Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2021/02234

 

 

 

 

 

 

 

         2021         11         22

           181/ШШ2021/02234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах, “Ч Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, “НШШГГ” ТБАГУТҮ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр шүүгчийн захирамжаар ХХБны нэхэмжилсэн 1.195.621.533 төгрөгийг хариуцагч “Ч Х ББСБ” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. НШШГГ-аас барьцааны улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, 86 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, үнийн санал авсан боловч талуудын үнийн санал зөвшилцөлд хүрээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр “В В” ХХК, үнэлгээчин О.Б-ийг томилсон байна. Гэтэл НШШГГ албанаас 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-185/11636 тоот мэдэгдлээр улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, 86 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 205.000.000 төгрөгөөр үнэлсэн болох, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг удирдлага болгон үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар үл хөдлөх хөрөнгийн үнийг тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн.

Дээрх хөрөнгө Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа үл хөдлөх хөрөнгө бөгөөд олон жилийн өмнө худалдаж авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлж байгаа нь үнэлгээ хууль болон журамд заасан арга аргачлалаар хийгдээгүй, хувь хүний өмчлөх эрхэд халдсан, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй болно.

Иймд “В В” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, 86 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 205.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр шүүгчийн захирамжаар “Ч Х ББСБ” ХХК-аас 1.195.621.533 төгрөгийг гаргуулж, “ХХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, 86 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20280918/23 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч “Ч Х” ХХК болон өмчлөгч М.Э, төлбөр авагч “ХХБ” ХХК нарт “үнийн санал өгөх” тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/99 тоот “Шинжээч томилох” тогтоолоор “В В” ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний “В В” ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 205.000.000 төгрөгөөр үнэлсэнийг талуудад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж, санал хүсэлт байгаа эсэхийг  тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Ч Х ББСБ” ХХК “НШШГГ” ТБАГУТҮГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр шүүгчийн захирамжаар “Ч Х ББСБ” ХХК 1.192.526.143 төгрөгийг “ХХБ” ХХК-д төлөхөөр, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий хөрөнгүүдээс хангуулахаар тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /ХХ 45-46/

Тус газар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, улмаар шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20280918/17 тоот “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор барьцаа  хөрөнгөнүүдээс маргааны зүйл болсон М.Эийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а дугаар байрны 44 тоотод байрлалтай, 86 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20280918/23 тоот “эд хөрөнгө хураах” тогтоолоор хурааж холбогдох ажиллагааг явуулжээ. /хх 43-62/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу үнийн санал авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй уг хөрөнгийг төлбөр төлөгч “Ч Х ББСБ” ХХК-аас 450.000.000 төгрөг, өмчлөгч  М.Эөөс 350.000.000 төгрөг гэж тус тус саналаа өгснийг төлбөр авагч “ХХБ” ХХК эс зөвшөөрсөн байх тул харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/99 дүгээр тогтоолоор  “В В” ХХК-г шинжээчээр томилжээ. /хх 64-69/ Нэхэмжлэгч энэ хүртэлх ажиллагаанд гомдол гаргаагүй.

Шинжээч дээрх хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 205.000.000 төгрөг гэж үнэлсэн, дээрх үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-185/11635, 4-185/11636, 4-185/11637  дугаар мэдэгдлүүдээр тус тус хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ. /хх 72-88, 89-93/

Нэхэмжлэгч үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур, хэт бага үнэлсэн тухай тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул  шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан “В В” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а дугаар байрны 44 тоотод байрлалтай, 86 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 205.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ч Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2021/08531 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ