Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02271

 

           

 

 

 

 

 

 

 

   2021        11         24                                          181/ШШ2021/02271         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХКын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК -д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт олгосон 55 418 211 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Б ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Г20259776 тоот “Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ” байгуулсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш худалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 2 дугаар давхрын шугамын хоолой задарсны улмаас ус алдаж тус төвд байрладаг Б ХХК дэлгүүрийн таазнаас их хэмжээний ус орж ирэн C брэндийн гутлын дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд усанд норж бид даатгалын гэрээний дагуу 55 418 211 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан Г20259776 тоот гэрээгээр хохирлын шалтгаан гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас үүссэн бол даатгагч олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэйг заасан.

Энэхүү эрхийн хүрээнд талууд 2021.01.19-ны өдөр №1 тоот “Шаардах эрх шилжүүлэх тухай хэлцэл” байгуулсан.  Даатгуулагч Б ХХК нь Ш ХХК-тай Түрээсийн гэрээтэй байсан бөгөөд түрээслүүлэгч тал болохын хувьд тухайн ус алдсан хохирлын асуудалд хариуцагчаар бид татаж байгаа болно. Учир нь тухайн ус алдсан өдөр усны хаалтыг шууд хаагаагүй, түрээслэгч талын хөрөнгийг хамгаалах үйлдлийг түрээслүүлэгч тал огт хийгээгүйгээс хохирлын хэмжээ ихэссэн талаар даатгуулагч бидэнд мэдээлсэн болно. Иймд Даатгалын тухай хуулийн 8.7 дах зохицуулалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтын дагуу хариуцагч талаас даатгалын нөхөн төлбөрт олгосон 55 418 211 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

                  Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ш худалдааны төвийн барилгын 2 дугаар давхрын 211В тоот талбайг Н ХХК нь засвар хийж тохижуулан түрээслэхээр болж 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар тус түрээсийн талбайд Н ХХК-ийн захирал Г ХХК, түүний ажилчид нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр засварын ажил хийх явцад барилгын автомат системийн ф32мм-ийн голчтой хөргөлтийн усны шугамын хаалтыг хагалж, гэмтсэний улмаас ус алдсан байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын улсын ахлах байцаагч Д.Сын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-07-101/55 дугаартай дүгнэлтээр тогтоогддог. Үүний улмаас Ш ХХК болон түрээслэгч БГБ ХХК, Б ХХК болон Г ХХК нарт тодорхой хэмжээний хохирол учирсан. Тухайлбал 1 дүгээр давхрын түрээслэгчид болох БГБ ХХК, Б ХХК-ийн түрээсийн талбай, техник хэрэгсэлд усанд норж гэмтсэний улмаас тэдгээрийг Ш ХХК засварлан 11 559 885 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Хэдийгээр уг зардлыг  Ш ХХК  нь төлөх үндэслэлгүй ч түрээслэгч нарынхаа бизнесс үйл ажиллагааг тасалдуулахгүй, мөн цаашдын хамтын ажиллагааг түшиглэн ийнхүү зардал гаргасан.

Ш ХХК-иас гаргасан уг зардлыг Н ХХК нь төлж барагдуулсан. Мөн Б ХХК-д 286 465 170 төгрөгийн учирсан гэх хохирлоо Н ХХК болон Ш ХХК нараас нэхэмжилсэн байдаг. Гэвч төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны дээрх дүгнэлтийг үндэслэн Н ХХК нь Б ХХК-д учирсан гэх хохирлыг барагдуулах болсон талаар Б ХХК болон Ш ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 21/91 тоот албан бичгээр мэгэдсэн. Үүний дагуу  Н ХХК-иас ус алдсаны хохиролд 180 000 000 төгрөгийг Б ХХК-д төлж барагдуулах, Б ХХК нь өөрийн усанд норж гэмтсэн гэх эд хөрөнгийг Н ХХК-д хүлээлгэн өгч ус алдсанаас үүссэн асуудлыг шийдвэрлэж, аливаа хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ талаар Ш ХХК, Б ХХК, Н ХХК-ийн эрх бүхий хүмүүс 2021 оны 03 дугаар сарын 27-ний өдөр протокол үйлдсэн төдийгүй тус протоколд Б ХХК нь цаашид ус алдсанаас үүссэн аливаа хохирлыг Ш ХХК-иас нэхэмжлэхгүй байх талаар дурдсан байдаг.

 Б ХХК нь өөрт учирсан хохирлоо Н ХХК-иас нөхөн төлүүлж, 180 000 000 төгрөг шилжүүлэн авсан ба Х ХХК-иас мөн 55 418 211 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн нь ойлгомжгүй. Даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл бий болсныг үгүйсгэхгүй юм.

Гэвч энэ нь даатгагч, даатгуулагч нарын гэрээний асуудал тул Б ХХК-ийн даатгалын зүйл гэмтэж хохирол учирсан явдалд хариуцагч гэм буруугийн шалтгаант холбоогүй юм.

Иймд Ш ХХК  нь худалдааны төвийн барилгад ус алдсан явдалд гэм буруугүй тул Х ХХК-д 55 418 211 төгрөгийг төлөх үүрэг үүсэхгүй юм гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 55 418 211 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш худалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 2 дугаар давхрын 211Б тоот өрөөн дэх хөргөлтийн усны шугамын хоолой задарсны улмаас ус алдаж тус төвд байрладаг Б ХХК-ийн дэлгүүрийн таазнаас их хэмжээний ус орж ирэн C брэндийн гутлын дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд усанд норж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021.03.04-ны өдрийн 01-07-101/55 дугаар дүгнэлт /хх-46-48х/, Монгол улсын зөвлөх инженер Ц.Д, Б.Б нарын дүгнэлт /хх-92-93х/, үзлэг хийсэн тэмдэглэл /185-192х/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү ус алдсаны улмаас нэхэмжлэгч Х ХХК нь Б ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Г20259776 тоот “Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ”-ний үүрэгт 49 876 390 төгрөгийг Б ХХК-д нөхөн төлж, гэм буруутай гуравдагч этгээдээс уг хохирлыг шаардах эрхийг шилжүүлэн авсан болох нь 2020.05.12-ны өдрийн “Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ” /хх-4-20х/, нөхөн төлбөр олгосон баримт /хх-21-22, 25, 118-129х/-ууд, “Шаардах эрх шилжүүлэх тухай хэлцэл” /хх-23-24х/ гэрч Ө.МГаын мэдүүлэг /хх-193-196х/ зэргээр нотлогдож байна.

Талууд дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин хариуцагч нь Ш худалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 2 дугаар давхрын 211Б тоот өрөөн дэх хөргөлтийн усны шугамын хоолой задарсны улмаас ус алдсан үйл баримтад гэм буруугүй тул хохирлыг нөхөн төлөх үүрэггүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж, 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч ХААН даатгал ХХК даатгуулагчид нөхөн төлбөрийг төлсөн нь нотлогдож байгаа тул гэм буруутай этгээдээс гэм хор арилгахыг шаардах эрхтэй.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш худалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Г ХХК-ийн ажилчид 211Б тоотын түрээсийн талбайд хөргөлт болон халаалтын шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа Ф32 мм голчтой Р=16кгс/см2 даралттай хөргөлтийн усны шугамын хаалтыг гэмтээсний улмаас ус алдсан болох нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021.03.04-ны өдрийн 01-07-101/55 дугаар дүгнэлт, Монгол улсын зөвлөх инженер Ц.Д, Б.Б нарын дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Ш ХХК-ийг даатгалын гэрээний дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар Н ХХК нь Ш ХХК-тай байгуулсан 2020.08.18-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу Ш худалдааны төвийн 2 дугаар давхрын 211Б тоот талбайг түрээслэдэг /хх-159-183х/ байх бөгөөд уг талбайд сантехникийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн угсралт засвар шинэчлэл инженерингийн ажлыг БУ17-1375/17 дугаар тусгай зөвшөөрөлтэй Г ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2020.10.12-ны өдөр гэрээ байгуулсан, Г ХХК ажлыг гүйцэтгэх явцдаа хөргөлтийн усны шугамын хаалтыг гэмтээсний улмаас ус алдсан, Н ХХК нь ус алдсаны улмаас Б ХХК-д учирсан хохирлыг барагдуулахаар Ш ХХК-ийг оролцуулан 2021.03.27-ны өдөр “Протокол” үйлдсэн байна. /хх-58-59, 76-78х/

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь даатгуулагч Б ХХК-ийг Ш ХХК-тай Түрээсийн гэрээ /хх-95-117х/-тэй байсан тул түрээслүүлэгч тал болохын хувьд тухайн ус алдсан хохирлыг хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас ус алдсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч Ш ХХК нь Б ХХК-д гэм хор учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Ш ХХК нь Б ХХК-д гэм хор учруулсан буруутай этгээд болох нь нотлогдохгүй, ус алдсны улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435 042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. /хх-26-27х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар Х ХХК-ийн Ш ХХК-д холбогуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт олгосон 55 418 211 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 042 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА