Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/02607

 

 

 

 

 

 

 

 

 

2021        12         20                                             181/ШШ2021/02607         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С нь 2021-08-09-ний өдөр Т.Хэс орон сууц худалдаж авахаар болж түүний хүсэлтийн дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 40 000 000 төгрөгийг хариуцагч Б.Мын дансанд шилжүүлсэн байдаг.

Ингээд нэхэмжлэгч С.С болон Т.Х нар нь хоорондоо орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, С.С нь Т.Хэс хүлээн авсан орон сууцыг биет байдлаар нь буцааж өгсөн байдаг.

Мөн Т.Х нь уг орон сууцыг С.Сээс хүлээн авч, өөр хүмүүст худалдан борлуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа.

Харин Б.М нь С.Сээс байрны урьдчилгаа гэж 2021-08-09-ний өдөр шилжүүлсэн 40 000 000 төгрөгөөс 2021-08-24-ний өдөр 12 000 000 төгрөгийг С.Сийн дансанд Б.М нь өөрийн эзэмшлийн Голомт банкны 14 тоот данснаас буцаан шилжүүлсэн бол 25 000 000 төгрөгийг мөн өдөр Б.Б гэх хүний дансаар буцаан шилжүүлсэн.

Энэхүү Б.М нь С.Сээс шилжүүлсэн нийт 40 000 000 төгрөгийн төлбөрөөс 37 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба харин үлдэх 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөөгүй нь хариуцагч Б.М нь 3 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчээс олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ болон гэрээний бус үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч хэдийн хариуцагчийн дансанд 40 000 000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөр гэх утгатай шилжүүлсэн боловч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч уг мөнгийг Т.Х гэх хүний хүсэлтийн дагуу хариуцагчид шилжүүлсэн байна.

Иймд хариуцагч Б.Маас үндэслэлгүйгээр олж авсан 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Х нь БЗД-ийн Натур худалдааны төвийн голын замд байрлах, барилгын 1 давхарын 2 өрөө орон сууцыг заруулахаар үл хөдлөхийн чиглэлээр ажилладаг танил дүү Б-д хандсан юм. Зуучлагч Б зар тавьж тухайн байрыг хүмүүст үзүүлж байсан бөгөөд худалдаж авах олон санал байсан. Нэг өглөө “За ахаа нэг хүн машин оролцуулаад зөрүү мөнгийг нь бэлэн гаргаж өгөөд авъя гэж байна та хүрээд ирээч” гэсний дагуу очтол иргэн С.С “Байрыг чинь авъя, яг хэдэд өгөх вэ надад ийм машин байгаа юм гээд усан цэнхэр өнгийн Тоёота сай гэдэг машин оролцуулаад авъя” гэхэд нь би “89 сая гэж байгаа байр юмаа 88 саяд өгье. машин чинь хэд вэ? гэхэд, Иргэн С.С “Машинаа 28 саяд бодъё. Зөрүү 60 саяаар тохиръё. Би хүүхэддээ авч өгч байгаа юм. Манай хүүхэд 1 дэхь өдөр гэхэд Баян-Өлгийгөөс ирчихнэ. Хүүхдийнхээ нэр дээр авъя. Би урьдчилгаа болгоод машинаа өгөөд 40 сая төгрөг өгье. Хүүхдээ ирэхээр гэрчилгээг шилжүүлэхдээ 20,0 сая төгрөг болон машинаа шилжүүлье” гэсний дагуу тохиролцсон. Тоёота сай машиныг нь унаж үзэж би, зуучлагч Бий хамт Мичид зочид буудлаас С.Сын хувцас, барааг нь зөөлцөн байрандаа хүргэж өгөөд, С.С нь манай гэрээс ирж гэрчилгээгээ аваад би буцааж буулгахдаа замаараа иргэн С.Сээс 40 сая төгрөгийг Зүүн 4 зам дээр байрлах ХААН банкны салбарын КИОСК машинаас шилжүүлэхэд миний зээлийн дансны лимит хэтэрчихсэн байсан тул эхнэр Б.Мын дансаар авсан юм. С.Сийн хүүхэд нь ирэх болоогүй байсан тул яаж мөнгө авсан өгсөнөө баталгаажуулах вэ? гэж ярилцан нотариат дээр хүүгүй, барьцаагүй зээлийн гэрээ хийсэн юм. Тэгтэл хэд хоногийн дараа С.С “Би байрыг авахаа болилоо” гэж надруу залгаж буцаахаар тохиролцсон.

Ингээд С.С манай байранд 10 орчим хоног байрлаж амьдарсан ба зарын дагуу очсон хүмүүст зуучлагч Бий хамт үзүүлж байсан юм. Мөн байрыг худалдаж авах гэж байсан хүнийг болиулан надад хүндрэл учруулсаар байсан. Нэг өглөө С.С надруу залгаж “Яг яах вэ 2лаа ахад нь мөнгө хэрэгтэй байна өөр байр авахаар болсон, наад байраа хямдруулаад зарчих ах нь мөнгөнөөсөө хасуулаад авъя” гэж ярилцсаны үндсэн дээр би С.С-д “3а ахаа би таны надад шилжүүлсэн мөнгөнөөс зуучлагч Бд 2,0 сая төгрөг зуучлалын хөлсөнд өгсөн. Дээрээс нь та манай байранд 10 орчим хоног байрласан. Та буудалдаа байсан бол тухгүй газар мөнгө төлөөд л байж таарна. Бас та уг байрыг авах гэж байсан хүнийг болиулаад авсан. Одоо нөгөө хүндээ өгөх гэсэн чинь нөгөө хүн маань 85,0 сая төгрөгөөр авъя гэж байна. Би 3 сая төгрөг хямдруулаад өгчих үү? гэж асуухад С.С “Өг, өг ах нь тэр мөнгийг нь хасуулаад авъя, орой машинаа очиж авъя” гэж тохиролцсон. Ингээд уг байрыг зуучлагч Б 85 сая төгрөгөөр зарж борлуулаад би С.Сийн данс руу 37,0 сая төгрөг шилжүүлсэн. Нотлох баримт болгож зуучлагч Бтэй фэйсбүүк чатаар байрны мэдээлэл өгсөн зураг, С.Сээс шилжиж орж ирсэн 40,0 сая төгрөг болон зуучлагч Бд шилжүүлсэн 2,0 сая төгрөгийн дансны хуулгыг хавсаргасан.

Б.М бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдардаг. Энэ маргаанд Б.М огт хамааралгүй, би түүний дансаар дамжуулан 40,0 сая төгрөгийг С.Сээс авсан. Мөн түүний дансыг би өөрийн компаний бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг тул манай компанийн мөнгө орж гарч байдаг. Түүний дансны үлдэгдэл хэдхэн төгрөг байгаа. Б.М нь 3 000 000 төгрөгөөр хөрөнгөжөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.Мд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагчаас 2021.08.09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг “Зээлийн гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлан нэхэмжлэлийг өөрчилж, орон сууцны урьдчилгаа 40 000 000 төгрөгийг Б.Мын дансанд шилжүүлснээс 37 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул хариуцагч Б.М 3 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

С.С нь 2021.08.09-ний өдөр Т.Хэс орон сууц худалдан авахаар болж түүний хүсэлтээр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 40 000 000 төгрөгийг Б.Мын ХААН банкны 5037 тоот дансанд шилжүүлж /хх-3, 21х/, мөнгө шилжүүлсэн байдлаа баталгаажуулах зорилгоор 2021.08.09-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хх-2х/-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Талууд 2021.08.09-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хх-2х/-г “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

 

С.С нь 2021.08.09-ний өдөр Т.Хэс орон сууц худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр болох 40 000 000 төгрөгийг Т.Х-ийн хүсэлтээр Б.Мын ХААН банкны 5037 тоот дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Мын ХААН банкны 5037 тоот дансанд шилжүүлсэн 40 000 000 төгрөг нь С.С, Т.Х нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах тохиролцоо /гэрээ/-ний хариу төлбөр /үнэ/-ийн хэрэгсэл буюу орон сууцны үнийн урьдчилгаа /зарим/ төлбөр байсан болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн тайлбартаа хавсаргасан дансны хуулга /40 000 000 төгрөгийн гүйлгээний утгыг “байрны зөрүү урьдчилгаа” гэж шилжүүлсэн/ /хх-16х/, фэйсбүүкийн мессэнжерээр орон сууцны мэдээллийг өгсөн байдал /хх17-19х/ зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.С нь Т.Хд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хэлцэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг харилцааны талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч С.С нь хариуцагчаар Б.Мыг тодорхойлж, түүнд холбогдуулан гэрээний бус, хуульд заасны дагуу үүсэх үүргийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Бын “хариуцагч Б.М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд, Б.Мын дансанд мөнгө орсон” гэх үндэслэлээр Б.Мыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэж үзэх, уг гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин орон сууцыг худалдах, худалдан авах гэрээтэй холбоогүйгээр хариуцагч Б.Маас үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл байгаа эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

 

Хариуцагч Б.Мыг 3 000 000 төгрөгөөр хөрөнгөжсөн буюу “3 000 000 төгрөгийг олж авсан этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: дээрхи хуулийн “хэн нэгэн этгээдэд ба “уг зүйлийг олж авсан этгээд гэдгийг маргааны үйл баримтын хүрээнд тайлбарлавал, нэхэмжлэгч С.С нь Т.Хд орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгэхээр түүнд 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг 40 000 000 төгрөгийг Т.Х хүлээн авсан гэдэгтээ маргаагүй тул С.Сийг 40 000 000 төгрөгийг Т.Хд шилжүүлсэн, Т.Хийг 40 000 000 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, хөрөнгө шилжүүлсэн этгээд болох С.С нь мөнгийг дансаараа /бодитойгоор/ хүлээн авсан хариуцагч Б.Маас өөр этгээд болох Т.Х-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор мөнгийг шилжүүлсэн тул буцаан шаардах эрх нь мөнгийг хүлээн авсан этгээд болох Б.Мын эсрэг биш, харин анх хөрөнгө нийлүүлэхийг хүссэн этгээд болох Т.Х-ийн эсрэг үүснэ. Иймээс хариуцагч Б.Мыг хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

С.С нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа татгалзснаар дуусгавар болж, орон сууцыг буцааж өгсөн гэж тайлбарласан боловч  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х-ийн “С.С байраа хямдруулаад зарчих, ах нь мөнгөнөөсөө хасуулаад авъя гэж ярилцсан”, “би таны шилжүүлсэн мөнгөнөөс зуучлагч Бд 2.0 сая төгрөгийн зуучлалын хөлс төлсөн”, “та байранд 10 орчим хоног байрласан. Буудалдаа байсан бол мөнгө төлөөл байж таарна”, “нөгөө хүн 85,0 саяар авъя гэж байна би 3,0 сая төгрөг хямдруулаад өгчих үү гэж асуухад Сапарбек өг өг ах нь тэр мөнгийг хасуулаад авъя гэж тохиролцсон”, “...уг байраа бид 84 000 000 төгрөгөөр борлуулж, 4,0 сая төгрөгийн алдагдал хүлээн уг алдагдлын 1 сая төгрөгийн эрсдлийг бид хүлээн, иргэн С.С 3 сая төгрөгийн эрсдэл хүлээхээр тохирсоны үндсэн дээр борлуулсан” гэж орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг 3 000 000 төгрөгийг буцааж өгөхгүйгээр дуусгавар болгосон гэх тайлбар, баримт /хх-36-52х/-ыг нэхэмжлэгч С.С үгүйсгээгүй. Т.Х нь 2021-08-24-ний өдөр 12 000 000 төгрөгийг Б.Мын Голомт банкны 14 тоот данснаас, 25 000 000 төгрөгийг Б.Бийн ХААН банкны 50 тоот данснаас С.Сэд буцаан өгсөн байна. /хх-33-35х/

Үүнээс дүгнэхэд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болоход С.С 3 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч Б.Мыг 3 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Сийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 3 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С.Сийн хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА