Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01534

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01534

 

 

ХД ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01030 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХД ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ШУБ ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ХД ХХК нь Б ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Г20259776 тоот бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ байгуулсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш худалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 2 дугаар давхрын шугамын хоолой задарсны улмаас ус алдаж тус төвд байрладаг Б ХХК дэлгүүрийн таазнаас их хэмжээний ус орж ирэн Cole Haan брэндийн гутлын дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд усанд норж бид даатгалын гэрээний дагуу 55,418,211 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан Г20259776 тоот гэрээгээр хохирлын шалтгаан гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас үүссэн бол даатгагч олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэйг заасан.

Зөвлөх инженер Ц.Д, Б.Б нарын дүгнэлтээр ШУБ ХХК нь гүйцэтгэгч компанид зааварчилгаа чиглэл өгөх, хяналт тавих, холбогдох ажилтны бэлэн байдлыг бүрэн хангаагүйгээс тухайн үед ажиллаж байсан жижүүрийн слесарь нь хүйтэн усны шугамын хаалт хаана байдгийг мэдэхгүй 30-40 минутын хугацаа алдсан нь 15 тонн усыг доош алдаж их хэмжээний хохирол учирсан. Хаалт нь 2 дугаар давхарт ус алдсан цэгээс 20 гаруйхан метрийн зайд ойрхон байсан тэр даруйд нь шугамаа хаагаад хохирол багатай гарах боломж байсан гэж, мөн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтэд Г ХХК-ийн ажилчид ус алдсанаас хойш ямар хугацааны дараа мэдэгдсэн нь тодорхойгүй, хөргөлтийн усны шугамын хаалтын сантехникийн ажилтан хэзээ хаасан нь мэдэгдэхгүй байдал нь ШУБ ХХК-ийн Аюулгүй байдлын албаны хяналтын операторын ажлын байрны зааврын 9 дэх заалтыг зөрчсөн гэж тус тус тусгагдсан тул гэм хорын хэмжээг тогтоохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал болон гэм хор учруулагчийн гэм бурууг харгалзан үзээд нөхөн төлбөрт олгосон мөнгөө нэхэмжилж байна.

Талууд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №1 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай хэлцэл байгуулсан. Даатгуулагч Б ХХК нь ШУБ ХХК-тай түрээсийн гэрээтэй байсан бөгөөд түрээслүүлэгч тал болохын хувьд тухайн ус алдсан хохирлын асуудалд хариуцагчаар бид татсан. Тухайн ус алдсан өдөр усны хаалтыг шууд хаагаагүй, түрээслэгч талын хөрөнгийг хамгаалах үйлдлийг түрээслүүлэгч тал огт хийгээгүйгээс хохирлын хэмжээ ихэссэн талаар даатгуулагч бидэнд мэдээлсэн.

Иймд Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтын дагуу хариуцагч талаас даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ХД ХХК-ийн нэхэмжлэлээр тодорхойлон шаардаж буй даатгалын нөхөн төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй.

ШУБ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ш худалдааны төвийн барилгын 2 дугаар давхрын 211В тоот талбайг /өрөөг/ НТ ХХК нь засвар хийж тохижуулан түрээслэхээр болж талууд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан.

Тус түрээсийн талбайд түрээслэгч НТ ХХК-ийн захиалгаар Г ХХК, түүний ажилчид нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр засварын ажил хийх явцад барилгын автомат системийн ф32мм-ийн голчтой хөргөлтийн усны шугамын хаалтыг хагалж, гэмтээсний улмаас ус алдсан. Энэхүү нөхцөл байдал нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын барилгын хяналтын улсын ахлах байцаагч Д.С-ын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-07-101/55 дугаартай дүгнэлтээр нотлогддог. Уг ус алдсан асуудлаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч үзлэг шалгалт хийсэн байдаг бөгөөд уг үзлэг шалгалтын дүгнэлтийн 3 дугаар заалтад Хөргөлтийн усны шугамын Ф32мм-ийн голчтой Р16кгс/см2 даралттай эвдэрсэн хаалтанд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд, хаалтны хэл болон шугам хоолой холбогддог резьбатай хүзүүвч хэсэгт язрал цуурал ан цав гэмтэл үүсэж, шамшийн хотойж хэв гажилтанд орж /хоорондоо салж/ эвдэрсэн байгаа нь гаднын нөлөөллөөр үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж, мөн 4 дүгээр заалтад ...ус алдсан тус шөнө Г ХХК-ийн ажилчид 211Б тоотын түрээсийн талбайд хөргөлт болон халаалтын шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа, Ф32мм-ийн голчтой Р16кгс/см2 даралттай хөргөлтийн усны шугамын хаалтыг гэмтээж ус алдах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн байх магадлалтай гэж үзэж байна гэж тус тус дүгнэсэн.

2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл болон түүний үндэслэлийн талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тус өдрийн 184/Ш32021/04569 дугаартай захирамжаар НТ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г ХХК-д холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэргийг үүсгэсэн.

ШУБ ХХК болон түрээслэгч Боса глобал Б ХХК, Б ХХК болон Г ХХК нарт тодорхой хэмжээний хохирол учирсан. Тухайлбал, 1 дүгээр давхрын түрээслэгч Б ХХК, Боса Глобал Б ХХК-ийн түрээсийн талбай, техник хэрэгсэл усанд норж гэмтсэний улмаас тэдгээрийг ШУБ ХХК нь засварлан 11,559,885 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Хэдийгээр уг зардлыг ШУБ ХХК нь төлөх үндэслэлгүй ч түрээслэгч нарынхаа бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, мөн цаашдын хамтын ажиллагааг түшиглэн ийнхүү зардал гаргасан. ШУБ ХХК-аас гарсан уг зардлыг НТ ХХК нь төлж барагдуулсан.

Мөн Б ХХК-д 286,465,170 төгрөгийн хохирол учирсан гэх ба уг хохирлоо НТ ХХК болон ШУБ ХХК-аас нэхэмжилсэн. Гэвч Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны дээрх дүгнэлтийг үндэслэн НТ ХХК нь Б ХХК-д учирсан гэх хохирлыг барагдуулах болсон талаар Б ХХК-д болон ШУБ ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 21/91 тоот албан бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу НТ ХХК-иас ус алдсаны хохиролд 180,000,000 төгрөгийг Б ХХК-д төлж барагдуулах, Б ХХК нь өөрийн усанд норж гэмтсэн гэх эд хөрөнгийг /гутал, цүнх, түрүүвч, тор нийт 610 ширхэг бүтээгдэхүүн/-ийг НТ ХХК-д хүлээлгэн өгч ус алдсанаас үүссэн асуудлыг шийдвэрлэж, аливаа хохирол төлбөр бүрэн барагдсан. Энэ талаар НТ ХХК, Б ХХК болон ШУБ ХХК нарын эрх бүхий хүмүүс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр протокол үйлдсэн төдийгүй тус протоколд Б ХХК нь цаашид ус алдсан асуудлаас үүссэн аливаа хохирлыг Ш Улаанбаатар Хотел ХХК-аас нэхэмжлэхгүй талаар заасан.

Б ХХК нь өөрт учирсан хохирлоо Натурал тесктайл гурпп ХХК-аас нөхөн төлүүлж, 180,000,000 төгрөг шилжүүлэн авсан ба Хаандаатгал ХХК-иас мөн 55,418,211 төгрөгийг Б ХХК-д нөхөн төлбөрт шилжүүлсэн нь ойлгомжгүй, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бий болсныг үгүйсгэхгүй. Энэ нь даатгагч, даатгуулагч нарын гэрээний асуудал бөгөөд харин Б ХХК-ийн даатгалын зүйл гэмтэж, хохирол учирсан явдалд ШУБ ХХК нь гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй. Уулзалт хийхэд танайх том байгууллага, түрээсийн гэрээний дагуу 180,000,000 төгрөгийг өгчихөд болохгүй юм байхгүй гэдэг байдлаар хандаж байсан. Ер нь аль ч бизнесийн байгууллага олон хүнийг ажиллуулж байгаа, олон зардал гаргадаг учраас ийм байдлаар буруутгах буруу тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ШУБ ХХК нь Ш худалдааны төвийн барилгад ус алдсанд гэм буруугүй бөгөөд ХД ХХК-д 55,418,211 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ШУБ ХХК-аас 27,709,105 төгрөг гаргуулан ХД ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,709,105 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,042 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, ШУБ ХХК-аас 296,496 төгрөг гаргуулж ХД ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Хэрэгт цугларсан энэ баримтаар Ш молл худалдааны төвд ус алдсан асуудалд хариуцагч ШУБ ХХК нь гэм буруугийн шалтгаант холбоогүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавраар барилгад ус алдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд хариуцагч ШУБ ХХК нь нэхэмжлэгч ХД ХХК /гэм хорын шаардах эрхээ шилжүүлэгч Б ХХК/-ийн эд хөрөнгөд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан буюу ус алдан нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

4.в. Анхан шатны шүүхээс инженер Ц.Д-, Б.Б- нарын дүгнэлтийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлтийн холбогдох хэсгийг баримтлан хариуцагчийг ус алдсан нөхцөлд шалтгаант холбоотой буюу гэм буруутай гэж үзсэн боловч эдгээр баримтуудыг хэрэгт авагдсан бусад баримттай /гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ харьцуулах замаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.

Тухайлбал, Ш молл худалдааны төвд ус алдсан тухайн цаг үеийн нөхцөл байдлыг харуулсан дуу, дүрсний бичлэгт шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээр барилгад ус алдах үед тухайн талбайд засварын ажлыг гүйцэтгэж байсан Г ХХК, түүний ажилчид нь хариуцагч ШУБ ХХК-ийн эрх бүхий хүмүүс буюу тухайн үед ажиллаж байсан ажилтнуудад ус алдсан даруйд мэдэгдээгүй үйл баримт, мөн Г ХХК-ийн ажилчид ус алдалтыг зогсоох арга хэмжээг өөрсдийн зүгээс авч буй байдал харагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн талбайн хонхор шаланд ус дүүрч гадагшаа хаалгаар гарч халих хүртэл Г ХХК-ийн ажилчид хариуцагчийн байгууллагын хүмүүст мэдэгдээгүй. Үүний улмаас барилгын талбайд алдсан усны хэмжээ ихсэх нөхцөлийг бүрдүүлсэн үйл баримт тогтоогддог. Нөгөөтээгүүр, дээр дурдсанаар Г ХХК-ийн засварын ажил хийж гүйцэтгэж байсан талбайн шал гадна хаалганаас буюу нийтийн эзэмшлийн талбайгаас дотогш 8 см орчим доош хонхор учир тухайн талбайд ус тогтох нөхцөл болсныг хэргийн үзлэгээр. бзхжүүлсэн гэрэл зураг, дуу, дүрсний бичлэг, талуудын тайлбараар нотлогддог.

Мөн дээрх хоёр инженер ямар баримт сэлтийг үндэслэн 30-40 минутын хугацаа алдсан болон 15 тонн орчим ус алдсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр дүгнэлт гаргахдаа ус алдах үеийн барилгын тухайн талбайг харуулсан камерын бичлэгийг нягтлан шалгасан эсэх, дүгнэлт гаргах үед ус алдсан талбайг цэвэрлэж, хуурай болгосон байхад алдсан усны хэмжээг 15 тонн орчим гэх эргэлзээ бүхий дүгнэлт гаргаж, энэ баримтаар хариуцагчийг буруутгах хангалттай үндэслэл болж чадах эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй.

Иймд, хариуцагч Ш Улаанбаатар хотел ХХК-ийг буруутгасан инженер Ц.Д-, Б.Б- нарын 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн дүгнэлт бүхий бичгийн баримтын холбогдох хэсэг үнэ зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй ба бусад баримтаар үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх зөв дүгнэж чадаагүй.

4.г. Ш молл худалдааны төвд ус алдсан болгоомжгүй үйлдлийг Г ХХК, түүний ажилчид гаргасан гэм буруугийн шалтгаант холбоотой талаар эрх бүхий албан тушаалтан Д.С-ын дүгнэлтээр нотлогдсон. Нэгэнтээ дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас барилгын автомат системийн ф32мм-ийг голчтой хөргөлтийн усны шугамын хаалт цуурч хагарсан буюу барилгад ашигласан материал эвдэрсэн. Үүний улмаас ус алдаж, улмаар алдсан ус тухайн барилгын зарим хэсэгт нэвтэрсэн нь тодорхой бөгөөд энэхүү нөхцөл байдал нь өөрөө зөрчил юм. Өөрөөр хэлбэл, барилгын аливаа эд зүйл гадны нөлөөгөөр гэмтэж, ашиглах боломжгүй болох нь зөрчил бөгөөд энэхүү зөрчлийг Г ХХК-ийн ажилтнууд гаргасан.

Иймд улсын байцаагчийн дүгнэлтийн Үзлэг шалгалтаар дараах зөрчил дутагдлууд хэсгээр хариуцагчийн буруутгах нь үндэслэлгүй буюу ус алдсан нөхцөл байдал, түүний үр дагавар нь зөрчил учир уг зөрчлийг хариуцагч гаргасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн ШУБ ХХК-аас 27,709,105 төгрөгийг гаргуулан ХД ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Их хэмжээний ус алдаж манай даатгуулагчид 285,000,000 төгрөгийн хохирол учирсан. Даатгалын гэрээний дагуу Б ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу буруутай этгээд тогтоогдсон тохиолдолд даатгуулагчаас шаардах эрхийг шилжүүлж авсны үндсэн дээр Б ХХК-тай шаардах эрхийн хэлцэл байгуулсан. Уг хэлцлийн дагуу хариуцагч байгууллагаас 55,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. ХД ХХК нь хариуцагч ШУБ ХХК-д холбогдуулан, Б ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээтэй байсан ба Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шангрила худалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 2 дугаар давхрын шугамын хоолой задарсны улмаас ус алдаж тус төвд байрладаг Б ХХК-ийн Cole Haan брэндийн гутлын дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд гэмтсэний улмаас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 55,418,211 төгрөгийг Б ХХК-д шилжүүлсэн, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр хохирлын шалтгаан, гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас үүссэн бол даатгагч олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэхээр тохиролцсон тул даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

1.а. Хариуцагч ШУБ ХХК-ийн худалдааны төвийн талбайг түрээслэгч НТ ХХК нь түрээсийн талбайд тохижилтын ажил хийлгэхээр 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө засварын ажил хийх явцдаа Г ХХК-ийн ажилчид нь барилгын автомат системийн ф32 мм-ийн голчтой хөргөлтийн усны шугамын хаалтыг эвдэлж гэмтээсний улмаас ус алдсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2. Хариуцагч ШУБ ХХК-ийн худалдааны төвийн талбайг түрээслэгч Натурайл текстайл групп ХХК нь тохижилтын ажил хийлгэхээр 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ажил үүрэг гүйцэтгэх явцдаа Г ХХК-ийн ажилчид нь барилгын автомат системийн ф32 мм-ийн голчтой хөргөлтийн усны шугамын хаалтыг эвдэлж гэмтээсний улмаас ус алдаж, тус төвийн түрээслэгч Б ХХК-д 286,465,170 төгрөгийн хохирол учирсан гэх ба, түрээслэгч НТ ХХК нь180,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр тохиролцсон байна.

/1хх58, 197-199/

 

2.а. Нэхэмжлэгч ХД ХХК нь Б компанитай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ-ний дагуу даатгуулагчийн хүсэлтээр нөхөн төлбөрт 49,876,390 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ботмакс компанид шилжүүлсэн байх ба 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Шаардах эрх шилжүүлэх хэлцэл-ийн дагуу нөхөн төлбөрт авсан мөнгийг, суутган авсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хамт 55,418,211 төгрөгийг ус алдсан үйлдлийн гэм буруутай этгээдээс шаардах эрхийг Б ХХК-аас нэхэмжлэгч ХД ХХК-д олгожээ. /1хх 4-25/

 

3. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн өмнө гэм хорыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан уг гэм хорын нөхөн төлбөр шаардах эрх дээрх байдлаар даатгагч буюу нэхэмжлэгчид шилжсэн байна.

 

3.а. Хариуцагч ШУБ ХХК-ийн худалдааны төвд 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө түрээслэгч НТ ХХК-ийн захиалгаар Г ХХК-ийн ажилчид нь 211Б тоотын түрээсийн талбайд хөргөлт болон халаалтын шугам сүлжээний угсралт, гагнуурын ажил гүйцэтгэх явцад барилгын автомат системийн ф32мм-ийн голчтой хөргөлтийн усны шугамын хаалтыг гэмтээсний улмаас ус алдах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн болох нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С-ын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-07-101/55 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

/1хх46-48/

 

3.б. Мөн хариуцагч худалдааны төвийн түрээслэгч НТ ХХК-ийн хүсэлтээр Монгол улсын зөвлөх инженер Ц.Д-, зөвлөх инженер Б.Б- нарын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан дүгнэлтийн 1 дэх заалтаар ус алдсан гэм буруутай этгээдийг Г ХХК-ийн ажилчид түрээсийн талбайд ажил үүрэг гүйцэтгэх явцдаа гаргасан гэдгийг мөн тогтоосон байна. /1хх92-93/

 

4. Дээрх байдлаар ус алдсан гэх үйл баримтад хариуцагч ШУБ ХХК-ийн гэм буруутай байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Г ХХК-ийн ажилтнуудын гэм буруугийн улмаас үүдсэн ус алдалтыг зогсоогоогүй, гэм хорын хохирлыг ихэсгэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

4.а. Ус алдалтыг зогсоох яаралтай арга хэмжээ авалгүй, хохирлын хэмжээг ихэсгэсэн гэх агуулга бүхий Монгол улсын зөвлөх инженер Ц.Д-, зөвлөх инженер Б.Б- нарын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан дүгнэлтийн 2-т бичигдсэн ШУБ ХХК нь гүйцэтгэгч компанид зааварчилгаа, чиглэл өгөх, хяналт тавих, холбогдох ажилтны бэлэн байдлыг бүрэн хангаагүйгээс Ш молл худалдаа үйлчилгээний төвийн тухайн шөнө ажиллаж байсан жижүүрийн слесарь нь хүйтэн усны шугамын хаах хаалт хаана байдгийг мэдэхгүй 30-40 минутын хугацаа алдсан нь их хэмжээний ус алдаж /15 тн орчим/ их хэмжээний хохирол учруулсан байна. Хаалт нь 2-р давхарт ус алдсан цэгээс 20 гаруйхан метрийн зайд ойрхон байсан, тэр даруйд нь шугамаа хаагаад хохирол багатай гарах боломж байсан байна гэж бичсэн байна. Дүгнэлтийн уг хэсэгт зааж буй жижүүрийн слесарь хаалтаа олохгүй хугацаа алдсан зэрэг байдлыг нотлох баримт байхгүй бөгөөд дараах баримтаар няцаагдаж байна.

 

4.б. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С-ын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-07-101/55 дугаартай дүгнэлтийн 6-д Компаниудын ирүүлсэн материалтай танилцаж үзэхэд тухайн шөнийн ээлжинд ажиллаж байсан ШУБ ХХК-ийн Аюулгүй байдлын алба, хяналтын оператор, сантехникийн ажилтан зэрэгт ус алдаж байгаа тухай хэдэн цагт, хэн мэдэгдсэн нь тодорхойгүй. Хөргөлтийн усны гэмтлийг мэдсэнээс хойш ямар хугацаанд хаасан зэрэг нь цаг, минут, секундээр нарийвчлан харагдахгүй/тогтоогдохгүй/ байна..., 7-д Ус алдалт газар дээр хийсэн үзлэг шалгалт болон холбогдох материал зураг төслөөс үзэхэд, худалдааны төвийн 2 давхрын хөргөлтийн усны шугамын ф150мм-ийн хаалтуудыг /ерөнхий шугам сүлжээнээс таслан/ хаасан ч, тус давхрын хөргөлтийн шугам сүлжээнд үлдсэн бүх ус гэмтэлтэй энэ хаалтны хэсгээр өөрийн урсгалаараа юүлэгдэн гоожиж дуусахаар байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч ХД ХХК нь даатгуулагч Б ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгосонтой холбогдуулан, гуравдагч этгээд буюу гэм хор үүсгэсэн гэм буруутай этгээдээс шаардах 55,418,211 төгрөгийг хариуцах үүрэг хариуцагч компанид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар үүсэхгүй юм.

 

5.а. Ус алдсан шалтгаан болсон гэмтэл гаргасан гэх үйлдэлд хариуцагч ШУБ ХХК-ийн зүгээс холбогдох хууль, дүрмийг зөрчсөн болох талаар эргэлзээгүй нотлох баримтгүй байна. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан барилга, байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн хүлээсэн үүргийн зөрчил гарсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ШУБ ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт олгосон 55,418,211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХД ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ