Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/02206

 

с

           

 

 

 

 

 

 

 

 

   2021        11         17                                          181/ШШ2021/02206         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, А.Х ХХК -д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.У, О.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б467/18 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар А.Х ХХК -д няраваар ажилд орсон. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс А.Х ХХК -ийн охин компани хариуцсан нягтлан бодогчын албан тушаалд томилогдсон. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А.Х ХХК -тай 231 тоот “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан.

Гэтэл “Алтайнхүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сэлэнгээгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/1062 дугаар тушаалаар намайг ажлаас гэнэт халсан. Гүйцэтгэх захирал О.Сэлэнгэ нь 2020 оны 05 дугаар сар орчим шинээр томилогдсон бөгөөд томилогдсоноос хойш ажилчдыг халж, өөрийн талын хүмүүсийг шинээр авсан. Миний мэдэхээр зөвхөн оффис дээр гэхэд л 20 орчим хүмүүсийг ажлаас халсан. М.Д намайг дуудаад “... та ажлаас халагдах өргөдөл бичиж өг, таныг цаашид ажлуулах боломжгүй, хэрвээ та өргөдлөө өгөхгүй бол бид таныг өөрсдөө халах болно” гэж хэлсэн. Тэгээд дараа нь хүний нөөцийн менежер Хонгорзул нь намайг дуудаад “Та өргөдлөө бичиж өгвөл бид таны ажлаас халсан тушаалыг өөрийн хүсэлтээр гэж гаргаж өгнө, хэрвээ өгөхгүй бол бид таныг сахилгын шийтгэл авсан гэж ажлаас хална” гэж хэлсэн. Надад 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл давтан гаргасан гэх ажлаас халсан тушаал өгөөд ажлаа хурдан хүлээлгэж өг гэсэн ба би 14-17-ны өдрүүдэд ажлаа хүлээлгэн өгсөн. Намайг ажлаас халсан үндэслэлээ огт тайлбарлаж өгөөгүй бөгөөд миний оронд аль хэдийн өөрийн хүнээ ажилд авсан байсан.

О.Сэлэнгэ захирал нь томилогдсон цагаасаа эхлэн ажлаас халахаар надаас шалтаг хайж эхэлсэн ба 2020 оны 06 дугаар сард ямар ч үндэслэлгүй намайг “Алтайнхүдэр” ХХК-ийн охин компани “Алтайн энержи ресурс” ХХК-ийн ажилчдын ээлжийн амралтын олговор өгөхөөр завдсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед ажлаас хална гэж хэлээгүй ба “...зүгээр сануулах арга хэмжээ, таны цалин хөлсөнд ямар ч өөрчлөлт орохгүй та зүгээр гарын үсгээ л зурчих” гэж хэлсэн. Ингээд би янз бүрийн юм бодолгүй зүгээр л гарын үсгээ зурсан. Гэтэл одоо бодоход намайг ажлаас халахаар төлөвлөж, зориуд сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан байсан байна.

Харин 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээ огт тайлбарлаагүй, юуг сахилгын шийтгэл гэж хэлээд байгаагаа ч хэлээгүй. Миний бие 2 жил гаруй хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. М.Д би салбар 8 компанийн нягтлан бодогчоор ажилладаг байхад 2020 оны 07 сард өөр хүний ажлыг надаар хийлгүүлж А.Х ХХК -ийн тайлан тооцоог гаргуулж байсан.

Хагас жилийн Санхүүгийн тайлан 2020 оны 07 сарын 20-ны дотор гаргасан байх ёстой. А.Х ХХК -ны ажиллагсад 07 сарын 11-27 хүртэл ажиллагсдадаа нийтээр тушаал гарган амраасан. Санхүүгийнхний хувьд тайлангаа гаргаж дуусаад 7-10 хоног л амардаг. Миний бие 25 компани хариуцдаг тул маш их ачаалалтай ажилладаг. Хагас жилийн тайлан гарсанаас хойш 1 сарын хугацаанд баримтаа үдэж цэгцлэх ёстой. Санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргах нэрийдлээр миний бүх баримтыг гэнэт авч шалгасан нь намайг ажлаас халах гэж өө хайж байсныг би мэдээгүй. Надад баримтаа цэгцлэх ямарч хугацаа боломж олгоогүй. Миний бие захирлуудаасаа утсаар эсвэл амаар зөвшөөрөл авдаг. Хэзээ ч дур мэдэн мөнгө гаргадаггүй байсан. Түүнийг тухайн үед ажиллаж байсан захирлуудаас тодруулж болно.

2020 оны 1 сарын 13-ны өдрийн 9 792 506 энэ оффисын ашиглалтын төлбөр cap болгон гардаг. Ард нь мөнгө төлсөн баримт нэхэмжлэхийн дагуу төлсөн толгой компаниас нэхэмжлэлийн дагуу мөнгөн урсгалд орж батлагдсаны дагуу төлөлт хийгддэг. 2020 оны 01 сарын 21-ны өдрийн 25,000 төгрөг cap болгон төлдөг утасны төлбөр ард нь мөн баримт нь байгаа. Мөнгөн урсгалаар батлагдсаны дараа төлдөг гэх мэтчилэн мөнгөн урсгалаар батлагдсаны дараа гардаг толгой компаниас хоорондын тооцоогоор авдаг зардалууд байгаа болно.

Сонор харуул ХХК-ны мөн адил толгой компаниас мөнгө батлагдсаны дараа гардаг зардлууд НДШ, цалин гэх мэт анхан шатны баримт батлагдсаны дараагаар гарсан зардлууд байгаа болно. Мөн Татварын тайлангууд зөрүүтэй байгааг бичсэн байна. Анхнаасаа намайг хариуцахад эдгээр тайлангууд бүгд зөрүүтэй байсан.

Надад татварын алба руу явж тулгах боломж олгоогүй. Тайлан гарах гэж байхад А.Х ХХК -ны ХХХОТ суутгасны тайлан тулгах ажлыг даалгаж ажил үүргийн хуваариас минь тэс өөр ажил хийлгээд надад ямар ч боломж олгохгүй байсан. Санаатайгаар хариуцсан ажлыг минь хийлгэхгүй байсан. Надад бичиж байсан и-мэйлээр нь харагдах байх. Миний ажлыг хянах толгой компанийн Ерөнхий нягтлан Болормаа нь өөрийн ажлаа хийхгүй намайг ажлаас халах гэж улайран засаж залруулах боломж олгохгүй улайран зүтгэсэнд гомдолтой байна. Иймээс хариуцагчийг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ажлаас халагдах хүртлээ сарын 1 800 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан.

Иймд М.Д намайг А.Х ХХК -ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 08 дугаар сарын цалин 1 789 773 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 646 351 төгрөг, нэмэгдэл 437 773 төгрөг, нийт 2 873 897 төгрөгөөс татвар, даатгал зэргийг хасаад 2 076 619 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Алтайнхүдэр ХХК нь хүлээн зөвшөөрч, биелүүлсэн байгаа гэв.

 

                    Хариуцагч А.Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.У, О.Ё нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монхорын Долгорсүрэн нь тус компанид "Алтайн хүдэр” ХХК-ийн 18 охин компаниудыг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. М.Д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа хоёр удаа сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2020 оны 08 сарын 14-ний өдөр ажлаас халсан.

М.Д нь цалин бодолтын явцад алдаа гаргаж, гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй шийдвэр гаргасан тул 2020 оны 05 сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Цалин хөлс бодох, хянах журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг журамлан "сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан. Тус сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа М.Дд сахилгын шийтгэл ногдуулах хуудсыг танилцуулан, өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр М.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажил үүрэгтээ хайнга хандаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2020 оны 08 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. М.Д нь нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Болормаагийн хяналт шалгалтаар дараах зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

Сонор харуул ХХК-ийн

  1. 2020 оны 01 сарын 14-ний өдөр 3129762,66 төгрөг
  2. 2020 оны 02 сарын 03-ны өдөр 9653531,62 төгрөг
  3. 2020 оны 02 сарын 03-ны өдөр 423795 төгрөг
  4. 2020 оны 04 сарын 30 өдөр 69000 төгрөг нийт 13,276,089.28 төгрөг

Алтайн энержи ресурс ХХК-ийн

  1. 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 9,792,506 төгрөг
  2. 2020 оны 01 сарын 21 –ний өдрийн 25000 төгрөг
  3. 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 2000 төгрөг
  4. 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 291,534 төгрөг
  5. 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 13,518,021.35 төгрөг
  6. 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 5,540,529 төгрөг
  7. 2020 оны 03 сарын 07-ны өдрийн 100,000 төгрөг
  8. 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 1,455,930.72 төгрөг

Нийт 30,725,521.07 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, албан тушаалтны зөвшөөрөлгүй гаргасан, Алтай энержи ресурс ХХК-ийн Хувь хүний орлогын албан татвар, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй, Сонор харуул ХХК-ийн Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй бүртгэгдсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдоно.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг дурдсан бөгөөд тус гэрээний 17.15-д ажилтан “хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц зөрчил гаргасан” тул ажлаас халах шийдвэр гаргасан. Мөн 2020 оны 05 сарын 01-ний өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулаад 3 сарын хугацаа өнгөрч байхад дахин Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.Дгийн хариуцаж байсан ажил үүрэгтэй нь холбогдуулан шалгалт хийхэд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

1. “Алтайн энержи” ХХК-ийн санхүүгийн тайланд:

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан нь 2020 оны 02 дугаар улирлын байдлаар Татварын цахим системд баталгаажсан үлдэгдэл нь 2 689 035 төгрөг байх байтал санхүүгийн тайланд 2 207 868 төгрөг гэж алдаатай тусгасан байдаг. Хагас жил болон жилийн эцсийн тайлан балансыг нягтлан бодогч нь Татварын албанд очиж эцсийн үлдэгдлийн тооцоо нийлэх ёстой байсан боловч тооцоо нийлээгүй зөрүүтэй тайлагнасан байна.

Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайлан нь 2020 оны 2 дугаар улирлын байдлаар Татварын системд тусгагдсан байдлаар 4 493 357 төгрөгийн илүү төлөлттэй байтал нягтлан бодогчийн гаргасан гүйлгээний тайлан балансаар 3 917 713 төгрөгийн илүү төлөлттэй гэж гаргасан байна. Өөрөөр хэлбэл 575 643 төгрөгийн зөрүүтэй тайлагнасан байдаг.

Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын хувьд 583 932 төгрөгийн өртэй гэж Татварын системд тайлагнасан байтал нягтлан бодогчийн гүйлгээний тайлан балансаар 123 334 төгрөгийн өртэй гэж тайлагнасан байдаг. Татварын албатай очин уулзаж тооцоо нийлж залруулах ёстой байсан.

2. “Сонор харуул” ХХК-ийн санхүүгийн тайланд:

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан нь 2020 оны 2 дугаар улирлын байдлаар Татварын цахим системд баталгаажсан үлдэгдэл нь 9 391 633 төгрөг байх байтал санхүүгийн тайланд 6 533 354 төгрөг гэж алдаатай тусгасан байна. Эдгээр дүн нь 2 858 278 төгрөгийн зөрүүтэй байна.

Хагас жил болон жилийн эцсийн балансыг нягтлан бодогч нь Татварын албанд очиж эцсийн үлдэгдлийн тооцоо нийлэх ёстой байсан боловч тооцоо нийлээгүй зөрүүтэй тайлагнасан байна.

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан нь 2020 оны 5 дугаар сарын сүүл цалинг бодоход ХХОАТ нь 5 218 054  төгрөг байтал Ковид-19 вирустэй холбоотой шинэчлэсэн хуулийн дагуу чөлөөлөлт эдэлж буцаан ажилчдад олгохдоо 5 245 428 төгрөг олгосон байна. Эдгээр дүнгийн зөрүү нь 27 374 төгрөг илүү олгосон байна.

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын 2020 оны 6 дугаар сарын ноогдуулалтын дүн нь 2 797 699 төгрөг байхад татвараас чөлөөлөх дүнгээ 2 067 437 төгрөгөөр бүртгэсэн нь 160 262 төгрөгийн зөрүүтэй байна.

НӨАТ-ын тайлан нь 2020 оны 02 дугаар улирлын байдлаар Татварын систем дэх тайланд тусгагдсанаар 136 919 444 төгрөгийн өртэй байтал нягтлан бодогчийн гаргасан гүйлгээний тайлан балансаар 128 546 921 төгрөгийн өртэй хэмээн тайлагнасан байна. Өөрөөр хэлбэл 8 372 523 төгрөгийн зөрүүтэй тайлагнасан байна. Энэ дүнгүүд таарч байх ёстой.

Эдгээр алдаа зөрчлүүдийг үндэслэн нягтлан М.Дд өмнөх сахилгын шийтгэл оногдуулснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан байх тул ажлаас халах шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч А.Х ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 08 дугаар сарын цалин, нэмэгдэл, ээлжийн амралтын олговор нийт 2 076 619 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлснийг хариуцагч Алтайнхүдэр ХХК нь биелүүлсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу А.Х ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Б/1062 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг М.Д гардаж аваад, 2020.09.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул тушаалд гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

А.Х ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/1062 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4.7, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, “Цалин хөлс бодох, хянах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 17 дугаар зүйлийн 17.15 дахь хэсгийг тус тус үндэслэн тус компанийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн газарт Нягтлан бодогч М.Дг хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2020.08.14-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. /хх-37х/

 

А.Х ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/599 тоот “сануулах шийтгэл ногдуулах тухай” тушаалаар М.Дг цалин бодолтын явцад алдаа гаргаж гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүй шийдвэр гаргасан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-35-36х/

 

А.Х ХХК  нь М.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг үүрэгт ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 17 дугаар зүйлийн 17.15, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4.7, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, “Цалин хөлс бодох, хянах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтуудыг тус тус баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд А.Х ХХК  нь М.Дг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарласан.

Сахилгын зөрчил гаргасан эсэх талаар зохигчид маргаж байгаа тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг нотлох үүрэгтэй байдаг.

 

Тушаалын үндэслэл болгосон А.Х ХХК -ийн М.Дтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-4-6х/-ний 17 дугаар зүйлийн 17.15-д “Хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц зөрчил гаргасан” гэж,

Мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4-д ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд 8.4.7-д “Хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн, Хөдөлмөрийн гэрээ, Контракт, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдсан, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “ажлаас халах” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Ажилтныг хөдөлмөрийн тухай хуулийн 37-40 дүгээр зүйл, энэхүү журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактад засан үндэслэлээр компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлнө” гэж,

“Цалин хөлс бодох, хянах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Нягтлан бодогч нь цалин бодолтыг Ерөнхий нягтлан бодогчоор хянуулж, Санхүү эрхэлсэн захирал болон Гүйцэтгэх захирлаар баталгаажуулна” гэж тус тус заажээ. /хх-25-34х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино.

Хариуцагч А.Х ХХК  нь нягтлан бодогч М.Дг Алтай энержи ресурс ХХК болон Сонор харуул ХХК нарын нийт 30 725 521.07 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, Хувь хүний орлогын албан татвар, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд татварын систем болон бүртгэл дээр зөрүүтэй бүртгэгдсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тайлбарлаж байна.

 

Ажил олгогч нь ажилтныг сахилгын зөрчил гаргасан эсэхийг Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шалгаж тогтоох үүрэгтэй.

А.Х ХХК -ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.3-д “Сахилгын шийтгэл ногдуулах ажиллагаа”-г зохицуулсан бөгөөд 9.3.1-д “Нэгжийн удирдлага, эсхүл эрх бүхий албан тушаалтан нь сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналаа бичгээр гаргаж, холбогдох баримтын хамт Хүний нөөц хариуцсан нэгж /УБТҮ-т Хүний нөөцийн ажилтанд/-д хүргүүлнэ” гэж, 9.3.2-д “Хүний нөөц хариуцсан нэгж нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай саналын хуудас, холбогдох баримтыг судалж үндэслэлтэй гэж үзвэл тушаалын төслийг боловсруулж, Хууль зүйн хэлтсээр тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулж, Гүйцэтгэх захирал, эсхүл түүнээс эрх олгогдсон албан тушаалтанд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж , 9.3.3-д “Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг тухайн ажилтныг шууд харьяалдаггүй албан тушаалтан гаргасан тохиолдолд Хүний нөөцийн нэгж нь уг ажилтны шууд удирдах албан тушаалтан, нэгжийн удирдлагад заавал танилцуулна” гэж тус тус заажээ.

Уг уг журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааг хийсэн эсэхийг шалгахад,

1. Удирдах албан тушаалтан Д.Долзодмаагаас “Сахилгын шийтгэл”-ийн хуудас /хх-38х/-ыг бөглөсөн байх бөгөөд уг хуудаст Нягтлан бодогч М.Дгийн гаргасан зөрчлийн агуулгыг “Албан тушаалтны зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгийн гүйлгээ гаргасан, Зөрчилтэй ажил гүйлгээ бүртгэсэн /хяналтын ажлын тайлангаас харах/” гэж тодорхойлсон байна. Харин уг сахилгын шийтгэлийн хуудас, баримтуудыг Хүний нөөц хариуцсан нэгж хүлээн авч шалгасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь: Уг “Сахилгын шийтгэл”-ийн хуудаст Хүний нөөцийн хэлтсийн дүгнэлт бичигдээгүй байх бөгөөд ажлаас халах тушаалд нягтлан бодогч М.Дг “Албан тушаалтны зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгийн гүйлгээ гаргасан, Зөрчилтэй ажил гүйлгээ бүртгэсэн” гэх үндэслэлийг дурдаагүй.

Мөн нийт 30 725 521.07 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, албан тушаалтны зөвшөөрөлгүй гаргасан гэх тайлбарыг хариуцагч гаргасан боловч энэ зөрчлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хэрэгт авагдсан “Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл”-үүдэд “Олгох зөвшөөрөл” хэсэгт нь цохолт хийгдээгүй байдлаар “санхүүгийн анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, албан тушаалтны зөвшөөрөлгүй гаргасан” гэж үзэх боломжгүй байна. /хх-39-50х/

 

2. А.Х ХХК -ийн Ерөнхий нягтлан бодогч Б.Болормаагаас 2020.08.06-ны өдөр Д.Долзодмаад “Алтай энержи ХХК болон Сонор харуул ХХК-ны нягтлан бодох бүртгэлд дараахь залруулах алдаанууд байна” гээд зөрчлүүдийг дурдсан и-мэйл илгээсэн байна. /116-120х/

Ерөнхий нягтлан бодогч Б.Болормаа нь уг и-мэйлд дурдсан зөрчлүүдэд нягтлан бодогч М.Дд сахилгын шийтгэл ногдуулах саналаа Хүний нөөц хариуцсан нэгжид бичгээр гаргаагүй, мөн удирдах албан тушаалтан болох Д.Долзодмаа ч гаргаагүй байна.

Учир нь: Ерөнхий нягтлан бодогч Б.Болормаа, шууд удирдах албан тушаалтан болох Д.Долзодмаа нар нь и-мэйлд дурдсан зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах саналаа Хүний нөөц хариуцсан нэгжид бичгээр гаргаж, холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн, Хүний нөөц хариуцсан нэгж уг зөрчлийг шалгаж сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслийг боловсруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нягтлан бодогч М.Дгийн ажлын шууд удирдлага болон эрх бүхий албан тушаалтан нь “Алтай энержи ХХК болон Сонор харуул ХХК нарын Татварын цахим системд баталгаажсан тайланг Санхүүгийн тайлангаас зөрүүтэй гаргасан” гэх зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулах саналыг Хүний нөөц хариуцсан нэгжид гаргасан гэх үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч А.Х ХХК -ийг “нягтлан бодогч М.Дг Алтай энержи ресурс ХХК болон Сонор харуул ХХК нарын Татварын цахим системд баталгаажсан тайланг Санхүүгийн тайлангаас зөрүүтэй гаргасан” зөрчлийг шалган тогтоож, сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн уг үндэслэлийг нотлох зорилгоор шүүхэд гаргасан баримтууд хамааралгүй байна. /1-р хх-121-179, 2-р хх-51-58103-118, 137-158, 163-177х/

 

Нэхэмжлэгч М.Дг Хөдөлмөрийн гэрээнд заасан “хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч М.Дг ажлаас нь чөлөөлсөн А.Х ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Б/1062 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Дг А.Х ХХК -ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн газарт нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ийн дагуу нэхэмжлэгч М.Дгийн сарын дундаж цалинг тодорхойлох /2020 оны 05 сард 1 789 773 төгрөг, 06 сард 1 800 000 төгрөг, 07 сард 2 562 105 төгрөг/-д М.Д нь нэг сард 2 050 626 төгрөг /1 789 773 + 1 800 000 + 2 562 105 = 6 151 878 : 3 = 2 050 626/-ийн цалинтай байсан болох нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын архивын мэдээлэл буюу шимтгэл төлсөн  лавлагаа /хх-10-11х/-гаар тогтоогдож байна.

Ажилгүй байсан хугацааг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 14 сар 24 хоногоор тооцоход 2 050 626 х 14 сар = 28 708 764 төгрөг,  2 050 626 төгрөг : 21.5 хоног = 95 377.9 төгрөг, 95 377.9 төгрөг х 24 хоног = 2 289 070 төгрөг, 28 708 764 + 2 289 070 = 30 997 834 төгрөгийн олговрыг олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсны дагуу дээрхи “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-аар цалинтай тэнцэх олговрыг тооцох хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн М.Дгийн үндсэн цалин /1 800 000 төгрөг/-гаас олговрыг тооцуулах, компанийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдад цалингүй чөлөө олгосон хугацааны олговрыг тооцуулахгүй гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаарх баримтууд хамааралгүй байна. /хх-109-114/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч А.Х ХХК -д даалгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Алтайнхүдэр” ХХК-ийн захиралын 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Б/1062 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Дг “Алтайнхүдэр” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, “Алтайнхүдэр” ХХК-аас 30 997 834 /гучин сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж М.Дд олгож, М.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Алтайнхүдэр ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Дгийн 2020 оны 08 дугаар сарын цалин, нэмэгдэл, ээлжийн амралтын олговорт нийт 2 076 619 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Алтайнхүдэр ХХК биелүүлснийг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Дгийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтайнхүдэр” ХХК-иас нийт 431 319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Дд 48 180 төгрөгийг олгож, улсын төсвийн орлогод 383 139 төгрөгийг оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА