Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/01982

 

 

 

 

 

 

 

      2021        10          25

                               181/ШШ2021/01982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, “ХХБ” ХХК /Регистрийн дугаар: 2635534/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 67.954.545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 1997 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөж, тухайн жилдээ ХХБ-нд ажилд орж, тасралтгүй 24 жил, 11 сар ажиллахдаа Эдийн засагч, Нягтлан бодогч, Ахлах нягтлан бодогч, Менежер, Эрсдлийн шинжээч, хэлтэс газрын захирал, Гүйцэтгэх захирлын орлогч зэрэг ажил албан тушаалд ажиллаж байсан.

Миний бие 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Улмаар “ХХБ” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19/001-ГУ дугаартай контракт байгуулан, 1 жилийн хугацаатай гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр банкны зүгээс гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан шинээр контракт байгуулан надад танилцуулан гарын үсэг зуруулж авч явсан боловч тухайн гэрээний 1 хувийг эргүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн болон 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдийн контрактын гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх захирлын орлогчийн ажил, албан тушаалын үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан.

Мөн ХХБны гүйцэтгэх захирлын орлогчийн ажил, албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, банкны дотоод журам, банктай байгуулсан контрактаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Б.Б намайг ХХБны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалт, ХХБны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.23 дахь заалт, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 19/001-ГУ тоот контрактын 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт зэрэг хууль бус үндэслэлээр контрактыг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Миний бие тус банкинд ажиллаж байх хугацаандаа Хөрөнгө зохицуулалт, Хөрөнгө зохицуулалтын арилжааны алба, Картын болон цахим бизнесс, салбарын удирдлага, иргэдийн бүтээгдэхүүн хөгжил, Маркетингийн чиглэлээр харилцах, хадгаламж, иргэдийн зээл, гадаад дотоод гуйвуулга, карт, интернэт банк, мобайл банкны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, бүтээгдэхүүний болон үйл ажиллагааны заавар журам боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний харилцагчидтай байгуулах гэрээ боловсруулах, харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг үнэн зөв, хугацаанд нь хүргэх, хамтран ажиллагч гадаад, дотоодын байгууллагуудтай харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах, ажилтнуудад шинэ ажилтны болон бүтээгдэхүүн үйлчилгээний сургалт хийх, харилцагчдад мэдээлэл хүргэх сургалт, танилцуулга хийж, үүний зэрэгцээ шинэ газар хэлтэс байгуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, шинэ бүтээгдэхүүн, программ хангамж нэвтрүүлэх олон ажлын хэсэгт орж амжилттай ажилласны үр дүнд банкныхаа ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, үнэн шударгаар ажиллаж ирсэн. Мөн миний бие ХХБинд ажиллах хугацаандаа Зээлийн дэд хорооны дарга, Бүтээгдэхүүн хөгжлийн хорооны гишүүн, Актив, пассивын хорооны гишүүн, Зээлийн хорооны гишүүнээр давхар ажиллаж, банкны ашигт ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэн. Мөн гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа шууд харъяалах 4 газар, 6 хэлтэс, банкны 94 салбарын 1200 гаруй ажилтнуудыг удирдан ажиллаж байсан.

Дээр дурдсан ажил, үүргийг гүйцэтгэсний үр дүн нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 65 салбар нэгжээр 132 тэрбум төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 95 салбар нэгжээр 139.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд сегментийн харилцагчид 740.4 мянгад хүрч, цэвэр ашиг 40.3 тэрбум төгрөгт хүрсэнд миний хувь нэмэр их байгаа гэж үзэж байна.

Надтай байгуулсан  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/001-ГУ тоот контракт, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан контрактуудыг цуцалж буй үндэслэлүүд хууль зүйн үндэслэлгүй бөгөөд контрактыг цуцлах хууль болон гэрээнд тухайлан заасан нөхцөл үүсээгүй байхад цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ХХБны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Эрдэнэбилэг өрөөндөө дуудан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, ажлаа хүлээлгэж өг гэх ойлгомжгүй зүйлийг хэлсэн төдийгүй контрактыг цуцлах, ажлаас чөлөөлөх тогтоолыг албан ёсоор мэдэгдээгүй, гардуулаагүй атлаа гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э- ээр ахлуулсан ажлын хэсэг 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, гүйцэтгэж байсан ажил үүргийг хүлээлгэж өгөхийг хууль бусаар шаардсан. Энэхүү хууль бус үйлдэл, шахалт шаардлагын дагуу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үүрэг ажлаа бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд банкны зүгээс ажлаас чөлөөлөх тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр надад гаргуулж өгсөн.

Б.Б надтай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр контрактыг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хууль болон гэрээнд заасан контрактыг цуцлах үндэслэл бий болоогүй, гэрээг албан ёсоор дүгнэж дуусгавар болгоогүй тул хуульд зааснаар гэрээг мөн хугацаагаар сунгасан гэж ойлгосон. Иймд гэрээний хугацаа дуусгавар болоогүй, мөн контрактыг цуцлах талаар огт мэдэгдэл өгөөгүй атлаа шууд цуцалж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Уг тушаалыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр надад гардуулсан тул хуульд заасан хугацаандаа шүүхэд гомдлоо гаргасан болно.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 67.954.545 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХХБ ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:

Нэг. ХХБны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаартай тогтоол холбогдох хууль тогтоомжид нийцсэн болно. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалтад “контрактад заасан үндэслэл бий болсон” гэж, нэхэмжлэгч Б.Бтай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/001-ГУ тоот контрактийн 4.1 дэх хэсэгт “Энэхүү контракт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гээд, 9 дүгээр зүйлд Контрактыг дуусгавар болгох, цуцлах тухай үндэслэлийг дурдсан байдаг.   Дээрхийг дүгнэж үзвэл, Б.Бтай байгуулсан контрактын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон. Түүнтэй байгуулсан гэрээг сунгаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан “анх байгуулсан нөхцлөөр гэрээг сунгагдсан тооцох” хуулийн зохицуулалт контрактын гэрээнд хамааралгүй болно.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Контрактын гэрээнд 2020 оны 7 дугаар сарын 01-нд өөрчлөлт оруулахдаа хугацааг сунгаагүй, зөвхөн хөлсийг өөрчилсөн. Иймд гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно. 

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ХХБны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Эрдэнэбилэг өрөөндөө дуудан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн” хэмээн дурдсанаас үзвэл ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан, мэдсэн нь тодорхой байна. Мөн хэрэгт авагдсан ажил хүлээлцсэн актад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэж нэхэмжлэгч гарын үсэг зурсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсгийг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б “ХХБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 67.954.545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Б “ХХБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тус банкны гүйцэтгэх захирлын орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоолоор мөн өдрөөс Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон, улмаар талууд мөн өдрөө 19/001-ГУ тоот Контрактын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан болох нь хэрэгт авагдсан түүний нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэл,  гэрээ, тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх 5-10, 64, 65/

Тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.7-д болон ХХБны дүрмийн 8.11.23, Контрактын гэрээний 9.1.2-т заасныг баримтлан “гэрээний хугацаа дууссан” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хх 14/ Хариуцагч тогтоолын үндэслэлийг “гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон” гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Контрактын гэрээний 4.1-д “гэрээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаатай” гэж, гэрээний 4.2-т “контрактын хугацаа дуусмагц контрактын 11 дүгээр зүйлд заасны дагуу дүгнэж цаашид сунгах эсэхийг Төлөөлөн удирдах зөвлөл шийднэ” гэж, гэрээний 11.1-д “контрактын үр дүнг тухайн санхүүгийн жил дуусч санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулснаас хойш дүгнэнэ. Шаардлагатай гэж үзвэл Төлөөлөн удирдах зөвлөл хугацаа харгалзахгүй дүгнэж болно” гэж, гэрээний 11.3-т “контрактыг дүгнэсний үндсэн дээр ... сунгаж, байгуулах, шинэ нөхцөл, нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр гэрээний бүтцийг өөрчлөх, нэмэлт гэрээ байгуулах эсвэл дуусгавар болгож цуцлах асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, үндсэн цалингийн хэмжээ нэг сард 10.000.000 төгрөг байсныг 20.000.000 төгрөг болгон контрактад нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний хугацааны талаар тусгагдаагүй байна. /хх 63/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заажээ. Нэхэмжлэгчтэй анх контрактын гэрээг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар байгуулсан, үүнээс хойш нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэсээр байсан байх тул мөн хугацаагаар буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээг сунгагдсанд тооцно. Хариуцагч хуулийн дээрх зохицуулалт контрактын гэрээнд хамаарахгүй, харин хөдөлмөрийн гэрээнд хамааралтай гэж тайлбарлах боловч энэ тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тохиролцсон нь контрактын гэрээний 4.2, 11.3-т зааснаар нэхэмжлэгчийн ажлыг дүгнэх замаар цалин хөлсийг нэмэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээг сунгасан гэдгийг нотолж байна.

Иймд ажил олгогч хугацаа дуусгавар болоогүй байхад 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “гэрээний хугацаа дууссан” үндэслэлээр цуцалсан явдал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул дээрх 70 дугаар тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад контрактын хугацаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон тул шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж дүгнэв. Иймд энэ хугацаанаас өмнөх  хугацааны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг тооцон олгох нь зүйтэй.

Нөхөх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцоход тогтоол гарсан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдрийг хасвал ажлын 62 хоног, нэг өдрийн дундаж цалин 842.847 төгрөг /нэг сард 18.121.212/ байх тул олговорт нийт 52.256.514 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл эдлэхгүй атлаа эдэлсэн, эрхгүй этгээд тогтоол гаргасан гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан тус байгууллагын дүрмийн 8.11.3-т “Банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл” эдлэхээр, 9.10.6-д  “ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг Гүйцэтгэх захирал” эдлэхээр тус тус заасан ч Гүйцэтгэх захирлын орлогчийн хувьд энэ эрхийг хэн эдлэх талаар тухайлан зохицуулаагүй байна. Гэхдээ мөн дүрмийн 9.13, хавсралт Б-ийн 1.4-т нэрлэн зааснаар нэхэмжлэгч банкны эрх бүхий албан тушаалтанд хамаарч байх бөгөөд дүрмийн 9.16-д “эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, хэмжээг тогтоох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, журмаар зохицуулна” гэж зааснаас үзвэл байгууллага өөрийн дотоод зохион байгуулалтын хүрээнд Гүйцэтгэх захирлын орлогчийг томилох, чөлөөлөх, гэрээ байгуулах асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж байгаа явдлыг шүүх буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн буюу ажлаас чөлөөлснийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөө мэдсэн, 7 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцсэн баримтад гарын үсэг зурсан хэмээн хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан. Захиргаа ажилтанд ажлаас чөлөөлсөн тогтоолыг гардуулах үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгчид тогтоолыг гардуулсан талаарх баримт авагдаагүй, түүнчлэн ажил хүлээлцсэн баримтад хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 27-нд тойрох хуудас дууссан гэж тэмдэглэгдсэн тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй. /хх 12-13, 77-78/

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “ХХБ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 52.256.514 /тавин хоёр сая хоёр зуун тавин зургаан мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15.698.031 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 419.233 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ