Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/02338

 

 

 

 

 

 

 

 

         2021        11         30

           181/ШШ2021/02338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороонд байрлах “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах  “НШШГГ” ТБАГУТҮГ-т холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, гэрч Н.Цо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ ШШ2020/01997 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 48.650.506 төгрөг гаргуулж, “ЭАСЭ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулж битүүмжилж, хураасан. Улмаар хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй тул НШШГГ-ын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/164 дүгээр тогтоолоор “ФЭ” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. “ФЭ” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 109.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үнэлгээний тайланг харахаар нилээд олон зүйл тодорхойгүй байдаг. Эдгээр зүйл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал Үнэлж байгаа хөрөнгийг ашиглалтад орсноос хойш тогтмол хөлслүүлж байгаа байтал үнэлгээнд орлогын хандлагын аргыг ашиглаагүй. Түүнчлэн шинжээч томилохдоо компани томилсон атлаа үнэлгээг Цо хийсэн, тэдгээрийн хооронд хамаарал тодорхойгүй. Үнэлгээнд ашигласан итгэлцүүр тодорхойгүй, сонгосон байдал  ойлгомжгүй байгаа тул үнэлгээ хуульд нийцээгүй гэж үзсэн болно. Манай зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар процессийн дагуу явуулсан гэдэгт маргаагүй болно.

“ФЭ” ХХК болон үнэлгээ хийсэн үнэлгээчин Н.Ц нарын хоорондох харилцан хамаарал тодорхой бус, түүнчлэн үнэлгээнд тохируулга хэрэглэсэн байдал, 7 хөрөнгө судлаад харьцуулах гурван хөрөнгийг сонгохдоо яагаад бага үнэтэйг сонгосон, түүнчлэн адилхан тохируулга хэрэглэсэн хэрнээ  өөр өөрөөр тайланд тусгагдсан, мөн нэгж талбайн үнийн тооцсон аргачлал зэрэг тодорхойгүй. Үнэлгээчин тайландаа хариуцлагын даатгалтай эсэхээ тусгаагүй зэргээс үзвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан үнэлгээ үндэслэл бүхий байх шаардлагад тус компанийн хийсэн үнэлгээ нийцээгүй.

Хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланг харахаар нэлээд олон зүйл тодорхойгүй байдаг. Тухайлбал үнэлж байгаа хөрөнгийг ашиглалтад орсноос хойш тогтмол хөлслүүлж байгаа. Гэтэл үнэлгээнд орлогын хандлагын аргыг ашиглаагүй, огт тусгаагүй. Түүнчлэн шинжээч томилохдоо компани томилсон атлаа үнэлгээг Н.Ц хийсэн, тэдгээрийн хоорондох харилцан хамаарал тодорхой бус, энэ тухай тайланд тусгаагүй. Үнэлгээнд ашигласан итгэлцүүр тодорхойгүй. Түүнчлэн үнэлгээ хийхдээ тохируулга хэрэглэсэн байдал, 7 хөрөнгө судлаад харьцуулах гурван хөрөнгийг сонгохдоо яагаад хамгийн бага үнэтэйг сонгосон, адилхан тохируулга хэрэглэсэн хэрнээ өөр өөрөөр тайланд тусгагдсан, мөн нэгж талбайн үнийг тооцсон аргачлал тодорхойгүй. Үнэлгээчин тайландаа хариуцлагын даатгалтай эсэхээ тусгаагүй зэргээс үзвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан үнэлгээ үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Иймд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 30 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 109.000.000 төгрөгөөр үнэлсэн “ФЭ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01997 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-аас 48.650.506 төгрөг гаргуулж “ЭАСЭ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 318 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21280083/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21280083/03 тоот тогтоолоор хуруусан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцож, үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч “Ж” ХХК 169.170.000 төгрөг, өмчлөгч нь 200.000.000 төгрөг, 48.000.000 төгрөгөөр тус тус үнийн санал ирүүлсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авсан ч харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Тус газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/164 тоот тогтоолоор “ФЭ” ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэхэд 109.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн үнэлгээг мэдэгдсэн, тайланг хуулбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд гурван аргачлалаас хоёр аргыг хэрэглэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК НШШГГт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01997 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2187 дугаар магадлалаар “Ж” ХХК-иас 48.181.449 төгрөг гаргуулж, “ЭАСЭ ББСБ” ХХК-д олгох, сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 30 мкв талбай бүхий орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 63-69/

Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  181/ГХ2021/00004 тоот гүйцэтгэх хуудас олгогдсноор тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг өгч, улмаар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2120083/02 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Г.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй маргааны зүйл болсон дээрх хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21280083/03 тоот тогтоолоор хураажээ. /хх 62, 70-76/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авахаар 2021 оны 8 дугаар сарын 02-нд  мэдэгдлийг хүргүүлсэн, төлбөр төлөгчөөс хөрөнгийг 169.170.000 төгрөгөөр, төлбөр авагчаас 48.000.000 төгрөгөөр, өмчлөгчөөс 200.000.000 төгрөгөөр тус тус үнийн саналаа ирүүлсэн байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/164 дүгээр тогтоолоор “ФЭ” ХХК-г шинжээчээр томилжээ. /хх 77-83/

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байхаас гадна нэхэмжлэгч дээрх ажиллагаанд гомдол гаргаагүй.

Шинжээч хөрөнгийг 109.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4-152/15546, 4-152/15547, 4-152/15550 дугаар мэдэгдлээр тус тус хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлджээ. /хх 42-61, 86-92/

Нэхэмжлэгч уг тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хэд хэдэн аргаар үнэлж улмаар үнэлгээг тогтоох байтад зөвхөн нэг аргийг ашигласан нь хуульд нийцээгүй гэж тайлбарлав. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тухайн үнэлгээг хийсэн үнэлгээчин Н.Ц  гэрчээр мэдүүлэхдээ “тайлангийн 1.9.1-д аль аргыг илүү хэрэглэж байгаагаа тайлбарласан, заавал хэд хэдэн аргаар дүнг бичих шаардлага стандартаар тавигдаагүй, түүнчлэн үнэлгээг хийхдээ аль аргад илүү ач холбогдол өгч үнэлэх нь үнэлгээний эрх” гэж тайлбарлав.

 Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангийн 1.9.1-д “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргуудаас үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдлаас хамааруулан үнэлгээний өөрийн мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурлан сонголт хийн ашигласан” гэж дурджээ.

Үнэлгээний тайланд аль аргыг илүү ач холбогдол өгч үнэлгээний эцсийн дүнг гаргах нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар тухайн үнэлгээг хийж буй үнэлгээчний бүрэн эрхэд хамаарах хэдий ч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулах”-аар заасан, үнэлгээчин өртгийн аргаар хэд болох, орлогын аргаар хэд болох талаар тайландаа тусгалгүйгээр шууд жишиг үнийн буюу зах зээлийн аргыг ашигласан, бусад аргаар хэрхэх хэд болох талаар бичгийн тайланд тусгагдаагүй байх тул дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Түүнчлэн гэрч мэдүүлэхдээ “бодитоор би хариуцлагын даатгалтай, энэ тухай тайланд тусгаагүй явдал үнэлгээнд хамааралгүй” гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдсан бичгийн тайланд энэ талаар тусгаагүй тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.3.1-д заасан үнэлгээний тайланд хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг заавал тусгах мэдээллийн зүйлд хамаатуулж зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр шүүх уг үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан үнэлгээ “үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин үнэлгээ хийсэн компани болон үнэлгээчин хоёрын хамаарал тодорхойгүй, тайланд харьцуулсан тохируулга хэрхэн хийсэн нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002333 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байр 318 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 109.000.000 төгрөгөөр үнэлсэн “ФЭ” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.”Хүсэлт шийдвэрлэх тухай” тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2021/11605 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ