Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/02379

 

 

 

 

 

 

 

 

      2021          12         06

         181/ШШ2021/02379

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Хишигбат, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороонд оршин суух, Ж.Ц,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, “О О И” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Э.Ш нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороонд байрлах, “Х Ө Х” ГҮТББ-д холбогдох,

Гэм хорын хохиролд 37.120.000 төгрөг гаргуулах, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг таслахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ж.Ц холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 25.787.520 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, нэхэмжлэгч “О О И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, иргэдийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ц миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах оффис үйлчилгээний хөдлөх хөрөнгүүдийг 2018 оноос өмчилж ирсэн бөгөөд эдгээрээс 904 тоотыг өөрийн үүсгэн байгуулсан “О О И” ХХК-д дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн ашиглалтын төлбөрийг сар бүр төлүүлэх нөхцөлтэйгөөр ашиглуулж байсан. Гэтэл тухайн оффисын барилгын нийт оффисын 50-иас илүү хувийг эзэмшиж, өмчилдөг нэг эсхүл нэгдмэл сонирхол бүхий өмчлөгч нарын байгуулсан гэх “Х Ө Х” ТББ нь “О О И” ХХК-д хаяглаж, төлбөрийн нэхэмжлэх сар бүр явуулж, хууль болон гэрээнд үндэслэгдээгүй ашиглалтын зардал болон менежментийн төлбөр гэх төлбөрийг төлөхийг шаардаж ирсэн. Улмаар тус ТББ нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн миний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн цахилгаан, эрчим хүчний хангамж хэрэглээг дур мэдэн, хууль бусаар таслан, тог цахилгааныг хязгаарлаж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч бусад гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй"  мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан өмчлөгчийн эрхийг ноцтой зорчсон. Ж.Ц миний бие “Х Ө Х” ТББ-ын дээрх хууль бус ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан бөгөөд улмаар тус газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н хяналт шалгалт хийж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №0067111 дүгээр шийтгэлийн хуудсаар Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж, хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж, эрчим хүчийг хууль бусаар хязгаарласан зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу "Х Ө Х" ТББ-д торгох шийтгэл оногдуулсан. Дээрх шийдвэрийг “Х Ө Х” ТББ-аас шүүхэд гомдол гаргасан ба улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0455 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 488 дугаар магадлалаар тус тус Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн зөрчилд хариуцлага тооцсон шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй буюу үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар зөрчилд холбогдогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 548 дугаар захирамжаар гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй буюу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн гомдол гаргасныг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Ийнхүү зөрчлийн хэрэг, маргаан шүүхээр шийдвэрлэгдэх шатанд дээрх зөрчлийн үр дагавар арилаагүй буюу тог цахилгаангүй болсны улмаас надад болон “О О И” ХХК-д дараах хохирол учирсан.

1.Ж.Ц миний бие 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.Бд 20.000.000 төгрөгийг хүүтэйгээр зээлдүүлсэн байсан. Гэтэл дээрх зөрчлийн улмаас тог, цахилгаангүй болсон нөхцөл байдалтай холбоотойгоор миний өмчлөлийн 904 тоотыг ашиглан, үйл ажиллагаа явуулж байсан “О О И” ХХК үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотойгоор аргагүйн эрхэнд  Ж.Ц, Д.Б, “О О И” ХХК нар 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, Д.Б-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлалтай, 108 мкв талбайг "О О И” ХХК-д 1 мкв 15.000 төгрөгөөр буюу нэг сарын 1.620.000 төгрөгөөр тооцон зээлийн гэрээний төлбөрөөс хасч тооцохоор, 2020 оны 3 дугаар сарын 15-наас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан "О О И" ХХК-д эзэмшүүлэн ашиглуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний өмчлөлийн зориулалттай барилгын 904 тоот оффисын цахилгааныг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирж залгаж өгсөн тул Д.Бтай тооцоо нийлж, түүнтэй байгуулсан “Төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх гэрээ” -г цуцалсан. Тог тасалсны улмаас миний бие "О О И" ХХК-г суулгасан хугацаа болох 7 сар 20 хоногийн хугацааны түрээсийн төлбөрт тооцсоноор Д.Б зээлд авах ёстой байсан 12.420.000 төгрөгийг түүнээс шаардах эрхгүй болсон. Энэ нь “Х Ө Х” ТББ-ын надад учруулсан бодит хохирол юм. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хариуцагчаас зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохиролд 12.420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчид өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарлахгүй байхыг буюу миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн цахилгаан, эрчим хүчний хангамж хэрэглээг хууль бусаар таслахгүй байхыг даалгаж өгнө үү.

2.Манай “О О И" ХХК нь иргэн Ж.Цтэй 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө оффисын зориулалтаар эзэмшүүлэх гэрээ"-г 3 жилийн хугацаатай байгуулж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороонд байрлах 95.03 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшихээр, ингэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал болон 1004 тоот, 305 тоот үл хөдлөх хөрөнгүүдийн ашиглалтын зардлыг тус тус төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд тус гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгүүдийн ашиглалтын зардлыг тухай бүр төлж байсан. Уг гэрээний 5.6-д заасны дагуу манай компани эзэмшиж байсан 904 тоот үл хөдлөх хөрөнгийг “Э У” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон, үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх гэрээ” байгуулан нийт 95.03 м.кв бүхий талбайгаас 48 м.кв талбайг “Э У” ХХК болон "О О И" ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр буюу 26.700.000 төгрөгийг төлсөнд тооцож, үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцож 2 жилийн хугацаатай гэрээ байгуулан 48 мкв талбайг эзэмшүүлж байсан. Учир нь манай компани 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Э У” ХХК-тай 01/5 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын А, Б, В блокийн Б1-ээс 4 давхар хүртэлх узелийн цахилгаан автоматик угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр ажлын хөлс буюу гэрээний үнийг 24.700.000 төгрөг байхаар, гэрээний хугацааг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд байхаар тохиролцсон байсан юм. Дээр дурдсаны дагуу оффисоо эзэмшүүлж байтал 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн удаа дараа тог, цахилгаангүй улмаас тус компани төлбөрөө нэхэх болсон бөгөөд улмаар “Э У” ХХК-иас манай компанид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлт, мэдэгдэл ирүүлсэн. Уг хүсэлт, мэдэгдэлд “... оффисын 904 тоот өрөөний 48 м.кв талбайг гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тог, цахилгаангүй болж манай компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тог, цахилгааныг залгуулах, хэвийн ажиллагаанд оруулах арга хэмжээг яаралтай авч өгөхийг хүсье. Хэрвээ арга хэмжээ аваагүй тохиолдолд танай компанитай байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг мэдэгдье ..." гэсэн албан бичгийг ирүүлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Ц манай компанитай байгуулсан гэрээний үүргээ тасалдуулахгүйгээр өөр оффист шилжүүлсэн боловч манай компанийн “Э У” ХХК-тай байгуулсан дээрх гэрээ цуцлагдсан учраас оффис эзэмшсэн хугацааны 2 сарын төлбөрт 2.000.000 төгрөгийг хасч тооцон "Э У” ХХК нь манай компанид төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн тул манай компани “Э У” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 01/5 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлын хөлс болох 24.700.000 төгрөгийг төлсөн. Энэхүү гэрээ цуцлагдсан нөхцөл байдал нь “Х Ө Х” ТББ-ын тог, цахилгааныг дур мэдэн тасалсан, хууль бус үйлдэлтэй холбоотойгоор үүссэн бөгөөд гэрээ цуцлагдсантай холбоотой манай компанид 24.700.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу “Х Ө Х” ТББ-аас манай компанид учирсан хохирол болох 24.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:

Нэг.Хоймор оффис нийт 104 өмчлөгчийн 171 өрөө бүхий 9.988 мкв өмчлөлийн талбайтай олон өмчлөгч дундын оффисын барилга юм. Үүнээс 57 өмчлөгч Монгол улсын иргэн, хуулийн этгээд байдаг ба тэдний өмчилж байгаа талбайн нийт хэмжээ нь 6.015 мкв, Япон улсын иргэн хуулийн этгээд 47 өмчлөгч байдаг ба тэдний өмчилж байгаа нийт талбай 3.973 мкв байдаг. Дундын өмчлөлийн талбайн ашиглалт, хамгаалалт, арчилгааг хэрхэн шийдвэрлэх асуудлыг өмчлөгчид хэлэлцэн Иргэний хуулийн 108 дугаар зүйл, 487-490 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус үндэслэн “Х Ө Х” ГҮТББ-ийг үүсгэн байгуулсан юм. Учир нь манай улсад одоогоор олон өмчлөгчтэй оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөлийн талбайн тусгайлсан хуулийн зохицуулалт байхгүй байна. Зөвхөн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хувьд СӨХ-ийн тухай хуулиар зохицуулж байна. Нэхэмжлэгч иргэн Ж.Ц дээрх 57 монгол өмчлөгчийн нэг бөгөөд 305, 904, 1004 тоот гэсэн нийт 3 өрөө, 232.32 м.кв талбайг өмчилдөг боловч дундын өмчлөлийн талбайн ашиглалт үйлчилгээний гэрээг "Х Ө Х” ГҮТББ-тай 2019 оноос хойш байгуулаагүй, өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн талбайн ашиглалт үйлчилгээний зардлыг төлөөгүй байгаа юм. Холбоо нийт өмчлөгчдийн олонхийн шийдвэр, хүсэл сонирхлоор байгуулагдсан гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд нэхэмжлэгчийн дурдсанчлан нийт оффисын 50 хувиас илүү хувийг эзэмшиж өмчилдөг нэг эсхүл нэгдмэл сонирхол бүхий өмчлөгчдийн байгууллага гэдэг нь огт үндэслэлгүй юм. 2021 оны 5 дугаар сард холбооны Бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн гишүүнээр нэхэмжлэгч Ж.Ц өөрөө сонгогдон ажиллаж байгаа.

Тус төрийн бус байгууллага гишүүдийн дийлэнх олонх оролцож байгуулсан ТББ бөгөөд Ж.Ц тэдгээрийн нэг учраас дундын өмчлөлийн талбайн зардлыг төлөх ёстой. Гэтэл төлбөрөө төлөөгүйгээс тог цахилгааныг тасалсан үйлдэл хийсэн, энэ нь манай буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ ийнхүү цахилгаан тасалснаас хохирол учруулсан гэж үзэх боломжгүй, бодит хохирол гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч 904 тоот өрөөний тогийг тасалснаас болоод Д.Бы өмчлөлийн зоорийг түрээсэлсэн гэж байгаа нь бодит хохирол биш гэж үзэж байна. Учир нь Ж.Цийн өмчлөлийн 305 болон 1004 тоот өрөөний тогийг таслаагүй бөгөөд тус өрөөнд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байсан. Өмчлөгч Ж.Цийн хувьд өмчилж байгаа өрөөнийхөө ашиглалтын төлбөрийг төлдөг мөртлөө дундын өмчлөлийн талбайн ашиглалтын төлбөрийг төлөхөөс татгалзаж холбоотой үл ойлголцол үүсгэсээр ирсэн. Ж.Цээс бусад бүх өмчлөгчид дундын өмчлөлийн талбайн байгуулан хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Дундын өмчлөлийн талбайн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг бид холбооны төлбөр гэж нэрлэж Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн “Холбооны төлбөрийн журам”-ыг бүх өмчлөгчдийн хурлаар баталж мөрдөж ажиллаж байна. Холбооны төлбөрт барилгын харуул хамгаалалт, камерын хяналт, үүдний ресепшиний зардал, гадаа зогсоолын зохицуулалт, үйлчилгээний зардал, дотор цэвэрлэгээ, гадаа фасадны цэвэрлэгээ, лифтны засвар үйлчилгээ, инженер техникийн үйлчилгээ, хог хаягдал, ариутгал халдваргүйжүүлэлт, тоолуурын бүртгэл, тооцоо, нэхэмжлэл, төлбөр цуглуулах ажиллагааны зардал, холбооны удирдлагын өдөр тутмын зардал, барилгын даатгалын төлбөр, урт хугацаанд барилгын том хэмжээний засвар, үйлчилгээний холбоотой нөөц сангийн төлбөр, дундын өмчлөлийн талбайн цахилгаан, дулаан, усны төлбөрүүд ордог бөгөөд энэ зардлууд өмчлөгчийн өмчлөлийн талбай тутамд сард 3700 төгрөг байхаар тогтоосон байдаг. Гэтэл Ж.Ц өмчлөгч болсноосоо хойш дээрх төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Х Ө Х нь Ж.Ц оногдох төлбөрүүдийг түүний өмнөөс өнөөдрийг хүртэл төлж ирсний улмаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 25.787.520 төгрөгийг төлөөгүй байна.

Хоёр.Нэхэмжлэгч “О О И” ХХК-ийн гэм хорын хохиролд нэхэмжилж буй 24.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. “Х Ө Х” ГҮТББ нь “О О И" ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Хэрвээ “О О И” ХХК хохирол амссан бол иргэн Ж.Ц-ээс “Үл хөдлөх хөрөнгө оффисын зориулалтаар эзэмшүүлэх гэрээ”-нийхээ дагуу хохирлоо нэхэмжлэх нь зохистой. Мөн “Э У” ХХК болон “О О И” ХХК нарын хоорондох асуудал манайд хамааралгүйгээс гадна угаасаа тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсөө төлсөн явдалд тог тасалсан үйлдэл холбоогүй байна.

Гурав. Нэхэмжлэгч Ж.Ц Иргэний хууль, холбооны дүрэм, журмын дагуу үүссэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор үйл ажиллагааны зардал өссөн нь бидний буруугаас болоогүй, өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүссэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч нар учирсан бодит хохирлоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн ... хариуцах” гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д “өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй”  гэж заасан. Мөн хуулийн 488 дугаар зүйлийн 488.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцно” гэж, мөн хуулийн 488.2-т “Олонхийн шийдвэр буюу хэлцлээр өөрөөр тогтоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт болон удирдлагын талаар шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 488.4-т “Дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон бол уг журмыг эрх шилжүүлэн авсан этгээдүүд нэгэн адил мөрдөнө” гэж тус тус заасан. 

“Х Ө Х” төрийн бус байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар байгуулагдсан. Мөн өдрийн хурлаар батлагдсан дүрмийн Тавдугаар зүйлд зорилгыг “Гишүүдээ дэмжих, мэдээ мэдээллээр хангах, Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, Харуул хамгаалалтаар хангах, Нийтийн эзэмшлийн талбайн урсгал болон капитал засвар үйлчилгээ хийх” гэж заасан.  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар дүрмийг шинэчилж баталсан. Уг дүрмийн 5.1-д “Холбооны орлого дараахи эх үүсвэрээс бүрдэнэ гээд... Гишүүдийн өмчилж байгаа талбай тутмаас сар бүр тогтмол төлөх холбооны төлбөр ...” гэх мэт 5 төрлийн орлогыг тус тус зааж өгсөн. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 04 тоот тогтоолын 2-р хавсралтаар Холбооны төлбөрийн журам батлахдаа 2.1-д "Холбооны төлбөрийг барилгын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг хадгалж, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийн ажиллах орчин нөхцлийг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нөхөх, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлах, барилгын урсгал засварын хуримтлалыг бий болгох, ажиллах хүчнийг сургаж чадавхижуулах зэрэг зардлуудыг санхүүжүүлэхэд зарцуулна” гэж, 2.2-т "Хөрөнгийн менежментийн төлбөрийн хэмжээ нэгж мкв талбайд 3.700 ( Гурван мянга долоон зуун төгрөг) байна” гэж тус тус төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн.

Тус барилгад иргэн Ж.Ц 305, 904, 1004 тоот нийт гурван үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бөгөөд тэдгээр хөрөнгөний нийт талбайн хэмжээ 232,32 мкв бөгөөд мкв тутамд 3700 төгрөгийн төлбөр төлөх ёстойг тооцвол 232,32 мкв х 3700= 859.584 төгрөг сар тутамд төлөх ёстой. Гэтэл тэрээр 2019 оны 1 дүгээр сараас хойш 2021 оны 6 дугаар сар дуусталх нийт 30 сарын төлбөрийг төлөөгүй байгаа тул 25.787.520 төгрөгийг нэхэмжилж байна. Холбооны үйл ажиллагааны зардлыг төлөхгүй байгаа гишүүн цөөхөн. Энэ хугацаанд харуул хамгаалалт, лифт гээд бусад зардлыг холбоо өмнөөс нь төлсөөр ирсэн. Нэгэнт уг барилгад нэхэмжлэгч байгаа тул дундын ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. “И П” ХХК болон “Х Ө Х” ТББ нарын хоорондох маргаан энэ хэрэгт хамааралгүй бөгөөд гэрээний дагуу  өмчлөгчдөөс төлөх 3700 төгрөгийг хэрхэн хоорондоо хувааж авах асуудал болно. Иймд энэ хэрэгтэй хамааралгүй тул 25.787.520 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цээс гаргуулж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч Ж.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Төрийн бус байгууллагын тухай хууль болоод хариуцагч байгууллагын баталсан дүрмээр ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага байна гэж заасан. Мөн хуулиар Төрийн бус байгууллагад албадан гишүүнээр оруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл хариуцагч дүрэмдээ “мкв тутамд мөнгө авахаар, гишүүнчлэл заавал байхаар” тус тус зааж түүний дагуу төлбөр нэхэмжилж байгаа явдал анх үүсгэн байгуулагдсан үндсэн зорилгоо зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Мөн “И П” ХХК болон “Х Ө Х” ТББ хоёрын хоорондох маргаан шүүхэд хянагдаж байгаа. Эрчим хүч, ус цахилгааны мөнгийг “И П” ХХК-д төлж байсан. Хэрэв дундын өмчлөлийн зүйлийн зардлыг энэ хоёр байгууллагын хэн нь төлбөрийг авах ёстой талаарх асуудал шийдэгдсэн тохиолдолд манай зүгээс төлбөр төлөхөд татгалзахгүй. Төлбөр төлөөгүй байгаа гэдэгт маргахгүй. Иймд үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх эсэх эргэлзээтэй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн асуудал гэж бодож байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэл бүхий гэж дүгнэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “О О И” ХХК, Ж.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Э.Ш нараас “Х Ө Х” ТББ-д холбогдуулан гэм хорын хохиролд нэхэмжлэгч Ж.Ц 12.420.000 төгрөг, нэхэмжлэгч  “О О И” ХХК 24.700.000 төгрөг, нийт 37.120.000 төгрөг гаргуулах, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг таслахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.Ц-ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 25.787.520 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргав.

1.Гэм хорын хохиролд 37.120.000 төгрөг гаргуулах, өмчлөгчийн эрхийг хязгаарлаж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг таслахгүй байхыг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар хороолол ... гудамж, ... дугаартай барилгын 305 тоотод байрлах 42,38 мкв талбай, мөн барилгын 904 тоотод байрлах 95,03 мкв талбай, мөн барилгын 1004 тоотод байрлах 94,91 мкв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч Ж.Ц болох нь хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038152, Ү-2203038154, Ү-2203038153 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх 26-28/ Дээрх өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан ... гудамжны ... дугаартай барилга нь “Х” нэртэй барилга гэдэгт талууд маргаагүй болно.

            Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 488 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0455 дугаар шийдвэр зэргээс үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүч хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 0067111 дугаартай шийтгэлийн хуудсаар “Х Ө Х” ГҮТББ-ийг эрчим хүчний хэрэглээг хязгаарлах эрхгүй этгээд атлаа иргэн Ж.Цийн өмчлөлийн хөрөнгийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн, Эрчим хүчний тухай хууль зөрчсөн гэж үзэж улмаар Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсныг шүүхээс үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээжээ. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтад талууд маргаагүй болно. /хх 12-25/

            Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 904 тоотын тухайд эрчим хүчний хэрэглээг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс тасалж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар үргэлжилсэн, бусад хоёр хөрөнгийн тухайд 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд эрчим хүчийг таслаад, залгаад байсан гэж тайлбарлав. Харин хариуцагч 904 тоотын цахилгааныг 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хязгаарласан үйл баримтад маргаагүй хүлээн зөвшөөрч, бусад хөрөнгөд эрчим хүчний хэрэглээг хязгаарлаагүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт баримтаар цахилгаан эрчим хүчийг хариуцагч хэзээнээс эхэлж хэзээ хүртэлх хугацаагаар хязгаарласан талаарх дэмжих бичгийн баримт авагдаагүй тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2020 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх 9 сарын хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн 904 тоот хөрөнгийн эрчим хүчийг хариуцагч хууль зөрчиж тасалсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх”-өөр, түүнчлэн мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ж.Ц-ээс гуравдагч этгээдийн хөрөнгийг түрээслэсний хөлсөд өөрийн авах ёстой байсан зээлийн мөнгөн хөрөнгийг тооцон төлсөн үндэслэлээр олох ёстой байсан орлого 12.420.000 төгрөг, нэхэмжлэгч “О О И” ХХК-иас гуравдагч этгээдэд төлсөн 24.700.000 төгрөгийг хохиролд тооцон тус тус шаардаж байна. Хариуцагч гэм бурууд маргаагүй, харин хохирол бодит бус, мөн шалтгаант холбоогүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Цээс нэхэмжлэлээ нотлохоор Д.Бтай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн төлбөрт тооцон, үл хөдлөх хөрөнгө эзэмшүүлэх тухай гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг тооцоог дүгнэх тухай гэрээг, мөн “О О И” ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө оффисын зориулалтаар эзэмшүүлэх гэрээг тус тус ирүүлжээ. Дээрх гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл Д.Бы өмчлөлийн 108 мкв талбайг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн“О О И” ХХК хөлслөхөөр, хөлсийг нэг сард 1.620.000 төгрөгөөр тооцон Д.Бы Ж.Ц төлбөл зохих зээлийн гэрээний үүрэгт тооцон суутгахаар, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 12.420.000 төгрөгийг зээлээс хасч тооцсон талаар тус тус дурджээ. /хх 36-41/

Нэхэмжлэгч “О О И” ХХК-иас нэхэмжлэлээ нотлохоор Ж.Цтэй байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө оффисын зориулалтаар эзэмшүүлэх гэрээ, “Э У” ХХК-тай  байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон хөрөнгө эзэмшүүлэх тухай” гэрээ, “Э У” ХХК-иас ирүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, гэрээ цуцалж, хөрөнгө хүлээлгэн өгөх тухай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ, төлбөрийн нэхэмжлэх болоод төлбөр төлсөн талаарх баримтуудыг тус тус ирүүлжээ. /хх 29-30, 31-35, 42-47/

Нэхэмжлэгч “О О И” ХХК болон Ж.Ц нарын хоорондох 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр дээр дурдсан 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг “О О И” ХХК үнэ төлбөргүйгээр буюу тодорхой хөлсгүйгээр эзэмшиж ашиглах, харин холбогдох ашиглалтын зардлыг төлөхөөр 3 жилийн хугацаатай гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Ц тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 7-11, 29-30/

Харин “О О И” ХХК болон “Э У” ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон хөрөнгө эзэмшүүлэх тухай” гэрээнд дээрх 904 тоот өрөөний зарим хэсэг болох 48 мкв талбайг нэг сард 1.000.000 төгрөгөөр тооцон 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 27 сарын хугацаагаар “Э У” ХХК-д эзэмшүүлэхээр, харин эд хөрөнгө хөлсөлсний хөлсийг талуудын хоорондох Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “О О И” ХХК-ийн төлбөл зохих 26.700.000 төгрөгийн ажлын хөлсөд тооцохоор тус тус тохиролцсон байсан, улмаар энэ гэрээг “тог тасарснаас” хугацаанаас өмнө цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэгэнт 904 тоот өрөөний эрчим хүчийг 9 сарын турш хууль бусаар тасалсан үйл баримт тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгч Ж.Цийн шаардлагаас хэрэгт авагдсан “О О И” ХХК болон “Э У” ХХК нарын хооронд байгуулсан хөлслөх гэрээнд “нэг сард 1.000.000 төгрөг” байхаар тусгагдсан дүнгээр нэхэмжлэгчийн шаардсан тог цахилгаангүй байсан 7 сар 20 хоногоор тооцож түүний олох ёстой байсан орлогыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т нийцнэ гэж дүгнэв.

Харин “О О И” ХХК-ийн тухайд эрчим хүч хязгаарласны улмаас 904 тоот хөрөнгийн зарим хэсгийг бусдад хөлслөх замаар олох ёстой байсан орлогоо алдсан буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох орлогыг алдсан, энэ үйл баримт тогтоогдсон гэж үзэх боловч тэрээр энэ хохирлыг нэхэмжлээгүй харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн ажлын хөлсөө бүхэлд нь хохиролд тооцон шаардаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд нэхэмжлэгч “О О И” ХХК өөрөө уг гэрээний захиалагч тул гэрээний дагуу бусдад төлсөн ажлын хөлсөө хохиролд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн үйлдэл хооронд шалтгаант холбоогүй, учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй.

Дээрхийг нэгтгээд шүүх хариуцагчаас хохиролд 7.666.666 төгрөг /7 сар 20 хоног * нэг сард 1.000.000 төгрөг =  7 * 1.000.000 + 20* (1.000.000:30) / гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Түүнчлэн нэхэмжлэгч “О О И” ХХК-ийн нэхэмжилсэн 24.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэгэнт хариуцагчийн эрчим хүчийг хууль бусаар хязгаарласан үйлдэл тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгчийн эрхийг дахин хязгаарлаж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг таслахгүй байхыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

            2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн хариуцна” гэж, мөн хуулийн 488 дугаар зүйлийн 488.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцно” гэж, мөн хуулийн 488.2-т “Олонхийн шийдвэр буюу хэлцлээр өөрөөр тогтоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт болон удирдлагын талаар шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 488.4-т “Дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон бол уг журмыг эрх шилжүүлэн авсан этгээдүүд нэгэн адил мөрдөнө” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан “Х Ө Х” ГҮТББ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн үүсгэн байгуулагчдын шийдвэрээр тус байгууллагын дүрмийг баталж, улсын бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 29-нд энэ дурмийг бүртгэжээ. Мөн  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр дүрмийг шинэчлэн баталж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.  /хх

Уг дүрэмд холбооны зорилгыг ... оффист ажлын байр өмчлөгч гишүүдээ дэмжих, нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, урсгал болон капитал засвар үйлчилгээг хийх, харуул хамгаалалтаар хангах хэмээн тодорхойлж, улмаар холбооны төсвөө гишүүдийн төлбөрөөс бүрдэхээр заажээ.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрөө “Холбооны төлбөрийн журам”-ыг батлахдаа талбайн өмчлөгч нараас сар бүр тогтмол нэг мкв талбайд 3.700 төгрөгийг хөрөнгийн менежментийн зардалд тооцон авахаар тусгажээ.

            Нэхэмжлэгч Ж.Ц тухайн барилгын 305, 904, 1004 тоот нийт 232,32 мкв талбайн өмчлөгч болох нь тогтоогдсон тул тэрээр тухайн барилгын өмчлөгчдийн нэг тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар “дундаа хэсгээр өмчлөгч”-ид хамаарна. 

Нэхэмжлэгч хариуцагчийг төлбөр шаардах эрхгүй буюу уг төлбөрийг “И П менежмент” ХХК эсхүл “Х Ө Х” ГҮТББ алин шаардах нь тодорхойгүй,  түүнчлэн тус холбооны гишүүн биш, тус холбоо хууль бусаар байгуулагдсан гэж тус тус тайлбарлав. Харин ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг 2019 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй байгаа үйл баримтад нэхэмжлэгч маргахгүй байна.

“И П менежмент” ХХК болон “Х Ө Х” ГҮТББ нарын хооронд гэрээтэй, аль төлбөрийг хэн авах тодорхойгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаар хүсэлт гаргаагүй  тул нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан маргаангүй тайлбараар дээрх хоёр байгууллагын хооронд Хөрөнгийн менежментийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байх боловч хариуцагч уг гэрээ энэ хэрэгт хамааралгүй буюу өмчлөгчдөөс авах мкв тутмын төлбөр болох 3.700 төгрөгийг хэн хэдэн төгрөгөөр хувааж авах асуудлыг тухайн гэрээгээр зохицуулсан, энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. Түүнчлэн хэрэг баримтаар “И П менежмент” ХХК-д төлбөр төлсөн Хаан банкны дансны хуулгын хуулбарууд баримтаар авагдсан боловч энэ нь ус, дулаан, цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр төлсөн баримт гэж нэхэмжлэгч тал өөрөө тайлбарлав. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргуулахаар шаардаж буй дундын талбайн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой “менежментийн” зардалд хамаарахгүй, харин эрх бүхий хангагч байгууллагуудад төлсөн төлбөр гэж тайлбарлаж, маргаагүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлд хамтатган нэг дор шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч тус холбооны гишүүн биш тул төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарлах боловч дээр Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.4-т “хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт удирдлагын журмыг тогтоосон бол мөрдөнө” гэж заасан, хэрэгт баримтаар тус холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаас төлбөрийн хэмжээг баталсан баримт авагдсан тул холбооны гишүүн биш байх явдал тухайн барилгын бусад хэсгээр өмчлөгчдөөс баталж тогтоосон тарифаар төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн  холбоо хууль бусаар зохион байгуулагдсан гэж маргасан ч энэ тухай тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнээс  гадна Холбоог улсын бүртгэлд бүртгэсэн баримт хэрэгт авагдсан, уг бүртгэлийг хүчингүй болгосон баримт авагдаагүй тул энэ тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх 30 сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээ болох нэг м.кв тутамд 3.700 төгрөгөөр, нэхэмжлэгчийн өмчлөлийн талбай хэмжээнд тооцон гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй. 

Хэрэгт “Х Ө Х” ГҮТББ-ийн ээлжит бус хурлын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот тогтоолоор “Холбооны төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлахдаа төлбөрийн хэмжээг нэг мкв тутамд 2966 төгрөг байхаар өмнөхөөс тогтоосон хэмжээг бууруулсан баримт авагдсан. Гэвч энэ журамд хэзээнээс төлбөрийг энэ дүнгээр тооцож эхлэх талаар тусгагдаагүйгээс гадна хариуцагч 2021 оны 6 дугаар сар дуустал төлбөрийг мкв тутамд 3.700 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн, нэхэмжлэгч төлбөрийн хэмжээний талаар маргаагүй тул шүүх талуудын зарчмын хүрээнд сөрөг нэхэмжлэлээр шаардсан дүнгийн хэмжээгээр тооцсон болно.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Ж.Цээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 25.787.520 төгрөг  /42,38+95,03+94,91=232,32 мкв * 3.700 төгрөг * 30 сар/ гаргуулж, “Х Ө Х” ГҮТББ-д олгов.

 

Иргэдийн төлөөлөгчөөс зүгээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хангах үндэстэй гэж дүгнэлт гаргасан нь дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирч байна. Харин үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгч өөрсдөө буруутай, түүнчлэн нотлох баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх байдлаар зохигчийн гэм буруу, хохирлын хэр хэмжээг үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Ж.Цээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжид 283.870 /213.670+70.200/ төгрөг төлөхөөс 301.870 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн хэсгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов. Мөн зохигчдоос тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар “Х Ө Х” ГҮТББ-иас 7.666.666 /долоон сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.753.334 төгрөгийг болон нэхэмжлэгч “О О И” ХХК-ийн гэм хорын хохиролд 24.700.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Ж.Цийн хөрөнгөд өмчлөгчийн эрхийг хязгаарлаж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг таслахгүй байхыг хариуцагч “Х Ө Х” ГҮТББ-д даалгаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар Ж.Цээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 25.787.520 /хорин таван сая долоон зуун наян долоон мянга таван зуун хорин/ төгрөг гаргуулж, “Х Ө Х” ГҮТББ-д олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583.320 /301.870+281.450/ төгрөг, хариуцагчаас төлсөн 286.888 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 207.816 /137.616+70.200/ төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгч Ж.Цээс 286.888 гаргуулж хариуцагчид олгосугай.

           

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

                         

                                    ШҮҮГЧИД                                        С.ХИШИГБАТ

 

 

 Г.ЭНХЦЭЦЭГ