Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/01238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоотод оршин суух, Боржигон овогт Очирбатын Оюун /РД:ШЗ68070509/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 9а байрны 181 тоот хаягт оршин суух, Бичигт овогт Жамбалжамцын Дүүрэнтөгс /РД:ЛЙ61081772/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж 43, Капитал банкны байранд оршин байрлах, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох, 

 

“2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

“2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ-71дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 94,182,815.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн О.О, Ж.Д нар нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Капитал банк” ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулж Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 36а байр 97 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар болсон. Тус үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар 70,000,000 төгрөгөөр үнэлж “Капитал банк” ХХК-нд шилжүүлсэн байдаг.

О.О, Ж.Д нар гал голомт болсон орон сууцаа алдахыг хүсээгүй учир “Капитал банк” ХХК-ийн захирал А.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Атай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байр 97 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдахаар болж гэрээ байгуулсан.

Гэтэл энэ гэрээ нь О.О, Ж.Д нарын өртэй, хүнд нөхцөл байдлыг ашигласан буюу “Капитал банк” ХХК нь 70,000,000 төгрөгөөр үнэлэн авсан орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулж байна.

“Капитал банк” ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох дээрх гэрээг үндэслэн орон сууцны үнэ болох 125,000,000 төгрөгийн 30 хувийн урьдчилгаа болох 37,500,000  төгрөгийг бэлнээр авч, иргэн О.О, Д.О нартай үлдэх 87,500,000 төгрөгийн үнийн дүнд “Орон сууц ипотекийн зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу О.О нь Капитал банкинд үндэслэлгүйгээр илүү мөнгийг төлж байгаа болно.

Капитал банк ХХК нь иргэн О.О, Ж.Д нарын хүнд нөхцөл байдлыг ашиглаж хэлцэл хийсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл хэлбэл хөнгөн, хайхрамжгүй байдлыг ашиглаж хийсэн хэлцэл буюу нөгөө талын сул дорой байдлыг өөрийн ашиг сонирхолд санаатайгаар ашиглаж мөлжлөгийн шинж чанартай хэлцлүүдийн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тооцогддог.

Мөн Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдаж болно. 125,000,000 төгрөгөөр худалдаж байгаа энэ үйлдэл нь банкны үйл ажиллагааны зардлаар нөхөх зориулалттай бус ашиг олох зорилгоор хийсэн гэж үзэхээр байна. “Капитал банк” ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох дээрх гэрээг үндэслэн орон сууцны үнэ болох 125,000,000 төгрөгийг төлүүлэхээр урьдчилгаа болох 37,500,000 төгрөгийг бэлнээр авч, иргэн О.О, Д.О нартай үлдэх 87,500,000 төгрөгийн үнийн дүнд орон сууц сууц ипотекийн зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу О.О нь Капитал банкинд үндэслэлгүйгээр илүү мөнгийг төлж байгаа. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар иргэн О.Оы Капитал банк ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг илт хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шаардлагад дурдагдаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээнүүд тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Капитал банк” ХХК, иргэн О.О, Ж.Д нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байсан. Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр №ЗГ-71 “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” №БГ-71 “Барьцааны гэрээ” байгуулж “Капитал банк” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Энэ асуудлаас өмнө “Хур туг” ХХК-ийн захирал Ж.Д 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 дугаар зээлийн гэрээ байгуулж 370.000.000 төгрөгийн зээлийг “Капитал банк” ХХК аас авсан. Уг зээлд Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан.

“Хур туг” ХХК нь зээлээ төлж чадаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж санал болгох хурлаар зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгүүдийг “Капитал банк”-ны нэр дээр шилжүүлж зээлдэгч банкинд өр төлбөргүй болсон.

Ийм байхад “Капитал банк” ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн батлан даалтын санд холбогдуулж 165.123.909 төгрөгийг нэхэмжилсэн. Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна гэж заасан. Анхан болон Давж заалдах шатны шүүх нийт 58.293.127 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргахаар хэргийг шийдвэрлэсэн.

Ингээд Зээлийн батлан даалтын сан “Хур туг” ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т заасны дагуу “Капитал банк” ХХК-д шүүхийн шийдвэрээр дээрх төлбөрийг төлөхөөр болсон.

2020 онд Зээлийн батлан даалтын сан нь тус 58.293.127 төгрөгийг Ж.Дөөс нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 10 дугаар сарын 14-ны 102/ШШ2020/03065/ дугаар шийдвэрээр “Хур туг” ХХК-иас Зээлийн батлан даалтын санд 58,293,127 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл “Капитал банк” ХХК нь 70.000.000 төгрөгийн байрыг 125.000.000 төгрөгөөр үнэлж зарсан шалтгаанаа Зээлийн батлан даалтын сангийн төлөхөөр болсон 58,293,127 төгрөгийг байрны үнэ дээр нэмж авч байгаа гэж тайлбарласан.

Мөн Иргэний хуулийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасныг баримтлан тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж байна. Гэвч тус заалтанд “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах ёстой байхад энэхүү зүйл заалтыг өөрт ашигтай талаар тайлбарласан байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.а Т.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Хур туг” ХХК /100 хувийн хувьцаа эзэмшигч Жамбалын Дүүрэнтөгс нь нэхэмжлэгч О.Оы нөхөр/ нь Капитал банктай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ-128 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 370,000,000 төгрөгийг сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, “Утаагүй шахмал түлш үйлдвэрлэх төсөл” зориулалтаар 60 сарын хугацаатай зээлэн авсан.

Дээрх зээлийн үүргийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалуулсан Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууц. /Ж.Д, О.О нарын өмчлөлийн/ Улсын бүртгэлийн Ү-2204018265 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц. /Ж.Бийн өмчлөлийн/ Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах 3 га шахмал түлшний зориулалттай газар.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №102/ШШ2016/05145 дугаар захирамжаар хариуцагч “Хур туг” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 405,123,909 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1,091,551 төгрөгийн хамт Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч шүүхийн шийдвэрээс 997,950 төгрөгийг төлж, бусад төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцаа хөрөнгийг харилцан тохиролцож дараах байдлаар үнэлсэн. Үүнд:

1. Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн I7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 140,000,000 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн Ү-2204018265 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 135,000,000 төгрөгөөр,

Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах 3 га шахмал түлшний зориулалттай газар эзэмших эрхийг 350,000,000 төгрөгөөр тус тус.

Барьцаа хөрөнгүүдийг талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 50 хувиар тооцож 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт санал болгох хуралдааныг зохион байгуулж, талуудын харилцан тохиролцсоны дагуу барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 48 дүгээр зүйлийн 48.7-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувиар тооцож Капитал банкинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:

Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр,

Улсын бүртгэлийн Ү-2204018265 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 67,500,000 төгрөгөөр,

Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах 3 га шахмал түлшний зориулалттай газар эзэмших эрхийг 175,000,000 төгрөгөөр тус тус.

Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Капитал банк” ХХК-ийн нэр дээр гарсан.

Капитал банк болон иргэн О.О, Ж.Д нар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.

Гэрээний 3.5-д “Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан” тухай заасан.

Худалдан авагчаас орон сууны үнийн 37,500,000 төгрөгийг урьдчилан төлж үлдэх 87,500,000 төгрөгийг Капитал банктай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан №ЗГ-71 дугаар “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-ний дагуу зээлэн авсан 87,500,000 төгрөгөөр төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр О.Оы нэр дээр гаргуулан авсан.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Ж.Д, О.О нар нь орон сууцны өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрт тооцож Капитал банкинд шилжүүлснээр тэдгээрийн өмчлөх эрх дуусгавар болж, Капитал банкны өмчлөх эрх үүссэн бөгөөд өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй тул 125,000,000 худалдсан нь хуульд нийцсэн болно.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.а шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч О.О, Д.Одхүү нар нь Капитал банктай 87,500,000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2038 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ-71 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г байгуулсан.

Банк “Зээлийн гэрээ”-ний 3.1.5 дахь хэсэгт заасан зээлдэгчийн Капитал банкин дахь 2200002529 тоот харилцах /депозит/ дансанд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 87,500,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон.

Барьцааны тухайд: 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №БГ-71 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар улсын эрхийн бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 4О.м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Зээлийн эргэн төлөлт, өр төлбөрийн үлдэгдэл: Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1,136,628.03  төгрөг, зээлийн хүүнд 7,782,757.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 36,685.38 төгрөг, нийт 8,956,071.37 төгрөгийг төлсөн.

Зээлийн гэрээний зөрчлийн тухайд: Зээлийн гэрээний дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд Банкны санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ”, 8.2.1-д “Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн”, 8.2.2-д “Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (хавсралт /1/)-ийг удаа дараа /3 ба түүнээс дээш дараалсан зөрчлийг ойлгоно/зөрчсөн” гэж тус тус тохиролцсон.

Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл. хүүгийн төлбөрт нийт 731,651.94 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

Үндсэн зээлд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 143,876.67 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2,195,200 төгрөгийг төлж энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй.

Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний дагуу үндэслэлгүйгээр илүү төлбөр төлж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэж үзэж байгаа тул 1 зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.

Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 86,363,371.97 төгрөг; Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл: 7,782,757.96 төгрөг; Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 36,685.38 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 94,182,815.31 төгрөг.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч О.О, Д.О нартай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан №ЗГ-71 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 94,182,815.31 төгрөгийг гаргуулж, “К.б” ХХК дахь Б.э.х.а-чид олгуулах.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан №БГ-71 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр барьцаалуулсан улсын эрхийн бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.О, Ж.Д нар нь хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.аид холбогдуулан “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.а нь нэхэмжлэгч О.О, Д.Одхүү нарт холбогдууланд “2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ-71дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 94,182,815.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д.Од холбогдох хэсгээс татгалзсан байна.

 

1.Нэхэмжлэгч О.О, Ж.Д нар “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

О.О, Ж.Д нар болон “Капитал банк” ХХК нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 38а байрны 97 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдагч тал худалдан авагч талд 125,000,0000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулж үлдэгдэл төлбөр тооцоог 2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...О.О, Ж.Д нар гал голомт болсон орон сууцаа алдахыг хүсээгүй учир 3 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдахаар болж гэрээ байгуулсан.

“Капитал банк” ХХК нь 70,000,000 төгрөгөөр үнэлэн авсан орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулж байна.

“Капитал банк” ХХК нь О.О, Ж.Д нарын хүнд нөхцөл байдлыг ашиглаж хэлцэл хийсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл хэлбэл хөнгөн, хайхрамжгүй байдлыг ашиглаж хийсэн хэлцэл буюу нөгөө талын сул дорой байдлыг өөрийн ашиг сонирхолд санаатайгаар ашиглаж мөлжлөгийн шинж чанартай хэлцлүүдийн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тооцогддог.

Мөн Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн. 125,000,000 төгрөгөөр худалдаж байгаа энэ үйлдэл нь банкны үйл ажиллагааны зардлаар нөхөх зориулалттай бус ашиг олох зорилгоор хийсэн гэж үзэхээр байна...” гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.

Гэрээний 3.5-д “Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан” тухай заасан.

Худалдан авагчаас орон сууны үнийн 37,500,000 төгрөгийг урьдчилан төлж үлдэх 87,500,000 төгрөгийг Капитал банктай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан №ЗГ-71 дугаар “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-ний дагуу зээлэн авсан 87,500,000 төгрөгөөр төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр О.Оы нэр дээр гаргуулан авсан...” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдан баримтаар “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хур туг” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5146 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 109-111 дүгээр тал/

 

Дээрх захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 27685 дугаар захирамж гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны тэмдэглэлээр Баянгол дүүгийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот 40 м.кв, 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 70 хувь буюу 98,000,000 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй тул 2 дахь албадан дуудлага худалдаагаар 50 хувь буюу 70,000,000 төгрөгөөр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй үндэслэлээр төлбөр авагч “Капитал банк” ХХК-д төлбөрт санал болгох хуралд “Хур туг” ХХК 2 дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 50 хувь буюу 70,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэхээр тохиролцож, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1/82 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол үйлдсэн байна. /хх-ийн 4, 9-12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч О.О, Ж.Д нар нь уг орон сууцыг худалдаж авах хүсэл зориг байсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг О.Оы нэр дээр шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах тухай хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн”

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах”-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объект зэргийг харгалзан дээрх гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 110 дугаар зүйлийн 110.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус болохыг заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.    

Хариуцагч “Капитал банк” ХХК нь дээрх худалдах-худалдан авах хэлцлээр өөрийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг О.Од худалдсан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлээр  101.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч “Капитал банк” ХХК хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд авсан орон сууцыг нэхэмжлэгч О.Од үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байна.

 

            Нэхэмжлэгч гэрээ нь О.О, Ж.Д нарын өртэй, хүнд нөхцөл байдлыг ашигласан буюу “Капитал банк” ХХК нь 70,000,000 төгрөгөөр үнэлэн авсан орон сууцыг 125,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулсан, мөн Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ байдал баримтаар тогтоодохгүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан утга агуулгаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.


            Мөн нэхэмжлэгч  тал “Капитал банк” ХХК нь 70,000,000 төгрөгийн байрыг 125,000,000 төгрөгөөр үнэлж зарсан шалтгаанаа Зээлийн батлан даалтын сангийн төлөхөөр болсон 58,293,127 төгрөгийг байрны үнэ дээр нэмж авч байгаа гэж тайлбарласан боловч дээрх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчид холбогдох “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч О.О, Ж.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

            2.Хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.аийн “2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ-71дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 94,182,815.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар “Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай Банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг томилж, мөн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 тушаалаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаар Т.Дэлгэрхүүг томилж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгасан байна.

Хариуцагч “Капитал банк” ХХК, нэхэмжлэгч О.О, Д.Одхүү нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ-71 тоот “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр зээлдэгч О.О, Д.Одхүү нар 87,500,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй,  2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2038 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 20 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор О.Оы өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 36а байрны 97 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ-71 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №БГ-71 дугаар Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00680606 дугаартай гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3, 6-7, 13-17 дугаар тал/

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Үндсэн зээлд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 143,876.67 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2,195,200 төгрөгийг төлж энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй.

Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний дагуу үндэслэлгүйгээр илүү төлбөр төлж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэж үзэж байгаа тул зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Тус шаардлагад дурдагдаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээнүүд тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Капитал банк” ХХК, иргэн О.О, Ж.Д нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байсан.

Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр №ЗГ-71 “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” №БГ-71 “Барьцааны гэрээ” байгуулж “Капитал банк” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

“Капитал банк” ХХК нь 70.000.000 төгрөгийн байрыг 125.000.000 төгрөгөөр үнэлж зарсан шалтгаанаа Зээлийн батлан даалтын сангийн төлөхөөр болсон 58,293,127 төгрөгийг байрны үнэ дээр нэмж авч байгаа гэж тайлбарласан.

Мөн Иргэний хуулийн 101.1-д заасныг баримтлан тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж байна. Гэвч тус заалтанд “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах ёстой байхад энэхүү зүйл заалтыг өөрт ашигтай талаар тайлбарласан байна...” гэж маргажээ.

 

            2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ-71 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №БГ-71 дугаартай Барьцааны гэрээгээр “Капитал” ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, О.О, Д.Одхүү нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талууд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 87,500,000 төгрөгийг нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас нэхэмжлэгч О.Оы Капитал банкны 2058018104 тоот данс руу  шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 45 дугаар тал/

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ “Капитал банк” ХХК биелүүлсэн учир зээлдэгч О.О, Д.О нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч зөвхөн зээлдэгч О.Оаас шаардсан байна.

 

Зээлдэгч болох О.О нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 1,136,6828.03 төгрөг, зээлийн хүүд 7,7782,757.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 36,685.38 төгрөг, нийт 8,956,071.37 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч “Капитал банк” ХХК гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин зээлдэгч О.О мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 3.1.7, 5.2.1-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний зээлдэгч тал нь О.О байх тул хариуцагч “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Зээлийн гэрээний 6.1.3, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.а өөрийн үзэмжээр зээлдэгч О.Оаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2038 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуусах боловч, нэхэмжлэгч О.О гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.а өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалттай нийцжээ.

 

Нэхэмжлэгч О.О нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, “Капитал банк” ХХК нь зээлээ төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэл хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа болох зохигчдын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.а нь гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг өөрөө цуцалж, үүргийг шаардаж байх тул шүүх дахин цуцлах шаардлагагүй юм.

 

Хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.а нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, шүүхэд 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа зээлийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл хугацаагаар тооцож гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.

 

Иймд нэхэмжлэгч О.Оаас үндсэн зээлийн үлдэгдэл 86,363,371.97 төгрөг, зээлийн хүү 7,782,757.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,685.38 төгрөг, нийт 94,182,815.31 төгрөгийг гаргуулж, хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.аид олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэгдсэн О.Оы өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо,  4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “К.б” ХХК дахь б.э.х.аид холбогдох “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч О.О, Ж.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оаас 94,182,815.31 /ерэн дөрвөн сая нэг зуун наян хоёр мянга найман зуун арван таван/ төгрөг, /гучин нэгэн/ мөнгө гаргуулж, ”К.б” ХХК дахь б.э.х.аид олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205015620 дугаарт бүртгэгдсэн О.Оы өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо,  4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар хариуцагчийн гаргасан энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч О.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 628,864 /зургаан зуун хорин найман мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС