Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00460

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ний өдрийн 181/ШШ2021/02338 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 01997 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 0000 дугаар тогтоолоор Ф Э ХХК-ийг шинжээчээр томилж, уг үнэлгээний компани ... орон сууцыг 109,000,000 төгрөгөөр үнэлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Үнэлж байгаа хөрөнгийг ашиглалтад орсноос хойш тогтмол хөлслүүлж байхад үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүй.

2. Үнэлгээчин болон шинжээч томилох тогтоолоор томилогдсон шинжээч нарын хоорондын харилцан хамаарал тодорхойгүй.

3. Үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй.

Иймд Ф Э ХХК-ийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-аар ирүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай ... орон сууцыг 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 0 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 0 тоот тогтоолоор хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч Ж ХХК 196,170,000 төгрөгөөр, өмчлөгч нь 200,000,000 төгрөгөөр, төлбөр авагч 48,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа тухай үнийн саналаа ирүүлсэн.

2021 оны 08 сарын 18-ны өдрийн 8/164 тоот тогтоолоор Ф Э ХХК-ийн шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 109,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх үнэлгээг талуудад мэдэгдсэн, тайланг хуулбарлан өгсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Иймд Ж ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй дугаартай ... орон сууцыг 109,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф Э ХХК-ийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Давж заалдах журмаар гаргасан хариуцагч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01997 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход 109,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээг талуудад мэдэгдэж, тайланг хуулбарлан өгсөн.

б. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... үнэлгээчин өртгийн аргаар хэд болох талаар тайландаа тусгалгүйгээр шууд жишиг үнийн буюу зах зээлийн аргыг ашигласан, бусад аргаар хэрхэн, хэд болох талаар бичгийн тайланд тусгагдаагүй, түүнчлэн үнэлгээний тайланд хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгаагүй, хуулийн заалтыг баримтлаагүй... гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн 10 дугаар хуудаст үнэлгээний хандлага ба аргыг сонгосон үндэслэлээ тодорхой заасан, мөн тайлангийн 3 дугаар хуудаст Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.3.1-д заасан мэдээлэл нь үнэлгээний тайланд бүрэн тусгагдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

3.   Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч НШШГГ холбогдуулан, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 109,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф Э ХХК-ийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...орон сууцыг тогтмол хөлслүүлж байгаа байтал орлогын хандлагын аргыг ашиглаагүй, үнэлгээчин болон шинжээч томилох тогтоолоор томилогдсон шинжээч нарын хоорондын харилцан хамаарал тодорхойгүй, үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй, орон сууцны зах зээлийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээ их зөрүүтэй... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2/

 

4.   Дээрх шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 41/

 

5.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01997 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 2187 дугаар магадлалаар хариуцагч Ж ХХК-аас 48,181,449.87 төгрөг болон 469,057 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  С Э Ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хх 63-66, 67-69/

 

6.   Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг 2021 оны 06 сарын 18-ны өдөр битүүмжилж /хх 72-73/, 2021 оны 07 сарын 30-ны өдөр хураан авсан нь /хх 74, 76/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.

 

7.   Улмаар барьцаа хөрөнгө болох орон сууцыг өмчлөгч Г.Ц 200,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ж ХХК орон сууцыг 169,170,000 төгрөгөөр тус тус үнэлснийг /хх 82, 80/ төлбөр авагч Э А С Э Ф ББСБ ХХК эс зөвшөөрсөн /хх 81/ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ф Э ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 83/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

Ф Э ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 61/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээний зорилго, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, үнэлгээний хандлага болон аргыг сонгосон үндэслэл, үнэлж буй хөрөнгийг төлөв байдал (байршил, зориулалт, хэмжээ, ашиглалтад орсон он, төвийн системд холбогдсон эсэх, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн тооцож гаргасан тухай тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх 42-61/

Иймд ...үнэлгээнд ашиглаж байгаа итгэлцүүрийг сонгосон үндэслэл тодорхойгүй... гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

8.   Орон сууцны зах зээлийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээ их зөрүүтэй... гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

9.   Орон сууцыг бусдад түрээслүүлэх зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргаагүй учир шинжээч орлогын хандлагын аргыг ашиглаагүйг буруутгах боломжгүй, мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ф Э ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээчин Н.Ц д хууль тайлбарласан, үүний дагуу Ф Э ХХК-ийн тамга, захирлын гарын үсэг, үнэлгээчин Г.Ц-ийн тамга, гарын үсгээр баталгаажсан Үнэлгээний тайлан-г ирүүлсэн байх тул үнэлгээчин болон шинжээч томилох тогтоолоор томилогдсон шинжээч нарын хоорондын харилцан хамаарал тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

10.   Анхан шатны шүүхээс шинжээч өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглээгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасны дагуу үнэлгээнд хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгаагүй гэсэн үндэслэл зааж Ф Э ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь:

а. Үнэлгээний олон улсын стандарт 105 /Үнэлгээний арга, аргачлал/-ын 10.4-т үнэлгээчин нь нэг аргыг үнэн зөв, найдвартай гэдэгт итгэлтэй байгаа бол тухайн хөрөнгийг үнэлэхдээ нэгээс олон аргыг ашиглах шаардлагагүй гэж заасан байхаас гадна өмнө дурдсанчлан үнэлгээчин нь зах зээлийн хандлагын аргыг сонгосон үндэслэлээ Үнэлгээний тайлан-даа тодорхой дурдаж, уг аргыг ашиглахдаа жишиг хөрөнгө ба үнэлж буй хөрөнгийн хоорондын тоо хэмжээний ба чанарын ижил төстэй болон ялгаатай байдлын зохих зэрэгцүүлсэн шинжилгээг хийнэ гэж тусгасан байна.

б. Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл үнэлгээний тайланд тусгагдаагүй гэх агуулгаар үндэслэлээ тайлбарлаагүй тул хариуцагч энэ талаар хариу тайлбартаа тусгаагүй байна. /хх 1-2, 41/ Түүнчлэн, үнэлгээчин даатгалын талаарх мэдээллийг үнэлгээний тайланд тусгасан эсэх асуудал нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоох үйл явцтай шууд хамааралгүй буюу шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

 

11.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ний өдрийн 181/ШШ2021/02338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ холбогдох, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 109,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф Э ХХК-ийн 2021 оны 08 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.НЯМБАЗАР