Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 161

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Иргэний нэхэмжлэгч С.Х ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан, Р.Цэрэнханд,

Шүүгдэгч Х.Б , Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б , Б.Б  нарт холбогдох эрүүгийн 2015000000108 дугаартай, 163/2020/0150/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Х.Б,

Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б , Б.Б  нарыг бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Модыг ойн үржүүлгийн газарт буцаан суулгаж тарьсан, арчилгааг хариуцан зохих журмын дагуу хийж байгаа гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Х ын өгсөн:

Нөхөрлөлүүд байгаль экологид мод шилжүүлэн суулгах ажиллагаа явуулдаг. Энэ хүмүүсийн хувьд хууль бусаар явагдсан. Уг модыг хүлээн авч Хангал сумын Хялганат тосгоны мод үржүүлгийн газарт буцаан суулгаж тарьсан. Ургалт хэвийн, арчилгаа зохих журмын дагуу явагдаж байгаа. Шүүгдэгч нар Дарханаас бордоо авчирч бордсон, мөн модны хорыг өгч цацуулсан. Модоо ургуулаад дахин шилжүүлэхэд 3 жилийн хугацаа хэрэгтэй, энэ хугацаанд өөрсдөө арчилж ургуулна гэдгээ илэрхийлсэн. Модыг модоор нь хүлээн авсан учир хохирлоо төлсөн гэж үзэж байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000108 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б , Б.Б  нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-наас 27-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Их хайлантай”, “Дүгэрээн нарс” гэх газруудаас 1-2 мертийн өндөртэй шилмүүст нарс 155 ширхэг, навчит хус 98 ширхэг, нийт 253 ширхэг зулзган модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй Улаанбаатар хот руу **-** БУЛ улсын дугаартай, цэнхэр өнгийн давхар кабинтай “Kia Wide Bongo” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 60201016 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-20 тал/,

“...Хялганат тосгон дахь ойн ангийн мод үржүүлгийн газрын талбай дотор байсан модонд үзлэг хийхэд 155 ширхэг нарс, 98 ширхэг хус модыг үндсээр нь бэлтгэж, гялгар тороор шороог нь ороосон 253 ширхэг зулзган мод байв. 1 м-ээс дээш, 2 м-ээс доош урттай моднууд байв” гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-22 тал/,

**-** УНО улсын дугаартай /**-** БУЛ гэх гадна талдаа өөр дугаартай/ цэнхэр өнгийн давхар кабинтай “Kia Wide Bongo” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-25-26 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Х ын өгсөн: “...Манай сумын нутгаас Хялганат тосгоны иргэд хууль бусаар зулзган мод бэлтгэсэн байна. Хууль бусаар бэлтгэсэн модоо буцааж өгөөд ойн ангийн мод үржүүлгийн талбайд тарьж ургуулж байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм учраас хохирлоо төлсөн гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Гэрч Х.Б ын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр над руу утсаар холбогдож “өнөө орой Улаанбаатар хот руу явахаар боллоо, 21 цагийн үед манайд хүрээд ир” гэж хэлэхээр нь гэрийнх нь хашаанд очсон. Харахад гэр ачсан “Kia Bongo” загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэнд Б , Б , С , Т  нар хамт явсан ба би нэмэгдээд тавуулаа Орхон аймгийн нутаг дэвсгэрт явж байхад цагдаа зогсоож шалгаад юун зулзган мод ачиж явж байгаа юм бэ? гэж асуухаар нь би мод ачиж яваа гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-34-36 тал/,

Гэрч Б.С ын өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байхад манай хүргэн ах Б  ******** дугаарын гар утаснаас надтай холбогдоод ахтайгаа Улаантолгой яваад мод тарилцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Б , Б , Т  нарын хамт явсан. Би гарахын өмнө мод ачсан талаар мэдсэн, хууль бус мод гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-37-39 тал/,

Гэрч У.Т гийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б  ах надад Улаанбаатар хот руу явахаар боллоо гэхээр нь би “үнэгүй унаа олдлоо хамт явъя” гэж хэлээд хамт явсан. Мод ачсан тээврийн хэрэгсэл 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мод ачаад гэрийн гадаа ирэхэд л харсан өмнө нь гэрийн гадаа байгаагүй... цагдаа зогсооход үржүүлгээс авч яваа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн: “шилмүүст /нарс/ мод 1 ширхэг нь 283368 төгрөг, навчит /хус/ мод 1 ширхэг нь 166112 төгрөг, шилмүүст /нарс/ 155 ширхэг, навчит /хус/ 98 ширхэг, нийт 253 ширхэг өсвөр зулзаган модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60201016 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-5456 тал/,

Шинжээч Ш.Ариунхишигийн өгсөн: “ Нарс мод 155 ширхэг, хус мод 98 ширхэг зулзган мод манай Ойн ангийн мод үржүүлгийн газарт тарьж хүлээж авсан. Уг моднуудын хувьд хус мод нь амьдрах чадвар сайн. Харин нарс моднууд шарлалт явагдаад эхэлсэн цаашид амьдрах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй. Учир нь шилмүүст мод нь ногоон маасаа удаан алддаг юм. Нарс модны хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй, хус мод нь 1 ширхэг үхсэн. Цаашид уг моднуудыг 3 жилийн турш арчилж ургуулах шаардлагатай” гэх мэдүүлэг /хх-63-64 тал/,

Хохирлын үнэлгээ тооцсон Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөн тооцоход 180.603.048 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-66 тал/ болон гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан хүрз зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Х.Б , Б.Б  нар нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэхээр санаатай нэгдсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.Б  нь “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

...Би 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн төрсөн ахын хүүхэд болох Б гээс **-** УНО улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго загварын тээврийн хэрэгслийг гуйж авсан юм. Тэгээд би тухайн өдрөө Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Дүгэрээ” гэх газраас ганцаараа зулзган хус, нарс нийлсэн 250 ширхэг мод хүрзээр гишгэж аваад дүүгийнхээ машинд ачаад маргааш нь Улаанбаатар хот руу явахаар болоод монгол гэр ачаад гэрийн эсгий дунд нөгөө 250 ширхэг зулзган модоо хийгээд Б тэй хамт явсан. Замд машин эвдрээд зогсож байгаад цагдаад баригдаж саатуулагдсан” гэж /хх-74-76 тал/, шүүгдэгч Б.Б  нь “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос М  гэх хүнээс **-** УНО улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго загварын тээврийн хэрэгслийг өөрийнхөө эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклиор сольж авсан юм. Тэгээд би тухайн авсан машинаа унаад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн байсан. Тэгсэн маргааш нь манай аавын төрсөн дүү Б  ах миний худалдаж авсан **-** УНО улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго загварын тээврийн хэрэгслийг гуйгаад аваад явсан. Тэгээд орой 17 цагийн үед миний машин дээр гэр аччихсан ирсэн ба “гэрийн эсгийн доод талд үржүүлгийн мод авч яваа юм. Хоёулаа хамт Улаанбаатар хот яваад ирье” гэж хэлсэн. Тэгээд би Б  ахтай хамт явахаар болоод явж байгаад замд машин эвдрээд зогсож байгаад цагдаад баригдаж саатуулагдсан” гэж /хх-84-85 тал/ гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б , Б.Б  нарын санаатай нэгдэж, дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 60201016 төгрөгийн шууд хохирол учирч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөн 180.603.048 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Х  нь шүүгдэгч нар хууль бусаар бэлтгэсэн 155 ширхэг шилмүүст /нарс/, 98 ширхэг навчит /хус/ модыг Хялганат тосгоны ойн ангийн мод үржүүлгийн талбайд буцаан суулгасан, ургалт хэвийн, арчилгаа зохих журмын дагуу явагдаж байгаа талаар тайлбар гаргаж Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бямбаагийн “Иргэн Х.Б ы Хялганат тосгоны сум дундын ойн ангийн мод үржүүлгийн хашаанд тарьж ургуулсан нарс 155 ширхэг, хус 98 ширхэг нь ургалт хэвийн, мөн арчлах шаардлагатай 15 ширхэг нарс мод байсныг нэхэмжлэгч С.Х ын хамт очиж зургийг авч материалд нь хавсаргав” гэх тодорхойлолтыг 3 хуудас гэрэл зургийн хамт нотлох баримтаар гарган өгч модыг модоор нь хүлээн авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд дээрх өсвөр зулзган модыг хууль бусаар бэлтгэхдээ үндсээр нь булгалан авсан, одоо сум дундын ойн ангийн мод үржүүлгийн хашаанд тарьж, ургалт хэвийн явагдаж байгаа хэдий ч байгаль орчинд нөлөөлсөн, экологийн тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтэд саад учруулсан гэм буруутай этгээдийн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл үгүйсгэгдсэн гэж үзэх боломжгүй байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу байгалийн нөөцөд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн 180.603.048 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ********/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б , Б.Б  нар нь “модыг буцаан тарьж арчилгаа үйлчилгээг 3 жилийн хугацаанд хариуцахаар нэхэмжлэгчтэй тохирсон” болохоор хохирлыг төлсөн гэж ойлгосон хэдий ч гэм буруугийн шүүх хуралдааны дараа тодорхой хугацааны завсарлага авч зөвлөлдсөний үндсэн дээр шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн болно /шүүх хуралдааны тэмдэглэлээс/.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Б , Б.Б  нарын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Б , Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүдэгч Х.Б , Б.Б  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн 86-87, 91-94 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн 2020 оны 7 дугаар сарын 07, 08-ны өдрийн 02/47, 01/363, 02/46 дугаартай тодорхойлолтууд, мөн тосгоны Эрүүл мэндийн төвийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 49, 50 дугаартай тодорхойлолтууд, шүүгдэгч Х.Б , Б.Б  нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УНО улсын дугаартай “Kia wide Bongo” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-98 тал/ Сэнгэдоржийн Ч ийн нэр дээр байгаа хэдий ч шүүгдэгч Б.Б , гэрч С.Ч  нарын өгсөн мэдүүлгээр /хх-50, 80 тал/ уг тээврийн хэрэгсэл нь Б.Б гийн эзэмшилд шилжсэн болох нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэжээ.

Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу хохиролд тооцуулахаар мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Б гээс **-** УНО улсын дугаартай “Kia wide Bongo” загварын тээврийн хэрэгслийг, шүүгдэгч нарын хууль бусаар бэлтгэж Хялганат тосгоны ойн ангийн мод үржүүлгийн талбайд буцаан суулгасан 155 ширхэг шилмүүст /нарс/, 98 ширхэг навчит /хус/ модыг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ********/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг /шар өнгийн/ хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Х.Б , Товогт Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт сануулсугай.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б , Б.Б  нар нь цагдан хоригдсонхоноггүй, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б , Б.Б  нараас тус тус 90301524 /ерин сая гурван зуун нэгэн мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ********/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай.

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгтзаасныг журамлан мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайд суулгасан 155 /нэг зуун тавин тав/ ширхэг шилмүүст нарс, 98 /ерэн найм/ ширхэг навчит хус мод болон шүүгдэгч Б.Б гийн эзэмшлийн **-** УНО улсын дугаартай, “Kia Wide Bongo” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохиролд тооцуулахаар тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ********/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг /шар өнгийн/ хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД