Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/02380

 

           

 

 

 

 

 

 

 

 

   2021        12         06                                          181/ШШ2021/02380         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б

Нэхэмжлэгч: А ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-д холбогдох,

Н газрын 2021.06.11-ний өдрийн 18280129/150-01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгуулах, 06-66 улсын дугаартай Ренж Ровер маркийн автомашин, 09-99 улсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн автомашин, 06-66 УНР улсын дугаартай ролс Роёс маркийн автомашинуудыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А ХХК, иргэн Х.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02491 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2364 дугаар магадлалын дагуу төлбөр төлөгч АГ ХХК-иас 404 666 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2 181 280 төгрөг гаргуулж төлбөр авагч Ш ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хийхдээ 2021.06.11-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хууль бусаар явуулсанд гомдолтой байна.

 Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь А ХХК болон Х.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл 122.5 дахь хэсэгт “...Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3. 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах. чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж, 122.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 44.3. 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж тус тус зааснаар гомдлоо шууд шүүхэд гаргаж байгаа болно.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ш ХХК төлбөр авагчтай АГ ХХК төлбөр төлөгчтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалын алинд ч “Алтай констракшин” ХХК, иргэн Х.Б нартай холбоотой нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй.

А ХХК нь 06-66  улсын дугаартай Ренж Ровер /Range rover/ маркийн автомашиныг өмчилдөг, иргэн Х.Б нь 09-99 улсын дугаартай "Тоёото Ланд Круйзер /Toyoto Land Cruiser/ 200 маркийн автомашин, 06-66 улсын дугаартай Ролс Роёс /Rolls Royce/ маркийн автомашиныг тус тус өмчилдөг. Эдгээр автомашинуудыг өмчлөгч нарт нь ямар нэгэн мэдэгдэл, тайлбаргүйгээр 2021.06.11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Т.Г нь компанийн ажлын байранд хүрэлцэн ирж дээрх автомашинуудыг битүүмжлэх тогтоолыг танилцуулж, өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Гын 2021.06.11-ний өдрийн 18280129/150-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан.

А ХХК болон Х.Б нар нь шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн байдлаар Ш ХХК-д төлөх өр төлбөргүй бөгөөд ямар нэгэн барьцаа, баталгаа гаргаагүй байтал АГ ХХК-ийн бус, А ХХК, Х.Б нарын өмчлөлийн, эзэмших эрхийн гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

А ХХК, Х.Б нар АГ ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж заасан. Тодруулбал, төлбөр төлөгч АГ ХХК нь хуулийн этгээд болохын хувьд иргэний эрх зүйн харилцаанд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх бөгөөд үйл ажиллагаанаасаа бий болсон хариуцлага, эрсдэлийг гагцхүү өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөрөө хариуцах тул хувьцаа эзэмшигч А ХХК, Х.Б нар компанийн үйл ажиллагаа, өр төлбөрт хувийн хариуцлага хүлээхгүй юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 18280129/ 150-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 09-99 улсын дугаартай Тоёото Ланд Круйзер /Toyota Land Cruiser/ 200 маркийн автомашин, 06-66 66 улсын дугаартай Ролс Ройс /Rolls Royce/ маркийн автомашин, 06-66 УББ улсын дугаартай Ренж Ровер /Range rover/ маркийн автомашин зэргийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК, Х.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2364 дүгээр магадлалаар АГ ХХК-аас 406 847 280 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгох, Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00139 дүгээр тогтоолоор АГ ХХК-аас 3 134 955 769 төгрөгийг гаргуулж Д ХХК-д олгох, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4849 дүгээр шийдвэрээр А ХХК-иас Д.Д нь төлбөр төлөх боломжгүй болж байрыг худалдан авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа компанид мэдэгдэж, байрыг албан ёсоор хүлээлгэж өгнө. Энэхүү хүлээлгэн өгснөөс хойш нэг сарын хугацаанд компани Д.Дд гэрээний 3-т зааснаар торгуулийг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. Хэрвээ энэ хугацаанд компани хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн бол уг төлбөрийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч АГ ХХК /РД:5411564/-ийн эзэмшилд бүртгэлтэй 3882УНУ улсын дугаартай FORD F-350, 0464УБС MITSUBISHI FUSO, 0950УНО BEIBEN ND3250, 2418УНЧ MITSUBISHI L-200, 5076УНВ SHAANXI SX3315, 4236УНЕ DONGFENG EQ1121, 0666УБМ TOYOTA Land Cruiser 100, 8642УНП UAZ 31519, 2488УНИ TOYOTA Land Cruiser 70, 3276УНВ SHAANXI SX3315, 3176УНВ SHAANXI SX3315, 2976УНВ SHAANXI SX3315, 1776УНВ SHAANXI SX3315, 7229УББ TOYOTA Pruis 20, 0405УБӨ TOYOTA Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч А ХХК /РД:2761165/-ийн эзэмшилд бүртгэлтэй 0109 УБО улсын дугаартай TOYOTA PRIUS, 0666 УБЛ улсын дугаартай NISSAN NAVARA, 0666 УББ улсын дугаартай LANDROVER RENGEROVER, 0566 УБЭ улсын дугаартай DAEWOO MAGNUS, 6213 УБХ улсын дугаартай TOYOTA CROWN, 8145 УБЗ улсын дугаартай ISUZU EXZ81, 0172 УНВ улсын дугаартай HYUNDAI 4.5TON, 6024 УНВ улсын дугаартай KIA BONGO, 3792 УНЦ улсын дугаартай BEIBEN ND4251, 4306 УНС улсын дугаартай HYUNDAI PORTER, 8401 ТЧ улсын дугаартай УРАЛАЗ 375, 6331 УБЯ улсын дугаартай KAMAZ 5410-740, 2378 УНУ улсын дугаартай HYUNDAI STAREX, 0869 УБХ улсын дугаартай ISUZU NPR, 7229 УБН улсын дугаартай KAMAZ 6511, 1756 УНР улсын дугаартай NISSAN NAVARA, 1496 УНЕ улсын дугаартай HYUNDAI STAREX, 0666 УНӨ улсын дугаартай MERCEDEDES BENZ SPRINTER, 4357 УНВ улсын дугаартай ZOOMLION ZLJ5300, 8009 УНН улсын дугаартай KIA FRONTIER, 8554 УБ улсын дугаартай XCMG ZL50G, 6230 АЧ улсын дугаартай HEX 9391ХХҮ, 9348 ТЧ улсын дугаартай ИАПЗ 7480 тус тус тээврийн хэрэгслүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч АГ ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч А ХХК-ийн эзэмшлийн 0666УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, төлбөр төлөгч АГ ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Х.Бийн эзэмшлийн 0999УНО, 0666УНР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний 18280129/150-01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус заасан байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б, Алтайконсракшн ХХК нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.11-ний өдрийн 18280129/150-01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгуулах, 06-66 УББ улсын дугаартай Ренж Ровер маркийн автомашин, 09-99 УНО улсын дугаартай Тоёото ланд круйзер 200 маркийн автомашин, 06-66 УНР улсын дугаартай Ролс Роёс маркийн автомашинуудыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь АГ ХХК-аас 406 847 280 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгох, АГ ХХК-аас 3 134 955 769 төгрөгийг гаргуулж Д ХХК-д олгох, А ХХК-иас төлбөр гаргуулж Д.Дд олгохтой холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг нэгтгээгүй, төлбөр барагдуулах ажиллагаа тус тусдаан явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь 2021.06.11-ний өдрийн 18280129/150-01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг АГ ХХК-аас 406 847 280 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарна гэж тайлбарлаж байгаа тул шүүх АГ ХХК-аас 3 134 955 769 төгрөгийг гаргуулж Д ХХК-д олгох, А ХХК-иас төлбөр гаргуулж Д.Дд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд хавтаст хэргийн 91-112, 138-139, 181-185 дугаарлалт бүхий баримтуудыг үнэлэхгүй орхив.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.11-ний өдрийн 18280129/150-01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор 2014 онд үйлдвэрлэгдсэн, Range rover /Ренж Ровер/ маркийн 06-66 УББ улсын дугаартай автомашин, 2017 онд үйлдвэрлэгдсэн, land cruiser 200 /Тоёото ланд круйзер 200/ маркийн 09-99 УНО улсын дугаартай автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн, Rolls Royce /Ролс Роёс/ маркийн 06-66 УНР улсын дугаартай автомашинуудыг битүүмжилжээ. /хх-131-134х/

 

А ХХК, Х.Б нар нь төлбөр төлөгч биш тул уг тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг хамгаалах ажиллагааг хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч АГ ХХК-ийн орон нутагт үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмшдэг эсэхийг шалгаагүй, АГ ХХК-иас Ш ХХК-д төлбөртөө өгөхөөр санал болгосон нэр бүхий 5 эд хөрөнгүүд /хх-179-180х/-ээр төлбөрийг барагдуулах боломжтой эсэхийг тодруулаагүй, Алтай групп ХХК-ийн санхүүгийн тайланг авч хөрөнгийн байдалд дүгнэлт хийгээгүй, АГ ХХК-ийн захирлаас компанийн хөрөнгийн талаар мэдээлэл аваагүй зэрэг төлбөр төлөгч компани төлбөрийг барагдуулах хөрөнгөтэй эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч АГ ХХК-ийг хөрөнгөгүй буюу нийт хөрөнгө нь төлбөр авагч Ш ХХК-ийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэдгийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан тул АГ ХХК-ийн хувьцаа эзэмшигч А ХХК, Х.Б нарын компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.11-ний өдрийн 18280129/150-01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-д эд хөрөнгийг ямар гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэх зорилгоор битүүмжилж байгааг тодорхойлоогүй, мөн Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл, лавлагаа дүн шинжилгээний хэлтэст 2021.,03,15-ны өдрийн 4-150/3695 тоот албан бичиг /хх-140-141х/-ээр А ХХК-ийн эзэмшилд, 2021.03.31-ны өдрийн 4-150/5871 тоот албан бичиг /хх-130, 142-143х/-ээр Х.Бийн эзэмшилд тус тус бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, машин механизмийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа зэргээс дүгнэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь А ХХК, Х.Б нарын тээврийн хэрэгслүүдийг хууль зүйн үндэслэлгүйгээр битүүмжлэх ажиллагаа хийсэн байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.11-ний өдрийн 18280129/150-01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, 2014 онд үйлдвэрлэгдсэн, Range rover /Ренж Ровер/ маркийн 06-66 УББ улсын дугаартай автомашин, 2017 онд үйлдвэрлэгдсэн, land cruiser 200 /Тоёото ланд круйзер 200/ маркийн 09-99 УНО улсын дугаартай автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн, Rolls Royce /Ролс Роёс/ маркийн 06-66 УНР улсын дугаартай автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18280129/150-01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, 2014 онд үйлдвэрлэгдсэн, Range rover /Ренж Ровер/ маркийн 06-66 УББ улсын дугаартай автомашин, 2017 онд үйлдвэрлэгдсэн, land cruiser 200 /Тоёото ланд круйзер 200/ маркийн 09-99 УНО улсын дугаартай автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн, Rolls Royce /Ролс Роёс/ маркийн 06-66 УНР улсын дугаартай автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Х.Б, А ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 280 800 /хоёр зуун наян мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж Х.Б, А ХХК нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА