Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02084

 

     

 

 

 

 

 

 

      2021        11          02

                               181/ШШ2021/02084

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд оршин суух Г.О,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд оршин суух, Г.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд оршин суух, Л.Б-д холбогдох

 “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааг Л.Б эзэмших эрхгүйг тогтоолгох, 2007-2019 оны хоорондох ногдол ашгаас авах байсан 899.070 төгрөгийг гаргуулах, “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааны саналын эрхийг Л.Б эдлэх эрхгүйг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ня, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд  дэмжиж гаргасан тайлбартаа: “Т” ХК нийт 600 гаруй хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд Иргэн О.Г миний бие нь “Т” ХК-ийн 1000 ширхэг, Г.Г миний бие 4757 ширхэг хувьцааг эзэмшдэг, жижиг хувьцаа эзэмшигчид юм.

“Т” ХК 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар нийт 687.610 ширхэг хувьцаа нэмж гаргах, нэмж гаргасан хувьцааг тухайн үед байгуулсан хэлэлцээрийн дагуу Р.Л, Ж.Ч, Ц.Н, Т.До, Ш.М, Л.Эр, Ч.Б нарын 7 хувьцаа эзэмшигчид хуваан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэхүү нэмж гаргасан хувьцааг хуваарилсан дээрх гэрээнд өөрчлөлт оруулж 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрээр 687.610 ширхэг хувьцаанаас 604.680 ширхэг хувьцааг нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчдэд хуваан эзэмшүүлэхээр, тодруулбал Р.Лд 124.680 ширхэг, бусад 6 хувьцаа эзэмшигчдэд тус бүрд 80.000 ширхэг хувьцааг тус тус хуваан эзэмшүүлэхээр өөрчлөлт оржээ.

“Т” ХК-ийн нэмж гаргасан 687.610 ширхэг хувьцаа, үүний дотор Ц.Н, Т.Д, Ш.М нарын эзэмшилд байгаа гэж тооцсон 272.775 ширхэг хувьцаа нь Р.Лгийн нэр дээр бүртгэлтэй байсан юм. Энэ нь “Т” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг тус компанийн нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчдийн хооронд удаа дараа хийгдсэн хэлцлийн дагуу хувьцааг Р.Л агсны нэр дээр бүртгүүлэхээр тохиролцож байсантай холбоотой байна. “Т” ХК-ийн нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчид олгохоор шийдвэрлэсэн дээрх 604.680 ширхэг хувьцаанаас Ш.Мт оногдох 87.087 ширхэг хувьцааг, түүний эзэмшилд бүртгэлтэй Ж.Ц нь дээрх 604.680 ширхэг хувьцаанаас өөрт оногдсон 80.000 ширхэг хувьцаа болон Ш.Моос худалдан авсан 87.087 ширхэг хувьцааны тал хувь болох 43.543 ширхэг хувьцааг шүүхийн шийдвэрээр гаргуулан аваад байгаа.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар “Компанийн хувьцаа” нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн “Санал өгөх”, “Ногдол ашиг авах”, компанийг татан буулгасны дараа “Үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх” зэрэг “Хувьцаа эзэмшигчийн эрх”-ийг гэрчилдэг. Үнэт цаасны хороонд “Т” ХК нийт 1.189.983 ширхэг хувьцаатайгаар бүртгэлтэй байсан бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2000 оны 7 дугаар тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Ц, Т.Д, Ш.М нарын эзэмшлийн “Т” ХК-ийн 272.775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болсноороо тэд “Т” ХК-ийн 272.775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгө ч хасагдсан. Нэгэнт “Т” ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ багассан тул тухайн хасагдсан хөрөнгийг шилжүүлэн авсан хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байсан 272.775 ширхэг хувьцааны бүртгэлд ч өөрчлөлт орох ёстой байсан. Тэднээс Ц.Ц, Т.Д нар өөрсдийн эзэмшилд байсан 174.174 ширхэг хувьцаандаа оногдох хөрөнгөө аваад гарчихсан тул тухайн хувьцаанд ногдох саналын эрхийг хэн нэгэн этгээд эдлэхгүй бөгөөд тэдгээрт хувьцаанд ногдол ашиг тооцон олгох үндэслэлгүй юм.

Гэтэл “Т” ХК-ийн том хувьцаа эзэмшигч Л.Б компанийн нийт хувьцаанаас хасагдах ёстой 174.174 ширхэг хувьцааны саналын эрх болон ногдол ашиг хүртэх эрхийг эдэлж байгаа нь нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна. Үүнд:

1.Л.Б нь 174.174 ширхэг хувьцааны саналын эрхийг эдэлж байгаа “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ирц болон шийдвэрт нөлөөлж, тухайлбал бидний саналын эрх, шийдвэр гаргахад оролцох оролцоог зүй бусаар хязгаарлаж байна.

2.Мөн тэрээр жил бүрийн компанийн ашгаас 174.174 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийг авсны улмаас хувьцаа эзэмшигч бидэнд ногдох ногдол ашгийн хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, эд хөрөнгийн хохирол учруулж байна.

Нэхэмжлэгч бидний эрхийг дээр дурдсан байдлаар зөрчиж буй хариуцагчийн үйлдлийг таслан зогсоолгох, хууль бусаар авсан ногдол ашгаас өөрсдөдөө ноогдох хэсгийг гаргуулахаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Хэрэгт авагдсан “Т” ХК-ийн ногдол ашиг тараасан баримтуудыг үндэслэн тооцвол Л.Бад саналын эрх эдлэхгүй, ногдол ашиг авахгүй 174.174 ширхэг хувьцаанд 2007-2019 оны хооронд нийт 145.017.272,40 төгрөг хуваарилжээ. Дээрх 174.174 ширхэг хувьцаанд ногдол ашиг хуваарилаагүй бол бусад хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 2007-2019 онд 3.11-с 19.51 төгрөгөөр тус тус нэмэгдэж хуваарилагдах байсан тул О.Г өөрийн 1000 ширхэг хувьцаанд 156.170 төгрөг, Г.Г өөрийн хувьцаанд 742.900 төгрөг, нийт 899.070 төгрөгийн ногдол ашиг авах ёстой байна.

Тус компанийн 2000 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоос хамаараад одоо болтол уг тогтоол хэрэгжиж байгаагаас нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн хэвээр байгаа тул шаардах эрхтэй. Компанийн нэмж гаргасан хувьцаа, хувьцааг хуваасан хэлэлцээрт манай зүгээс маргаагүй болно. Түүнчлэн компанийн үйл ажиллагаа, шийдвэрт маргаагүй, харин хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчид холбогдуулан шаардаж байгаа. Уг шийдвэрийн дагуу “Т” ХХК-д компанийн хөрөнгөнөөс U1 дугаартай барилгын 2 давхар, 4 давхрын тал хэсгийг шилжүүлснээр одоо ч “Т” ХХК тухайн хөрөнгийг өмчилж байгаа, уг өмчлөлөөр дамжуулж хувьцааны эрхээ эдэлж байгаагаас харагдана. Гэтэл Ц.Ц, Т.Д нарын хувьцааг хариуцагч одоо болтол эзэмшиж, түүнд саналын эрхийг эдэлсээр байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ж.Цгийн нэхэмжлэлтэй “Т” ХК-д холбогдох  хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүчингүй болгуулах тухай маргааныг шийдвэрлэсэн, уг хэрэгт нэхэмжлэгч нар оролцоогүй тул маргах эрх нээлттэй. 2000 оны тогтоолоор нэр бүхий хувьцаа эзэмшигч нарын хувьцаанд тааруулж хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлж өгсөн гэж үзэж байна. Энэ хэмжээгээр тэдгээрийн хувьцаа халаасны хувьцаанд тооцогдох тул саналын эрхгүй гэж үзэж байна. Гэтэл уг хувьцаанууд хариуцагч Л.Бын нэрээр бүртгэлтэй хэвээр явж байгаа, энэ хэмжээгээр саналын эрхийг хэрэгжүүлж байгаа тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Иймд иргэн Л.Б “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааг эзэмших эрхгүйг тогтоож, уг хувьцаанд ноогдох ашгийг авах эрхгүй тул түүний хууль бусаар авсан төгрөгийн ногдол ашгаас бидэнд оногдох ёстой байсан 899.070 төгрөгийн ногдол ашгийг гаргуулж, тэрээр “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааны саналын эрхийг эдлэх эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Үүнд:

Нэг. Иргэн Л.Бын эзэмшиж буй “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцаа нь түүний хууль ёсны өмчлөлийн хувьцаа болгох тухайд: Иргэн Л.Б 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач эцэг Р.Лгийн өмчлөлийн “Т” ХК-ийн 868.766 ширхэг хувьцааг “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон байна. “Т” ХК Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор 59.283.000 төгрөгийн дүрмийн сантай хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр анх хувьчлагдсан байдаг. Тус компани 1986-1990 онуудад үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологийг шинэчлэх зориулалтаар Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкнаас зээл авсан ба 68.760.997 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэйгээр хувьчлагджээ. Улмаар 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Т” ХК болон иргэн Р.Л нарын хооронд “Хөрөнгө оруулах тухай хэлэлцээр” байгуулагдаж, дээрх өрийн үлдэгдлийг хөрөнгө оруулагч болох  иргэн Р.Л нийт 68.760.997 төгрөгийн зээлийн өрийг төлж барагдуулсан.  Ийнхүү дээрх зээлийг төлсөн хэмжээгээр компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэснийг Үнэт цаасны хорооны 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор 687.610 ширхэг “Т” ХК-д нэмж бүртгүүлэх зөвшөөрлийг олгож, иргэн Р.Лгийн нэр дээр хувьцаа бүртгэгдсэн. Үүнээс хойш иргэн Ж.Ц шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу 314.114 ширхэг хувьцааг эзэмшсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн Л.Б “Т” ХК-ийн нийт 556.441 ширхэг хувьцааг эзэмшиж байна.

Нэхэмжлэгч нарын маргаж буй 174.174 ширхэг хувьцаа иргэн Л.Бын эцэг Р.Лгийн хөрөнгө оруулахаар тус компанитай тохиролцсоны үндсэн дээр 1996 онд нэмж гаргасан хувьцаанд хамаарч байгаа. Хэдийгээр иргэн Р.Л өөрийн эзэмшлийн хувьцааг 1998 он болон 2000 онуудад иргэн Р.Л, Ч.Б, Ц.Н, Т.Д, Ж.Ц, Л.Э Ш.М нартай “Т” ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээр байгуулж хувааж эзэмшихээр тохиролцсон байсан боловч үүнтэй холбоотой хувьцааны эзэмшлийн асуудлаар аливаа өөрчлөлт хуулийн дагуу хийгдээгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан “Т” ХХК-ийн тухайд “Т” ХК нь Тайвань улсын “Г А” Ко.лтд-тэй хамтран талууд, тус бүр 300.000 ам долларын хөрөнгө оруулалт хийж, 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №1 дугаар “Хамтарсан үйлдвэр байгуулах тухай” гэрээний үндсэн дээр 1996 оны 2 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр “Т” ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Харин иргэн Р.Л “Т” ХХК-ийн “ХОТШБ-д төлөх үүрэгтэй 68.760.997 төгрөгийн зээлийг бүрэн төлж, энэ хэмжээгээр компанийн дүрмийн санг нэмэгдүүлэн 687.610 ширхэг хувьцааг нэмж гаргахаар Хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн бөгөөд Үнэт цаасны хорооны 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор уг шийдвэрийг баталгаажуулан хувьцааг бүртгэжээ.

Нэхэмжлэгч нарын “Т” ХХК-д тусгаарласан гэж маргаж буй хувьцаа нь 1995 онд анх “Т” ХХК-д “Т” ХК хөрөнгө оруулснаас хойш 1996 онд нэмж гаргасан хувьцаа болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үүнээс дүгнэхэд иргэн Р.Лгийн эзэмшиж байсан “Т” ХК-ийн хувьцаа нь “Т” ХХК-ийн хөрөнгө, хувьцаатай огт хамааралгүй болно.

Хоёр. Нэхэмжлэгч О.Г “Т” ХК-ийн 1000 ширхэг, Г.Г  4757 ширхэг хувьцааг эзэмшигч бөгөөд компанийн 174.174 ширхэг хувьцааг иргэн Л.Быг эзэмших эрхгүй болохыг тогтоолгох, ноогдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах эрхгүй этгээд болох нь доор байдлаар тогтоогдож байна. Үүнд:

“Т” ХК-иас “Т” ХХК-ийг тусгаарласан гэх асуудлаар 272.775 ширхэг хувьцааг компанийн хувьцаанаас хасуулах тухай саналыг хувьцаа эзэмшигч Ж.Ц компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулсан боловч хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 60,94 хувийн саналаар хувьцааны бүртгэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэж, “Компанийн үнэт цаасны бүртгэлийг хэвээр үлдээх тухай” 01 дүгээр тогтоол гарсан. Ийнхүү тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан “... хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох” эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн ба энэхүү хувьцаа эзэмшигчдийн хуралд нэхэмжлэгч Г.Г, О.Г нар оролцсон байдаг боловч хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт гомдол гаргаагүй байна.

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т заасан үндэслэлээр иргэн Г.Г, О.Г нар нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэ талаар аливаа гомдлын шаардлага гаргаагүй. Түүнчлэн иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу иргэн Л.Бын нэр дээр бүртгэлтэй “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааг буруу бүртгэсэн гэж үзсэн буюу улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан аливаа шүүхийн шийдвэр байхгүй тул үнэт цаасыг бүртгэсэн бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Мөн “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр “Компанийн үнэт цаасны бүртгэлийг хэвээр үлдээх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, “Т” ХК-ийн хувьцаанаас 272.775 ширхэг хувьцааг хасах замаар өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00050 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх боломжгүй бөгөөд иргэн Л.Бын эзэмшиж буй хувьцааг компанийн хувьцаанаас хасах, өөрчлөлт оруулах эрх гагцхүү “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээний асуудал учраас “Т” ХК-ийн 2 хувьцаа эзэмшигчийн хүсэл зоригоор шүүх компанийн дотоод асуудлыг шийдвэрлэх нь эрх зүйн үр дагаврын хувьд тус компанийн бусад хэдэн зуун хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрхэд халдах нөхцөл үүсэх болохыг анхаарахыг хүсье.

Шаардах эрх болон хөөн хэлэлцэх хугацаа энд мөн яригдана. Нэхэмжлэгч нарын үндэслэл болгож байгаа 2000 оны тогтоол гарах үед нэхэмжлэгч О.Г хувьцаа эзэмшигч байгаагүй, нэхэмжлэгч Г.Гын хувьд энэ асуудлаар өнөөг хүртэл шаардаж байгаагүй тул хуульд заасан ерөнхий хугацаа болох 10 жилийн хугацаа хэтэрсэн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар нийт хувьцааны 1 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч биш тул шаардлага гаргах эрхгүй. Түүнчлэн хариуцагч уг хувьцааг эзэмшснээр нэхэмжлэгч нарын эрх ашиг хэрхэн хөндөгдөөд байгаа, ямар хязгаарласан үйлдэл үйл ажиллагаа байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Тухайн 2000 оны 7 дугаар тогтоол бодитоор хэрэгжээгүй, зөвхөн компанийн удирдлагын хувьд ажил хариуцуулсан асуудал, бөгөөд хөрөнгө тусгаарласан явдал хувьцааг тусгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч тал уг хувьцааг халаасны хувьцаа гэж тайлбарлаж байна. Компани өөрийн гаргасан хувьцаанаас 174.174 ширхэг хувьцааг эргүүлж авах гэж байгаа бол Төлөөлөн удирдах зөвлөлөөс энэ асуудлаар шийдвэр гарсан байх ёстой бөгөөд хуульд энэ асуудлаар тусгайлан журамласан байдаг.  Гэтэл өнөөг хүртэл дээрх хувьцааг халаасны хувьцаанд тооцсон шийдвэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарч байгаагүй болно. Хэрэв халаасны хувьцаа гэж байгаа бол нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулж шаардлага гаргах эрхгүй, харин энэ асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч О.Г, Г.Г нараас Л.Бад холбогдуулан  “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааг Л.Б эзэмших эрхгүйг тогтоолгох, 2007-2019 оны хоорондох ногдол ашгаас авах байсан 899.070 төгрөгийг гаргуулах, “Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааны саналын эрхийг Л.Б эдлэх эрхгүйг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас ирүүлсэн “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн судалгаагаар тус компани нийт 1.189.983 ширхэг энгийн хувьцаа гаргаснаас нэхэмжлэгч О.Г 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1.000 ширхэг хувьцаа, нэхэмжлэгч Г.Г 1999 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 4.757 ширхэг хувьцааг тус тус өнөө хүртэл эзэмшиж байгаа, хариуцагч Л.Б 2007 оноос өв залгамжлалын дагуу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 556.441 ширхэг хувьцааг эзэмшиж байна. /1хх 7-14, 205-213, 214-217, 3хх 69-72/

 

1.“Т” ХК-ийн 174.174 ширхэг хувьцааг Л.Б эзэмших эрхгүйг тогтоолгох, 174.174 ширхэг хувьцааны саналын эрхийг Л.Б эдлэх эрхгүйг тогтоолгох шаардлагын тухайд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоолд: 1996 онд “Т” ХК-иас 687.610 ширхэг хувьцаа нэмж гаргасан, уг хувьцааг бүртгүүлэхдээ талийгаач Р.Лгийн нэрээр бүртгүүлсэн, 1998 онд нэр бүхий 7 хувьцаа эзэмшигч хэлэлцээр байгуулж түүний нэр дээр бүртгүүлсэн уг хувьцааг хувааж эзэмшихээр тохиролцсон, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрээр дээрх 1998 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар Р.Л 124.680 ширхэг, бусад зургаан хувьцаа эзэмшигч тус бүр 80.000 ширхэг буюу Т.Д, Ш.М, Ц.Н нар тус бүр 80.000 ширхэг хувьцаа эзэмшихээр тохиролцсон үйл баримтын талаар дурджээ.  /1хх 15-31, 58-59/

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Т” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргээс үзвэл “Т” ХК болон Тайвань улсын “Г А” Ко.лтд компаниуд 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын хэлэлцээр”, “Хамтарсан үйлдвэр байгуулах тухай” №1 тоот гэрээгээр гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар тохиролцсон, улмаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрлийн гэрчилгээг 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авч, 1996 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд “Т” компанийг анх бүртгэж гэрчилгээг олгосон байна. Дээрх гэрээ, хэлэлцээрт болон 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Компанийн дүрмээр хоёр талаас тус бүр 300.000 ам доллар буюу 135.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүрмийн сандаа оруулж мөн хэмжээгээр 50 хувиар хувьцаа эзэмшигч байхаар, “Т” ХК-ийн оруулах 50 хувийн хөрөнгийг тус компанийн U1 барилга, байгууламжаас 2, 3, 4 дүгээр давхарт байрлах хэсгээс үйлдвэрлэлийн 1012,87 мкв талбай, ажлын 74,12 мкв, бусад 257,40 мкв талбай буюу нийт 1.344,39 мкв талбайг тооцон шилжүүлэхээр тохиролцсон, улмаар тохиролцсны дагуу “Т” ХК-иас 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барилга, байгууламжийн холбогдох хэсгийг хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн байх тул Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь “Т” ХК бөгөөд тус компанийн хараат компани байжээ. /1хх 73-89, 2хх 85-249, 250,  3хх 1-11, 12-40, 41-51/

Үүнтэй зэрэгцээд “Т” ХК болон Тайвань улсын “Г А” Ко.лтд компаниуд мөн гадаадын хөрөнгө оруулалттай “А” ХХК-г хамтран байгуулахаар тохиролцсноор компанийг 1996 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Хамтран ажиллагч, компанийн үүсгэн байгуулагч хоёр тал 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дээрх хоёр компаниудыг 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс татан буулгахаар тохирч, улмаар 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгө оруулагч талуудын хамтарсан шийдвэрээр Тайвань улсын хуулийн этгээд “А” компанийг 100 хувь хариуцахаар, харин “Т” компанийн статусыг өөрчилж, өмч хөрөнгө, эрх үүргийг бүхэлд нь “Т” ХК-д үлдээж, 100 хувь “Т” ХК-ийн хөрөнгө оруулалттай компани байхаар тус тус тохиролцжээ. /2хх 9-10, 12-13, 16-17/

2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 07 тоот тогтоол болон, “Т” ХК болон Ц.Н /87.087/, Т.Д /87.087/, Ш.М /98.601/ нартай 2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “хэлэлцээр”-ээр дээрх гурван хувьцаа эзэмшигч нар өөрсдийн “Т” ХК-д эзэмшиж буй нийт 272.775 ширхэг хувьцааг тусгаарлах, “Т” ХК-иас 270.000.000 төгрөгийн балансын үнэлгээтэй барилга, тоног төхөөрөмж, эд зүйлийн хамт “Т” ХХК-ийн дүрмийн санд шилжүүлэн тусгаарлан ажиллуулахаар, дээрх гурван этгээдэд “Т” ХХК-тай холбоотой “Т” ХК-ийн бүх эрх, үүргийг шилжүүлэхээр тохиролцсоныг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс дэмжиж шийдвэрлэжээ. /1хх 69-71/

Улсын бүртгэлээс ирүүлсэн “Т” ХХК-ийн хувийн хэргээс үзвэл 2000 оны энэ хэлэлцээр, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол түүнчлэн “Т” ХК-д “Т” компанийг 100 хувь шилжүүлсэн үүсгэн байгуулагчдын 2004 оны шийдвэртэй холбогдуулж компанийн улсын бүртгэлд аливаа нэмэлт, өөрчлөлт тухайн үед ороогүй байна. Энэ шийдвэрүүд гарах үед “Т” ХК нь “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байжээ. Харин 2008 онд гадаадын хөрөнгө оруулалтгүй болсон үндэслэлээр 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Компанийн дүрмийг шинэчлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө 257.300.000 төгрөг буюу анх байгуулсан мөнгөн хөрөнгө хэвээр атлаа харин хувьцаа эзэмшигч “Т” ХК бус Т.Д /50%/, Н.Э /50%/ нар болж өөрчлөгдсөн, мөн үеэс хойш “Т” ХК тус компанийн хувьцаа эзэмшигч биш болжээ. 

Хариуцагчийн зүгээс тусгаарлах талаар аливаа шийдвэр Хувь нийлүүлэгчдийн хурлаас гараагүй, түүнчлэн 2000 оны дээрх тогтоол хэлэлцээр хэрэгжээгүй, зөвхөн эрх үүрэг хариуцлагыг шийдвэрлэсэн, хөрөнгө тусгаарласан явдал хувьцааг тусгаарласан гэж үзэхгүй гэж тайлбарлав.

1999 оны Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим хөрөнгө, эрхийг /энэ хэсгийн “хөрөнгө, эрхийг” гэснийг 2002 онд “эрх, үүрэг, хариуцлага” болгож хуульд өөрчлөлт орсон/ шинээр байгуулсан компанид шилжүүлэхийг компани тусгаарлах гэнэ. Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад компани шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна” гэж заасан.

Иймд шүүх “Т” ХХК-д хөрөнгө шилжүүлсэн, үүсгэн байгуулсан ажиллагаа 1996 онд анх явагдсан, “Т” ХК нь “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан, улмаар 2004 оны хэлэлцээрийн дагуу “Т” ХК-ийн мэдэлд 100 хувь шилжсэн атлаа 2010 онд хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж Т.Д, талийгаач Ц.Нын өв залгамжлагч болох Н.Э нарт шилжсэн, ийнхүү шилжүүлэхдээ 2004 оны “Т” ХХК-г “Т” ХК-д 100 хувь шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхны үүсгэн байгуулагчдын шийдвэрийг үндэслэсэн зэргээс үзвэл 2000 оны дээрх хэлэлцээр, тогтоолын дагуу “Т” ХК-иас “Т” ХХК компани бодитоор тусгаарласан, улмаар нэр бүхий гурван иргэн “Т” ХК-д эзэмших өөрсдийн хувьцааг хөрөнгийн хамт тусгаарласан байна.

Нөгөөтэйгүүр хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэрийн дагуу “Т” ХК-иас 1996 онд шилжүүлсэн хөрөнгө 2004 онд “Т” ХК-д шилжүүлэх шийдвэр гарсны дараа ч хөрөнгийн өмчлөл “Т” ХК-д буцаж шилжээгүй, харин тухайн хөрөнгийн өмчлөл одоо “Т” ХХК-д шилжсэн болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны тайланд тусгагдсан, 1999 оны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, дундаа хамтран өмчлөх хөрөнгөнөөс “А”-т холбогдох хэсгийг салгаж бүртгэлд бүртгүүлэх тухай “Т” ХХК-ийн улсын бүртгэлд гаргасан 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, гэрч Н.Эгийн “тухайн барилгын 2 дугаар давхар болон 4 давхрын тал хэсгийг “Т” ХХК өмчилдөг” гэж мэдүүлсэн зэргээр тогтоогдож байна. /1хх 101-104, 107-114, 2хх 11, 18, 19, 47-49/

Хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигчдийн тархалтын судалгаагаар Т.Дын нэр дээр 461 ширхэг хувьцаа, Ц.Нын өв залгамжлагч болох Н.Эгийн нэр дээр  401 ширхэг хувьцаа тус тус бүртгэлтэй байх боловч шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ Т.Доос “өөрийн 87.087 ширхэг хувьцаа Л.Бын нэр дээр байгаа” гэж, Н.Эгаас “өвлөж авсан мөн тооны хувьцаа Л.Бын нэр дээр бүртгэлтэй” гэж тус тус мэдүүлсэн, 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр “Т” ХК-ийн 92.837 ширхэг хувьцааг Н.Э өвлөж авахаар тусгагдсан зэргээс үзвэл нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчдийн хоорондох дээр дурдсан 1998 оны хэлэлцээр, 2000 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу Ц.Н, Т.Д нарын хувьцаа тус тус өнөөг хүртэл Л.Бын нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа болох нь тогтоогдож байна. /1хх 214-217, 2хх 44-49, 3хх 54/

1999 оны Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 2011 оны Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар компанийн хувьцаа эзэмшигч эзэмшиж буй хувьцаагаар дамжуулан “ногдол ашиг авах”, “хуралд оролцох санал өгөх”, “татан буулгасны дараа олсон орлогоос хүртэх” үндсэн эрхийг эдэлнэ. Маргааны зүйл болсон 2000 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хэлэлцээрийн 5-д “тусгаарлагдаж шинээр байгуулагдах компанид “Т” ХК-ийн 272.775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгө шилжинэ” гэж, хэлэлцээрийн 9-д “Т компанийн олсон ашгийг эзэмшигч гурван этгээд хувааж авах бөгөөд эдгээр гурван этгээдэд “Т” ХК-иас ногдол ашиг хуваахгүй” гэж, 10-т “эзэмшигч гурван этгээд “Т компанийн удирдлагад оролцохгүй” гэж тусгасан буюу хуульд заасан хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхээ эдлэхгүйгээр тохиролцсон зэргээс дүгнэвэл бодитоор компани тусгаарлахдаа хамт хувьцаагаа тусгаарлах хүсэл зоригоор 2000 оны хэлэлцээр, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан гэдгийг илтгэж байна.

1999 оны Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг тусгахдаа 63.1.2-т “нийлэх, нэгдэх, хуваах буюу өөрчлөх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах” асуудлыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр, 22 дугаар зүйлийн 22.2-т “Компанийг тусгаарлах нөхцөл, журам, хуваах балансийг батлах болон компани байгуулах шийдвэрийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол гүйцэтгэх удирдлага гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулиар компани тусгаарлах асуудлыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар заавал шийдвэрлэхээр шаардаагүй байхаас гадна хуулиар толгой компани хараат компаниа тусгаарлах тохиолдолд хэрхэх талаар нарийвчилсан зохицуулалтгүй, 2000 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн 07 тоот тогтоол гарах үед “Т” ХК өөрөө “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Иймд тухайн үед бүртгэлд бүртгүүлээгүй явдлыг мөн хуулийн  22 дугаар зүйлийн 22.2-д заасан “шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй. Мөн “Т” ХХК 2010 онд Т.Д болон Ц.Нын өв залгамжлагч Н.Э нарт шилжсэнээс үзвэл бодитоор 2000 оны тухайн тогтоол, хэлэлцээр хэрэгжээгүй гэсэн хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Маргааны зүйл болсон 2000 оны хэлэлцээрийн 2 дугаар заалт, 07 дугаар тогтоолын 2, 5 дугаар заалтад “компанийн 272.775 ширхэг хувьцааг тусгаарлаж Т компанийн дүрмийн санг дээрх хувьцаанд шилжүүлэн тооцох” гэж зааснаас үзвэл хөрөнгө болон хувьцааг аль алинг тусгаарлахаар тохиролцсон байх тул хөрөнгө тусгаарласан ч хувьцааг тусгаарлаагүй гэсэн хариуцагчийн тайлбар тогтоогдоогүй.

Иймд Л.Бын одоо эзэмшиж буй 556.441 ширхэг хувьцаанаас Ц.Н /87.078/, Т.Д /87.078/ нарын эзэмшлийн 174.174 ширхэг хувьцааны хувьд хариуцагч саналын эрх эдлэх эрхгүй тул энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

Харин тэдгээрийн хувьцааг Л.Б эзэмших эрхгүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд энэ асуудлыг шүүх шууд харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй, тухайн асуудлыг хуулиар Компани, хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх асуудалд хамаарч байх тул нэхэмжлэгч нарын шаардлагаар тухайн хувьцааг Л.Б эзэмших эрхгүй хэмээн шийдвэрлэх боломжгүй. Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “компанийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтооно”, 33.3-т “дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцааны төрөл тус бүрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нөхцлийг төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно.” гэж заажээ. Нөгөөтэйгүүр нэр бүхий 7 иргэний хооронд 1998, 2000 оны хэлэлцээрийн дагуу Т.Д, Ц.Нын өв залгамжлагч болох Н.Э нарын зүгээс хувьцаагаа шаардсан баримтгүй, улмаар тэдгээр нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ хариуцагчаас “хувьцаа шаардаагүй” талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй.  гэж үзэж энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2-т “эрх бүхий албан тушаалтны компанид учруулсан хохирол”-ын хувьд “компанийн нэг буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч” байж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар заажээ. Хуулийн дээрх зохицуулалтад заасан маргааны төрөлд нэхэмжлэгч нарын энэ нэхэмжлэлийн шаардлага хамаарахгүй тул нэхэмжлэгч нар нэгээс доош хувийн хувьцаа эзэмшигч тул шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: нэхэмжлэгч Г.Г 1999 оноос, нэхэмжлэгч О.Г 2010 оноос тус тус хувьцаа эзэмшигч болсон, түүнчлэн Г.Гын хувьд хувьцаа эзэмшигч болсон хэрнээ 2000 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарснаас хойш шаардаж байгаагүй  хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хэтэрсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч уг тогтоолоос үүдэлтэйгээр одоог хүртэл Л.Б саналын эрх эдэлж байгаагаас нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн, хөндөгдсөөр байгаа буюу үргэлжилж байгаа гэж нэхэмжлэгч талаас тайлбарлав.

Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдээ холбогдуулан шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хэдий байх талаар тухайлсан зохицуулалтгүй тул маргааны энэ тохиолдолд Иргэний хуульд заасан нийтлэг зарчим үйлчилнэ. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа “10 жил” гэж заасан. Гэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс тоолно”, 76.2-т “шаардах эрх мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж, 76.3-т “тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбоотой шаардлагад хугацааг шаардлага зөрчигдсөн үеэс тоолно” гэж тус тус заажээ. Иймд маргааны зүйл болсон дээрх 2000 оны хэлэлцээр, тогтоолд нэхэмжлэгч нар оролцоогүй тул шүүх нэхэмжлэгч нарын хувьд шаардах эрхийг 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тухайн асуудлыг хэлэлцсэнээс  хойш тоологдоно гэж үзлээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэрээр тогтоогдсон үйл баримт тул дахин нотлохгүй гэж хариуцагч мөн татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00050 дугаар шийдвэрээс үзвэл Ж.Цгийн нэхэмжлэлтэй “Т” ХК-д холбогдох “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын 01, 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, “Т” ХК-ийн хувьцаанаас 272.775 ширхэг хувьцааг хасах замаар бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан хэдий ч тухайн хэргийн оролцогч биш этгээдийн хувьд үйл баримтын талаар маргах эрх нээлттэй, нэхэмжлэгч нар тухайн хэрэгт оролцоогүй тул тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй.  

2.2007-2019 оны хоорондох ногдол ашгаас авах байсан 899.070 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч энэ шаардлагынхаа үндэслэлийг хариуцагч Л.Б 174.174 ширхэг хувьцааг эзэмшиж түүнд ногдох 2007-2019 оны ногдол ашгийг авснаас нэгж хувьцааны үнэ авбал зохих үнээс багаар тооцогдсон гэж тайлбарлан нэхэмжлэгч О.Г өөрийн 1000 ширхэг хувьцаанд зөрүү 156.170 төгрөг, нэхэмжлэгч Г.Г өөрийн 4.575 ширхэг хувьцаанд зөрүү 742.900 төгрөг, нийт 899.070 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд компани ногдол ашиг хэрхэн хуваарилах арга, журмыг нарийвчлан зохицуулснаас 46 дугаар зүйлийн 46.1-д “ногдох ашиг тараах, нэгж хувьцаанд ногдох хэмжээг тус тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл эсхүл Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “Т” ХК-иас 2007-2019 оны хооронд эрх бүхий этгээдээс нэгж хувьцаанд ногдох хувь хэмжээг тогтоож түүний дагуу ногдол ашгийг тараажээ. Хэдийгээр шүүх 174.174 ширхэг хувьцаанд хариуцагч Л.Б саналын эрх эдэлж, ногдол ашиг авч байгаа явдал хуульд нийцэхгүй гэж үзсэн боловч энэ нь нэхэмжлэгч нарын шаардлагаар урьд тараагдсан тухайн онуудын нэгж хувьцаанд ногдох мөнгөн дүнг өөрчилж тооцох, улмаар ногдол ашгийн хэмжээг дахин тооцож зөрүүг гаргуулах үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч О.Г 2010 оноос тус компанийн хувьцаа эзэмшигч болсон тул тэрээр өмнөх онуудын ногдол ашгийн хувь хэмжээнд маргах эрхгүй. Иймд энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 32 дугаар зүйлийн 32.1, 46 дугаар зүйлийн 46.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “Т”ХК-ийн 174.174 ширхэг хувьцаанд хариуцагч Л.Б саналын эрх эдлэхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг буюу 174.174 ширхэг хувьцааг Л.Б эзэмших эрхгүйг тогтоолгох, 2007-2019 оны хоорондох ногдол ашгаас авах байсан 899.070 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн 96.327 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ