Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 41

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар , Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолтой Х.Б , Б.Б  нарт холбогдох 2015000000108 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч Х.Б , Б.Б , тэдний өмгөөлөгч Р.Цэрэнханд, М.Найдан, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Т  овогт Х.Б .

Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Т  овогт Б.Б .

Шүүгдэгч Шүүгдэгч Х.Б , Б.Б  нарыг бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Т  овогт Х.Б , Т  овогт Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныгбаримтлан шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснааршүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт сануулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгшалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б , Б.Б  нараас тус тус 90301524 /ерин сая гурван зуун нэгэн мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныгжурамлан мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайд суулгасан 155 /нэг зуун тавин тав/ ширхэг шилмүүст нарс, 98 /ерэн найм/ ширхэг навчит хус мод болон шүүгдэгч Б.Б гийн эзэмшлийн **-** УНО улсын дугаартай, “Kia Wide Bongo” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохиролд тооцуулахаар тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтзааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг /шар өнгийн/ хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөрболтол шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолоороо Х.Б , Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус тус 90.301.524 төгрөгийг гаргуулахаар тогтоосон.

Өмгөөлөгч миний бие шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн тухайд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин шийтгэх тогтоолын 6 дахь заалтад заасан шүүгдэгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус тус 90.301.524 төгрөгийг гаргуулахаар тогтоосоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ойн ангийн мод үржүүлгийн талбайд суулгасан 155 ширхэг шилмүүст нарс, 98 ширхэг навчит хус модыг хохиролд тооцуулахаар хураасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт заахдаа “...хураасан эд зүйлийг ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заажээ. Шүүгдэгч нарын хууль бусаар бэлтгэсэн гэх нарс, хус мод нь биет байдлаараа байгаа бөгөөд эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгч, шүүгдэгч нар нь модны арчилгаа, ургалтад байнга санаа тавьж бодитоор арчилж, усалж, бордоо тэжээлийг хийж байгаа. Эдгээр моднууд нь цаашид бүрэн ургах боломжтой, одоогийн байдлаар хэвийн ургалттай байгаа гэдгийг иргэний нэхэмжлэгч мэдүүлдэг. Нэгэнт тухайн мод тоо ширхэг болон биет байдлаар байгаа, хэвийн ургаж байгаа тул эдгээр модоор хохирол бүрэн барагдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч оролцож байгаа бөгөөд хохирсон эсэх, хохиролын хэмжээ зэргийг нэгэнт хуулиар тогтоогдож, эрх үүрэг эдлэн оролцож байгаа иргэний нэхэмжлэгч тодорхойлно. Шүүгдэгч нарын хууль бусаар бэлтгэсэн гэх мод тоо ширхэг, биет байдлаараа бүрэн бүтэн байгаа ба хэвийн ургаж байгаа, эдгээр модыг биет байдлаар нь хохиролд тооцуулахаар хураасан тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.4 дэхь хэсгийн 1-д заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн нөхөн төлбөр шүүгдэгч нар төлөх үндэслэлгүй байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Шүүгдэгч Х.Б , Б.Б  нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-наас 27ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “И”, “Д” гэх газруудаас 1-2 метрийн өндөртэй шилмүүст нарс 155 ширхэг, навчит хус 98 ширхэг, нийт 253 ширхэг зулзаган модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй Улаанбаатар хот руу **-** БУЛ улсын дугаартай, цэнхэр өнгийн давхар кабинтай “Kia Wide Bongo” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 60.201.016 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч Х.Б , Б.Б  нарын гэм буруутай байдал нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  шилмүүст 1 ширхэг модны үнэлгээ 283.386 төгрөг, 155 ширхэг, 43.922.040 төгрөг, навчит хус 1 ширхэг модны үнэлгээ 166.112 төгрөг, 98 ширхэг, 16.278.976 төгрөг, нийт 60.201.016 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ тооцох тухай Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр 180.603.048 төгрөгөөр нөхөн төлбөр тооцсон дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Б , Б.Б  нарыг яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оноож, байгаль экологид учирсан 180.603.048 /нэг зуун наян сая зургаан зуун гурван мянга дөчин найман/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг шүүхэд гаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрз, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох байр сууринаас оролцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Х.Б , Б.Б  нарыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б , Б.Б  нарын гэм буруутай үйлдлийн улмаас ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 60.201.016 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Зохих зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч  Х.Б , Б.Б  нарын хувьд зөвшөөрөл болон төлбөр хураамж төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдолд “хууль бусаар бэлтгэсэн гэх мод тоо ширхэг, биет байдлаар нь хохиролд тооцуулахаар хураасан тул байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн нөхөн төлбөр шүүгдэгч нар төлөх үндэслэлгүй” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч С.Х ын “...Манай сумын нутгаас Хялганат тосгоны иргэд хууль бусаар зулзаган мод бэлтгэсэн байна. Хууль бусаар бэлтгэсэн модоо буцааж өгсөн учраас нэхэмжлэх зүйлгүй. Тийм учраас хохирлоо төлсөн гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Модоо бүрэн авсан тул хохирлоо бүрэн төлсөн гэж үзэж байна. Нарс үрээ түрээгүй бол ургадаггүй, Эдгээр мод үрээ түрсэн байсан тул ургах чадвартай. Одоо мод ургаж байгаа, 3 жилийн хугацаанд гүйцэт ургуулж өгөхийг шаардаж байгаа” гэжээ.

Шинжээч Ш.Ариунхишигийн “Нийт 155 ширхэг нарс, 98 ширхэг хус зулзаган мод манай Ой ангийн мод үржүүлгийн газарт хүлээж авсан. Уг моднуудын хувьд хус мод амьдрах чадвар сайн, харин нарс моднууд шарлалт явагдаад эхэлсэн цаашид амьдрах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй.” гэж мэдүүлжээ.

Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдлийг ойлгож болохоор байна.

Экологийн нөхөн төлбөр гэж байгаль байгаль орчныг бохирдуулсны болон газар, ургамал, амьтныг устгаж сүйтгэсний нөхөн төлбөрийн хураамжийн хэлбэрийг хэлэх бөгөөд шүүгдэгч Х.Б , Б.Б  нарын хувьд 155 ширхэг шилмүүст, 98 ширхэг хус зулзаган модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн хэдий боловч Ой ангийн мод үржүүлгийн газарт тоо хэмжээгээр нь хүлээлгэн өгч анхан шатны нөхөн сэргээлт хийж, хорогдолгүйгээр ургаж байгаа тул байгаль орчинд учруулсан хохирол, экологийн нөхөн төлбөрт тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэхь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б , Б.Б  нараас тус тус 90.301.524 /ерин сая гурван зуун нэгэн мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй бөгөөд цаашид учирсан хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ё.БЯМБАЦЭРЭН

                                    ШҮҮГЧИД              М.ХҮРЭЛБААТАР

                                                         Д.МӨНХӨӨ