Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/01452

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А.Б.И.К ББСБ” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:5987997/-д холбогдох, 

 

“7,460,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.М нь өөрийн эзэмшиж ашиглаж байсан 99096886 Мобиком дугаарыг барьцаалж зээл авахаар “А Б И к” ББСБ-д хандсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээл авсан. Ингээд зээлийн гэрээний барьцаа болгож 99096886 дугаарыг барьцаалах болоход дугаарын өмчлөх эрхийг тус ББСБ-ын нэр дээр шилжүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, нэр шилжүүлж өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд сар бүрийн хүү болох 80,000 төгрөгийг (нийт 1,080,000 төгрөгийг) цаг тухайд нь бүрэн шилжүүлж байсан. 2020 оны 04 дүгээр сараас ажлын шаардлагаар Төв аймгийн Заамар сумын нутагт орших уурхайд ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сард ажлаасаа бууж ирсэн.

Ингээд “А Б И к” ББСБ руу холбогдож зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж дугаараа авахаар холбогдтол та зээлийн хүүгээ төлөөгүй учир таны дугаарыг зарсан” гэсэн тайлбар хийсэн.

Нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагатай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан 19Г313 тоот Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулж Ж.Мын эрхэнд халдсан байна. Ж.Мын өмчлөлийн 99096886 дугаар нь үүрэн холбооны анхдагч оператор Мобикомын дараа төлбөрт, азын дугаар бөгөөд, энэ дугаараар дамжиж  ажил хэргийн болон, гэр бүлийн бүх л хувь хүний нууцад орох асуудлууд дамждаг, мөнгөөр үнэлшгүй чухал дугаар юм. Өнөөдөр энэхүү дараа төлбөрт, азын дугаарын зах зээлийн дундаж үнэ 12,000,000 төгрөг байдаг. Хариуцагч нь Б.Мын 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг 4,540,000 төгрөгийн зээлийн үүрэгт тооцож аван, бусдад өндөр үнээр худалдан борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Мд хариуцагч “А Б И к” ХХК-иас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг үндэслэн 7,460,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11963 дугаартай захирамжид дурдсан үндэслэлийг дараах байдлаар тодрууллаа.

Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдсан гэж тодорхойлсон боловч зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийн үнийн зөрүү нэхэмжилж байгаа шаардлагын үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй гэсэн шаардлагын тухайд.

Өмнө нь шүүхэд хандан гаргасан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийн үнийн зөрүү 7,460,000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг үндэслэн 7,460,000 төгрөг гаргуулах гэж өөрчилж байна. Учир нь Ж.М-ын 12,000,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий хөрөнгийг зээлийн гэрээний 4,540,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцон авч, бусдад зах зээлийн үнээр худалдан борлуулж 7,460,000 төгрөгийн ашиг олон, үндэслэлгүй хөрөнгөжсөн.” гэжээ

           

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.М нь “А Б И к ББСБ”-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй хэрэглэхээр зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Зээлийг сар бүр хүүг төлж зээлийн гэрээний хугацаа дуусах сүүлийн өдөр үндсэн зээлийн хамт төлөхөөр талууд тохиролцсон байна.

Харин зээлдүүлэгчийн талаас зээлийн барьцаа болгож Ж.Мын эзэмшиж ашиглаж байсан үүрэн холбооны оператор болох Мобиком компанийн 99096886 тоот дугаар ашиглах эрхийг зээл олгосон өдрөө №19Г313 дугаартай Фидуцийн гэрээгээр нэр шилжүүлэн авчээ.

Ж.М нь 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл гэрээний үүргээ биелүүлж сар бүрийн хүүгээ төлж явсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сараас хөдөө уурхайд ажиллахаар болж 45 хоногийн хугацаатай явсан боловч ковид цар тахлын улмаас ээлж солигдох боломжгүй болж үргэлжлүүлэн 2 сар ажилласан байна. Тухайн уурхайн газарт утасны сүлжээ барьдаггүй, цар тахлын улмаас кемпээс гадагш гаргахгүй байсан тул 3 сар гаран бусадтай ямар ч холбоо барих боломжгүй нөхцөл байдалд орсон байна. Ингээд 2020 оны 08 сарын эхээр ажлаасаа бууж ирээд “Ай Би И капитал” ББСБ руу холбогдож зээл хүүгээ бүрэн төлж дугаараа авахаар холбогдтол “та одоо юу ч төлөх шаардлагагүй, таны дугаарыг бид зарсан” гэж хариу хэлсэн байдаг.

Хэрэгт цугларсан баримтаар “А Б И к” ББСБ нь Ж.Мөнхтулгын эзэмшлийн 99096886 дугаарыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Бт дамжуулан зарсан байна.

Дээрх нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч “А Б И к” ББСБ нь дараах байдлаар хууль болон гэрээг зөрчиж Ж.Мын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Тодруулбал фидуцийн гэрээний зүйл нь эд хөрөнгө гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө” гэнэ, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус зааснаас үзэхэд Ж.Мөнхтулгын ашиглаж байсан 99096886 дугаарын эрх нь эд юмс биш бөгөөд тухайн оператор компанийн дугаарыг ашиглах эрх буюу хөрөнгө юм.

Энэхүү хууль зүйн үндэслэлээр “А Б И к” ББСБ, Ж.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 109 дугаар сарын 16-ны өдрийн 19Г313 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” нь илт хууль бус хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д  хууль зөрчсөн байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсний дагуу хариуцагч “Ай Би И капитал” ББСБ нь Ж.Мын 99096886 дугаар ашиглах эрх \хөрөнгө\-ийн үнэ болох 11,560,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Тодруулж хэлбэл, талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд харин фидуцийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлөх дүнгээ суутгуулан үлдэх дүн болох 7.460.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан Зээл болон Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд тухайн гэрээний хууль зүйн үндэслэл, агуулга, бусад асуудлаар хуульд нийцүүлэн дүгнэх шаардлагатай гэж үзэж байна.

Ж.Мын хувьд зээлийн гэрээ, зээл эргэн төлөх графикт заасны дагуу сар бүр хүү төлөх үүрэгтэй байсан ба зээлийн хүүгээ 3 сарын хугацаагаар буюу 540,000 төгрөгийн үүргийг дээр дурдсан шалтгааны улмаас хожимдуулсан. Гэтэл “Ай Би И капитал ББСБ” гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад /2020 оны 10 дугаар сарын 15-нд дуусах басан/, 540.000 төгрөгийг хүү төлөх ялимгүй зөрчлийг далимдуулан 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар үндэслэлгүйгээр зарж борлуулсан.

Хариуцагч “А Б И к” ББСБ нь Иргэний хуулийн 235 дугаар 235.3-д “Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэж заасныг зөрчиж гэрээний хугацаа дуусаагүй байхад /гэрээнд зааснаар зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 4,000,000 төгрөгийг төлөх үүрэг нь 2020.10.15/ 2020.07.16-ны өдөр дугаарын эрхийг бусдад зарж хууль зөрчсөн байх тул хохирол болох зөрүү мөнгийг болох хохирлыг Ж.М гаргуулан авах эрхтэй байна.

Мөн хариуцагч тал Ж.Мыг 3 сарын хүүгээ төлөөгүй хэтрүүлсэн тул гэрээгээ цуцалсан, гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.           

Гэтэл хариуцагч тал гэрээ цуцлах бодитой үндэслэл үүсээгүй байхад гэрээ цуцалсан байх ба цуцалж байгаагаа ч Ж.Мд ямар нэгэн байдлаар талдаа мэдэгдээгүй. Энэ талаар тайлбарлахдаа Ж.Мын дугаарт мессеж бичсэн гэх боловч үүнийгээ ч нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд хариуцам “А Б И К” ББСБ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн үед гэрээнээс татгалзахыг хориглосон заалтыг зөрчиж гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, Ж.Мын хөрөнгийг бусдад зарж хохироосон тул зээлийн гэрээний үүрэгт төлөх дүнгээ суутгуулан үлдэх дүн болох 7,460,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.” гэв.

 

Хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.М нь 2019 оны 10 дугаар сарын 16-нд манай байгууллагаас мобикомын 99096886 дугаарыг барьцаалан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сар бүрийн 15-нд төлөх графикт хугацаатай зээл авсан. Гэтэл зээлдэгч Ж.М нь зээл авснаас хойш зээлийн гэрээнд заасан хугацааг удаа дараа хоног хэтрүүлдэг байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сараас хойш зээлийн хүүг гэрээний дагуу огт төлөөгүй байдаг юм. Манай байгууллага нь бүх зээлдэгч нартаа сар бүрийн 15-ны төлөлтийн өмнөх өдөр сануулга мессеж явуулдаг бөгөөд зээлдэгч Ж.Мд мөн сануулж байсан.

Зээлдэгч Ж.М нь өөрийн дугаар дээр ашигласан хэрэглээний төлбөрөө өөрөө төлөх ёстой үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас сар бүр манай байгууллагын нэр дээрх бүх дугаарууд хаагдаж бусад зээлдэгч нарт ажлын болон цаг хугацааны хохирол учруулж байсан учраас тухайн зээлдэгчийн 3 сарын ярианы төлбөрийг манай байгууллагаас тухай бүр нь төлж барагдуулан бусад дугааруудын эрх ашгийг хамгаалж ирсэн.

Бүтэн гурван сар буюу 90 хоногийн турш зээлийн эргэн төлөлттэй холбоотой ямар нэгэн хүсэлтийг манай байгууллагад бичгээр, утсаар, и-мэйлээр болон өөрийн биеэр ирж гаргаагүйгээр барахгүй манай байгууллагаас холбогдох арга хэмжээг авсан боловч хэл сураггүй алга болсон байдаг. Иймд 2020 оны 07 дугаар сарын 18-нд зээлдэгчийн барьцаалсан дугаарыг фидуцийн гэрээний 3.1.2 дахь заалтын дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, тухайн зээлийн төлөгдөөгүй хоногийн хүү, дугаарын хэрэглээний ярианы төлбөр нийт 4,666,400 төгрөг болсон учир уг үнээр иргэн Б.Бт худалдан борлуулсан. Б.Б нь одоог хүртэл худалдаж авсан дугаараа барьж байгааг манай байгууллага судалсан тул тус иргэнээс мэдээлэл авахад бүрэн боломжтой байна.

Монгол банкны мэдээллийн сангаас зээлдэгч Ж.Мын бусад зээлийн эргэн төлөлтийн явцыг шалгаж үзэхэд 17,500,000 төгрөгийн зээл МУУ гэсэн ангилалд шилжсэн зээлийн үлдэгдэлтэй, 45,000,000 төгрөгийн зээл анхаарал хандуулах гэсэн ангилалтай хаагдсан байгаагаас харахад Ж.М нь зээл авсныхаа дараа эргэн төлөгдөх гэрээний үүрэг хариуцлага байхгүй байгаа нь харагдаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг манай байгууллагын хувьд ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал огт байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.” гэжээ.

 

            Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А Б И к” ББСБ нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулж байгаа шалтгаан нь хоёр тал харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн хүүг төлөөгүй 90 хоног хэтэрсэн, зээлийн гэрээний 2.14.2 дээр зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй 10 хоног хэтэрвэл “А Б И к” ББСБ үл маргах журмаар шилжүүлэн үүргийг хангуулна гэж байгаа. Үүний дор Ж.М гарын үсэг зурсан. 10 хоног гэдгийг “А Б И к” ББСБ 100 хоног хүлээсэн. Энэ хооронд энэ хүн барьцаа хөрөнгийнхөө араас холбогдсон зүйлгүй. Өмгөөлөгч нь ковидын улмаас гэж байна. Ноднин Монгол Улсад ковид байгаагүй. 2020 онд ямар нэгэн хөл хорио тогтоогоогүй 2020 оны 11 дүгээр сараас эхэлж хөл хорио тогтоосон. Хууль бусаар хөрөнгөжсөн ашиг олсон гэж байна. Ашиг олоогүй гэдгийг худалдан авсан хүн нь батлаад бичээд өгсөн. Өндөр үнээр авсан бол авсан үнээ бичих байсан, гэтэл ийм үнээр авсан. Тухайн зээлдэгчээс 90 хоногийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй. Зах зээлийн үнэлгээ нь 100,000-250,000 төгрөгийн үнэтэй дугаар. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-д холбогдуулан “7,460,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ж.М болон “А.Б.И.К ББСБ” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19Г313 тоот Зээлийн гэрээ /барьцаатай/ байгуулагдсан байх бөгөөд “А.Б.И.К ББСБ” ХХК нь 4,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаатайгаар зээлдүүлсэн, Ж.М нь зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж харилцан тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №19Г313 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Мобикомын 99096886 дугаарыг буюу эзэмших эрхийг “А.Б.И.К ББСБ” ХХК-ийн нэр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Зээлийн” гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулж Ж.Мын эрхэнд халдсан.

Хариуцагч нь Б.Мын 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг 4,540,000 төгрөгийн зээлийн үүрэгт тооцож аван, бусдад өндөр үнээр худалдан борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

“А Б И к” ББСБ, Ж.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 109 дугаар сарын 16-ны өдрийн 19Г313 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” нь илт хууль бус хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д  хууль зөрчсөн байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 заасны дагуу хариуцагч “А Б И к” ББСБ нь Ж.Мын 99096886 дугаар ашиглах эрх /хөрөнгө/-ийн үнэ болох 11,560,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

“А Б И к ББСБ” гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад /2020 оны 10 дугаар сарын 15-нд дуусах басан/, 540.000 төгрөгийг хүү төлөх ялимгүй зөрчлийг далимдуулан 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар үндэслэлгүйгээр зарж борлуулсан...” гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч талын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Зээлийн гэрээг байгуулж байгаа шалтгаан нь хоёр тал харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн хүүг төлөөгүй 90 хоног хэтэрсэн, зээлийн гэрээний 2.14.2 дээр зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй 10 хоног хэтэрвэл “А Б И к” ББСБ үл маргах журмаар шилжүүлэн үүргийг хангуулна гэж байгаа. Ж.М гарын үсэг зурсан. “А Б И к” ББСБ 100 хоног хүлээсэн.

Хууль бусаар хөрөнгөжсөн ашиг олсон гэж байна. Ашиг олоогүй гэдгийг худалдан авсан хүн нь батлаад бичээд өгсөн. Өндөр үнээр авсан бол авсан үнээ бичих байсан, гэтэл ийм үнээр авсан. Тухайн зээлдэгчээс 90 хоногийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй. Зах зээлийн үнэлгээ нь 100,000-250,000 төгрөгийн үнэтэй дугаар. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, харин хариуцагч талуудын хооронд хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан талаар маргажээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр  үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хуульд фидуцийн гэрээгээр зөвхөн эд хөрөнгийг буюу хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр заасан байхад талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр “Мобиком корпораци” ХХК-ийн 99096886 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ж.М, хариуцагч “А Б И К ББСБ”-д шилжүүлсэн байна.

 

            Хэрэгт авагдсан “Мобиком корпораци” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4/2634 дүгээр албан бичиг болон хавсралтаар нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 99096886 дугаарын эзэмших эрх шилжсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

            2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ж.М нь “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан Үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний дагуу 99096886 дугаарыг эзэмшиж байсан эрхээ хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-д шилжүүлснээр Мобиком корпораци ХХК болон “А Б И К ББСБ ХХК нарын хооронд дээрх дугаар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

            Талуудын хооронд байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Хууль зөрсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь уг зохицуулалтад нийцэхгүй буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх зохицуулалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

 Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.-д “үйлчлэгч” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдийг;”, мөн зүйлийн 3.1.6.-д “хэрэглэгч” гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;”, 3.1.12.“дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг.” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.М, хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-д Мобиком корпораци ХХК-ийн 99096886 дугаарын эзэмших эрхийг шилжүүлсэн гэж үзэх бөгөөд дээрх дугаарлалтыг эд хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд харин эзэмших эрх гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Дээрх 99096886 дугаарын эзэмших эрхийг хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК нь Б.Батцэцэгт 4,666,400 төгрөгөөр худалдаж, Батбаатарын Батцэцэгийн эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг дугаарыг хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК нэхэмжлэгч Ж.Мд буцаан өгөх боломжгүй байх тул дугаарын үнийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

 Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК нар фидуцийн гэрээнд 99096886 дугаарын түргэн борлогдох үнийг 4,000,000 төгрөгөөр харилцан тодорхойлсон, нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн үнэлгээний газар болох “Итгэлт эстимэйт” ХХК зах зээлийн үнэлгээ 11,500,000 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК нь Б.Батцэцэгт 99096886 дугаарын эзэмших эрхийг 4,666,400 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүх 99096886 дугаарын үнийг нэхэмжлэгч, хариуцагч нарын фидуцийн гэрээ байгуулахад 4,000,000 төгрөгөөр тодорхойлсон, харилцан зөвшөөрсөн дүнгээр тооцох нь зүйтэй гэж үзсэн.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-иас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон бол уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Иймд хуульд зааснаар хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-иас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК нь Зээлийн гэрээний үүргийн дагуу холбогдох этгээдээс гэрээний үүргийг шаардах эрхтэй ба уг эрхийг хэрэгжүүлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-иас 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А.Б.И.К ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС