Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 202

 

Я.А, Т.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Ч.Т-ын өмгөөлөгч Б.Отгонтөгс, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар магадлалтай, Я.А, Т.Э нарт холбогдох 201525022155 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Я.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Я-гийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил 8 сар 1 хоног хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 4 жил 8 сар 1 хоног хорих ялаар тогтоосон, Б овогт Т-гийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Я.А-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Я.А-ийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Э-ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я.А-ийг 4 жил хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Э-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-ээс нийт 482,353,700 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Л.М-т 365,289,100 төгрөг, хохирогч Л.У-д 111,804,600 төгрөг, хохирогч Ч.Т-д 5,260,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я.А-ийг 6 жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 5 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-эд оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж, 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-ээс нийт 482,353,700 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.М-т 365,289,100 төгрөг, хохирогч Л.У-д 111,804,600 төгрөг” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-ээс нийт 455,054,050 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.М-т 289,794,050 төгрөг, хохирогч Л.У-д 160,000,000 төгрөг” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Я.А гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх магадлалдаа шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшдэггүй, хохирлоо нөхөн төлөөгүй учир ялыг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлал гуйж, хохирол төлбөрөө нөхөн төлнө гэдгээ илэрхийлж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хийсэн хэрэгтээ гэмшээгүй гэсэн байна. Авсан мөнгөний тухайд гэрч байхгүй, баримтгүй хүүтэй зээлж авсан атлаа үнэн зөвөөр хүлээсэн. Хэргийн нарийн учрыг мухарлаж бүхий л баримтыг шалгалгүй ял шийтгэлийг хүндрүүлсэнд гомдолтой байна. Цирк дээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, миний мөнгө өгсөн хоёр хүнийг шалгаагүй. Надад байгаа диктафоны бичлэгийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, хэрэгт хавсаргаагүй. Анхан шатны шүүхээс энэ бичлэгийг шалга гэсэн боловч байцаагч шалгаагүй. Хохирогч өөрөө мөнгө зээлж хүүтэй өгсөн гэж хэлсэн боловч шүүх мөн харгалзаж үзээгүй. Хохирлын тооцоог прокурор Ц.Амгаланбаатар буруу гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх засаж тооцсон нь миний авсан мөнгөнөөс зөрсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлж, тохиролцох талаар хохирогчид өмгөөлөгчөөрөө дамжуулан санал тавьсан боловч хариу хэлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй. Дээрх байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, эдлэх ялаас минь хасаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Т-ын өмгөөлөгч Б.Отгонтөгс хэлсэн саналдаа “...Хохирлын талаар тохиролцох санал ирүүлээгүй. Хохирогч Ч.Т- нь 6 удаагийн үйлдлээр 19,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг нотолсон нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч нь хохирогч Ч.Т-ын мөнгийг өгөхгүй гэх мэтээр тайлбар хэлж байсан. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг дамжуулж өгөөч гэж хүссэн юм” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Я.А, Т.Э нарын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх Я.А нь 2015 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд хоёр удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Нархан” хотхонд байрлах Худалдаа хөгжлийн банкны байранд “машины наймаа хийх мөнгө дутаад байна” гэж хуурч Л.М-ын нөхөр Б.М-ээс нийт 95,000 ам.доллар буюу 177,990,450 төгрөг,

2015 оны 06 дугаар сарын 11, мөн сарын дундуур, сүүлээр, нийт гурван удаагийн үйлдлээр Хан-Уул болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Япон улсаас машин оруулж ирнэ, дүү Л.У-д нь “Lexus-570” загварын автомашин захиж авч өгнө, машин захих гэсэн мөнгө дутаад байна” гэж хуурч Л.М-ээс 60,000 ам.доллар, 160,000,000 төгрөг, нийт 271,804,600 төгрөг,

2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны байранд “Япон улсаас автомашин оруулж ирж зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч Л.У-гаас 60,000 ам.доллар буюу 111,804,600 төгрөг,

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах “ХААН” банкны салбарт “Япон улсаас Приус-11 загварын автомашин хямд үнээр авчирч өгнө” гэж хуурч Л.Мө-гөөс 1,000,000 төгрөг,

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах 49 м.кв 3 өрөө байрны улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг хуурамчаар үйлдэн барьцаанд тавьж Ч.Т-аас 2014 оны 10 дугаар сарын 14, 2015 оны 01 дүгээр сарын 31, 05 дугаар сарын 24, 09 дүгээр сарын 28, 30-ны өдрүүдэд нийт 19,484,800 төгрөгийг хуурч авсан,

Т.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би Я.А-ээс бэлнээр 300,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай зээлж авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримтууд шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Т.Э-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайг тогтоосны дараа уг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Я.А нь дээрх нийт 12 удаагийн үйлдлээр 5 иргэнээс их хэмжээний бэлэн мөнгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж, хуурч авсан гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 буюу “залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин Я.А-д оногдуулсан ял нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүнээс үүдэн гарсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзсэн тул анхан шатны шүүхээс Я.А-д оногдуулсан 4 жил хорих ялын хэмжээг хүндрүүлж 6 жилийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн шинжлэн судалсан нотлох баримтуудаар Я.А нь хохирогч Л.М, түүний нөхөрт учруулсан нийт хохирол 449,795,050 төгрөг бөгөөд үүнээс хохирол ямар нэг хэмжээгээр төлөгдөөгүй байхад уг дүнг 365,289,100 төгрөг гэж буруу тооцоолж бичсэнийг тогтоогдсон үйл баримтуудад үндэслэн засаж зөвтгөх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзэж магадлал гаргахдаа хохирлын хэмжээ буюу хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримтуудыг нарийвчлан судлалгүйгээр буруу ойлгож, анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримт, түүнтэй холбогдох хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...тогтоогдоогүй нөхцөл байдал”-ыг тогтоож, эрх хэмжээгээ хэтрүүлсэн байх тул уг магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Я.А-д оногдуулсан ял, Я.А-ээс гаргуулах хохирлын хэмжээнд тус тус өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхийг хүссэн шүүгдэгч Я.А-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я.А-д 6 /зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-ээс нийт 566,859,650 төгрөг гаргуулж, хохирогч Л.М-т 449,795,050 төгрөг, хохирогч Л.У-д 111,804,600 төгрөг, хохирогч Ч.Т-д 5,260,000 төгрөгийг тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.А-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН