Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02012

 

 

............- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01977 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ............- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ............- нарт холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч............-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...........-, хариуцагч нарын өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1062 дугаар шийдвэрээр мөн дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 70 тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг ...........-, Г.Мөнх-Оргил, Г.Мишээл нарын өмчлөлд шилжүүлсэн. ...................- нар дээрх газарт бус Дорнод аймагт амьдардаг байсан. Шүүхийн шийдвэр гаргасны дараа ирэхэд уг газарт 2 айл амьдарч байсан.............- намар энэ газрыг чинь чөлөөлөөд өгье гэж хэлсэн. Намар уулзахад хавар чөлөөлөөд өгье гэх мэтээр хойшлуулсан. Мөн үүнээс хойш түрээсийн төлбөр төлье гэсэн. Олон удаа шаардсан боловч газрыг чөлөөлж өгөөгүй. Иймд уг газрыг ................ нарын эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...........-ийн нөхөр болох С.Бат-Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. ХААН банк ХХК дахь С.Бат-Эрдэнийн дансанд............- 15 хоног болгон зээлийн хүүд 50,000 төгрөг шилжүүлж байсан. Эгч С.Оюунчимэг 600,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлье гэсэн боловч С.Бат-Эрдэнэ, ...........- нар алга болсон. Зээлийн гэрээний төлбөрийг төлөөд газрыг авъя гэсэн боловч тэд сураггүй алга болсон атлаа одоо газар чөлөөлүүлэхээр шаардаж байна. С.Бат-Эрдэнийн хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. ...........-, С.Бат-Эрдэнэ нар залилсан гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байгаа. Гэр бүл цуцлах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваасан шийдвэрийн талаар хариуцагч мэдээгүй. С.Оюунчимэг С.Бат-Эрдэнэд холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17291 дугаар захирамжаар хариуцагч С.Бат-Эрдэнэ хаягтаа байхгүй гэх үндэслэлийг нэхэмжлэлийг буцаасан. С.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаад эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа. Хууль ёсны бөгөөд шударга эзэмшигчид байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................ нарыг Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж, 70 тоот газраас албадан чөлөөлж,

3.2. Нэхэмжлэгч ...................- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................ нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...................- нарт олгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагч............-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр маргааны зүйл болсон газрыг худалдах, худалдан авах гэрээг С.Бат-Эрдэнэтэй байгуулсан. Гэрээг байгуулах зорилго нь зээл авах байсан бөгөөд барьцаанд тавихад С.Бат-Эрдэнэ шилжүүлчих гэсэн тул шилжүүлсэн.............- 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш сар бүр 50,000 төгрөг 4 удаа буюу нийт 250,000 төгрөг төлсөн. Бусад төлбөрийг бэлнээр өгч газрыг шилжүүлэн авна гэсэн боловч удахгүй шилжүүлж өгнө гээд өгөөгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01510 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилсан талаар баримтыг өгсөн боловч үнэлээгүй. Гэр бүл цуцлах маргааны улмаас С.Бат-Эрдэнэ газрыг ...........-ид шилжүүлснийг өмнө нь мэдээгүй. ...........- 2012 оноос хойш маргааны зүйл болсон газрыг чөлөөлөхийг шаардаж байгаагүй. Хариуцагч нар газрын төлбөр, цахилгаан болон бусад төлбөрийг төлж байсныг шүүх хуралдааны үед ...........- зөвшөөрсөн.

4.2. 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал С.Оюунчимэгийн эрх ашиг хөндөгдсөн тул гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна.

4.3.............- худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.  

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр уг газрыг ...................- нарын өмчлөлд шилжсэн. Шүүх хурал болсон өдөр............-тай очиж уулзсан. Уг газрыг төлбөрт авсан талаар хэлэхэд зээл авч зээлийнхээ төлбөрт алдсан гэж хэлсэн. Тухайн үед газрын маргаантай бол шүүхэд хандах талаар мэдэгдсэн. С.Оюунчимэг уг газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу С.Бат-Эрдэнэд шилжүүлсэн. Газрыг чөлөөлж өгөх талаар............-ад мэдэгдэж байсан. Түрээсийн төлбөр төлөөд газрыг эзэмшиж байя гэсэн боловч төлбөрийг төлөөгүй. ................ нартай эрх зүйн харилцаанд ороогүй гэжээ.

 ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар  

1.1. Нэхэмжлэгч Б.Мишээл, Г.Мөнх-Оргил, ...........- нар хариуцагч ............-ад холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж, 70 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.  

1.2. С.Оюунчимэг болон С.Бат-Эрдэнэ нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж маргааны зүйл болсон Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 32 дугаар гудамж, 70 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөх эрх худалдан авагч С.Бат-Эрдэнэд шилжсэн байна. (хх-ийн 19)

Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1062 дугаар шийдвэрээр С.Бат-Эрдэнэ нь дээрх газрын өмчлөх эрхийг ...........-, Б.Мишээл, Г.Мөнх-Оргил нарын өмчлөлд шилжүүлэхээр талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн, уг газрын өмчлөгчөөр ...................- нар бүртгэгдсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, бүртгэл хүчин төгөлдөр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. (хх-ийн 9, 10-12) 

1.3. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу С.Оюунчимэг, С.Бат-Эрдэнэ нарын газрыг өмчлөх эрх дуусгавар болж ...................- нарт өмчлөх эрх шилжсэн байна. Иймд хариуцагч нарын ... эгч С.Оюунчимэг зээлийн гэрээний үүрэгт газрыг барьцаалахдаа өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн... гэх тайлбарыг үндэслэн ............- нарыг уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй.

 Нэхэмжлэгч ...................- нар Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж, 70 тоот хаягт байршилтай 700 м.кв талбай бүхий газрыг хариуцагч ............- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул дээрх газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 2.    Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар

2.1. С.Бат-Эрдэнэ болон С.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал энэ хэргийн маргааны зүйл болоогүй энэ хэргийн оролцогч нэхэмжлэгч ...........-, хариуцагч ............- нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.  

2.2. Хариуцагч............- талуудын хооронд үүссэн маргаанд С.Оюунчимэгийн эрх ашиг хөндөгдөнө гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11631 дугаар захирамжаар хангахаас татгалзсаныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Учир нь нэхэмжлэгч ...........- нар хариуцагч ................ нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул С.Оюунчимэгийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй юм.  

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан. Хариуцагчийн гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл нь хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, худалдах, худалдан авах гэрээний оролцогч нь нэхэмжлэгч ...................-, хариуцагч ............- нар биш байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч............-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч............-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ