Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/00685

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох, 

 

“Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар шийдвэрээр Ө.Б, Ө.Э, Т.Ө, Ж.Б нараас 250,969,075 төгрөгийг гаргуулан “Доог Алт” ХХК-д олгохоор шийдвэр гарсан байдаг.

Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа боловч энэ хийгдэж байгаа ажиллагаа нь алхам тутамдаа процессын алдаа гаргасан, хууль зөрчсөн, хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо. Үүнд:

1-рт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар ... “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдаа болох талаар төлбөр төлөгчид албан бичгээр болон шуудангаар мэдэгдээгүй, ямарч албан бичиг, тогтоол, тоот хүргүүлээгүй байж албадан дуудлага худалдаанд оруулсан нь байж боломгүй үйлдэл юм.

2-рт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д ... “Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулна” 41.3-т хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулах бөгөөд эрх, үүргийг нь тайлбарлана, 54 дүгээр зүйлийн 54.4-т “хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг байлцуулна” гэж тус тус заасан. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолд шийдвэр гүйцэтгэгч нь хөндлөнгийн гэрч аваагүйгээр барахгүй худлаа хүний нэр бичиж гарын үсэг зохиож зурсныг би өөрөө харж байсан тэр үед нь хэлэх гэсэн боловч намайг уурлаж загнаад дарамтлаад байсан тул би юм хэлж чадаагүй. Хуулийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага ингэж иргэдээ дарамтлан худлаа акт үйлдэж өөрсдөө гарын үсгийг зурж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.

3-рт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ... “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжилсэн, барьцаалсан, хураасан хөрөнгийг хурааснаас хойш 1 /нэг/ сарын дотор түүний чанар эрэлт элэгдлийг тооцон зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлгээ тогтооно” гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хураан авсан тогтоол гаргаж, 4 /дөрвөн/ сарын дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тогтоол гаргасан нь эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор үнэлгээг гаргуулах ёстой гэсэн заалтыг мөн л зөрчсөн, энэ тухай хэлэхэд үл тоосон бидэнд хамаагүй гэсэн.

НШШГГт гомдол гаргахад 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/89 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгч а/д Д.Ө нь “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-т заасны дагуу хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гаргаж болно” гэсэн миний гаргасан гомдолд ямарч хамааралгүй, утга авцалдаагүй хариу өгсөн. Би тогтоолоо аваад ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Ө дээр нь өөрийн биеэр орж уулзаж гомдлынхоо утга агуулгыг эвтэйхэн тайлбарлан ярьж, та гомдолд ямарч хамааралгүй шийдвэр гаргаж өгсөн байна, үүнийгээ засаад өгөөч ээ уг нь шүүхээс хуулийг ноцтойгоор зөрчсөн гээд байгаа 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдаа, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай тогтоол, 55.1 дэх заалтыг зөрчсөн хугацааг 4 сарын дараа хийсэн ажиллагаа зэрэг алдаатай хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудаа засаад, тогтоолуудаа хүчингүй болгоод өгөөч, шүүхээс тэгэх хуулийн заалт байдаг гээд хэлсэн гэхэд тэр дарга гээд байгаа хүүхэн нь аймар муухай орилоод намайг загнаад тэгээд тэр шүүхдээ л хандаач дээ, нэгэнт дуудлага худалдаа яваад өнгөрсөн одоо ямарч боломжгүй гэсэн.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид дахин гомдол гаргасан ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь үл тоож, гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн бас л ойлгомжгүй хэрэгт хамааралгүй хариу өгсөн.

Монгол улсын Үндсэн хуульд ...” Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, энэрэнгүй байх зарчмыг баримтлахаар хуульчилсан байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дандаа хууль бус үйлдэл гаргаж, хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Иймд хууль зөрчин, процессын алдаа гарган хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчин үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр ажиллагаануудыг бүхэлд нь хүчингүй болгож, үнэн зөвийг тунгаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн гол гурван шаардлага байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар анхны дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэсэн заалт байдаг. Ямар нэгэн байдлаар анхны дуудлага худалдаа болох талаар мэдээгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Шуудангаар болон утсаар мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцуулна гэсэн хуулийн заалт байна. Хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй буюу энэ зүйл заалтыг зөрчөөд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, худлаа гарын үсэг зохиож зурсан, би өөрөө харж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үнэлгээний тухай 207 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бага байна гэж гомдол гаргаад дээд шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Үнэлгээ дээр хэрэгсэхгүй болгоод нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Ямар үнэлгээ дээр гомдол гаргасан юм бэ гэхээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн тооцон зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлгээг тогтооно гэсэн заалтыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хураах тогтоол хийгээд 04 сарын дараа 2018 оны 09 дүгээр сарын 20-нд үнэлгээ тогтоосон. Тэр үеийн зах зээлийн эдийн засгийн үед дараагийн нөхцөл болоод үнэ ханш унах магадлал өндөр болсон. Үнэлгээний процессыг тогтоосон цаг хугацааны талаар гомдол гаргасан юм. Өмнөх шүүхээр үнэлгээ тогтоогоод ахин үнэлгээ орж ирж байна гэж тайлбар тавьж байна. Анх шүүх дээр ирээд буцахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр ахлах шийдвэр гүйцэтгэгч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр дамжиж орж ирэх ёстой байсан ч шууд шүүхэд ирсэн байна. Өмнө нь дээд шүүх хүртэл яваад үнэлгээний тухай асуудал шүүхээр шийдэгдсэн учраас ахин авч хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариу ирсэн” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дугаар шийдвэрээр Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нараас 250,000,000 төгрөгийг гаргуулж Доог алт ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нарын Доог алт ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж 10 дугаар байр 2 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 18300460/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулсан. Тохиролцсон хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх мэдэгдэл өгсөн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-иар тогтоолгоход /207,500,000/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч 2018 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 4/16994 дугаартай албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 145,250,000 /нэг зуун дөчин таван мянга хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/16994 дугаартай албан бичгээр мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Ж.Б гаргасан шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 903 дугаар магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн тогтоол гарснаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4-121/33950 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тогтоолын хамт төлбөр төлөгч Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нарын амьдардаг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж 10 дугаар байр 2 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ж.Бтай биечлэн уулзаж төлбөр төлөгч Т.Ө, Ө.Э, Ө.Б нар нь тус хаягт амьдарч байгаа гэсэн тайлбар өгснийг тэмдэглэлд тусгасан. 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 10 цаг 20 минутад 88055054 дугаарын утсаар холбогдож дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан талаар утсаар ярьж, 89086121 дугаараас зурвас илгээхэд Ж.Б мэдэгдлийг авсан талаар хариу зурвас ирүүлснийг цаасанд буулгаж, тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгө 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 зааснаар 50 хувь бууруулж 103,750,000 /нэг зуун гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгөөр оруулах болсон талаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/4 дугаартай тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Ж.Б нь ирж танилцаад Т.Ө, Ө.Э, Ө.Б нарт өөрийн биеэр тогтоолыг танилцуулахаар авч явсныг тэмдэглэлд тусган баталгаажуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 105,750,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нарт 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/38591 тоот мэдэгдлээр мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн байна.

Төлбөр төлөгч Ж.Б Т.Ө, Ө.Э, Ө.Б нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах бүрд албан бичгээр мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1. 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч үндсэндээ гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэдэг дээр дараах хариу тайлбарыг гаргаж байна. Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4/12233951 дугаар мэдэгдлийн хамт мөн өдөр Монгол шуудан компаниар хүргүүлсэн. Хүргүүлсэн тухайгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Бад мессежээр мэдэгдээд, дуудлага худалдаанд оролцох тогтоол, мэдэгдлийг хүргүүллээ, хүлээж авсан уу гэхэд хүлээж авлаа, сая уншлаа, дуудлага худалдаа болохыг мэдлээ гэсэн.  2020 оны 09 дүгээр сарын 21-ний баталгаат шуудангаар хүргүүлсэн өдрөө шийдвэр гүйцэтгэгч  хүргүүлсэн тухайгаа баталгаажуулж тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэл дээр баталгаат шуудангаар тогтоолыг мэдэгдлийн хамт хүргүүллээ, за ойлголоо материалыг авлаа удахгүй наад асуудлыг чинь шийднэ гэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байгаа. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. Боломжгүй тохиолдол гэдэг нь 09 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар явуулаад 26-ны өдөр төлбөр төлөгч рүү утсан холбоогоор мэдэгдэхэд хөдөө байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас биечлэн хүргэж өгөх боломжгүй байсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно. Тиймээс эхний гаргасан нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баталгаат шууданг хүргүүлсэн. Хүргүүлснээр хүлээж авсанд тооцно. Эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулна гэсэн оролцуулаагүй гэрчийг дуурайж ирсэн, гэрч байгаагүй гэдэг тайлбар нэхэмжлэлийн үндэслэлийг ярьж байна. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн эд хөрөнгө хураах тогтоол дээр эд хөрөнгийг хураагаад хөндлөнгийн гэрчээр н.Батболд, н.Төгстөгөлдөр гэх хоёр этгээдийг байлцуулаад энэ хоёр этгээдийн хаяг регистрийг тэмдэглээд, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Б, Т.Ө нарт тогтоолын хувийг үлдээгээд тэмдэглэлээр баталгаажуулсан. Хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэдэг нь шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлага оролцуулаагүй гэдэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн эд хөрөнгө хураах тогтоол дээр хоёр хөндлөнгийн гэрч оролцсон. Оролцсон тухайгаа хоёр гэрч гарын үсэг зурсан. Энэ тал дээр тэмдэглэл дээр баталгаажуулаад тухайн оролцсон хоёр хөндлөнгийн гэрчийн нэр, регистр, хаяг, тэмдэглэсэн байгаа шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулна гэхээр хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна гэв. Гуравдугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дүгээр зүйлд зааснаар үнэлгээ тогтоогүй гэдэг асуудал яригдсан. Хөрөнгийн үнэлгээний талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б өөрөө иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ шүүх хуралдаанаар юу яригдсан бэ гэхээр хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа буюу үнэлгээ мэдэгдсэн ажиллагаа хүртэл хуулийн хүчин төгөлдөр явсан байна гээд гурван шатны шүүх дүгнэсэн. Улсын дээд шүүхийн тогтоолын 4 дэх нүүрэн дээр барьцааны зүйл болох орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжлээд 05 дугаар сарын 30-ны өдөр хураасан ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан байна гэж дүгнэсэн учраас 55.1-ээр гарч байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дээрх тайлбарын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан гурван нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан “Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

1.2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар шүүгчийн захирамжаар “Доог-Алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нарт холбогдох, “Зээлийн гэрээний үүрэг болох 342,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид 250,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх” хуудасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18300460 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дүгээр захирамж, 233 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгч Ж.Б, Т.Ө, Ө.Э, Ө.Б нараас 250,000,000 төгрөг гаргуулах, төлбөр төлөөгүй тохиолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгджээ.

 

Төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Ж.Б, Т.Ө, Ө.Б, Ө.Э нарын өмчлөлийн, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол /15141/, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 2 тоот, 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 18300460/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан “Шүүхийн гүйцэтгэх” хуудас, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө хураах тогтоол болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулах ёстой байтал хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, худлаа хүний нэр бичиж гарын үсэг зохиож зурсан..” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...хөндлөнгийн гэрчээр н.Б, н.Т гэх хоёр этгээдийг байлцуулаад энэ хоёр этгээдийн хаяг регистрийг тэмдэглээд, Ж.Б, Т.Ө нарт тогтоолын хувийг үлдээгээд тэмдэглэлээр баталгаажуулсан...” гэж маргажээ.

 

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэр бүхий барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол үйлдэж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр төлөхийг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгч нар гарын үсэг зурсан байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдсэн хугацаанд төлбөр төлөөгүй үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хурааж, Эд хөрөнгийг хураасан тогтоол үйлдсэн байна.

 

Эд хөрөнгийг хураах ажиллагаанд төлбөр төлөгч Ж.Б, Т.Ө нар өөрийн биеэр оролцсон байх бөгөөд хөндлөнгийн гэрчээр Б.Б, Э.Т нарыг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан тогтоолд хөдлөнгийн гэрчийн хаяг, регистрийн дугаар болон гарын үсэг зургадсан байдлаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө хураах авах ажиллагаанд эд хөрөнгө эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах зохицуулалт байх бөгөөд дээрх ажиллагаанд эд хөрөнгө эзэмшигч буюу өмчлөгч Ж.Б, Т.Ө нар оролцсон хэдий ч хөндлөнгийн гэрчүүдийг мөн байлцуулсан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч Ж.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

 

Ж.Бын нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох, “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлээн болох нь хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2020/00342 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлагатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар үйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байх ба мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “...65.1.6-д заасан үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ө.Бын үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

3. Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдаа болох талаар төлбөр төлөгчид албан бичгээр болон шуудангаар мэдэгдээгүй, ямарч албан бичиг, тогтоол, тоот хүргүүлээгүй байж албадан дуудлага худалдаанд оруулсан...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4/12233951 дугаар мэдэгдлийн хамт мөн өдөр Монгол шуудан компаниар хүргүүлсэн.

Хүргүүлсэн тухайгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Бад мессежээр мэдэгдэхэд, дуудлага худалдаа болохыг мэдлээ гэсэн.  2020 оны 09 дүгээр сарын 21-ний баталгаат шуудангаар хүргүүлсэн өдрөө шийдвэр гүйцэтгэгч  хүргүүлсэн тухайгаа баталгаажуулж тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэл дээр баталгаат шуудангаар тогтоолыг мэдэгдлийн хамт хүргүүллээ, за ойлголоо материалыг авлаа удахгүй наад асуудлыг чинь шийднэ гэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баталгаат шууданг хүргүүлснээр хүлээж авсанд тооцно..” гэж маргажээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг тохиролцоогүйгээс шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 216 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцааны зүйл болох төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 207,500,000 төгрөгөөр тогтоосон байна.

НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн                                     Ү-2202017915 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол /15141/, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 2 тоот, 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/7 дугаар тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 145,250,000 төгрөгөөр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4-121/33950 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч Ө.Б, Т.Ө, Ж.Б, Ө.Э нарт хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т төлбөр төлөгч хөрөнгөө дээрх хугацаанд худалдан борлуулаагүй бол уг эд хөрөнгийг мөн хуулийн 63 дугаар зүйлд заасан журмын дагуу албадан худалдах ажиллагааг эхлүүлэхээр, 65 дугаар зүйлийн 65.1-д хэрэв төлбөрт хураагдсан эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа бол албадан дуудлага худалдааны хэлбэрийг баримтлахаар тус тус заажээ. Дуудлага худалдааг эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулах бөгөөд дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахаар дээрх хуулийн 68, 70 дугаар зүйлүүдэд тус тус зохицуулжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлэхээр заасан байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7 дугаар албадан дуудлага худалдаагч зохион байгуулах тухай тогтоолыг баталгаат шуудангаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 92 тоот хаягийн дагуу төлбөр төлөгч Т.Ө, Ж.Б, Ө.Э, Ө.Б нарт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Монгол шуудангийн дардсаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, төлбөр төлөгч Т.Ө, Ж.Б, Ө.Э, Ө.Б нарт мэдэгдлийг шуудангаар хүргүүлэх, утсаар холбогдох арга хэмжээг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохоос гадна нэхэмжлэгч Ө.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 92 тоот хаяг тодорхойлсон байх бөгөөд тэрээр тухайн хаягт оршин суудаггүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлаж, олон нийтэд мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасантай нийцэж байна.

 

Иймд анхны дуудлага худалдааг явуулах талаар төлбөр төлөгч Ө.Бд мэдэгдээгүй гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг явуулсан байх тул нэхэмжлэгч Ө.Бын анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, “Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ын “Үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар Ө.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС