Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01405

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01405

 

 

О.О, Ж.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01238 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.О-, Ж.Дүүрэгтөгс нарын нэхэмжлэлтэй, хариуцагч К Б - дахь банкы эрх хүлээн авагчид холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн, орон сууцны ипотекийн зээлийн гэрээг цуцалж зээлийн төлбөрт 94 182 815,31 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О, Ж.Д- нар нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр К Б --тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 36а байр 97 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар болсон. Тус үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар 70 000 000 төгрөгөөр үнэлж К Б --д шилжүүлсэн. О.О, Ж.Д- нар орон сууцаа алдахгүйн тулд К Б --тай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байр 97 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 125 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. О.О, Ж.Д- нарын өртэй, хүнд нөхцөл байдлыг ашиглан К Б - нь 70 000 000 төгрөгөөр үнэтэй орон сууцыг 125 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. К Б - нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох дээрх гэрээг үндэслэн орон сууцны үнэ 125 000 000 төгрөгийн 30 хувийн урьдчилгаа болох 37 500 000 төгрөгийг бэлнээр авч, О.О, Д.О нартай үлдэх 87 500 000 төгрөгийн үнийн дүнд орон сууц ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу О.О- нь К Б --д үндэслэлгүйгээр илүү мөнгийг төлж байна. К Б - нь орон сууцыг 125 000 000 төгрөгөөр худалдсан нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт банкны үйл ажиллагааны зардлаар нөхөх зориулалттай бус ашиг олох зорилгоор хийсэн гэж үзэхээр байна. Иймд О.О- болон К Б --тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг илт хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч К Б - дахь банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хур туг ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Дүүрэнтөгс нь О.О-ы нөхөр юм. К Б --тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 370 000 000 төгрөгийг сарын 0,58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, Утаагүй шахмал түлш үйлдвэрлэх төсөл зориулалтаар 60 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн үүргийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалуулсан Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204018265 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр зөрлөгт байрлах 3 га шахмал түлшний зориулалттай газар, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул К Б - шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 дугаар захирамжаар Хур туг ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 405 123 909 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1 091 551 төгрөгийн хамт К Б --д олгохоор шийдвэрлэсэн. Хур туг ХХК шүүхийн шийдвэрээс 997 950 төгрөгийг төлж, бусад төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт санал болгох хуралдааныг зохион байгуулж, талуудын харилцан тохиролцсоны дагуу барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 48 дүгээр зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувиар тооцож К Б --д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөг үнэлж өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр К Б --ийн нэр дээр гарсан. К Б - болон О.О, Ж.Д- нар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж Улсын бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 125 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 3.5-д гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан тухай заасан. Худалдан авагчаас орон сууцны үнийн 37 500 000 төгрөгийг төлж үлдэх 87 500 000 төгрөгийг К Б --тай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ-71 дугаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Иймд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч К Б - дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.О, Д.О нар нь К Б --тай 87 500 000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах зориулалтаар 2038 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ-71 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулсан. Банк зээлийн гэрээний 3.1.5-т заасан зээлдэгчийн К Б - дахь 2200002529 тоот харилцах /депозит/ дансанд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 87 500 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Барьцааны тухайд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр БГ-71 дугаартай барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар улсын эрхийн бүртгэлийн Ү-2205015620 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлийн эргэн төлөлт, өр төлбөрийн үлдэгдэл: Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1 136 628,03 төгрөг, зээлийн хүүд 7 782 757,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 36 685,38 төгрөг, нийт 8 956 071,37 төгрөгийг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 731 651,94 төгрөгийг төлөх үүрэгтэй. Үндсэн зээлд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 143 876,67 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 195 200 төгрөгийг төлж энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний дагуу үндэслэлгүйгээр илүү төлбөр төлж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэж үзэж байгаа тул 1 зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл: 86 363 371,97 төгрөг; зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 7 782 757,96 төгрөг; нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 36 685,38 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 94 182 815,31 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр К Б -, О.О, Ж.Д- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байсан. Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр ЗГ-71 дугаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, БГ-71 дугаар барьцааны гэрээ байгуулж К Б - нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Энэ асуудлаас өмнө Хур туг ХХК-ийн захирал Ж.Дүүрэнтөгс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 дугаар зээлийн гэрээ байгуулж 370.000.000 төгрөгийн зээлийг К Б --аас авсан. Уг зээлд Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан. Хур туг ХХК нь зээлээ төлж чадаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж санал болгох хурлаар зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгүүдийг К Б --ийн нэр дээр шилжүүлж зээлдэгч банкинд өр төлбөргүй болсон.

К Б - нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн батлан даалтын санд холбогдуулж 165 123 909 төгрөгийг нэхэмжилсэн. Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна гэж заасан. Анхан болон давж заалдах шатны шүүх нийт 58 293 127 төгрөгийг зээлийн батлан даалтын сангаас гаргахаар хэргийг шийдвэрлэсэн. Зээлийн батлан даалтын сан Хур туг ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т заасны дагуу К Б --д шүүхийн шийдвэрээр дээрх төлбөрийг төлөхөөр болсон. 2020 онд Зээлийн батлан даалтын сан нь тус 58 293 127 төгрөгийг Ж.Дүүрэнтөгсөөс нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний 102/ШШ2020/03065/ дугаар шийдвэрээр Хур туг ХХК-аас Зээлийн батлан даалтын санд 58 293 127 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл К Б - нь 70 000 000 төгрөгийн байрыг 125 000 000 төгрөгөөр үнэлж зарсан шалтгаанаа Зээлийн батлан даалтын сангийн төлөхөөр болсон 58 293 127 төгрөгийг байрны үнэ дээр нэмж авч байгаа гэж тайлбарласан. Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах ёстой байхад Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг өөрт ашигтай талаар тайлбарласан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч К Б - дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч О.О, Ж.Д- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О-аас 94 182 815,31 /ерэн дөрвөн сая нэг зуун наян хоёр мянга найман зуун арван таван/ төгрөг, /гучин нэгэн/ мөнгө гаргуулж, К Б - дахь банкны эрх хүлээн авагчид олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О- зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2205015620 дугаарт бүртгэгдсэн О.О-ы өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 782 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагчийн гаргасан энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч О.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 628 864 /зургаан зуун хорин найман мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05145 дугаар захирамжаар нэхэмжлэгч К Б - болон хариуцагч Хур туг ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 405 030 308,94 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлээс тодорхой хувийг төлсний дараа зээлийн барьцаанаас барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлүүлэхээр тохиролцсон. Гэвч тухайн үед Хур туг ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Капитал банк эвлэрлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийн эрхийг банкинд шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 312 500 000 төгрөгөөр тооцон төлбөртөө авахаар тохиролцон шийдвэрлүүлсэн бөгөөд ингэснээр энэхүү харилцаа дуусгавар болсон. Дээрх маргааны талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01777 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1591 дугаар магадлал гарсан байдаг ба үүнийг нэхэмжлэгч талаас шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд гаргасан тайлбартаа дурдсаар байтал үүнд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Шүүх Гэрээ нь О.О, Ж.Д- нарын өртэй, хүнд нөхцөл байдлыг ашигласан буюу К Б - нь 70 000 000 төгрөгөөр үнэлэн авсан орон сууцыг 125 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулсан, мөн Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарласан боловч энэ байдал баримтаар тогтоогдохгүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан утга агуулгаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно гэж дүгнэсэн. Банк нь Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрлөөс гадуур үйл ажиллагаа явуулж, ашиг олох эрхгүй. Тухайн үед К Б - зээлийн барьцаалсан эд хөрөнгө буюу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 36а байрны 97 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө байрыг нэхэмжлэгчээс 70 000 000 төгрөгөөр үнэлэн, төлбөрт тооцон аваад эргүүлээд 125 000 000 төгрөгөөр худалдсан байдаг ба зөрүү дүн болох 55 000 000 дүнд холбогдох хэсгээр К Б - нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. К Б - барьцаалсан эд хөрөнгийг зориулалтын бусаар өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны зардалаа нөхөхөөр биш ашиг олох зорилгоор тохиролцож хэлцэл хийсэн хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулж байна.

Мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь гэрээ байгуулагч аль нэг талын сул дорой байдлыг өөрийн ашиг сонирхолд ашигласан. Нэхэмжлэгчээс 70 000 000 төгрөгөөр тооцож авчихаад 125 000 000 төгрөгөөр буцаан худалдсан дээрх үйлдэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд арш үйлдэл тул талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 000570897 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль бус хэлцэл юм.

Анхан шатны шүүх ... гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 000570897 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэрээг байгуулах үед 2018 оны 6 дугаар 13-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, дүгээр хорооллын 36а байрны 97 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрх нь К Б --д байсан бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө зээлээх худалдах харилцааг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч О.О, Ж.Д- нар хариуцагч К Б - дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч К Б - дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгч О.О-д холбогдуулан орон сууцны ипотекийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт нийт 94 182 815,31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

1. Нэхэмжлэгч О.О, Ж.Д- нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч К Б - нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа худалдан авагчийн хүнд нөхцөл байдлыг ашигласан буюу банкны хууль зөрчин ашиг олох зорилгоор хэлцэл хийсэн тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 дугаар захирамжаар К Б --ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Хур туг ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 315 371 906 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-109-111/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Хур туг ХХК -ийн төлбөрт хураагдаж, дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй Баянгол дүүгийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 97 тоот 40 м.кв, 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгийн төлбөрт тооцож, төлбөр авагч К Б --д шилжүүлэхээр талууд тохиролцсон болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 4 дүгээр сарыын 14ний өдрийн санал болгох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-9-12/

Үүний дараа нэхэмжлэгч О.О, Ж.Д- нар нь хариуцагч К Б --тай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэхүү гэрээгээр дээрх 3 өрөө орон сууцыг О.О, Ж.Д- нар өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч төл орон сууцны үнэ 125 000 0000 төгрөг төлөх, үүнээс урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулж, үлдэгдэл төлбөр тооцоог 2018 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-8/

К Б - нь дээрх орон сууцыг О.О, Ж.Д- нарт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэхдээ тэдний аргагүй гачигдалтай байдлыг ашигласан, банкны тухай хуулийг зөрчсөн, ипотекийн зээлийн гэрээг халхавчилж байгуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.3-т заасан халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч О.О, Ж.Д- нарын хариуцагч К Б - дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал К Б - зээлийн батлан даалтын санд төлөх 58 293 127 төгрөгийг оролцуулан 125 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдсан гэж тайлбарласан боловч энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Улмаар тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Худалдах, худалдан авах гэрээнд зээлийн батлан даалтын санд төлөх төлбөрийг тооцсон гэх байдал баримтаар тогтоогдсон гэж үзэхээргүй байна. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

2. Хариуцагч К Б - дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэгч О.О-д холбогдуулан орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 94 182 815, 31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

К Б - болон О.О, Д.О нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 87 500 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлж, уг орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-13-17/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. /хх-6-7/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийн зээлдүүлэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авч К Б - нь О.О, Д.О нарт зээлийн гэрээний дагуу 87 500 000 төгрөг шилжүүлэн өгсөн болон зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 8 956 271,37 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

Зээлийн гэрээ хэрэгжих явцад зээлдэгч тал гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн учраас К Б - дахь банкны эрх хүлээн авагчийн санаачлагаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцласан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.5.1-т зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээний 3.1.6-т заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээгий нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 451, 452,453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны аүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулсан байна.

Хариуцагч О.О- нь гэрээний заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд төлөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний 8.2-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд К Б - дахь банкны эрх хүлээн авагч нь зээлийг гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч О.О-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 94 182 815,32 төгрөгийг гаргуулан, К Б - дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 782 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА