Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00155

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00155

 

 

 

ХХБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/02158 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Э.З, Э.Б нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 11,274,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

ХХБ ХХК нь Э.Б, Э.З нартай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн боловч 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 24 сар болгож өөрчилсөн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ПОС машины орлого барьцаалж барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй зээлийн гэрээний 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,444,444 төгрөг, хүү 1,773,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,319 төгрөг, зардал 6,000 төгрөг, нийт 11,274,740 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч нар цар тахалтай холбоотой гэрээ сунгах хүсэлт өгсөн эсэхийг мэдэхгүй. Мөн зээлдэгч нарын авсан зээл хэрэглээний бус бизнесийн зээлийн төрөлд хамаарна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

ХХБ ХХК-аас 2019 оны 12 дугаар сард ПОС машин барьцаалсан зээлийг авсан. Ковид-19 цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа бүрэн зогссоны улмаас орлогын эх үүсвэргүй болж хугацаандаа зээлээ төлж чадаагүй. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргахгүй. Зээлийн эдийн засагчид 2020 оны 04 дүгээр сард зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт өгсөн боловч хугацааг хойшлуулах боломжгүй гэх хариу өгсөн. Зээл төлөх хугацааг сунгах хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б, Э.З нараас 11,098,936 /арван нэгэн сая ерэн найман мянга есөн зуун гучин зургаан/ төгрөг гаргуулж ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 175,804 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,346 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 192,532 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх талууд зээлийн гэрээний 3.1.5-д нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь гэж тусгасан атлаа түүний хойно нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс тооцно гэж тусгасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлахад мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт ...хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан хуулийн зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарласан гэж гэж байна. Зээлийг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээ буюу 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.9-д нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хувь хэмжээг хэлнэ гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч Иргэний хуульд заасан хэмжээгээр гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Э.З, Э.Б нар нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 175,804 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

1.а. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Э.Б, Э.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,444,444.44 төгрөг, зээлийн хүү 1,773,976.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,319.63 төгрөг, хохирол 6,000 төгрөг, нийт 11,274,740 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийн төлбөрийн талаар маргаагүй, харин зээл төлөх хугацааг сунгах хүсэлттэй байна гэжээ.

1.б ХХБ ХХК нь Э.Б, Э.З нартай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч нар 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд сарын 1,9 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. Гэвч талууд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр дээрх гэрээний хугацааг 18 сар гэснийг 24 сар болгон өөрчилсөн байна. (хх-12-15)

1.в. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зээлдүүлэгч ХХБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Б, Э.З нарт шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

1.г. Зээлдэгч нар 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн, улмаар зээлдүүлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 6-02/20 дугаар, мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7-802/40 дугаар албан бичгээр Э.Б, Э.З нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нар эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байна. (хх-ийн 17-18) Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах тус тус эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

1.д. Хариуцагч Э.Б, Э.З нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөгөөс 555,555.56 төгрөг төлж 9,444,444.44 төгрөг төлөөгүй, зээлийн хүүд 3,678,026.15 төгрөг төлөхөөс 1,904,049.24 төгрөг төлж 1,773,976.91 төгрөг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүд 169,804.31 төгрөг төлөхөөс 119,484.68 төгрөг төлж 50,319.63 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдсон тул үндсэн зээл 9,444,444.44 төгрөг, зээлийн хүү 1,773,976.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,319.63 төгрөг, хохирол 6,000 төгрөг, нийт 11,274,740 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна. (хх-ийн 9)

2. Давж заалдах гомдлын талаар

Зээлийн гэрээний 3.1.5-т Нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь (нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс тооцно) гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талууд нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь гэж тусгасан хэрнээ түүний хойно нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс тооцно гэж тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэн нэмэгдүүлсэн хүүд төлсөн төлбөрийг зээлийн төлбөрөөс хасаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 50,319 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, гэрээний 3.1.5-т заасан тохиролцоо нь хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцох агуулга нь хууль зөрчөөгүй, тодорхой байгааг анхан шатны шүүх буруу тайлбарласан, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтыг тухайн тохиолдолд хэрэглэх шаардлагагүй байжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Б, Э.З нараас үндсэн зээл 9,444,444.44 төгрөг, зээлийн хүү 1,773,976.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,319.63 төгрөг нийт 11,268,740.98 төгрөгийг шаардах эрхтэй. Мөн хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал 6,000 төгрөгийг нэхэмжлэгч хохирол тооцож шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх гэрээнээс учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Б, Э.З нараас 11,274,740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/02158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б, Э.З нараас 11,274,740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтын ...192,532... гэснийг ... 195,346... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 5,925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ