Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00305

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00305

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01982 дугаар шийдвэртэй

Б.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 67,954,545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Т.Б, Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Б 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд ажилласан. Улмаар Х ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19/001-ГУ дугаартай контракт байгуулан, 1 жилийн хугацаатай гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр банкны зүгээс гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан шинээр контракт байгуулан надад танилцуулан гарын үсэг зуруулж авч явсан боловч тухайн гэрээний 1 хувийг эргүүлж өгөөгүй. Мөн Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн ажил, албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, банкны дотоод журам, банктай байгуулсан контрактаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Б.Б намайг Хны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалт, Хны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.23 дахь заалт, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 19/001-ГУ тоот контрактын 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт зэрэг хууль бус үндэслэлээр контрактыг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Мөн би Х ХХК-д ажиллах хугацаандаа зээлийн дэд хорооны дарга, бүтээгдэхүүн хөгжлийн хорооны гишүүн, актив, пассивын хорооны гишүүн, зээлийн хорооны гишүүнээр давхар ажиллаж, банкны ашигт ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэн. Мөн гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа шууд харъяалах 4 газар, 6 хэлтэс, банкны 94 салбарын 1200 гаруй ажилтнуудыг удирдан ажиллаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Эрдэнэбилэг өрөөндөө дуудан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, ажлаа хүлээлгэж өг гэх ойлгомжгүй зүйлийг хэлсэн төдийгүй контрактыг цуцлах, ажлаас чөлөөлөх тогтоолыг албан ёсоор мэдэгдээгүй, гардуулаагүй атлаа гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Энхмэндээр ахлуулсан ажлын хэсэг 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, гүйцэтгэж байсан ажил үүргийг хүлээлгэж өгөхийг хууль бусаар шаардсан. Энэхүү хууль бус үйлдэл, шахалт шаардлагын дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үүрэг ажлаа бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд банкны зүгээс ажлаас чөлөөлөх тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр надад гаргуулж өгсөн. Б.Б надтай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр контрактыг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хууль болон гэрээнд заасан контрактыг цуцлах үндэслэл бий болоогүй, гэрээг албан ёсоор дүгнэж дуусгавар болгоогүй тул хуульд зааснаар гэрээг мөн хугацаагаар сунгасан гэж ойлгосон. Иймд гэрээний хугацаа дуусгавар болоогүй, мөн контрактыг цуцлах талаар огт мэдэгдэл өгөөгүй атлаа шууд цуцалж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Уг тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр надад гардуулсан тул хуульд заасан хугацаандаа шүүхэд гомдлоо гаргасан болно. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 67,954,545 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Т.Б нарын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаартай тогтоол холбогдох хууль тогтоомжид нийцсэн болно. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалтад контрактад заасан үндэслэл бий болсон гэж, нэхэмжлэгч Б.Бтай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/001-ГУ тоот контрактийн 4.1 дэх хэсэгт Энэхүү контракт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гээд, 9 дүгээр зүйлд Контрактыг дуусгавар болгох, цуцлах тухай үндэслэлийг дурдсан байдаг. Дээрхийг дүгнэж үзвэл, Б.Бтай байгуулсан контрактын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон. Түүнтэй байгуулсан гэрээг сунгаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан анх байгуулсан нөхцлөөр гэрээг сунгагдсан тооцох хуулийн зохицуулалт контрактын гэрээнд хамааралгүй болно. Нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээнд 2020 оны 07 дугаар сарын 01-нд өөрчлөлт оруулахдаа хугацааг сунгаагүй, зөвхөн хөлсийг өөрчилсөн. Иймд гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Эрдэнэбилэг өрөөндөө дуудан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн хэмээн дурдсанаас үзвэл ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан, мэдсэн нь тодорхой байна. Мөн хэрэгт авагдсан ажил хүлээлцсэн актад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэж нэхэмжлэгч гарын үсэг зурсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсгийг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 52,256,514 /тавин хоёр сая хоёр зуун тавин зургаан мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15,698,031 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 419,233 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгч Б.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/001-ГУ дугаар Контрактын 4 дүгээр зүйлийн 4.2, 11 дүгээр зүйлийн 11.3, Хөдөлмөрийн тухай хуульд 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан заалтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулсан контрактыг цаашид үргэлжлүүлэн сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл бүр дуусгавар болгох эсэх асуудлыг хариуцагч байгууллагын ТУЗ нь контрактыг дүгнэсний үндсэн дээр шийдвэрлэх асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүх контрактын дуусах хугацаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл ойлголт бөгөөд контрактыг хэрхэн дүгнэснээс шалтгаалан гэрээний хугацаа дуусгавар болох асуудал шийдвэрлэгдэх буюу контрактын хугацааг сунгах ч нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй тул шүүх энэ талаар дүгнэх боломжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх Хны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар тогтоолыг үндэслэл муутай гэж үзсэнээр Б.Б намайг ажлаас чөлөөлсөн тогтоол хүчингүй гэж үзэж байгаа бөгөөд хэрэв контрактын гэрээ дуусгавар болсноор ажилд эргүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байгаа бол хариуцагч байгууллагын ТУЗ-ын контрактыг дүгнэсэн дүгнэлт, ажлаас чөлөөлсөн үндэслэл бүхий тогтоол дахин гарч байж Б.Б миний бие ажлаас албан ёсоор хуулийн дагуу чөлөөлөгдлөө гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Т.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:... Нэхэмжлэгч тал өөрийн гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Эрдэнэбилэг өрөөндөө дуудан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, ажлаа хүлээлгэж өг гэх ойлгомжгүй зүйлийг хэлсэн... гэх агуулгыг дурдсан байгаагаас үзвэл ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн, хүлээн авсан болох нь тодорхой байна. Түүнчлэн, нэхэмжлэгч болох Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болох нь түүний гарын үсэг бүхий ажил хүлээлцэх актаар нотлогдоно. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг 6 хоногоор хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Б.Бтай байгуулсан контрактын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болж, улмаар контрактын хугацаа дуусгавар болсон үндэслэлээр түүнтэй байгуулсан контрактын харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөний дараагаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Богд банкны гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон болох нь Богд банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б21/197 тоот тушаал, Б.Бтай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21/44 тоот Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Б.Б нь өөр байгууллагад ажиллаж байсан байх тул шүүхээс нэхэмжлэгчийг өмнөх ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж хэрвээ үзэж байгаа бол түүний олговрыг бодохдоо цалингийн зөрүүгээр тооцоолох ёстой. Тодруулбал, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн хооронд бодогдох цалин нь Х болон Богд банкны цалингийн зөрүүгээр тооцоолно. Богд банк болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21/44 тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Ажилтны үндсэн цалин нь нэг сарын 10 000 000 төгрөг байх ба зохих журмын дагуу сард 2 удаа олгогдоно гэж, Б.Бгийн тус банктай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 19/001-ГУ дугаартай Контракт, 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 19/001-ГУ дугаартай Контрактын нэмэлтийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ажилтны 1 сарын үндсэн цалин нъ 20 000 000 төгрөг байхаар тохиролцов. гэж тус тус заажээ. Дээрхээс дүгнэж үзвэл, шүүхээс тухайн ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж хэрвээ үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Бгийн олговрыг тооцохдоо 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 20 000 000 төгрөгөөр, 2021 оны 0 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд цалингийн зөрүү буюу 10 сая төгрөгөөр бодохоор байсан. Гэхдээ тус банкны зүгээс Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Б.Бгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК-ийн ТУЗ-ийн даргатай уулзахад ямар нэгэн тогтоол танилцуулаагүй. Уг тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бодитоор хүлээж авсан. Тус банкны ТУЗ-ийн ажлын албаны хуульч н.Оюуцэцэн гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн баримт надад байгаа. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хэлж буй тогтоолын авч танилцаад гэж хэлж буй нь худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн ТУЗ-ийн дарга ажлаас бүрэн чөлөөлөгдөж байгаа талаар огт хэлээгүй. Өөр ажил санал болгож, томилох талаар ярилцсан. Санал болгосон ажлын байранд ажиллахыг мөн адил санал болгосон. Ийм л уулзалт болсон тул гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие хуулийн хугацаанд холбогдох гомдлоо гаргасан. Түүнчлэн, цалингийн тооцооллыг буруу бодсон гэж хэлж байсан. Миний хувьд өөр байгууллагад түр хугацаагаар ажиллаж байсан минь үнэн бөгөөд би 2 хүүхэдтэй, өвчтэй ээжийгээ асарч байсан тул ажил хийх шаардлагатай байсан тул өөрийн эзэмшсэн мэргэжил болох банкны эдийн засагчийн хүрээнд Банкны тухай хуулийн дагуу Богд банкны IPO гаргах ажлын хэсэгт түр хугацаагаар гэрээ байгуулж ажилласан. Уг ажлын үүрэг биелэгдсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол болон тайлбарыг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө сайн мэдэхгүй зүйлээ хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлд холбогдуулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Би ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд миний ажил үүргийг дүгнээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Т.Б нар нэхэмжлэгч Б.Бгийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ...Х ХХК нь нэхэмжлэгч Б.Бтай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр контрактыг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус контрактын хугацаа дуусгавар болсон. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр банкны ТУЗ-өөс контрактын хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, тогтоол гаргасан. Нэхэмжлэгч нь тус өдөр ТУЗ-ийн тогтоолтой танилцаж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд ажил хүлээлцсэн актыг хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ТУЗ-ийн дарга өрөөндөө дуудаж, контрактын харилцааг дуусгавар болгож, цаашид ажиллуулах боломжгүй гэдгийг танилцуулсан... гэж дурдсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь контрактын хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг тухайн өдөр мэдсэн тул тогтоолд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр гомдол гаргах хугацаа дууссан байхад нэхэмжлэгч нь мөн оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 67,954,545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Х ХХК нь Б.Бтай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19/001-ГУ дугаар контрактын гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд томилсон, /хх.5-9/ мөн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр КН-20/001 дугаар контрактын нэмэлт гэрээгээр Б.Бгийн үндсэн цалинг 20,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна. /хх.63/

 

Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар тогтоолоор тус банкны иргэдийн банк хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Б.Бтай байгуулсан контрактын гэрээгээ цуцалахдаа Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.7-д болон Хны дүрмийн 8.11.23, Контрактын гэрээний 9.1.2-т заасныг баримталжээ. /хх.14/

4. Ажил олгогч буюу хариуцагч нь зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Контрактын гэрээндээ өөрчлөлт оруулсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээний хугацааг тооцож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т Хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд дуусгавар болно гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл байна. Иймд ажил олгогчийн ажилтантай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх боловч талууд гэрээг дуусгавар болгоогүй үргэлжилсэн байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэгний санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй бол анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцохоор заасан. Иймд ажилтан Б.Бтай байгуулсан хугацаатай гэрээг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох байжээ.

Иймд анхан шатны шүүх Х ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Ажлаас чөлөөлөх тухай 70 дугаар тогтоол хуульд нийцээгүй талаар хийсэн дүгнэлт зөв болно.

5. Талууд гэрээний хугацаа дууссан эсэх талаар эрх зүйн маргаан үүсгэж, харин дээрх гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Цаашид гэрээг сунгах талаар гэрээний нэг тал болох ажил олгогч эсрэг байр суурьтай байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж дүгнэж, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6. Нэхэмжлэгч Б.Бгийн ...шүүх контрактын гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоогох шаардлагын талаар буруу дүгнэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

7. Нэхэмжлэгч Б.Б 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцүүлсэн актад /хх.77/ гарын үсэг зурсан байгаа боловч хэргийн 12-13 дугаар талд авагдсан тойрох хуудаст 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэж тэмдэглэгдсэн байх тул нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

8. Хариуцагч байгууллага ....Б.Б нь өөр байгууллагад ажиллаж байсан байх тул түүний олговрыг бодохдоо цалингийн зөрүүгээр тооцоолох ёстой гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Ажилтан ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн хугацаандаа өөр ажил, хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан нь ажил олгогч хууль зөрчиж чөлөөлсний үр дагаврыг арилгаж ажилтанд олговор олгох тухай хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хариуцагч Х ХХК-иас нэхэмжлэгч Б.Бд 52,256,514 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15,698,031 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх зөв тооцож, ажил олгогчоос 52,256,514 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь заалттай нийцжээ.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 419,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.ИЧИНХОРЛОО