Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 636

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бгийн иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00278 дугаар шийдвэртэй, Н.Бгийн нэхэмжлэлтэй, А ХК-д холбогдуулан гаргасан А ХК-ийн 02\15\884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нөхөн төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Н.Б нь өөрийн хүү н.Энхбаярын эзэмшлийн 56-69 УНЛ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Esso oil авто засварын газрын 15 765 000 төгрөгийн үнэ бүхий 3D тэнхлэг тохиргооны аппаратыг мөргөж хохирол учруулсан.

Н.Бгийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А ХК-тай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулан жолоо барих эрхтэй этгээдээр өөрийн нэрийг нэмүүлж даатгалын хураамжид 43 560 төгрөг төлсөн ба 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон холбогдох материалыг А ХК-д бүрдүүлэн өгсөн боловч 09 дүгээр сарын 13-ны өдөр А ХК-ны 02/19/884 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос таталзсан.

Иймээс Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан. Тус газраас Байгууллагын дотор талбай буюу уг засварын газар нь үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийг түр хугацаанд байрлуулан засварлах болон нээлттэй үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байгууламж тул энэхүү зам тээврийн осол болсон зорчих хэсгийг нийтийн хэрэгцээг хангах зориулалт бүхий гэж үзэхээр байна гэсэн хариуг ирүүлсэн.

Тухайн үед А ХК-ийн ажилтан ирж зураг болон хохироосон зүйлийн эд хөрөнгийн бүртгэлийг авч танд манай даатгалаас 5 000 000 төгрөг хүртэлх хохирлыг барагдуулах болно гэж хэлсэн юм. Иймд А ХК-ийн 02\15\884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулж 5 000 000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Б болон А ХК-ийн хооронд байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 2.1-т энэхүү гэрээний даатгалын зүйл нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.

Жолооч автомашин жолоодон гагцхүү замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж, бусдад учруулсан хохирлыг жолоочийн даатгалын тохиолдол гэж үзэж даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцсон.

Н.Б нь Эссо ойл авто засварын газрын дотор байрлах тэнхлэг тохиргооны төхөөрөмж дээр гарч зогсох үедээ осол гаргасан нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт Н.Баясгалан, Н.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагаас Н.Бг замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг зөрчиж, Эссо авто засварын газарт зам тээврийн осол гаргасныг тодорхойлоогүй нь түүнийг зам дээр автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийг аль нэг эсвэл хэд хэдэн заалтыг зөрчин, зам тээврийн осол гаргаагүй болохыг илэрхийлж байна. Харин Н.Бг бусдын эд хөрөнгийг болгоомжгүй гэмтээсэн болохыг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон.

Түүнчлэн Н.Бгийн гомдолд хариу өгсөн Санхүүгийн Зохицуулах Хорооны 9/3680 тоот албан бичигт зам тээврийн осол болсон зорчих хэсгийг нийтийн хэрэгцээг хангах зориулалттай гэж үзэхээр байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг албан бичигт дурдсан зорчих хэсэг гэх тодорхойлолт нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.213 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хороо даатгалын нөхөн төлбөртэй холбоотой даатгагч, даатгуулагчдын маргааныг урьдчилан шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Дээрх осол зам дээр гараагүй буюу зам тээврийн осол болоогүй нь үйл баримтаар илэрхий байх тул жолоочийн даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй байна. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан А ХК-иас 5 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тэнхлэг тохиргооны төхөөрөмж нь автомашины эвдрэл гэмтлийг оношлох багаж хэрэгсэл юм. Гэвч үүнийг шүүх тусгайлсан зам /яам/ гэж үзсэн үндэслэлээ хангалттай тодорхой тайлбарлаагүй. Оношлогооны төхөөрөмжийг тусгайлсан зам гэж үзэх хууль зүйн ямар ч боломжгүй.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг”, 3.1.5-д “ замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг” гэж шүүхийн шийдвэрт бичсэн нь хэлбэрийн илт алдаатай байна. Учир нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д зам, замын хөдөлгөөн гэсэн нэр томьёоны заалт байдаггүй. Шүүхийн шийдвэр хуулийн заалтыг зөв, оновчтой сонгож хэрэглэсэн байх зарчимтай ч дээрхээс үзвэл уг зарчим хангагдаагүй байна. Тэнхлэг тохиргооны төхөөрөмж болох тусгайлсан зам /яам/ руу гарахдаа тэнхлэг тохиргооны төхөөрөмжийг эвдсэн, тэнхлэг тохиргооны зам /яам/ өгсөхдөө бусдын эд хөрөнгөд хохирол учруулж даатгалын тохиолдол үүссэн гэж дааатгалын тохиолдол бий болсон гэх нөхцөл байдлыг хоёр өөр агуулгаар тодорхойлсон нь шийдвэрийг бүрэн дүүрэн үндэслэлтэй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 5 000 000 төгрөгийг нэхэмжилж буй хуулийн болон гэрээний үндэслэл, заалтыг тодорхойлоогүй, хохирогч Эссо Ойл засварын газрын хохирлыг барагдуулсан гэх боловч хэдэн төгрөгний, ямар хэмжээний хохирлыг төлж барагдуулсан тухай баримтгүй байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч А ХК-д холбогдуулан тус компанийн 02/19/884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, даатгалын нөхөн төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч даатгуулагчийн бусдад учруулсан хохирлыг замын хөдөлгөөнд оролцох үед гарсан гэж үзэхгүй, даатгалын тохиолдол биш гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь А ХК-тай 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатайгаар “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ” байгуулж, даатгалын хураамжид 43 560 төгрөг төлсөн, гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй /хх 6/, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Даатгуулагч Н.Б нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн олговрыг олгохгүй байгаа талаарх гомдлоо даатгалын нөхөн төлбөрийг тогтоосон хэмжээгээр даатгалын гэрээний дагуу олгож, уг шийдвэрийн биелэлтийг тус хороонд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг хариуцагч А ХК-д үүрэг болгосон албан бичиг хэрэгт авагдсан байна. /хх10/

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ESSO авто засварын төвд 56-69 УНЛ улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгслийн тэнхлэг тохиргоог хийлгэхээр тэнхлэг тохиргооны төхөөрөмж болох тусгайлсан зам \яам\-руу гарахдаа тус газрын ML-3D-2S\B загварын тэнхлэг тохиргооны төхөөрөмж эвдэж бусдын эд хөрөнгөнд 15 675 025 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх 5,6,12-19, 41-46, 48-63, 65-76/

 

Үйлчлүүлж буй тээврийн хэрэгслийн зорчиход зориулагдсан авто засварын төвийн тэнхлэг тохиргооны зам нь Замын хөдөлгөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар байх бөгөөд тээврийн хэрэгсэл шилжих хөдөлгөөн хийснээр зориулалтын зогсоолд хүрэх тул Н.Бг мөн хуулийн мөн зүйлийн 3.1.5-д заасан замын хөдөлгөөнд оролцсон, Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ.

 

Иймд даатгалын тохиолдол үүссэн талаар шүүх Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, гэрээний 4.1.3-т “Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол” гэж заасанд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь бусдын эд хөрөнгөнд 15 675 025 төгрөгийн хохирол учруулсан нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар, уг хохирлыг ESSO авто сервесийн төвд төлж барагдуулсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/2020 дугаартай тодорхойлолтоор тус тус нотлогдож байна. / хх 48-51,71\

 

Хэргийн 13-19 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудаар Н.Бгаас даатгалын тохиолдлын улмаас нийт 5 767 480 төгрөгийн зарлага гарсан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн даатгуулагчид олгогдох нөхөн төлбөрийн дээд  хэмжээ нь 5 000 000 төгрөг хүртэл гэж тодорхойлсон байх тул “ 5 000 000 төгрөг нэхэмжилж буй хууль болон гэрээний заалтыг тодорхойлоогүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. 

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХК-иас Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрт 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан зохицуулалтыг тайлбарлахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй тул зөвтгөх боломжтой гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр гаргуулах шаардлагын үндэслэлээ А ХК-ийн 02/19/884 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсныг анхан шатны шүүх бие даасан шаардлага бус, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А ХК-иас төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

 

Д.ЦОГТСАЙХАН