Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

                        улсын яллагч О.Баасанхүү,

            шүүгдэгч Н.Өлзийсайхан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт Н.Өлзийсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000853 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:              

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-62а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хөгнөхөн овогт Наранхүүгийн Өлзийсайхан /регистрийн дугаар ЧН84101678/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Өлзийсайхан нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32-ын тойргийн шинэ замд 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим “Истана” маркийн 08-25 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 7.7 дахь заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Хулангийн бие махбодид хүнд зэргийн, Э.Гэрэлчимэгийн биед хөнгөн зэргийн, бага насны буюу 4 настай Б.Батханы биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Өлзийсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуурай дүү Хүрэлтулга “барилгын материал татаад өгөөч” гэсэн гуйлтын дагуу явж байгаад зам тээврийн осол гаргаж хохирогч нарт гэмтэл учруулсан. Тухайн үед туслах замаас төв зам руу орох гэж байгаад үзэгдэх орчинд хязгаарлагдаж зам тээврийн осол гаргасан. Тэгээд замын цагдаа, түргэн дуудаж яаралтай бүхий л арга хэмжээг авсан. Өөр зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуурай дүү Хүрэлтулгын “Истана” маркийн 08-25 УНГ улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг түр унаад 16 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүрэгт байрлах 100 айлын барилгын материалын дэлгүүр орохоор 32-ын тойргийн шинэ замаар ертөнцийн зүгээр баруун талаас буюу “Сод Монгол” ШТС-ын ертөнцийн зүгээр хойд талын гудамжнаас хойш эргэх үйлдэл хийхээр хойд урд тээврийн хэрэгслүүдийг өнгөрүүлээд хойноос урагшаа чиглэсэн урсгалыг өнгөрөөд ертөнцийн зүгээр хойш машинаа эргүүлтэл машины урд буферийн баруун талд түг хийх чимээ гарсан. Тэр дороо машинаас буугаад нярай хүүхэд замын замын хойшоо явдаг чиглэлд 3-4 метрт шидэгдсэн, 18 орчим насны эмэгтэй 3-4 орчим насны эрэгтэй хүүхэд миний машины буферийн урд мөргүүлсэн байдалтай газар хэвтэж байсан. Би газар хэвтэж байсан нярай хүүхдийг тэврээд зогсож байтал түргэн ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-79-82/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Гэрэлчимэгийн “...2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын үед өөрийн 1 сартай охин Хуланг тэврээд, бэр эгчийн хүүхэд 3 настай Батханыг хөтлөөд гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 32-ын тойргийн шинэ замын ертөнцийн зүгээс зүүнээс баруун тийш “Сод Монгол- Шатахуун түгээх станцын хойд талаар зам хөндлөн гарах гээд зам руу ортол баруун талаас 08-25 УНГ улсын дугаартай “Истана” маркийн автомашин хойшоо эргэхдээ намайг мөргөсөн. Би мөргүүлээд ухаан алдсан, нэг сэрэхэд охин маань нилээд хойш шидэгдсэн, дүү Батхан хажуу талд газар унасан уйлаад байж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд охиныг маань тархины гавлын ясны дагз хэсгээрээ хугарал цууралттай байна гэсэн. Шинэ зам явган хүний гарцгүй тул гарцаар гараагүй. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-35/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мөнхдэлгэрийн “…2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3 настай хүү Батханыг хадам дүү Гэрэлчимэгт орхиод явсан. Хадам ээж Дулам над руу залгаад ослын талаар хэлсэн. 32-ын тойргийн шинэ зам дээр очиход хадам ээж манай хүүг хөтөлчихсөн, Гэрэлчимэг охиноо тэврээд уйлчихсан байдалтай байсан. Манай хүү Батханы зулайн баруун дээд хэсэгт хавдаж хөхөрсөн айчихсан байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-30/,

 

Гэрч Т.Нацагдоржийн “…2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хүрэлтулгын 08-25 УНГ улсын дугаартай истана маркийн цагаан өнгийн машиныг

 

Өлзийсайхан ах жолоодоод би жолоочийн хажуу талд суугаад 32-ын тойргийн Шинэ замын ертөнцийн зүгээр баруун талын туслах замаас хойш гэхэд замын хөдөлгөөн ачаалал ихтэй байсан. Өлзийсайхан ах урагшаа урсгалын машиныг өнгөрөөгөөд хойш урсгал руу эргэтэл таг гээд юм дуугарсан. Машинаас буугаад харахад 3 настай эрэгтэй хүүхэд газар унасан, 20 орчим насны эмэгтэй жолоочийн урд талд газар уначихсан хэвтэж байсан. Нэлээн цаана нялх хүүхэд шидэгдсэн байсан. 1 сартай хүүхдийг би тэврээд байж байтал удалгүй эмнэлгийн машин ирээд 3 хүнийг авч явсан....” гэсэн мэдүүлэг /хх-42/,

 

Гэрч О.Хүрэлтулгын “…08-25 УНГ улсын дугаартай “Истана” маркийн автомашин миний эзэмшлийн машин. 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуурай ах Өлзийсайханд “Миний машиныг гэрээс аваад 100 айл руу унаад хүрээд ир” гэж утсаар ярьсны дагуу Өлзийсайхан ах унаж яваад ийм асуудал гаргасан байна лээ…” гэсэн мэдүүлэг /хх-43/,

 

Иргэний хариуцагч О.Хүрэлтулгын “…Автомашины эвдрэл гайгүй тул үнэлгээ хийлгэхгүй. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Хохирогч нарын эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-45/,

 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №12831 тоот актын “...Г.Хулангийн биед дагз ясны суурь хэсгээс дээш чиглэсэн далд шугаман хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-48/,

 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №12832 тоот актын “...Э.Гэрэлчимэгийн биед тархи доргилт, доод мөчний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-51/,

 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №12830 тоот актын “…Б.Батханы биед тархи доргилт, духны хэсэгт цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-54/,

 

Техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ¹556 тоот актын “…Истана маркийн 08-25 УНГ улсын дугаартай автомашины жолооч Н.Өлзийсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”,

7.7 “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-56/,

 

Замын Цагдаагийн албаны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ¹616 тоот шинжээчдийн “…1.ЗЦГ-ын ЖШУХ-ийн техникийн шинжээч а/х Б.Батаарзоригийн ¹556 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. …4.Явган зорчигч Э.Гэрэлчимэг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна…” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй.” Гэсэн дүгнэлт /хх-70 /,     

 

Баянгол техникийн хяналтын төвийн шинжээчийн дүгнэлт: “..Очиржав овогтой Хүрэлтулгын эзэмшлийн истана маркийн 08-25 УНГ улсын дугаартай, цагаан өнгийн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ их өөрчлөлттэй, хойд 2 дугуйн ажлын болон зогсоолын тоормоз барихгүй, зүүн гар талын урд болон баруун гар талын хойд дугуйн хээ хэт элэгдсэн байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн зүүн гар талын гаднах толь цуурсан, урд буферийн будаг хэсэгчилсэн байдлаар халцарсан, зүүн болон баруун гар талын дугуйрсан хэсэгт цуурсан хуучин сэвтэй, урд редуктерийн сальникаар тос гоождог, баруун болон зүүн гар талын урд 2 шарнерийн малгай резин тасарсан, баруун гар талын шарнер хөдөлгөөнтэй, баруун гар талын хойд дугуй усан хавантай ба тороос нь гарч язарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Иймд уг автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх эвдрэл гэмтлээс хойд 2 дугуйн ажлын тоормоз барихгүй байгаа нь тухайн автомашины бүрэн зогсолтын замыг уртасахад нөлөөлнө. Баруун гар талын шарнер хөдөлгөөнтэй болж, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөгдөн, уг автомашиныг жолоодоход жолооны хүрд зүүн гар тал руугаа булааж байгаа нь жолоодлогод зохих хэмжээгээр хүндрэл учруулна. Дугуйн хээний гүн хэт элэгдэх нь зам дугуйн барьцалтанд сөргөөр нөлөөлөх ба бүрэн зогсолтыг уртсахад нөлөөлнө…” /хх-63/

 

Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10, 15-16/, Согтолтын зэрэг шалгасан баримт /хх-4-5/, тэврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-18/, эмчилгээний зардлын баримтууд /хх-37-38, 120-121, 123-140/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогоол /хх-34/, Виндо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-151/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-56, 61-68, 70-72/, шүүгдэгч Н.Өлзийсайханы оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-85/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-110/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /112-115/ зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Н.Өлзийсайхан нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32-ын тойргийн шинэ замд 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим “Истана” маркийн 08-25 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 7.7 дахь заалтуудыг зөрчсөний улмаас нярай буюу 01 сартай Г.Хулангийн бие махбодид “…дагз ясны суурь хэсгээс дээш чиглэсэн далд шугаман хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал…” бүхий хүнд зэргийн гэмтэл, хохирогч Э.Гэрэлчимэгийн бие махбодид “…тархи доргилт, доод мөчний зөөлөн эдийн няцрал, цус хуралт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, бага насны буюу 4 настай Б.Батханы бие махбодид “…тархи доргилт, духны хэсэгт цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Гэрэлчимэгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Мөнхдэлгэр, гэрч Т.Нацагдорж  нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹12831, 12832, 12830 тоот актын дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 556 тоот дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Н.Өлзийсайханы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Өлзийсайхан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 01 сартай нярай Г.Хулангийн бие махбодид хүнд, бага насны буюу 04 настай Б.Батханы бие махбодид хөнгөн, хохирогч Э.Гэрэлчимэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх түүнд дээрх зүйлээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Дээрх гэмт хэргийн хохирогч Э.Гэрэлчимэгт 326.417 төгрөгийн, Г.Хуланд 440.000 төгрөгийн, Б.Батхаанд 237.643 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Мөнхдэлгэрт 360.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Өлзийсайхан нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан дээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Өлзийсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан.

 

Мөн шүүгдэгч Н.Өлзийсайханы дээрх үйлдэл ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүх шүүгдэгч Н.Өлзийсайханд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн хохирогч О.Хүрэлтулгын эзэмшлийн 08-25 УНГ улсын дугаартай “Истана” маркийн автомашиныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Н.Өлзийсайхан нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Хөгнөхөн овогт Наранхүүгийн Өлзийсайханыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн, хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Наранхүүгийн Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Н.Өлзийсайханд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Өлзийсайхан нь  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Н.Өлзийсайханд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хохирогч О.Хүрэлтулгын эзэмшлийн 08-25 УНГ улсын дугаартай Истана маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Н.Өлзийсайханд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий   этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Өлзийсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.БОЛДБААТАР