Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00111

 

 

 

 

 

 

 

 

“ЧХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02234 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЧХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 8а байр, 44 тоот хаягт байршилтай 86 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ш-6/6 тоот үнэлгээг хүчингүй болгуулах.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 1,195,621,533 төгрөгийг хариуцагч “ЧХХБ” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 8а байр, 44 тоот хаягт байршилтай 86 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, үнийн санал авсан боловч талууд үнийн саналын талаар зөвшилцөлд хүрээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр “Виннэр Вэй” ХХК, үнэлгээчин О.Бат-Эрдэнийг томилсон.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4-185/11636 тоот мэдэгдлээр орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн болох, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар үл хөдлөх хөрөнгийн үнийг тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн.

Дээрх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа үл хөдлөх хөрөнгө бөгөөд олон жилийн өмнө худалдан авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлж байгаа нь үнэлгээ хууль болон журамд заасан арга, аргачлалаар хийгдээгүй, хувь хүний өмчлөх эрхэд халдсан, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл гэж үзэж шүүхэд гомдол гаргаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжийг биелүүлэх талаар төлбөр төлөгч “ЧХХБ” ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 8а байр, 44 тоот хаягт байршилтай 86 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20280918/23 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч “ЧХХБ” ХХК болон өмчлөгч М.Эрдэнэтөмөр, төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарт үнийн санал өгөх тухай мэдэгдэл хүргүүлэхэд үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/99 “Шинжээч томилох тогтоол”-оор “Виннэр Вэй” ХХК-ийг томилсон.

Хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй” ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 205,000,000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдуулан гаргасан “Виннэр Вэй” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 8а байрны 44 тоот хаягт байршилтай 86 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “ЧХХБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

б. Анхан шатны шүүх “үл хөдлөх эд хөрөнгийн Улаанбаатар хотын өндөр зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа объектууд байтал өмнө худалдаж авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлэгдсэн” гэдгийг огт анхаарч үзсэнгүй.

в. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэгт зах зээлийн хандлагыг анхаарч үзэх шаардлагатай. 2021 оны 08 дугаар сараас эхлээд үл хөдлөх хөрөнгийн тэр дундаа орон сууцны үнэ асар их өссөн. Энэ байр нь хамгийн багадаа 310,000,000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл өнөөдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бидний үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлүүлж, уг үнэлэгдсэн үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулах, цаашлаад 50 хувиар хоёрдахь дуудлага худалдаанд оруулах бөгөөд энэ тохиолдолд бид барьцаа хөрөнгөөр үндсэн шүүхийн шийдвэртэй өр төлбөрөө ч бүрэн төлж барагдуулах боломжгүй болоод байна.

Иймд барьцаа хөрөнгө болох орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

  1. Нэхэмжлэгч “ЧХХБ” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2203012279 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 8а байрны 44 тоот хаягт байршилтай 86 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэр Вэй” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ш-6/6 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 40/

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 1,192,526,143 төгрөгийг хариуцагч “ЧХХБ” ХХК төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГт даалгаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,095,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. /хх 45-46/

 

          Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж /хх 55/, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хураан авчээ. /хх 48, 55, 58/

 

          Улмаар барьцаа хөрөнгийн өмчлөгч орон сууцыг 350,000,000 төгрөгөөр, харин төлбөр төлөгч орон сууцыг 450,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг /хх 64, 65/ төлбөр авагч эс зөвшөөрсөн /хх 66/ тухай баримт хэрэгт авагдсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 67/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

 

          “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 87/ байх ба “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-даа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтээц, хотхоны нэгдсэн хашаа, харагдах орчин, дотоод засал, интерьер, чанар байдал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх 72-88/   

 

Иймд “...үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн байршил, харуул хамгаалалт, тав тухтай амьдрах орчин зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй...” гэсэн нэхэмжлэгч талын тайлбар няцаагдаж байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

  1.  Орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч тал “маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш 350,000,000 төгрөг, орон сууцыг анх худалдан авч байсан үнээс доогуур үнэлсэн” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяраас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

 

                                            ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР