Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00162

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О, Г.Гл нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02084 дугаар шийдвэртэй,

Г.О, Г.Гл нарын нэхэмжлэлтэй, Л.Бтад холбогдох,

“Т” ХК-ийн 174,174 ширхэг хувьцааг Л.Бт эзэмших эрхгүйг тогтоолгох, 2007-2019 оны ногдол ашгаас авах байсан 899,070 төгрөгийг гаргуулах, “Т” ХК-ийн 174,174 ширхэг хувьцааны саналын эрхийг Л.Бт эдлэх эрхгүйг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамир, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Т” ХК нийт 600 гаруй хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд Г.О нь “Т” ХК-ийн 1,000 ширхэг, Г.Гл нь 4,757 ширхэг хувьцааг эзэмшдэг. “Т” ХК 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар нийт 687,610 ширхэг хувьцаа нэмж гаргах, нэмж гаргасан хувьцааг тухайн үед байгуулсан хэлэлцээрийн дагуу Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн, Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир, Л.Эрдэнэбат, Ч.Батбилэг нарын 7 хувьцаа эзэмшигчид хуваан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү нэмж гаргасан хувьцааг хуваарилсан дээрх гэрээнд 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт оруулж 687,610 ширхэг хувьцаанаас 604,680 ширхэг хувьцааг нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчдэд хуваан тодруулбал Р.Лутаад 124,680 ширхэг, бусад 6 хувьцаа эзэмшигчдэд тус бүрд 80,000 ширхэг хувьцааг тус тус эзэмшүүлэхээр болсон.

“Т” ХК-ийн нэмж гаргасан 687,610 ширхэг хувьцаа, үүний дотор Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарын эзэмшилд байгаа гэж тооцсон 272,775 ширхэг хувьцаа нь Р.Лутаагийн нэр дээр бүртгэлтэй байсан. Энэ нь “Т” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг тус компанийн нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчдийн хооронд удаа дараа хийгдсэн хэлцлийн дагуу хувьцааг Р.Лутаа агсны нэр дээр бүртгүүлэхээр тохиролцож байсантай холбоотой. “Т” ХК-ийн нэр бүхий 7 хувьцаа эзэмшигчид олгохоор шийдвэрлэсэн Ж.Чимэдцэрэн нь дээрх 604,680 ширхэг хувьцаанаас өөрт оногдсон 80,000 ширхэг хувьцаа болон Ш.Мөнх-Очироос худалдан авсан 87,087 ширхэг хувьцааны тал хувь болох 43,543 ширхэг хувьцааг шүүхийн шийдвэрээр гаргуулан авсан.

Үнэт цаасны хороонд “Т” ХК нийт 1,189,983 ширхэг хувьцаатайгаар бүртгэлтэй байсан бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2000 оны 7 дугаар тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Цаст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нар өөрийн эзэмшлийн 272,775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг “Татекс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болсон, тэдний “Т” ХК-ийн 272,775 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгө ч хасагдсан. Нэгэнт “Т” ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ багассан тул тухайн хасагдсан хөрөнгийг шилжүүлэн авсан хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байсан 272,775 ширхэг хувьцааны бүртгэлд ч өөрчлөлт орох ёстой байсан. Тэднээс Ц.Цаст, Т.Доржготов нар өөрсдийн эзэмшилд байсан 174,174 ширхэг хувьцаандаа оногдох хөрөнгөө аваад гарчихсан тул тухайн хувьцаанд ногдох саналын эрхийг хэн нэгэн этгээд эдлэхгүй бөгөөд тэдгээрт хувьцаанд ногдол ашиг тооцон олгох үндэслэлгүй юм.

Гэтэл “Т” ХК-ийн том хувьцаа эзэмшигч Л.Бт компанийн нийт хувьцаанаас хасагдах ёстой 174,174 ширхэг хувьцааны саналын эрх болон ногдол ашиг хүртэх эрхийг эдэлж байгаа нь нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна. Үүнд:

1. Л.Бт нь 174,174 ширхэг хувьцааны саналын эрхийг эдэлж байгаа “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ирц болон шийдвэрт нөлөөлж, тухайлбал бидний саналын эрх, шийдвэр гаргахад оролцох оролцоог зүй бусаар хязгаарлаж байна.

2. Мөн тэрээр жил бүрийн компанийн ашгаас 174,174 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийг авсны улмаас хувьцаа эзэмшигч бидэнд ногдох ногдол ашгийн хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, эд хөрөнгийн хохирол учруулж байна.

Л.Бтад саналын эрх эдлэхгүй, ногдол ашиг авахгүй 174,174 ширхэг хувьцаанд 2007-2019 оны хооронд нийт 145,017,272.40 төгрөг хуваарилжээ. Дээрх 174,174 ширхэг хувьцаанд ногдол ашиг хуваарилаагүй бол бусад хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 2007-2019 онд 3.11-с 19.51 төгрөгөөр тус тус нэмэгдэж хуваарилагдах байсан тул Г.О өөрийн 1,000 ширхэг хувьцаанд 156,170 төгрөг, Г.Гл өөрийн хувьцаанд 742,900 төгрөг, нийт 899,070 төгрөгийн ногдол ашиг авах ёстой байна.

Иймд иргэн Л.Бт “Т” ХК-ийн 174,174 ширхэг хувьцааг эзэмших эрхгүйг тогтоож, уг хувьцаанд ногдох ашгийг авах эрхгүй тул түүний хууль бусаар авсан төгрөгийн ногдол ашгаас бидэнд оногдох ёстой байсан 899,070 төгрөгийн ногдол ашгийг гаргуулж, тэрээр “Т” ХК-ийн 174,174 ширхэг хувьцааны саналын эрхийг эдлэх эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Л.Бт 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач эцэг Р.Лутаагийн өмчлөлийн, “Т” ХК-ийн 868,766 ширхэг хувьцааг Өв залгамжлах эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон. Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “Т” ХК 59,283,000 төгрөгийн дүрмийн сантай хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр анх хувьчлагдсан. Тус компани 1986-1990 онуудад үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологийг шинэчлэх зориулалтаар Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкнаас зээл авсан ба 68,760,997 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэйгээр хувьчлагджээ. Улмаар 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Т” ХК болон иргэн Р.Лутаа нарын хооронд хөрөнгө оруулах тухай хэлэлцээр байгуулагдаж, дээрх өрийн үлдэгдлийг хөрөнгө оруулагч болох иргэн Р.Лутаа нийт 68,760,997 төгрөгийн зээлийн өрийг төлж барагдуулсан. Ийнхүү дээрх зээлийг төлсөн хэмжээгээр компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэснийг Үнэт цаасны хорооны 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор 687,610 ширхэг “Т” ХК-д нэмж бүртгүүлэх зөвшөөрлийг олгож, иргэн Р.Лутаагийн нэр дээр хувьцаа бүртгэгдсэн. Үүнээс хойш иргэн Ж.Чимэдцэрэн шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу 314,114 ширхэг хувьцааг эзэмшсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн Л.Бт “Т” ХК-ийн нийт 556,441 ширхэг хувьцааг эзэмшиж байна.

Нэхэмжлэгч нарын маргаж буй 174,174 ширхэг хувьцаа иргэн Л.Бтын эцэг Р.Лутаагийн хөрөнгө оруулахаар тус компанитай тохиролцсоны үндсэн дээр 1996 онд нэмж гаргасан хувьцаанд хамаарч байгаа. Хэдийгээр иргэн Р.Лутаа өөрийн эзэмшлийн хувьцааг 1998 он болон 2000 онуудад иргэн Р.Лутаа, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимэдцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нартай “Т” ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээр байгуулж хувааж эзэмшихээр тохиролцсон байсан боловч үүнтэй холбоотой хувьцааны эзэмшлийн асуудлаар аливаа өөрчлөлт хуулийн дагуу хийгдээгүй.

 “Т” ХК нь Тайвань улсын Грейт Айван компанитай хамтран тус бүр 300,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1995 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээний үндсэн дээр 1996 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр “Татекс” ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Харин иргэн Р.Лутаа “Т” ХХК-ийн “Хотш банк”-д төлөх үүрэгтэй 68,760,997 төгрөгийн зээлийг бүрэн төлсөн, энэ хэмжээгээр компанийн дүрмийн санг нэмэгдүүлэн 687,610 ширхэг хувьцааг нэмж гаргахаар хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн бөгөөд Үнэт цаасны хорооны 1996 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор уг шийдвэрийг баталгаажуулан хувьцааг бүртгэжээ.

Нэхэмжлэгч нарын “Татекс” ХХК-д тусгаарласан гэж маргаж буй хувьцаа нь 1995 онд анх “Татекс” ХХК-д “Т” ХК хөрөнгө оруулснаас хойш 1996 онд нэмж гаргасан хувьцаа болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үүнээс дүгнэхэд иргэн Р.Лутаагийн эзэмшиж байсан “Т” ХК-ийн хувьцаа нь “Татекс” ХХК-ийн хөрөнгө, хувьцаатай огт хамааралгүй болно.

 Нэхэмжлэгч Г.О “Т” ХК-ийн 1,000 ширхэг, Г.Гл 4,757 ширхэг хувьцааг эзэмшигч бөгөөд компанийн 174,174 ширхэг хувьцааг иргэн Л.Бтыг эзэмших эрхгүй болохыг тогтоолгох, ногдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах эрхгүй этгээд нар юм.

Нэхэмжлэгч нарын үндэслэл болгож байгаа 2000 оны тогтоол гарах үед нэхэмжлэгч Г.О хувьцаа эзэмшигч байгаагүй, нэхэмжлэгч Г.Глын хувьд энэ асуудлаар өнөөг хүртэл шаардаж байгаагүй тул хуульд заасан ерөнхий хугацаа болох 10 жилийн хугацаа хэтэрсэн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар нийт хувьцааны 1 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч биш тул шаардлага гаргах эрхгүй. Түүнчлэн хариуцагч уг хувьцааг эзэмшсэнээр нэхэмжлэгч нарын эрх, ашиг хэрхэн хөндөгдөөд байгаа, ямар хязгаарласан үйлдэл, үйл ажиллагаа байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Тухайн 2000 оны 7 дугаар тогтоол бодитоор хэрэгжээгүй, зөвхөн компанийн удирдлагын хувьд ажил хариуцуулсан асуудал бөгөөд хөрөнгө тусгаарласан явдал хувьцааг тусгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч тал уг хувьцааг халаасны хувьцаа гэж тайлбарлаж байна. Компани өөрийн гаргасан хувьцаанаас 174,174 ширхэг хувьцааг эргүүлж авах гэж байгаа бол Төлөөлөн удирдах зөвлөлөөс энэ асуудлаар шийдвэр гарсан байх ёстой бөгөөд хуульд энэ асуудлаар тусгайлан журамласан байдаг. Гэтэл өнөөг хүртэл дээрх хувьцааг халаасны хувьцаанд тооцсон шийдвэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарч байгаагүй болно. Хэрэв халаасны хувьцаа гэж байгаа бол нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулж шаардлага гаргах эрхгүй, харин энэ асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 32 дугаар зүйлийн 32.1, 46 дугаар зүйлийн 46.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ”Т” ХК-ийн 174,174 ширхэг хувьцаанд хариуцагч Л.Бт саналын эрх эдлэхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг буюу 174,174 ширхэг хувьцааг Л.Бт эзэмших эрхгүйг тогтоолгох, 2007-2019 онд ногдол ашгаас авах байсан 899,070 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн 96,327 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт компанийг бодитоор тусгаарласан байна гэж хуулийг тайлбарлан хэрэглэж, энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцээгүй.

“Т” ХК анх Тайвань Улсын Грейт Айван компанитай хамтран “Татекс” ХХК-ийг 1995 оны 9 дүгээр сард үүсгэн байгуулахдаа хөрөнгөөр дүрмийн сангаа бүрдүүлсэн ба гадаадын хөрөнгө оруулагч мөнгөөр дүрмийн сангаа байгуулаад, 50 хувийн хувьцааг нь эзэмшээд хараат компани байгуулсан. Анхан шатны шүүх 2000 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн 7 дугаар тогтоолоор компанийг хөрөнгө болон хувьцааны хамт тусгаарласан байна гэж дүгнэсэн нь буруу. Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3, 18.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүх анхаараагүй. “Т” ХК-ийг тусгаарлаж байгаа тохиолдолд энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид 3 хоногийн дотор мэдэгдээд тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь “Т” ХК байх ёстой. Гэтэл 2000 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 7 дугаар тогтоол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн боловч тухайн үедээ хууль зөрчсөн тогтоол гарсан тул хэрэгжүүлэх боломжгүй гэсэн хариуг Үнэт цаасны хорооноос өгсөн байдаг. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шалгалтын тайланд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар компанийг тусгаарлаагүй. Харин хожим 2008 онд Т.Доржготовд тухайн компанийн хөрөнгийг шилжүүлсэн байх тул үүнийгээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг хувьцаа эзэмшигчийн хуралд мэдэгдэж байсан. Т.Доржготов, Ц.Цаст нарын нэр дээр “Т” ХК-ийн ямар ч хувьцаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. 1996 онд Р.Лутаа нь 68,000,000 төгрөгөөр “Т” ХК-ийн “Хотш банк”-ны зээлийн өрийг төлсөн тул хувьцаа нэмж гарсан ба улмаар Р.Лутаагийн нэр дээр бүртгэгдсэн бөгөөд хариуцагч Л.Бт нь өв залгамжлалаар эцгийнхээ хувьцааг 2007 онд шилжүүлэн авсан. Ямар ч компани хөрөнгөө худалдаж, бусдад шилжүүлж болох ба энэ тохиолдолд бүрт хувьцаанд өөрчлөлт орохгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тухайн компанийн хувьцааны асуудлыг шийдвэрлэнэ. Хувь нийлүүлэгчдийн хуралд нэхэмжлэгч нарын ээж Ж.Чимэдцэрэн нь 2015 онд компанийг тусгаарласан тул хувьцаанд хасалт хийх хүсэлт гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаад хөрөнгөө бусдад шилжүүлсэн нь хувьцаанд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэж үзсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын тайланд компанийг тусгаарласан гэж үзэхгүй, үүнээс болоод компанийн өөрийн хөрөнгө буурсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Ингээд хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн хувьцаанд өөрчлөлт оруулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрт нэхэмжлэгч нар ямар нэгэн гомдол гаргаагүй.

Анхан шатны шүүхээс 2015 оны “Т” ХК-ийн хувьцаанд өөрчлөлт оруулахгүй гэж шийдвэрлэсэн 01 дүгээр тогтоолд нэхэмжлэгч нар оролцоогүй учраас энэ талаар гомдлын шаардлага гаргах үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нар дээр дурдсан тогтоолтой холбоотой гомдлын шаардлагыг хувь нийлүүлэгчдийн хуралд гаргаж байгаагүй. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол гарсан өдрөөс хойш шаардах эрх нь үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн хуралд хувь нийлүүлэгчдийн хуралд нэхэмжлэгч нар оролцсон тул энэ талаар мэдэж байсан бөгөөд компанийн хувьцаанд өөрчлөлт оруулахгүй гэсэн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр энэ тогтоолыг хэвээр үлдээсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг гэв.

Л.Бт нь хувьцаа эзэмших эрхтэй гэдэгт нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй. Гэтэл хувьцааг нь эзэмшиж байгаа атлаа саналын эрхгүй байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар хувьцааг эзэмшиж байгаа бол саналын эрхийг эдлэх ёстой. Хэрвээ саналын эрх эдлэхгүй, энэ хувьцаа нь компанийн халаасны хувьцаа гэж үзэж байгаа бол хувь нийлүүлэгчдийн хурлаас тухайн хувьцаат компани өөрөө халаасалж энэ талаар шийдвэр гараад, эсхүл үүнийг тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ёстой. Гэтэл энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол байхгүй атал зөвхөн энэ хувьцаа эзэмшигчийн 174,174 хувьцаанд ногдож байгаа хэсгийг саналын эрх эдлэхгүй гэж шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс “Т” ХК-аас “Татекс” ХХК-ийг бодитоор тусгаарласан гэх дүгнэлтэд ач холбогдол өгч гомдол гаргасан байна. Гэтэл шүүхээс компанийг тусгаарлаж, улмаар нэр бүхий гурван иргэн “Т” ХК-д эзэмших өөрсдийн хувьцааг хөрөнгийн хамт тусгаарласан байна гэснийг нь орхиж гомдол гаргасан. Магадгүй “Т” ХК-аас “Татекс” ХХК-ийг тусгаарласан гэдэг нь хэрэгт авагдсан бодит үйл баримттай нийцээгүй. “Татекс” ХХК-ийг тусгаарлах биш, харин “Т” ХК нь гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран “Татекс” ХХК-ийг байгуулсан. Дараа нь “Т” ХК нь гурван хувьцаа эзэмшигчид оногдох ёстой 272,775 ширхэг хувьцаанд нь оногдуулаад компанийнхаа хувьцаа эзэмшигчийн эрхийг 100 хувь хувьцаа эзэмшигчид шилжүүлсэн. Хариуцагч талаас үүнийг буруу тайлбарлаж үндэслэлгүй гомдол гаргасан.

Нэр бүхий 3 хувьцаа эзэмшигчид ногдох хувьцаа гэдэг нь “Т” ХК-ийн нэмж гаргасан хувьцаа юм. Энэ нэмж гаргасан хувьцааг эзэмшиж байсан гурван хувьцаа эзэмшигчийн хоёр нь Т.Доржготов, Ц.Наст нар бөгөөд Ц.Наст нас барсан тул өв залгамжлагч н.Энхнасангийн нэр дээр байдаг. Энэ хүмүүсийн нэр дээр тэр нэмж гаргасан хувьцаа бүртгэгдээгүй байсан нь үнэн бөгөөд эдгээр хүмүүст хувьцаа очих ёстой байсан нь 2012 оны Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 999 дүгээр шийдвэрийг хянаж гаргасан Улсын Дээд шүүхийн 2012 оны 751 дугаар тогтоолоор тогтоогдсон. Хэдийгээр нэмж гаргасан хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдийн нэр дээр бүртгээгүй боловч энэ хүмүүст очих ёстой байсан гэх үйл баримтыг тогтоосон. Тиймээс хувьцаа нь бүртгэгдээгүй байсан гэж маргах үндэслэлгүй.

“Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 01 дугаар компанийн үнэт цаасны бүртгэлийг хэвээр үлдээх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай, мөн “Т” ХК-ийн хувьцаанаас 272,775 ширхэг хувьцааг хасах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 50 дугаартай шийдвэрийг нотлох баримт болно гэж хариуцагч тайлбарладаг. Тухайн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, хэргийн оролцогчийн хувьд Г.О, Г.Гл нарын нэхэмжлэлтэй хэрэгт шууд тогтоогдсон нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Тухайн хэргийн хувьд тогтоол болон хувьцааг хасах тухай нэхэмжлэл байсан бол энэ хэргийн хувьд хариуцагч Л.Бтын нэр дээр бүртгэлтэй тодорхой тооны хувьцаандаа хувьцаа эзэмших эрх эдлэхгүй болохыг, түүнийг хувьцаа эзэмшигч биш болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий өөр үйл баримттай хэргийг хольж байгаа нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүхэд хариуцагч талаас гомдолд дурдаагүй шинэ үндэслэлүүдээр тайлбар гаргасныг шүүх хүлээж авсныг өнөөдөр танилцлаа. Энэ тайлбарт дурдаж байгаа асуудал нь урьд гаргасан гомдлын үндэслэлтэй хамааралтай эсэх асуудлыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Урьд гаргасан гомдолд хамааралгүй шинээр гаргаж байгаа гомдлын үндэслэлтэй холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүх хуулийн хүрээнд бодит байдлаар шийдэх байх. Учир нь давж заалдах гомдол гаргах хугацаатай буюу хугацаагаар эрх нь хязгаарлагдаж байдаг. Гэтэл хариуцагч талаас хоёр үндэслэлээр гомдол гаргасан атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө өөр үндэслэл дурдсан нэмэлт тайлбар гаргасан нь хуульд нийцэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэл тогтоогдлоо.

 

3.а Нэхэмжлэгч Г.О, Г.Гл нар хариуцагч Л.Бтад холбогдуулан ”Т” ХК-ийн 174,174 ширхэг хувьцааг Л.Бт эзэмших эрхгүйг тогтоолгох, 2007-2019 оны ногдол ашгаас авах байсан 899,070 төгрөгийг гаргуулах, “Т” ХК-ийн 174,174 ширхэг хувьцааны саналын эрхийг Л.Бт эдлэх эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3.б Анхан шатны шүүх 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэг талаас “Т” ХК, нөгөө талаас иргэн Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн, Ц.Наст, Т.Доржготов, Ш.Мөнх-Очир нарын хооронд байгуулагдсан хэлэлцээр /1хх97-98/, мөн “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2000 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоол /1хх99/ зэрэг баримтууд шийдвэрийн үндэслэл болжээ.

Талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд “Т” ХК-ийн эрх, ашиг хөндөгдөхөөр байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй байна.

3.в Өөрөөр хэлбэл, “Т” ХК-ийн байгуулсан хэлэлцээр болон гаргасан тогтоол хэрэгжсэн эсэх, хүчинтэй эсэхэд дүгнэлт өгөх нь маргааны зүйл болох Л.Бтын эзэмшилд байгаа 174,174 ширхэг хувьцааг Л.Бт эзэмших эрхтэй эсэх, эсхүл тус компанийн халаасны хувьцаа эсэх, эсхүл уг хувьцаа нь нийт хувьцаанаас хасагдах эсэх үйл баримт нь тодорхой болох юм.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журамтай.

Иймд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд өөрийн санаачлагчаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд энэ ажиллагаа шүүх дээр явагдаж байгааг мэдэх учиртай. Энэ ажиллагааг шүүх явуулаагүй буюу тухайн маргаантай асуудал шүүхэд хянагдаж байгаа талаар гуравдагч этгээдэд шүүхээс мэдэгдэх нь талуудын зарчимд харшлахгүй юм.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02084 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                  ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

         Э.ЗОЛЗАЯА