Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/00262

 

 

 

 

2021оны  01сарын  29 өдөр                        181/ШШ2021/00262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж,  дүгээр байрны  тоотод оршин суух Б.О /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Бага тойруу 14200, Сити центр оффис, 11 давхарт байрлах, Т ХХК /РД: /-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нарийн бичгийн дарга Я.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.О миний бие ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр 28-51 УБМ улсын дугаартай Норд Ви-3 маркын автомашиныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Транскапитал ББСБ-ын зээлийн санхүүжилтээр худалдан авсан билээ. Ингэхдээ Транскапитал ББСБ-ын барьцаанд тус автомашиныг барьцаалан зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлт хийж дуусталх хугацаанд автомашиныг Транскапитал ББСБ-ын нэр дээрх түр шилжүүлэн бүртгүүлсэн. Мөн тухайн үед буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөө жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ болон №51999031300300732 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Тэнгэр даатгал ХХК-тай байгуулсан.

 

Ингээд миний бие уг автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр иргэн Ө.Б харилцан тохиролцож түүнийг жолоочоор хөлсөөр ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж ачаа барааг тээвэрлэж эхэлсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр жолооч Ө.Б дээрх тээврийн хэрэгслийг жолоодон Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явах замд Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг Хоолтын давааны урд автомашинд гэнэт гал гарч автомашины толгой хэсэг бүхэлдээ шатсан.

 

Бид тээврийн хэрэгсэл шатаж, даатгалын тохиолдол болсон даруйд буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр автомашиныг жолоодож явсан жолооч Ө.Б нэрээр Т ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийг холбогдох материалын хамт бүрдүүлэн өгсөн. Гэтэл Т ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20/424 тоот албан бичгээр энэхүү үүссэн гал нь аливаа гадны хүчин зүйлийн нөлөөнөөс болон тэсэрч, дэлбэрэлтээс үүдэн гарсан биш гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

 

Т ХХК нь үндэслэлгүйгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул бид Санхүүгийн зохицуулах хороонд хандсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос Т ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/2264 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгож, шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эргэн мэдэгдэх-ийг үүрэг болгосон ч Т ХХК нь мөн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан хариу өгсөн.

 

Бидний байгуулсан даатгалын гэрээний галын эрсдлийг гадны нөлөөтэй гал түймэр болон тэсрэлт, дэлбэрэлт гэж заасан. Хэдийгээр бидний тохиолдолд гал гадны нөлөөтэй буюу бусад этгээдийн санаатай үйлдлийн улмаас гараагүй боловч автомашин замын хөдөлгөөнд оролцож байх явцад гэнэт толгойн хэсэг, мөн шатахуун болон бусад автомашинд байх бүх л шатах, тослох материал нь сав болон банкны хамт бүхэлдээ шатаж дууссан байгаа нь галын эрсдэл хэсгийн тэсрэлт, дэлбэрэлт гэх даатгалын тохиолдлыг бүрэн хангаж байхад зөвхөн гадны нөлөө байхгүй байна гэсэн үндэслэлээр үндэслэлгүйгээр нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийсээр байна.

 

Даатгалын гэрээг байгуулахдаа эд хөрөнгийн үнэлгээг 40,000,000 төгрөгөөр тохиролцож, гэрээний 9.2 дугаар заалтаар даатгалын хүчинтэй үйлчилсэн хугацаа болон буцаан олгох хэмжээг тохиролцсон. Гэрээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд даатгалын тохиолдол бий болсон 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл даатгалын хүчинтэй үйлчилсэн хугацаа 203 хоног байх тул уг хоногт дүйцэх буцаан олголтын хувь хэмжээ гэрээнд заасны дагуу 35 хувиар тооцож 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Даатгалын зуучлагч С  ХХК нь Транс капитал ББСБ-тай   тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа-г 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулж, 28-51 УБМ улсын дугаартай Beiben ND4254 B34J маркийн тээврийн хэрэгслийг даатгасан.

 

Иргэн Ө.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сум, Баянбүрд, 1 дүгээр багийн нутаг, Хоолтын давааны урд хэсэгт 28-51 УБМ тээврийн хэрэгслийг жолоодож явах үед шатсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний Галын эрсдэл хэсэгт гадны нөлөөтэй гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт гэсэн 2 төрлийн эрсдлийг даатгасан.

 

28-51 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гадны нөлөөгүйгээр тэсрэлт дэлбэрэлтийн бус шалтгаантайгаар шатсан болох нь Б тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад бичгээр өгсөн даваан дээр явж байтал зүүн гар талд гал гарч шатсан гэх тайлбар болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч А.Б 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08/03 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Тэнгэр даатгал компанид хандсан тодорхойлолт, уг гал түймэр шатах тос материал эд ангид хүрч гал гарах шалтгаан болсон байна гэх шинжээчийн дүгнэлт, тайлбар гэх зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Б ангиллын тээврийн хэрэгслийн галын эрсдэлийг гадны нөлөөтэй гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтээс шалтгаалсан гал түймэр гэсэн 2 эрсдэлийг даатгасан. Энэ 2 эрсдэлийн улмаас гал гарсан болох нь шинжээчийн дүгнэлт болон Б мэдүүлэг зэргээр нотлогдохгүй байна.

 

Ийм учраас гэрээнд заасан гадны нөлөөтэй гал түймэр болон тэсрэлт, дэлбэрэлт гэж тухайлан заасан эрсдэлүүдийн улмаас гал түймэр гараагүй учраас Даатгалын тухай хуулийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол даатгуулагч нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Б.О нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 27-нй өдрийн 9/2264 дүгээр албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээнд заасан гадны нөлөөтэй гал түймэр болон тэсэрч дэлбэрэлт гэж тухайлан заасан эрсдэлүүдийн улмаас гал түймэр гараагүй учраас Даатгалын тухай хуулийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол даатгуулагч нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах эрхтэй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаар Б.О нь 28-51 УБМ улсын дугаартай Beiben ND4254 B34J маркийн тээврийг хэрэгслийг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан Транс капитал ББСБ-ын өмчлөлд шилүүлсэн болох нь Транс капитал ББСБ-ын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/488 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 5199031300300732 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа-г 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулан нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг тус тус хүлээсэн байна

Тус даатгалын гэрээгээр нэхэмжлэгч нь фидуцийн гэрээгээр Транс капитал ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн 28-51 УБМ улсын дугаартай Beiben ND4254 B34J тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр үнэлэн даатгуулж, даатгалын хураамжид 400,000 төгрөг төлсөн, хариуцагч нь даатгалын баталгаа олгосон болох нь зохигчийн тайлбар, гэрээгээр тогтоогдож байх байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүх уг гэрээг 431 дүгээр зүйлийн 431 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээт баталгааны Даатгалын хамгаалалт хэсгийн 2-т галын эрсдэл буюу гадны нөлөөтэй гал түймэр, болон тэсрэлт, дэлбэрэлт бий болсон эсэх асуудалд талууд маргаж байгаа болно.

 

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр жолооч Ө.Б 28-51 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хоолтын даваа гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд гал гарч, шатсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч А.Б  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08/03 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахлах дэслэгч А.Б 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08/03 тоот шинжээчийн дүгнэлтэнд ...уг гал түймэр шатах, тослох материал халуун биет зүйлд хүрч /яндан/ гал гарсан гэж тодорхойлсон байх бөгөөд тухайн тохиолдол буюу шатах, тослох материал халуун биет зүйлд хүрч /яндан/ гал гарсны улмаас үүссэн тохиолдлыг даатгалын гэрээний галын эрсдэлд хамаарахгүй гэж үзсэн нь гэрээний ерөнхий агуулгад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хэдий ч түүний өмчлөлийн автомашины шатах, тослох материал халуун биет зүйлд хүрч /яндан/ гал гарсан шалтгаан гэнэтийнх байх ба нэхэмжлэгчийн гэм буруугаас гал гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх боломжгүй юм.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т.даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан байна. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан эд хөрөнгө шатаж, даатгалын тохиолдол бий болсон байх тул даатгагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж, даатгалын үнэлгээний хэмжээгээр хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй.

Даатгуулагчийн үйлдлээс хамаараагүй нөхцлөөс шалтгаалж, даатгалын зүйл шатсан, мөн шатах, тослох материал халуун биет зүйлд хүрч /яндан/ гал гарсны улмаас тэсрэлт, дэлбэрэлт үүсэх боломжтой учраас гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарах тул Даатгалын тухай хуулийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол даатгуулагч нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзах эрхтэй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Даатгалын гэрээний зүйлд 50,970,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хан Ү ХХК-ийн гаргасан Хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Даатгалын гэрээний дагуу 14,000,000 төгрөгийг даатгуулагчаас гаргахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, 28-51 УБМ улсын дугаартай Beiben ND4254 B34J тээврийн хэрэгсэлд 14,000,000 төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагч Тэнгэрдаатгал ХХК-иас 14,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ