Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2017/0394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Аж

Нэхэмжлэгч: Д.б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “М ХХК” ХХК

Гуравдагч этгээд: “Б ХХК” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар “М ХХК” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/457 дугаар захирамжаар “Б ХХК нүдний эмнэлэг”-т эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон 1500 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .....................нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Э, Д.б нөр шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...М Э, Д.б нар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо V хороолол 4 дүгээр байрны 56 болон 47 тоотод оршин суудаг болно.

Гэтэл “Б ХХК” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилга баригдаж эхлэн 4 дүгээр байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин цонхоор тусах нарыг хаалаа. Энэ талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд санал хүсэлт гомдол гаргасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарч Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Б ХХК” ХХК эзэмшдэг болохыг мэдсэн тул нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 4030 м.кв газрыг “Б ХХК” ХХК-д эзэмшүүлэн улмаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

“Б ХХК” ХХК өөрийн эзэмшлийн 4030 м.кв газрынхаа нэг хэсэгт нь барьж буй эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай гэх тус бүрдээ 17 давхар өндөр хоёр барилгад хяналт шалгалт хийн 07/153/404 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд, шалгалтаар дараахь зөрчил илэрсэн болно. “Б ХХК” ХХК-ийн орон сууцны 17 давхар, 2 давхар үйлчилгээний барилгын хананаас нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны 4 орцны хана хүртэл 14,2 м зайтай төлөвлөж барьсан нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны 56 болон 47 тоотын цонхоор тусах нарны гэрлийг дээр дурьдсан 17 давхар 2 барилга бүрэн хаасны улмаас нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа нь алдагдсан гэсэн үг” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Анх 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4030 м2 талбай бүхий газрыг эмнэлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олгосон байна. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Б ХХК” ХХК, “М ХХК” ХХК-ны хооронд газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хийж Газрын тухай хуульд заасан холбогдох баримтаа бүрдүүлж, хүсэлтын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжаар “М ХХК" ХХК-д 4030 м2 газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Иймд иргэн М Эгаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “М ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ”...барилгад хяналт шалгалт хийн 07/153/404 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр...нэхэмжлэгч нарын амьдардаг...байрны...цонхоор тусах нарны гэрлийг ... барилга бүрэн хаасны улмаас ... эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан гэсэн үг...” гэж тайлбарласан байх ба улсын байцаагчийн 07/153/404 тоот дүгнэлтийг манай компани дараахь байдлаар үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

Хөрш зэргэлдээ 2 барилга хоорондоо 14,2м байгаагаас шууд Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ийн 3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэж байгаа нь логикийн хувьд алдаатай буруу дүгнэлт юм. Барилгын нарны тусгалын хангамжийг дан ганц барилга хоорондын зайгаар бус, харин тухайн 2 барилгын байршил, хэмжээ, улирлын байдал зэргийг харгалзан барилгын норм, дүрмийн дагуу зураг төслийн компанийн боловсруулсан зураг төслийг үндэслэж тооцдог байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын улсын байцаагч Д.Ганчимэг нь нэхэмжлэгч нарын гомдлын дагуу манай барилгад шалгалт хийгээд барилгын нарны ээвэрлэлтийн зургийг хийлгэж үзүүлэх талаар барилгын ажлын хяналтын инженер Х.Бат-Эрдэнэд даалгаад явсан байдаг ба улсын байцаагчийн шаардлагын дагуу барилгын зураг төслийг боловсруулсан “Эн Эй Пи” ХХК-д манай компани хүсэлт гаргаж, нарны ээвэрлэлтийн зургийг хийлгэх явцад улсын байцаагч Д.Ганчимэг нь амралтаа авах гээд яараад байна, зургаа яаралтай ирүүл гэж мэдэгдэж байгаад зураг гараагүй байх үед дүгнэлтээ яаран гаргаад амралтаа авсан байдаг. Ингээд ямар ч үндэслэлгүй 2015.06.30-ны өдрийн 07/153/404 тоот улсын байцаагчийн дүгнэлттэй инженер Х.Бат-Эрдэнэ нарны ээвэрлэлтийн зураг гаргуулан авч очихдоо танилцсан ба уг дүгнэлтийг манай компани үндэслэлгүй буруу гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Барилгын зураг төслийг боловсруулсан “Эн Эй Пи” ХХК-ийн гаргасан нарны ээвэрлэлтийн зургаар жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдөр, 06 дугаар сарын 22-ны өдөр, 09 дүгээр сарын 22-ны өдрийн нарны тусгалын байдлаар нэхэмжлэгч нарын цонхонд тусах нарны тусгалын үргэлжлэх хугацаа нь барилгын норм дүрэмд нийцэж байгаа нь тогтоогдож байгаа.

Манай компани эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрөл, батлагдсан зураг төсөл, барилгын стандарт, норм дүрмийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17 давхар 2 барилгыг барьж гүйцэтгэж байгаа ба барилгын ажил одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Иймд дээр дурьдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч М Э, Д.б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ:

  “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргын А/07 тоот захирамжаар “Б ХХК нүдний эмнэлэг”-ийн 4030 м.кв газрын эзэмших эрхийг дуусгавар болгон, “М ХХК” ХХК-д 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болохыг мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 тоот захирамжаар “М ХХК” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар 2 барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох” гэж өөрчилж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй газар дээр баригдсан давхар 2 барилгын ажлын болон эскиз зураг, техникийн нөхцлүүд, архетиктур төлөвлөлтийн даалгавар зэрэг нь “Б ХХК нүдний эмнэлэг” - ийн нэр дээр батлагдаж зөвшөөрөгдсөн, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1500 м.кв газарт барилга барих эрх авсан талаарх баримт гарч ирсэн.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/404 тоот дүгнэлтээр орон сууцны 17 давхар, 2 давхар үйлчилгээний барилгын хананаас нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны 4 орцны хана хүртэл 14,2 м зайтай төлөвлөж барьсан нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн бичил уур амьсгалын төлөвлөлт 9.19 дэх заалт., Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 5.26 дахь заалт., Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-ийн 3.1 дэх

 

 

заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны 56 болон 47 тоотын цонхоор тусах нарны гэрлийг дээр дурьдсан 17 давхар 2 барилга бүрэн хаасны улмаас дарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө алга болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа нь алдагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 тоот захирамжаар “Б ХХК нүдний эмнэлэг”-т эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон 1500 м.кв газрын 17 давхар 2 барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...“Б ХХК” ХХК нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу баримт бичгийг бүрдүүлэн барилга барих хүсэлтээ нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Барилга барих хүсэлтийг судлан, мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжаар Эмнэлэг, үйлчилгээ орон сууцны барилгын зориулалтаар 0,19 га талбайд барилгажих зөвшөөрөл олгогдсоныг үндэслэн 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/4571,29 дугаартай Архитектур, төлөвлөлтийн даалгавар батлагдсан. “Б ХХК” ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйлчилгээ, эмнэлэг, орон сууцны барилгын эскиз зургийг “Эрчим төсөл” ХХК-аар гүйцэтгүүлэн ирүүлж батлуулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар бүлгийн 3.10-т Барилгын эх загвар зураг батлуулсан иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд барилгын эх загвар зургийг хамт шилжсэнд тооцно гэж заасны дагуу “Б ХХК эмнэлэгт” олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зураг нь тухайн газрыг эзэмшигч “М ХХК” ХХК-д шилжсэнд тооцно.

Мөн  Нийслэлийн  Засаг  даргын  2012  оны  06 дугаар сарын 22-ны өдрийн

 

 А/457 дугаартай захирамжийг үндэслэн олгогдсон 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/457 1,29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг маргаан тус шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа болно. Иймд нэхэмжпэгч иргэн М Э, Д.б нарын гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.С нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Манай компани өөрийн эзэмшлийн газар дээр байрлах, ашиглалтын шаардлага хангахгүй байсан хуучин барилгыг нурааж, шинээр чанар стандартын шаардлага хангасан барилга байгууламжийг барьж гүйцэтгүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 тоот захирамж гарч 1500 кв.м газар дээр барилга барих зөвшөөрөл олгогдсон. Уг захиргааны акт нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан, нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч АжД.б нар тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар Б ХХК ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар М ХХК ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох” гэж өөрчлөн “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/457 дугаар захирамжаар “Б ХХК нүдний эмнэлэг”-т эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон 1500 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэж үзэх боломжгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын тодруулга гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж газар эзэмших эрхтэй болохыг баталгаажуулсан баримт бичгийг хэлэхээр зааснаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудал нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг шүүхээс дүгнэх явцад буюу гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий захирамжуудын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны 17 давхар 2 давхар үйлчилгээний барилгын хананаас нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны орцны хана хүртэл 14,2 м зайтай төлөвлөсөн нь хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн 30-01-04 “бичил уур амьсгалын төлөвлөлт” 9.19 дэх заалт, 31-01-10-ын 5.26 дахь заалт, Орон сууц олон нийтийн барилга сууцны барилгажилтын  бүсийн нарны тусгалын хангамж 23-04-07-ийн 3.1 дэх заалтуудыг зөрчсөн болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон...56 болон 47 тоотын цонхоор тусах нарны гэрлийг дээр дурдсан 2 барилга бүрэн хаасны улмаас нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй-физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө алга болж эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан...” гэж, хариуцагч уг үндэслэлүүдийг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Анх Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4030 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, эмнэлгийн зориулалтаар Б ХХК нүдний эмнэлэгт эзэмшүүлэхээр олгосон байх ба маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар бүхий “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжаар  Б ХХК нүдний эмнэлэгт эмнэлэг, үйлчилгээ орон сууцны барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 33 дугаар байрны баруун талд байрлуулан 0,15 га газрыг зориулалтыг нь

 

 өөрчлөн 5 хүртэлх жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрсөн байна.

Б ХХК эмнэлгээс 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж “...газар дээрээ М ХХК ХХК-иар барилга бариулж байгаатай холбогдуулж газар эзэмших эрхээ тус компанид шилжүүлж гэрээ байгуулсан тул уг газар эзэмших эрхийг М ХХК ХХК-ийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ олгон гэрээ байгуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар Б ХХК нүдний эмнэлэгт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 4030 м.кв газрыг М ХХК ХХК-д үйлчилгээ орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, захирамжийн 2 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

Эдгээрээс дүгнэвэл гуравдагч этгээд “Б ХХК эмнэлэг”-т газар эзэмших эрх олгосон  2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжид үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамж болон “Б ХХК эмнэлэг” нь газар эзэмших эрхээ гуравдагч этгээд М ХХК ХХК-д шилжүүлсэн тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар бүхий захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэйн дээр эдгээр захирамжуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал нэхэмжлэгч Ажнь 4 дүгээр байрны 56 тоотод, Д.б нь уг байрны 47 тоотын оршин суугчид байх ба “Б ХХК” ХХК-ийн орон сууцны 17 давхар, 2 давхар үйлчилгээний барилгын ханаас өөрийн амьдардаг байрны орцны хана хүртэл 14,2 м зайтай байгаа нь “бичил уур амьсгалын төлөвлөлт”, барилга хоорондын зайн талаар тогтоосон барилгын норм ба дүрмийн холбогдох заалтад нийцээгүй, нарны тусгал огт байхгүй нь “бичил уур амьсгалын төлөвлөлт”  “нарны тусгалын хангамж”-ийг тус тус хангаагүй, ингэснээр эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байгаа гэх асуудал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны

 06 дугаар сарын 30-ны өдрийн “Барилгын төлөвлөлтийн тухай” 07/153/404 дугаар бүхий дүгнэлтэд “...Б ХХК ХХК-ийн орон сууцны 17 давхар, 2 давхар үйлчилгээний барилгын ханаас 4 дүгээр байрны 4 дүгээр орцны хана хүртэл 14,2 м зайтай төлөвлөж барьсан нь “Хот тосгоны төлөвлөлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн ....9.19-д “сургууль, цэцэрлэг, дотуур байртай сургуулиас бусад орон сууц олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхооор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I, II бүсэд 3 цаг, уур амьсгалын III, IV бүсэд 2,5 цаг байхаар тооцож төлөвлөнө”, ...БНбД 31-01-10-ийн 5.26-д “Сууцны өрөөө тасалгаанд нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2,5 цаг байх нь тохиромжтой бөгөөд БНбД 23-04-07-ын шаардлагыг заавал тооцно”, мөн заавал мөрдөгдөх 4 дүгээр хавсралтыг, ......БНбД 23-04-07-ын 3.1-д “Орон сууцны хорооллын нутаг дэвсгэр болон орон сууц олон нийтийн бүхэл барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчилно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь орон сууцны хорооллын нутаг дэвсгэр, орон сууц олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана” гэж заасныг тус тус зөрчиж байна” гэжээ. Гэтэл уг дүгнэлтэд дурдсан асуудлаар нэхэмжлэгч нар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг тэмдэглэв.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1.Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар “М ХХК” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/457 дугаар захирамжаар “Б ХХК нүдний эмнэлэг”-т эмнэлэг, үйлчилгээ,  орон  сууцны    барилгын    зориулалтаар  барилга   барих   зөвшөөрөл олгосон 1500 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий М Э, Д.б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.Д