Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/00684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ТОСК” ТӨХХК-д холбогдох,

 

“Ажлаас үндэслэлгүй буруу халсан болохыг тогтоож, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ж.С, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.А би, ТОСК төрийн өмчит үйлдвэрийн газар ТӨХХК-т Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг борлуулалтын мэргэжилтэнгээр ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие анх 2007 оны 01 дүгээр сард Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүртэл тухайн байгууллагад мэргэжилтнээр 14 жил тасралтгүй, хариуцсан ажилдаа ямарваа нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй, мөн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ирсэн.

Гэтэл намайг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 тоот тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт”-аар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүрэн хариуцах тухай гэрээ хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийж, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил”-ийг гаргасан хэмээн үзэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Гүйцэтгэх захирлын тус ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ажлаас буруу халсан гэж үзэж байна. Үүнд:

1. Ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, “Төрийн орон сууц корпораци” ТӨХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 1.3.4, 11.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.12, 10.3 дахь хэсгийг тус тус үндэслэж, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт”-аар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүрэн хариуцах тухай гэрээ хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн” нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил” гэж үзсэн. Уг зөрчлийн улмаас компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар үйлдэл хийсэн, мөн ажил олгогч болон түүний эрх бүхий апбан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулж, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзжээ.

Тушаалд дурдсан “ноцтой зөрчил”-д тооцсон зөрчил нь “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт” гэх баримт бөгөөд миний бие тус Буянт-Ухаа 1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг байгууллагыг төлөөлж, тухайн үйл ажиллагааг хүлээн аваагүй, зөвхөн тоолуурын заалтыг тэмдэглэн баталгаажуулж авсан төдий үйлдэл болсон ба энэ үйлдлийг орон сууц ашиглалтын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Б.Бийн удирдлага дор гүйцэтгэсэн болно. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр 6 ширхэг цахилгааны тоолуурын заалтыг баталгаажуулж тэмдэглэх ажиллагаа хийгдсэн болохоос бус актаар 708-728 байруудын доорх нэгдсэн дулаан зогсоол, түүний ашиглалт, засвар үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбооны эд хөрөнгө, компанийн сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний дагуу төрийн өмчийн авто зогсоол түүний ашиглалтын зардалтай холбоотойгоор сууц өмчлөгчдийн холбоотой тооцоо нийлсэн эсэх баримт зэргийг хүлээн аваагүй болох акт гэх баримтаар болон актад Хавсаргасан тоолуурын заалтын бичилт зэргээс тодорхой харагддаг.

Борлуулалтын мэргэжилтэн албан тушаал нь Орон сууц ашиглалтын хэлтэст харьяалагдах ба тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаар шууд харьяалан удирдах албан тушаал нь хэлтсийн дарга, түүний өмнө хариуцлага хүлээхээр заасан айна. Тиймээс, хэлтсийн даргыг орлон гүйцэтгэж байгаа ахлах мэргэжилтэн нь байгууллагыг орлох эрх бүхий субъект учраас компанийн удирдлагын зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн тус акт гэх баримт нь талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл биш тул тушаалын үндэслэлд дурдсан гэрээ, хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэх нь хууль бус байна.

Тушаалын үндэслэлд дурдсан компанийн удирдлагын зөвшөөрөлгүй хийсэн гэрээ, хэлцэл буюу “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт”-аар А, В, С блокийн доорх авто зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг шилжүүлэн авсан гэж үзвэл төрийн өмчийн хэчнээн тооны авто зогсоолыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулахаар шилжүүлсэн авто зогсоолын тоо, үүнээс хэдийг нь ашиглаж, хэдэн авто зогсоолын төлбөрийг авч сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд шилжүүлсэн, ашиглалтын зардалд тооцсон авто зогсоол түрээслүүлэх гэрээний дагуу компанид төлөх төлбөрийн үлдэгдэл, тооцоо, мөн сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт, засвар үйлчилгээг шилжүүлсэнтэй холбоотой холбогдох эд хөрөнгийн жагсаалт зэрэг баримт байхгүй болно.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугар сарын 18-ны өдрийн “Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаарх арга хэмжээний тухай” 50 дугаар тогтоолын 1-р Хавсралтаар баталсан “Түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт”-ын дагуу “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой ашиглалт, засвар үйлчилгээг хүлээн аваагүй, түрээсэлсэн эд хөрөнгө бүрийг фото зураг авагдаагүй болно.

Уг тогтоолын Хавсралтаар баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар”-ын 1 дүгээр зүйлд гэрээний хугацаа дууссан бол сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэх, гэрээний хугацаа дуусгавар болоход түрээслүүлэгч, түрээслэгч нар гэрээний үүргийн биелэлтийг хамтран дүгнэж, акт үйлдэх, 2 дугаар зүйлийн 2.2-т “Түрээслүүлэгч болон түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийн өнгө үзэмж, чанар байдлыг нэг бүрчлэн шалгаж, түрээслүүлсэн хөрөнгийн схем, заагийг тогтоон фото зургаар баталгаажуулан 3 хувь акт үйлдэж, хүлээлцэнэ. Түрээсэлсэн эд хөрөнгийг хүлээлцсэн акт нь энэхүү түрээсийн гэрээний 1 дүгээр Хавсралт болно” гэж зааснаар Түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцэх актыг баримтлахаар заасан байна.

Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 12-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна 13-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно”. 18-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, түрээслэгч төрийн өмчит хуулийн этгээд хяналт тавина”, 19-т Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж байх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу төрийн өмч хөрөнгийг түрээсэлсэн тохиолдолд эд хөрөнгийг хүлээлцэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан Түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварын дагуу “Түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт”, “Эд хөрөнгө хүлээлгэж өгсөн акт”-ын дагуу тус тус үйлдэхээр заажээ.

Тиймээс, акт гэх баримт нь түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварын дагуу үйлдэгдээгүй, шаардлага хангасан акт гэж үзэхгүй тул ахлах мэргэжилтэн Б.Б, мэргэжилтэн Ж.А нараас тухайн байгууллагыг төлөөлж “Буянт Ухаа 1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн авто зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээ, эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэхгүй юм.

Компанийн удирдлагын зүгээс Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан “Ашиглалтын зардалд тооцон авто зогсоол түрээслүүлэх гэрээ”-ний хугацаа 2019 оны 10-р сарын 15-ны өдөр дуусгавар болсон компаниас уг гэрээг сунгах боломжгүйгээ мэдэгдэж, гэрээг цуцлах саналыг гарган улмаар гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, сунгах, гэрээг цуцлах эсэх зэрэг асуудлыг шийдвэрлээгүй.

Тухайлбал: “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн 2020 оны 02-р сарын 07-ны өдрийн 1/119 тоот албан бичгээр Буянт Ухаа сууц өмчлөгчдийн холбоотой хамтран ажиллах боломжгүй гэдгээ, мөн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/1/718 тоот албан бичгээр хохирлыг барагдуулсан тохиолдолд дахин гэрээ байгуулж хамтран ажиллах боломжтой гэх зэргээр Буянт Ухаа 1 сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, сунгах, цуцлах эсэхээ шийдвэрлээгүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч өмч хөрөнгөнд хяналт тавих үүргийг төрийн өмнө хүлээх үүрэгтэй, шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн хөрөнгөнд тооллого явуулж, тооллогын болон эд хөрөнгө хүлээн авах комисс томилох ёстой байсан ба энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Гэтэл компанийн удирдлага хуульд заасан эдгээр чиг үүргээ биелүүлээгүй атлаа “акт” гэх баримтыг гэрээ, хэлцэл мэтээр дүгнэж, ажлаас чөлөөлсөн явдалд туйлын гомдолтой байна.

Буян-Ухаа 1 сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан Ашиглалтын зардалд тооцон, авто зогсоол түрээслүүлэх гэрээ”-г цуцлах, гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, сунгах эсэх зэрэг асуудлыг шийдвэрлээгүйн улмаас Буянт ухаа-1 сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Б нь төрийн өмч хөрөнгө авто зогсоолыг бусдад түрээслүүлж хувьдаа мөнгө завших нөхцөл, боломжийг бүрдүүлсэн. Мөн Ерөнхий захирал Ж.Х нь нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа атлаа Ж.А намайг ажлаас халсны дараа 2020 оны 9-р сарын 22-ны өдрийн 1/1013 тоот албан бичгээр манай өмчлөл бүхий авто зогсоолуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах талаар хүсэлт хүргүүлэн, өмнөх түрээсийн гэрээний асуудлаар тооцон нийлж, байгууллагаас авах авлагыг бууруулж 2.200.000 төгрөгөөр эвлэрсэн нь намайг ажлаас зорилготой байсан гэж үзнэ.

Мөн энэ үйлдлийн улмаас компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, компанийн ажил хэргийн нэр хүндийг унагасан, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөсөн гэж үзэх боломжгүй.

“ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар авто зогсоолын асуудлыг шалгах шалгалтын ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн дүгнэлт гаргасан байдаг. Энэхүү ажлын хэсэг нь байгууллагыг төлөөлөх эрх бүхий субъектээс зөвшөөрөл аваагүй, компанийн төлөөлөх эрх олгогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь холбогдох материал болон нөхцөл байдалтай сайтар танилцаагүй гэж үзэж байна.

Тиймээс, дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл:

1. акт гэх баримт нь байгууллага хооронд хийсэн гэрээ, хэлцэл биш;

2. компанийн хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэж байсан ахлах мэргэжилтний удирдлага дор гүйцэтгэх ажиллагаа хийсэн учраас компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр гэрээ, хэлцэл хийсэн гэж үзэхгүйд

3. акт гэх баримтыг гэрээ, хэлцэл гэж үзэх боломжгүй тул Ж.А миний акт гэх баримтад зурсан үйлдлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил” гэж үзэх үндэслэлгүй юм.

Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2050 тоот албан бичгээр нэгдсэн дулаан авто зогсоолыг 2020 оны 9-р сарын 15-ны өдрийн 10 цагт ирж авах тухай албан бичиг ирүүлсэн, мөн 2020 оны 9-р сарын 15-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны байцаагч утсаар ярьж уг ажлыг хүлээж ав гэсэн шаардлагыг тавьсны дагуу ахлах мэргэжилтэн Б.Б, мэргэжилтэн Ж.А нар очиж, А, В, С нэгдсэн зогсоолын доорх 6 ширхэг тоолуурын заалтыг тэмдэглэсэн үйлдэл бөгөөд тухайн акт гэх баримтад гарын үсэг зурахдаа актад бичигдсэн асуудлыг анхаарал болгоомжгүйгээр гарын үсэг зурсан буруутай үйлдэл боловч ажлаас халах хэмжээний, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил” биш гэж үзэж байна. Харин Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сануулах, цалинг 3 сар хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авч болох байсан гэж үзэж байна.

Иймд Ж.А намайг урьд өмнө “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн борлуулалтын мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү.” гэв.

 

            Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.А нь Орон сууц, ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа дараах зөрчлүүд гаргасан байна. Үүнд:

“Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооноос 2020.09.14-ний өдрөөр огноолсон 2050 тоот “2020.09.15-ны өдрийн 10 цагаас нэгдсэн дулаан зогсоолыг хүлээлцэх тухай” албан бичгийг тухайн өдрийн орой ажил тарснаас хойш манай байгууллагын харуул дээр үлдээсэн байсныг 2020.09.15-ны өдрийн өглөө бичиг хэргийн ажилтнаас карталж Гүйцэтгэх захирлын туслахад оруулж өгсөн байна. Улмаар 2020.09.15-ны өдрийн үдээс өмнө Гүйцэтгэх захирал болон Дэд захирал нар аль аль нь эзгүй байсан бөгөөд тухайн бичгийг цохолт хийж амжаагүй ба энэ хооронд А бичиг хэргийн ажилтнаар дамжуулан бичиг цохогдсон эсэхийг удаа дараа асуулгасан байдаг. Удалгүй цайны цагийн дараа Ж.А өөрөө орж ирэхээр нь Захирлын туслахын зүгээс захирлууд байхгүй цохох боломжгүй байна, танай хэлтсийн дарга Б.С байхгүй байгаа юм чинь Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Ит-аас асуугаад яах ёстойгоо шийд гээд тухайн албан бичгийг нь өгөөд явуулсан байдаг бөгөөд Ж.А нь удалгүй орж ирээд Б.И даргаас зөвшөөрөл авчихлаа гээд хэлээд гарсан байна. Гэтэл Б.И-ын зүгээс огт зөвшөөрөл өгөөгүй байсан бөгөөд Захирлын туслахад Ж.А нь худал хэлээд гарсан явдал болсон байна. Өөрөөр хэлбэл “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн “2020.09.15-ны өдрийн 10 цагаас нэгдсэн дулаан зогсоолыг хүлээлцэх тухай” албан бичгийг хэлтсийн дарга нь 2020.09.17-ны өдөр А-д цохсон байтал Ж.А-ын зүгээс худал ярин, 2020.09.15-ны өдөр тухайн асуудлаар “Буянт Ухаа-1” хороололд очин “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооноос “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцсэн байсан.

Гүйцэтгэх захирлаас тухайн асуудлаар компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байтал Орон сууц ашиглалтын хэлтсийн борлуулалт, ашиглалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б, маркетинг, борлуулалтын мэргэжилтэн Ж.А нар нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооноос Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК бүрэн хариуцахаар гарын үсэг зурж баталгаажуулан “Хүлээлцэх акт”-аар хүлээн авсан хэлцэл хийсэн байна.

Маркетинг, борлуулалтын мэргэжилтэн Ж.А нь анх Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж ажиллаач гэдэг саналыг “Яшилтын Өвөр” ХХК-д тавьсан тухай “Яшилтын Өвөр” ХХК-иас манай байгууллагад ирүүлсэн 2020.09.29-ний өдрийн 71 тоот албан бичигт дурдсан байна. Ж.А-оос тавьсан тус саналын дагуу /аман байдлаар тохирсон гэх/ “Яшилтын Өвөр” ХХК нь манай байгууллагатай болон “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах талаар хийсэн ямар нэг гэрээ хэлцэл байхгүй боловч “Яшилтын Өвөр” ХХК нь өнөөдрөөс эхэлж “Буянт Ухаа-Г хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж ажиллаж байгаа бөгөөд “худалдан борлуулагдаагүй байгаа 50 ширхэг авто зогсоолыг 120,000 төгрөгөөр түрээслүүлэх тул түрээслэх хүсэлтэй иргэд тус компанийн 88026226 утсаар холбогдоно уу”, мөн “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан таны гэрээ өнөөдрөөс эхэлж хүчингүй болсныг албан ёсоор анхааруулъя” гэх зэрэг мэдэгдэл, зарыг “Мэдэгдэх хуудас” болон “Буянт Ухаа-1 хорооллын Фейсбүүкийн пэйж хуудас”-аар “Буянт Ухаа-1” хорооллын оршин суугч иргэдэд түгээж “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн өмчлөлийн авто зогсоолыг шуүд дур мэдэн түрээслэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Улмаар “Яшилтын Өвөр” ХХК нь 23 ширхэг авто зогсоолыг сарын 120,000 төгрөгөөр иргэдэд түрээсэлсэн бөгөөд тус хууль бус үйл ажиллагаанаас болж одоогийн байдлаар 2,7 сая төгрөгийн төлбөрийг манай байгууллагаас дээрх иргэд буцаан нэхэмжилсэн нөхцөл байдал нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл болсон байна.

Ж.А-ын дээрх хууль бус үйлдэл нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/125 тоот тушаалаар батлагдсан “Буянт Ухаа-1” хорооллын авто зогсоолын асуудлыг шалгах ажлын хэсгээс гаргасан 2020.09.30-ны өдрийн “ДҮГНЭЛТ”-ээр тогтоогдсон байна.

Ж.А-ын дээрх хууль бүс үйлдэл нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020.04.29-ний өдрийн А/91 тушаалаар шинэчлэн баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлийн 10.3-т “Компанийн хэвийн уйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”, 11 дүгээр зүйлийн 11.3.4-т “Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн”. 11.3.5-д “Хөдөлмөрийн дотоод журам болон Компанийн дүрэм, журмын аливаа заалтыг зөрчсөн” гэснийг, түүнчлэн байгууллагаас Ж.Атой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2.2-т “..., эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил олгогчийн хариуцуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг шалтгааны улмаас ажил олгогчид 50,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол”. 10.2.5-д “Ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн уйл ажиллагаа явуулсан бол”, 10.2.12-д “Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн бол” гэж заасныг тус зөрчсөн нь “Хөдөлмөрийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.3-т “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу Ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, хөдөлмөрийн харилцааг шууд_зогсоох ноцтой зөрчил гэж тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн тул “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020.10.16-ны өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Иймд Ж.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй буруу халсан болохыг тогтоож, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.А нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаанд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 дугаартай тушаалаар Орон сууц, ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажлаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 дугаар тушаал, Ж.А-ын хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцлалын гэрээ, Ж.А-ын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.5, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.12, 10.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт”-аар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүрэн хариуцах тухай гэрээ хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийж, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан...” гэж нэхэмжлэгч Ж.А-ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Буянт-Ухаа 1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг байгууллагыг төлөөлж, тухайн үйл ажиллагааг хүлээн аваагүй, зөвхөн тоолуурын заалтыг тэмдэглэн баталгаажуулж авсан төдий үйлдэл болсон ба энэ үйлдлийг орон сууц ашиглалтын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Б.Бийн удирдлага дор гүйцэтгэсэн болно.

акт гэх баримт нь талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл биш тул тушаалын үндэслэлд дурдсан гэрээ, хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэх нь хууль бус байна.

ахлах мэргэжилтэн Б.Б, мэргэжилтэн Ж.А нар очиж, А, В, С нэгдсэн зогсоолын доорх 6 ширхэг тоолуурын заалтыг тэмдэглэсэн үйлдэл бөгөөд тухайн акт гэх баримтад гарын үсэг зурахдаа актад бичигдсэн асуудлыг анхаарал болгоомжгүйгээр гарын үсэг зурсан буруутай үйлдэл боловч ажлаас халах хэмжээний, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил” биш гэж үзэж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...

“Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн “2020.09.15-ны өдрийн 10 цагаас нэгдсэн дулаан зогсоолыг хүлээлцэх тухай” албан бичгийг хэлтсийн дарга нь 2020.09.17-ны өдөр Ариунболдод цохсон байтал Ж.Аын зүгээс худал ярин, 2020.09.15-ны өдөр тухайн асуудлаар “Буянт Ухаа-1” хороололд очин “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооноос “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцсэн байсан.

Гүйцэтгэх захирлаас тухайн асуудлаар компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байтал Орон сууц ашиглалтын хэлтсийн борлуулалт, ашиглалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б, маркетинг, борлуулалтын мэргэжилтэн Ж.А нар нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооноос Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК бүрэн хариуцахаар гарын үсэг зурж баталгаажуулан “Хүлээлцэх акт”-аар хүлээн авсан хэлцэл хийсэн байна.

“Яшилтын Өвөр” ХХК нь 23 ширхэг авто зогсоолыг сарын 120,000 төгрөгөөр иргэдэд түрээсэлсэн бөгөөд тус хууль бус үйл ажиллагаанаас болж одоогийн байдлаар 2,7 сая төгрөгийн төлбөрийг манай байгууллагаас дээрх иргэд буцаан нэхэмжилсэн нөхцөл байдал нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл болсон байна.

Ж.А-ын дээрх хууль бус үйлдэл нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/125 тоот тушаалаар батлагдсан “Буянт Ухаа-1” хорооллын авто зогсоолын асуудлыг шалгах ажлын хэсгээс гаргасан 2020.09.30-ны өдрийн “ДҮГНЭЛТ”-ээр тогтоогдсон байна...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.А нь ажлаас чөлөөлсөн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 дугаар тушаалд гомдлоо 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

 

Түүнчлэн, ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой.

 

Нэхэмжлэгч Ж.А-ын хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж буруутгасан зөрчлүүдийг авч үзвэл:

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.5-д Ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бол,

 

10.2.12-т Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн бол ноцтой зөрчилд тооцох, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлүүдийг тус тус тохиролцжээ.

 

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Ж.А-ыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоотой “Буян Ухаа-1” хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт”-аар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүрэн хариуцах тухай гэрээ хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн актаар Буянт-Ухаа 1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн ашиглалт, засвар үйлчилгээг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ бүрэн хариуцуулахаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хүлээлгэж өгөхийн тулд харилцан зөвшилцөж, зөвшөөрсөн баримтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийг төлөөлж Б.Б, Ж.А нар гарын үсэг зурсан байна.

 

Ж.Аын ажлын байрны тодорхойлолтоор шууд харьяалан удирдах албан тушаалтан Орон сууц ашиглалтын хэлтсийн дарга байх бөгөөд уг хэлтсийн дарга Б.С-ийн ажил үүргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ахлах мэргэжилтэн Б.Б орлон гүйцэтгэж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй.

 

            Гэрээ хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.И нь Б.Б, Ж.А нарт зөвшөөрөл өгөөгүй талаар “Төрийн орон сууц корпораци” ТӨХХК-ийн шуурхай хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж хариуцагч тал тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар Орон сууц ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б, мэргэжилтэн Ж.А нарт “Буянт-Ухаа-1” хороололын авто зогсоол хүлээлцэх талаар Гэрээ хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.И-аас зөвшөөрөл олгосон баримтаар үгүйсгэгдэж байна. 

 

            Ажил олгогч “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/986 дугаар албан бичгээр төлбөрийн тайлан тооцоог үндэслэн акт үйлдэж хүлээж авах талаар дурдсан байх бөгөөд “Буянт Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2050 дугаар албан бичгээр дээрх тооцоог хүргүүлэн, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зогсоолыг хүлээж авахыг хүссэн байна.

 

            Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.А-ыг гэрээ, хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн буюу хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5-т заасан ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил  гаргасан гэх  байдал үгүйсгэгдэж байна.

 

            Түүнчлэн, ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.12-т заасан “компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн” гэх заалтыг баримталсан боловч Ж.А-ын ажлаас чөлөөлсөн тушаалд  хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчлийг гаргасан үндэслэлийг тодорхойлон заагаагүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, байгууллагын нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн талаар ажлаас чөлөөлсөн тушаалдаа үндэслэлийг заагаагүй байна.

 

Иймд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХКК-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар Ж.Аыг Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Ж.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Ж.А-ыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 7,347,984 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Ж.А-ын ажиллаж байсан нэг өдрийн дундаж цалин хөлс нь 64,456 төгрөг болох нь хэрэгт авагдсан Ж.А-ын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Ж.А-ын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн гурван сар буюу 2020 оны 8, 9, 10 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Ж.А-ын ажилгүй байсан ажлын 114 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7,347,984 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-од олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу “Төрийн орон сууц корпораци” ТӨХХК-д нэхэмжлэгч Ж.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+ 132,517 төгрөг/ нийт 202,717 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А-ыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

           

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7,347,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-од олгосугай.

 

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.А-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д даалгасугай.

 

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 202,717 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС