Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01051

 

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01051

 

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 182Ш2021/00685 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00189 дугаар шийдвэрээр Ө.Б-, Ө.Энхжаргал, Т.Өлзийсайхан, Ж.Батханд нараас 250 969 075 төгрөгийг гаргуулан Доог Алт ХХК-д олгохоор шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа боловч энэ хийгдэж байгаа ажиллагаа нь алхам тутамдаа процессын алдаа гаргасан, хууль зөрчсөн, хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдаа болох талаар төлбөр төлөгчид албан бичгээр болон шуудангаар мэдэгдээгүй, ямар ч албан бичиг, тогтоол, тоот хүргүүлээгүй байж албадан дуудлага худалдаанд оруулсан нь байж боломгүй үйлдэл юм. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолд шийдвэр гүйцэтгэгч нь хөндлөнгийн гэрч аваагүйгээр барахгүй худлаа хүний нэр бичиж гарын үсэг зохиож зурсныг би өөрөө харж байсан тэр үед нь хэлэх гэсэн боловч намайг уурлаж загнаад дарамтлаад байсан тул би юм хэлж чадаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хураан авсан тогтоол гаргаж, 4 сарын дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тогтоол гаргасан нь эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор үнэлгээг гаргуулах ёстой гэсэн заалтыг мөн л зөрчсөн. Иймд хууль зөрчин, процессын алдаа гарган хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчин үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр ажиллагаануудыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дугаар шийдвэрээр Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б- нараас 250 000 000 төгрөгийг гаргуулж Доог алт ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх ххэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б- нарын Доог алт ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж 10 дугаар байр 2 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 18300460/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулсан. Тохиролцсон хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх мэдэгдэл өгсөн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар тогтоолгоход 207 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/16994 дугаартай албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 145 250 000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4/16994 дугаартай албан бичгээр мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Ж.Батханд гаргасан шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 903 дугаар магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн тогтоол гарснаар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4-121/33950 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тогтоолын хамт төлбөр төлөгч Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б- нарын амьдардаг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж 10 дугаар байр 2 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ж.Батхандтай биечлэн уулзаж төлбөр төлөгч Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б- нар нь тус хаягт амьдарч байгаа гэсэн тайлбар өгснийг тэмдэглэлд тусгасан. 2020 оны 9 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 20 минутад 88055054 дугаарын утсаар холбогдож дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан талаар утсаар ярьж, 89086121 дугаараас зурвас илгээхэд Ж.Батханд мэдэгдлийг авсан талаар хариу зурвас ирүүлснийг цаасанд буулгаж, тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгө 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 зааснаар 50 хувь бууруулж 103 750 000 төгрөгөөр оруулах болсон талаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/4 дугаартай тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Ж.Батханд нь ирж танилцаад Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б- нарт өөрийн биеэр тогтоолыг танилцуулахаар авч явсныг тэмдэглэлд тусган баталгаажуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 105 750 000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б- нарт 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/38591 тоот мэдэгдлээр мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн байна. Төлбөр төлөгч Ж.Батханд Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Б- нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах бүрд албан бичгээр мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. Боломжгүй тохиолдол гэдэг нь 9 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар явуулаад 26-ны өдөр төлбөр төлөгч рүү утсан холбоогоор мэдэгдэхэд хөдөө байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас биечлэн хүргэж өгөх боломжгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.7 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно. Тиймээс эхний гаргасан нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баталгаат шууданг хүргүүлсэн. Хүргүүлснээр хүлээж авсанд тооцно. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн эд хөрөнгө хураах тогтоол дээр эд хөрөнгийг хураагаад хөндлөнгийн гэрчээр н.Батболд, н.Төгстөгөлдөр гэх хоёр этгээдийг байлцуулаад энэ хоёр этгээдийн хаяг регистрийг тэмдэглээд, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Батханд, Т.Өлзийсайхан нарт тогтоолын хувийг үлдээгээд тэмдэглэлээр баталгаажуулсан. Дээд шүүхийн тогтоолын 4 дэх нүүрэн дээр барьцааны зүйл болох орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжлээд 5 дугаар сарын 30-ны өдөр хураасан ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан байна гэж дүгнэсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18300460/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ын Үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 4 сарын дараа үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхны дуудлага худалдаа болох мэдэгдлийг шуудангаар илгээсэн гэдэг боловч миний гар дээр ямар нэгэн байдлаар ирээгүй, ямар нэгэн байдлаар утсаар мэдэгдээгүй байж албадан дуудлага худалдаа хийсэнд гомдолтой байгаа юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж, процессын алдаа гаргасан ажиллагаа нь илт байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч НШШГГ- нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Б-, Ө.Энхжаргал нарын өмчлөлийн, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол /15141/, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 2 тоот, 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогджээ.

 

НШШГГ- нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/38591 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Батхандад гардуулан өгсөн боловч нэхэмжлэгч Ө.Б-д дуудлага худалдааны талаар зохих ёсоор мэдэгдсэн эсэхийг бүрэн тодруулаагүй, уг хэрэгтэй холбоотой ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдүүд байгаа эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Б-д 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг баталгаат шуудангаар Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 92 тоот хаягийн дагуу хүргүүлсэн байх боловч түүний иргэний үнэмлэхийн хаяг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, 97/1 байр, 61 тоот гэсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн тэмдэглэлээр уг тогтоолыг гардуулсан гэж дүгнэх нь учир дутагдалтай болно. /хх-ийн 17, 135/

Түүнчлэн, нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан байхад анхан шатны шүүх хуульд заасан гомдол гаргах дараалал, журам, хугацааг нэхэмжлэгч баримталсан эсэхийг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан эсэх, гаргасан бол хэзээ хэрхэн шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хэзээ гардаж аваад ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан зэрэг үйл баримт тодорхой бус байна.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 182Ш2021/00685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ