Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0478

 

М.Энхтуяа, Д.Билгээ нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд “Макс констракшн” ХХК, “Болор мэлмий” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Энхтуяа, Д.Билгээ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар “Максконстракшн” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/457 дугаар захирамжаар “Болор мэлмий нүдний эмнэлэг”-т эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон 1500 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий М.Энхтуяа, Д.Билгээ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо:   “...шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гэж үзэх боломжгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын тодруулга гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж газар эзэмших эрхтэй болохыг баталгаажуулсан баримт бичгийг хэлэхээр зааснаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудал нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг шүүхээс дүгнэх явцад буюу гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий захирамжуудын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч М.Энхтуяа, Д.Билгээ нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх 05 дугаар сарын 23-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан мэтээр худал зүйл бичсэнд гомдолтой байна.

Онолын хувьд авч үзвэл нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх нь зөвхөн хэргийн оролцогчдын эрх байдаг бөгөөд үүнийг диспозитив зарчим гэж нэрлэдэг. Энэхүү эрхийг аль ч шатны шүүх үгүйсгэх, няцаах эрх байхгүй.

Гэтэл анхан шатны шүүх диспозитив зарчимд халдаж, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулга гэж үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны акт биш гэж үзсэн нь буруу.

Хууль зүйн болон практик талаас нь авч үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь захиргааны акт болох хэд хэдэн үндэслэл харагддаг. Үүнд:

Нийслэл, дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамж амьдрал дээр цөөнгүй гардаг. Иргэн, хуулийн этгээдүүд үүнийг эс зөвшөөрч маргасан тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлдэг практик тогтоод тодорхой хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага анхных биш гэсэн үг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэсэн гарчигтай. Доторх агуулгыг нь харахад газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгохоос өөр үндэслэлүүд бичигдсэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь зүгээр нэг эрхтэй болохыг баталгаажуулсан баримт бичиг биш захиргааны акт байхад анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актууд хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч М.Энхтуяа, Д.Билгээ нар нь “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжаар “Болор мэлмий” нүдний эмнэлэгт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон 1500 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсэг, нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар “Макс констракшн” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэнэ.

Энэ хэргийн тухайд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтыг үндэслэн “Болор мэлмий” нүдний эмнэлгийн эзэмшил газрын зориулалтыг “эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилга” болгон өөрчилж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 33 дугаар байрны баруун талд байршуулан 0,15 га газарт барилга барих зөвшөөрөл олгосон бол нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4 дэх заалтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 4030 м.кв газрыг “Макс констракшн” ХХК-д “үйлчилгээ, орон сууц”-ны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

            Нэхэмжлэгч нараас дээрх актуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ ““Болор мэлмий” ХХК-ийн эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 17 давхар 2 барилгыг нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байр, 4 дүгээр орцны хана хүртэл 14.2 м зайтай төлөвлөж барьсан нь БНбД 30-01-04, 31-01-10, 23-04-07-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, тус барилга нэхэмжлэгч нарын амьдардаг 47 болон 56 тоотын цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан” гэж тайлбарлан маргах боловч энэ байдал нь нийслэлийн Засаг даргын гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхээр эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Тодруулбал, гуравдагч этгээд нь маргаан бүхий захирамжаар олгосон газар эзэмших эрхээ хэрэгжүүлэн тус газарт барилга барьж байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүйгээс гадна уг актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

            Харин нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “гуравдагч этгээд “Макс констракшн” ХХК, “Болор мэлмий” ХХК-д олгосон газрын 17 давхар 2 барилга баригдсан хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхийг хүссэнийг шүүх “гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх байдлуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН