Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/00331

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00331

 

 

Х.Б болон А к - ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/02380 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б болон А к - ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ш ш г г- холбогдох тус газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18280129/150-01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, 06-66 УББ улсын дугаартай Ренж ровер маркийн автомашин, 09-99 УНО улсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн автомашин, 06-66 УНР улсын дугаартай ролс Роёс маркийн автомашинуудыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02491 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2364 дугаар магадлалын дагуу төлбөр төлөгч А г- ХХК-аас 404,666,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,181,280 төгрөг гаргуулж төлбөр авагч Шим ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хууль бусаар явуулсанд гомдолтой байна. А к - ХХК нь 06-66 УББ улсын дугаартай Ренж Ровер /Range rover/ маркийн автомашиныг өмчилдөг, иргэн Х.Б нь 09-99 УНО улсын дугаартай "Тоёото Ланд Круйзер /Toyoto Land Cruiser/ 200 маркийн автомашин, 06-66 УНР улсын дугаартай Ролс Роёс /Rolls Royce/ маркийн автомашиныг тус тус өмчилдөг. Шийдвэр гүйцэтгэгч Т.Гарьд нь эдгээр автомашинуудыг өмчлөгч нарт нь ямар нэгэн мэдэгдэл, тайлбаргүйгээр битүүмжлэх тогтоолыг танилцуулж, өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. А к - ХХК болон Х.Б нар нь шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн байдлаар Шим ХХК-д төлөх өр төлбөргүй бөгөөд ямар нэгэн барьцаа, баталгаа гаргаагүй байтал А г- ХХК-ийн бус, А к - ХХК, Х.Б нарын өмчлөлийн, эзэмших эрхийн гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

А к - ХХК, Х.Б нар А г- ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Тодруулбал, төлбөр төлөгч А г- ХХК нь хуулийн этгээд болохын хувьд иргэний эрх зүйн харилцаанд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх бөгөөд үйл ажиллагаанаасаа бий болсон хариуцлага, эрсдэлийг гагцхүү өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөрөө хариуцах тул хувьцаа эзэмшигч А к - ХХК, Х.Б нар компанийн үйл ажиллагаа, өр төлбөрт хувийн хариуцлага хүлээхгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 18280129/ 150-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 09-99 УНО улсын дугаартай Тоёото Ланд Круйзер /Toyota Land Cruiser/ 200 маркийн автомашин, 06-66 УНР улсын дугаартай Ролс Ройс /Rolls Royce/ маркийн автомашин, 06-66 УББ улсын дугаартай Ренж Ровер /Range rover/ маркийн автомашин зэргийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2364 дүгээр магадлалаар А г- ХХК-аас 406,847,280 төгрөгийг гаргуулж Шим" ХХК-д олгох, Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00139 дүгээр тогтоолоор А г- ХХК-аас 3,134,955,769 төгрөгийг гаргуулж Дайко ХК-д олгох, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4849 дүгээр шийдвэрээр А к - ХХК-иас Д.Даариймаа нь төлбөр төлөх боломжгүй болж байрыг худалдан авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа компанид мэдэгдэж, байрыг албан ёсоор хүлээлгэж өгнө. Энэхүү хүлээлгэн өгснөөс хойш нэг сарын хугацаанд компани Д.Даариймаад гэрээний 3-т зааснаар торгуулийг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. Хэрвээ энэ хугацаанд компани хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн бол уг төлбөрийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч А г- ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч А к - ХХК-ийн эзэмшлийн 0666 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, төлбөр төлөгч А г- ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Х.Б-н эзэмшлийн 0999 УНО, 0666 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний 18280129/150-01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18280129/150-01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгож, 2014 онд үйлдвэрлэгдсэн, Range rover /Ренж Ровер/ маркийн 06-66 УББ улсын дугаартай автомашин, 2017 онд үйлдвэрлэгдсэн, land cruiser 200 /Тоёото ланд круйзер 200 /маркийн 09-99 УНО улсын дугаартай автомашин, 2011 онд үйлдвэрлэгдсэн, Rolls Royce /Ролс Роёс/ маркийн 06-66 УНР улсын дугаартай автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Х.Б, А к-ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 280 800 /хоёр зуун наян мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж Х.Б, А к- ХХК нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан байдаг тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа.

 

2. Зохигчдын хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

3. Нэхэмжлэгч Х.Б болон А к - ХХК нь хариуцагч Н ш ш г г- холбогдуулан тус газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18280129/150-01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, 06-66 УББ улсын дугаартай Ренж Ровер маркийн автомашин, 09-99 УНО улсын дугаартай Тоёото ланд круйзер 200 маркийн автомашин, 06-66 УНР улсын дугаартай Ролс Роёс маркийн автомашинуудыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02491 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2364 дугаар магадлалын дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт нэхэмжлэгч нарын эд хөрөнгөөс төлбөр барагдуулах талаар заагаагүй байхад ажиллагаа хийж, хөрөнгө битүүмжилсэн, хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаа, өр төлбөрт хувийн хариуцлага хүлээхгүй гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх1-4, 41-44, 224/

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 306 дугаар гүйцэтгэх хуудсыг /хх-92/ үндэслэн, А г- ХХК-аас 3,119,201,810 төгрөг гаргуулж Дайко ХХК-д олгохоор, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00014 дугаар гүйцэтгэх хуудсыг /хх 114/ үндэслэн А г- ХХК-аас 484,446,000 төгрөг гаргуулж, Шим ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг тус тус үүсгэсэн /хх128/ үйл баримт тогтоогдсон байна.

 

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18280129/150-01 тоот тогтоолоор 06-66 УББ улсын дугаартай Ренж Ровер маркийн автомашин, 09-99 УНО улсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн автомашин, 06-66 УНР улсын дугаартай Ролс Роёс маркийн автомашинуудыг тус тус битүүмжилсэн ажиллагаа хийсэн байна. /хх10-11, 49-50, 131-132/

 

5. Зохигчдын хооронд шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн буюу төлбөрийг хариуцах үүрэгтэй этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын мэтгэлцсэн байдал зэргээс үзэхэд А г- ХХК-ийн бусдын өмнө гүйцэтгэх үүргийг тус компанийн хувьцаа эзэмшигчид хүлээлгэж буй үндэслэл тодорхой бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дахь хэсэгт зааснаар дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь А г- ХХК болон Шим ХХК, Дайко ХХК байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А к - ХХК, Х.Б нарын хувьд А г- ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх боловч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тэдний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн, хариуцагч байгууллагаас энэ талаар ажиллагаа хийсэн эсэх нь тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын буюу төлбөр төлөгч А г- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан, эсхүл зааглагдаагүй эсэх нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүх тогтоох, нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/02380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН