Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/02158

 

 

 

 

 

 

 

      2021          11          12

                               181/ШШ2021/02158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр  хороонд байрлах, “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороонд бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд оршин суух, Э.З,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороонд бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд оршин суух, Э.Б  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11.274.740 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Э.З, Э.Б нар банктай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №ПОБЗГ0201/191205 тоот “Посын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулж, 10.000.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар байгуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №ПОБЗГ0201/200416 тоот “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр гэрээний хугацааг 24 сар болгож эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэвч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно. Зээлдэгч нар 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9.444.444 төгрөг, үндсэн хүү 1.773.976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50.319 төгрөг, шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гаргасан зардал  6.000 төгрөг, нийт 11.274.740 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ хугацаанд үндсэн зээлээс 555.555 төгрөг, хүү 1.904.049 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119.484 төгрөг тус тус төлсөн. Хариуцагч нарын зүгээс цар тахалтай холбоотой гэрээ сунгах хүсэлт өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Мөн энэ зээл хэрэглээний бус бизнесийн зээлд хамаарна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч Э.Б, Э.Ба нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 11.274.740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б, Э.Ба нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Б 2019 оны 12 дугаар сард пос машин барьцаалсан зээлийг банкнаас авсан. Хэвийн төлөлтөө хийгээд явж байтал дэлхий нийтээр үүсээд буй цар тахлын улмаас улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа бүрэн зогссоны улмаас орлогын эх үүсвэргүй болж зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн. Одоогийн ХХБ-аас нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй маргахгүй бөгөөд зээл төлөлтийн хугацаа сунгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Э.Бгоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх караоке ажиллуулдаг байхдаа дээрх зээлийг авсан байсан. Зээл хойшлуулах хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сард хариуцсан зээлийн эдийн засагчид бичгээр өгсөн. Хэд хоногийн дараа банкнаас залгаад танай зээл төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн зээлийн хорооны хурлын шийдвэр гарсан тул хүүгээ төлөөд явж байгаарай гэж хэлсэн. Зээл авсанд болон төлсөн дүнд маргахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК Э.Ба, Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.274.740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэг талаас “УХБ” ХХК, нөгөө талаас Э.Ба, Э.Б нар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 10.000.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай Пос-ын орлогыг барьцаалахаар тохиролцож ПОБЗГ0201/191205 дугаар “Пос-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулжээ. Улмаар талууд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцож, гэрээний хугацааг 18 сар байсныг 24 сар буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл болгож, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.  /хх 12-15/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

2637545 тоот регистрийн дугаартай “УХБ” ХХК-г “ХХБ” ХХК-д нэгтгэснийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэл бүртгэсэн болох нь нэхэмжлэгчийн 9016001006 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 5-6/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл банк мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулсан өдрөө буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн, энэ хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 555.555 төгрөг, хүү 1.904.049 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119.484 төгрөг, нийт 2.579.088 төгрөг төлсөн, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд  гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүг тохиролцсон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.  /хх 9/

Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, төлсөн дүнд маргаагүй бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг хариуцагч Э.Б шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагч Э.Ба шүүхэд ирүүлсэн тайлбараа “гэрээг үргэлжлүүлэх” тухай дурдсан буюу гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрөөгүй гэж үзнэ. Харин хариуцагч нар зээл, хүүгийн тооцоолол буюу зээлийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй байна.

Талууд гэрээг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байх боловч нэгэнт гэрээний нэг тал болох хариуцагч нар “зээл төлөх үүргээ” зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Талуудын хоорондох зээлийн гэрээний 3.1.5-д нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь гэж тусгасан хэрнээ түүний хойно “нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс тооцно” гэж тусгажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан хуулийн зохицуулалтай гэрээний энэ заалтад тусгасан “зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс тооцох” тухай зохицуулалт нийцээгүй гэж дүгнэв. Иймд нэхэмжлэгч “нэмэгдүүлсэн хүү” шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 50.319 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов. Түүнчлэн энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүүд хариуцагчийн төлсөн төлбөрөөс тооцон авсан 119.484 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасах нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 6.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан, уг зардал гэрээнээс учирсан шууд хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов.

Дээрхийг нэгтгээд хариуцагч нараас 11.098.936 төгрөг /үндсэн зээл 9.444.444 төгрөг + хүү 1.773.976 төгрөг - 119.484  төгрөг/  гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Хариуцагч Э.Бад шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн, түүний 88030130 дугаарын утсаар мөн мэдэгдсэн ч тэрээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч Э.Б болон нэхэмжлэгч талаас түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Э.Ба, Э.Б нараас 11.098.936 /арван нэгэн сая ерэн найман мянга есөн зуун гучин зургаан/ төгрөг гаргуулж “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 175.804 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 192.532 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ