Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01448

 

 

 

 

                                          Ж.М нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01452 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.М хариуцагч АБИК ББСБ-д холбогдуулан гаргасан 7 460 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжэлгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.М АБИК ББСБ-аас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай,  сарын 4.5 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Мобикомын ... дугаараа барьцаалж фидуцийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. 2020 оны 4 дүгээр сараас ........... ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сард ажлаасаа буусан. АБИК ББСБ-д зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусган утасны дугаараа авахаар хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний зүйлийг захиран зарцуулж зээлдэгчийн эрхэнд халдсан. Фидуцийн зүйл болох ... дугаар нь Мобикомын дараа төлбөрт азын дугаар, мөнгөөр үнэлшгүй чухал дугаар байсан. Зах зээлийн дундаж үнэ нь 12 000 000 төгрөг байхад 4 540 000 төгрөгийн зээлийн үүрэгт тооцон авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу хариуцагчаас 7 460 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаас үзэхэд Ж.М ашиглаж байсан ... дугаарын эрх нь эд юмс биш бөгөөд тухайн оператор компанийн дугаарыг ашиглах эрх буюу хөрөнгө байна. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн фидуцийн гэрээ илт хууль бус хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн ... дугаар ашиглах эрх \хөрөнгө\-ийн үнэ болох 11 560 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн харин фидуцийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлөх дүнгээ суутгуулан үлдэх дүн болох 7 460 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч гэрээ цуцлах бодитой үндэслэл үүсээгүй байхад гэрээг цуцалж, зээлдэгчид энэ талаар мэдэгдээгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх заалтыг зөрчиж гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, зээлдэгчийн хөрөнгийг бусдад худалдаж хохироосон тул 7 460 000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэжээ.  

 Хариуцагчийн тайлбарт: Талуудын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч зээл авснаас хойш зээлийн гэрээнд заасан хугацааг удаа дараа хэтрүүлсэн. 2020 оны 4 дүгээр сараас хойш зээлийн хүүг гэрээний дагуу төлөөгүй. Зээлдүүлэгчийн зүгээс бүх зээлдэгчид сар бүрийн 15-ны төлөлтийн өмнөх өдөр сануулга зурвас явуулсан. Нэхэмжлэгч өөрийн дугаарын ашигласан хэрэглээний төлбөрөө төлөөгүйн улмаас хариуцагч байгууллагын нэр дээрх бүх дугаарууд хаагдаж бусад зээлдэгч нарт ажлын болон цаг хугацааны хохирол учруулж байсан тул зээлдэгчийн 3 сарын ярианы төлбөрийг хариуцагч байгууллагаас төлж барагдуулсан. Нэхэмжлэгч 90 хоногийн турш зээлийн эргэн төлөлттэй холбоотой хүсэлтийг бичгээр, утсаар, и-мэйлээр болон өөрийн биеэр гаргаагүй. Иймд 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр фидуцийн зүйлийг гэрээний 3.1.2-т заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, дугаарын хэрэглээний ярианы төлбөр нийт 4 666 400 төгрөгөөр Б.Бхудалдан борлуулсан. Монгол банкны мэдээллийн санд нэхэмжлэгчийн 17 500 000 төгрөгийн зээл муу гэсэн ангилалд шилжсэн , 45 000 000 төгрөгийн зээл анхаарал хандуулах гэсэн ангилалтай хаагдсан байсан.  Нэхэмжлэгч ковидын улмаас хөл хорионд орсон гэдэг. Гэтэл 2020 онд ямар нэгэн хөл хорио тогтоогоогүй 2020 оны 11 дүгээр сараас эхэлж хөл хорио тогтоосон. Хариуцагч хууль бусаар хөрөнгөжиж ашиг олоогүй. Утасны дугаарын зах зээлийн үнэлгээ нь 100 000-250 000 төгрөг байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч АБИК ББСБ-аас 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 460 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч АБИК ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх "Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 -т заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ, түүнчлэн талуудын хооронд байгуулсан Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь зүйтэй байна... " гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1- д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч Ж.М ... дугаарын эрхийн үнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ "талуудын хооронд байгуулагдсан Фидуцийн гэрээнд тусгагдсан үнийн дүнгээр буюу 4 000 000 төгрөгөөр тооцож" шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  Мобиком компанийн ... тоот дугаар ашиглах эрхийн зах зээлийн үнэлгээг "Итгэлт Эстимэйт" ХХК 11 500 000 төгрөг тооцсон. Энэ үнэлгээний тайлантай хариуцагч танилцсан бөгөөд үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргаагүй, дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. Иймд дугаарын үнэ 11 500 000 төгрөгөөс шүүхээс хангасан 4 000 000 төгрөг, зээлийн гэрээний үлдэгдэл дүн 4 666 400 төгрөгийг хасч тооцон үлдэх 2 833 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.М хариуцагч АБИК ББСБ-д холбогдуулан 7 460 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул фидуцийн зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ..,” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогджээ.

 Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэй зээлдэн авах, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлийн ... дугаар ашиглах эрхийг шилжүүлэн авах гэрээ тус тус байгуулагдсан байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Үүргийн зөрчил 2020 оны 4 дүгээр сараас үүсч, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байх ба 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ... дугаар ашиглах эрхийг Б.Б4 666 400 төгрөгөөр худалдсан талаар хэрэгт зээлийн дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, тайлбар зэрэг баримтууд байна. /хх6, 31, 37-38, 116/

Шүүхээс талуудын хоорондох гэрээний харилцааны талаар хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд утасны дугаар ашиглах эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсныг буруутгах боломжгүй. Түүнчлэн мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон, нэхэмжлэгч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дах хэсэгт зааснаар хохирол шаардсан, зохигчид фидуцийн гэрээний зүйл гар утасны дугаар ашиглах эрх байхыг харилцан зөвшөөрсөн, МКХХК-аас дугаар ашиглах эрхийг нь шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй. /хх51-52/

Харин тухайн харилцаанд илүү нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дах хэсэг хамааралтай байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй.

Талууд гэрээний 2.1-т Мобикомын ... дугаар ашиглах эрхийн түргэн борлогдох үнийг “4 000 000” төгрөг гэж тохиролцсон байх тул шүүхээс тэдгээрийн харилцан зөвшөөрсөн дүнгээр үнэлгээг тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн үүрэг шаардахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэг зааснаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлдүүлэгч гэрээний зүйлийг худалдан борлуулж үүргийг хангуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргийн зөрчил үүсч хариуцагч ... дугаар ашиглах эрхийг худалдан борлуулж гэрээний үүрэгт тооцон авсан байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь 4 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн мөнгөн дүн гаргуулсан хэсгийг өөрчлөх шаардлагагүй хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт ...” гэснийг “... 235 дугаар зүйлийн 235.1, 235.3 дах хэсэгт ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 290 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.МӨНХЗУЛ