг иргэн Г.А, Д.Д нарын 2017 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбарууд, нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос ирсэн төлбөр төлсөн баримт, 18 дугаар хорооны засаг даргын Г.А, Л.Д нарын тус байранд оршин суух тодорхойлолт, нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, М сууц өмчлөгчдийн холбоо, Сууц өмчлөгчдийн хооронд байгүулсан гэрээ, орон сууц эзэмших эрхийн 2004254 тоот эрхийн бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 0117647 дугаартай гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090516 дугаар олгож бүртгэсэн байна.

Дээрхи бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3, 13.5.7, 35.8-д, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамын 4.2 т заасны дагуу хууль, дүрэм журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль үндэслэлээ тайлбарлахдаа: “Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Улс, хоршоолол, олон нийтийy байгууллага, үйлдвэр аж ажуйн газраас орон сууцыг хуваарилах журам”-аар орон сууц хүссэн иргэдийн өргөдөл хүлээн авах, бүртгэл хөтлөх, хуваарилах, орон сууц эзэмших эрхийн бичиг олгох асуудлыг Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа эрхлэн явуулах чиг үүрэгтэй байхаар зохицуулсан байдаг.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсанаар Нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн байгуулах шаардлага үүссэн.

Уг хуулийн 6 дугаар зүйлд “Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий хотын Ерөнхий менежерийг томилон ажиллуулна...” гэж заасны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 229 дүгээр тогтоолоор байгуулж Захирагчийн ажлын албаны үндсэн бүтцийг “Орон сууц хуваарилалтын тасаг’’-тай байхаар баталсан.

Үүний дагуу Орон сууц эзэмших эрхийн бичгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын гарын үсгээр олгодог бөгөөд Гонгорын Алтанцэцэгт 2004254 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга олгосон байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ч, Ж.Х, Ж.Т, С.Л нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 24 тоотод оршин суугч Ж.Х, мөн байрны 144 тоотод оршин суугч С.Л, мөн байрны 99 тоотод оршин суугч Ж.Т нарыг төлөөлж 144 тоотод оршин суугч Ш.Ч шүүхэд хандаж “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны үйлчилгээний /0 тоот/ өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын иргэн Г.Ат холбогдох хэсэг, Г.Ат олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ болон Г.Аийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот орон сууц өмчлөх эрхийн Ү-2204090516 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаартай Орон сууц эзэмших эрхийн бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч иргэд нэхэмжлэлдээ 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн болон 10 дугаар сарын 08-ны өдрийн “М” Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол,  удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, иргэн Ш.Чийг тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн тухай баримт зэргийг хавсарган ирүүлсэн хэдий ч шүүх уг захиргааны хэргийг “М” СӨХ-ны нэхэмжлэлээр биш харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 838 дугаар тогтоолын дагуу сууц өмчлөгч иргэдийн нэхэмжлэлээр хүлээн авч үүсгэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Нэг. Иргэн Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаартай Орон сууц эзэмших эрхийн бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар дээрхи нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ямар шийдвэрийг үндэслэж хэн гэдэг албан тушаалтан олгосон нь тодорхойгүй...эрх хэмжээгээ хэтрүүлсэн...” гэж тодорхойлон маргаж байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл 2004254 дугаартай эрхийн бичгээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ дугаар хаалга нэг өрөө орон сууцыг  иргэн Г.Ат 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн эзэмшүүлж, орон сууц ашиглалтын 6 дугаар контортой гэрээ байгуулахыг зөвшөөрч Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, Орон сууц нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга гэх хүмүүс гарын үсгээ зуржээ.

2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна, 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж зааснаас үзвэл Г.Ат эзэмших эрхийн бичиг олгосон Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ дугаар бүхий нэг өрөө сууц нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ дугаар хаалга нэг өрөөний анхны зориулалт нь гал түймрийн үед ашиглагдах аврах гарц биш, харин тэргэнцэртэй хүн гарах, цахилгааны самбарын өрөө болон барилгыг нэвт гарах гарцаар төлөвлөгдсөн нь тогтоогдсон, энэ нь дээрхи хуулийн 15.1.1-д заасан “сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө... “ буюу тэдгээртэй адилтгах байгууламж байна.

Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолоор Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиодолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгаж, төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгажээ.

Үүнээс үзвэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсанаар Улсын Их Хурлаас нийтийн орон сууцны сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөө...тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгохыг хориглосон байхад тогтоол гарснаас хойш буюу 2004 онд иргэн Г.Ат олгосон 2004254 дугаартай эрхийн бичиг нь илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.

 Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Г.Ат олгосон эрхийн бичгийг “...манай байгууллага олгосон, хууль зөрчөөгүй” гэж тайлбарласан боловч Г.А тухайн сууцыг эзэмшихээр хүсэлт гаргасан эсэх нь тогтоогдохгүй, ямар хүсэлтийг үндэслэн уг эрхийн бичгийг олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүйн дээр ийнхүү олгохоор шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэр байхгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “...захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй”, 9.1.3-д заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, 9.1.4-д заасан “захиргааны актыг гүйцэтгэх субьект тодорхой бус” үндэслэлээр илт хууль бус захиргааны актад хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө”, Иргэний хуулийн 148 дугаар зүйлд Орон сууц өмчлөгчийн эрхийг 148.1.2-т “дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах” 148.1.3-д “дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад  өөрт ногдох хэсгээр саналын эрхтэй оролцох” гэж тус тус зааснаас үзвэл 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг Г.Ат эзэмшүүлсэн 2004254 дугаар эрхийн бичиг нь нэхэмжлэгч нарын дээр дурдсан хуульд заасан эрхийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын иргэн Г.Ат холбогдох хэсэг, Г.Ат олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ болон Г.Аийн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот орон сууц өмчлөх эрхийн Ү-2204090516 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 11 дүгээр тогтоолоор Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоол, Орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 107, 2017 оны 109 дүгээр дүгнэлтүүдийг үндэслэн...хавсралтад заасан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг иргэн Г.Ат өмчлүүлж 117647 дугаар гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д орон сууц хувьчлах товчоо нь “...хувьчлах орон сууц бүрт магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах” эрхтэйг, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана” гэж тус тус заажээ.

Иргэн Г.Аээс Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материал болон хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос шүүхэд ирүүлсэн “...магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 107, 2017 оны 109 дүгээр дүгнэлтүүд нь энэ байрны асуудалд хамаарахгүй” гэсэн тайлбар зэргээс үзвэл нэгэнт тухайн үйл баримтанд хамааралгүй дүгнэлтэд үндэслэсэн, Г.Аийн өмчилж авахаар  хүсэлт болгосон  байрны талаар Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргуулаагүй байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 11 дүгээр тогтоолын Г.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг өмчлүүлж 117647 дугаар гэрчилгээ олгохдоо хариуцагч- Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь хуулийн 11.1-д заасан “хувьчлах орон сууц бүрт магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргуулах” заалтыг зөрчиж Г.Ат өмчлөх эрхийн 117647 дугаар гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь Г.Ат 2004 онд олгогдсон 2004254 дугаар эрхийн бичгийг үндэслэл болгон түүнд өмчлөх эрх олгохоор шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх боловч шүүхээс уг эрхийн бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон тул Г.Аийг тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй.

 Иймд Г.Ат орон сууц өмчлөх эрх олгосон илт хууль бус захиргааны актад үндэслэсэн 117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ болон захиргааны хууль бус шийдвэр, гэрчилгээний дагуу хийсэн Г.Аийн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот орон сууц өмчлөх эрхийн Ү-2204090516 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, 148.1.3,  Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 11 дүгээр тогтоолын иргэн Г.Ат холбогдох хэсэг, Г.Ат олгосон 117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ,  Г.Аийн нэр дээр бүртгэсэн,  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот орон сууц өмчлөх эрхийн Ү-2204090516 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Г.Ат Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаартай “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

4. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН