Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/18

 

С.Л холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Прокурор Э.Н, шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Б.Д, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.А даргалж шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Л холбогдох 2017000000024 дугаартай 2 хавтас 335 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хохирогч Б.С  шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч  Б.Д, Д.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч С.Л нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Билүү Түлүү” гэх газар иргэн А.Д маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж гавал тархины хавсарсан хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх:  Шүүгдэгч  Б  овогт С Л хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Л 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Л 8 193 749 /найман сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 1-15 тоотод оршин суух хохирогч Б.Сүнжидмаад олгож, оршуулахтай холбоотой зардал 2 303 337 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй этгээдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Л нь мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргийн талаар тогтвортой үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Хэргийн бодит байдалд дүгнэлт хийж тухайн үед нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Талийгаачтай багаасаа найзалж нөхөрлөсөн. Мөн нэг дор олон жил амьдарсан гэдэг. Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг анхан шатны шүүх болон мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн явцад хохирол төлбөрийг өгөх боломжгүй байсан учраас хохирлыг тухайн үед нь төлөөгүй хүндрэл учирсан. Хохирол төлбөрийг төлөхийн тулд өөрийн эд хөрөнгө болох хашаа байшин, машин зэрэг хөрөнгийг зарж борлуулж хохирлыг барагдуулсан. Шүүгдэгчийн хийсэн хэрэгт гэм буруугийн асуудал болон Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Санаа зорилго нь танилынхаа ямааг самнаад орлого олоод хувааж авах зорилготой байдаг. Тэгээд цаг агаарын байдлын улмаас ямаагаа самнахаа больж, найзуудаараа архи уусан байдаг. Тухайн үед Л нь архи уугаад ноцтой үйлдэл гаргасан нь бага байдаг. Харин талийгаач нь архи ууж агсам тавьсан байдаг. Энэ мэт хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хэрэг гарах нөхцөл байдал нөлөөлсөн. Тиймээс шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялаас хөнгөлж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанаар хөнгөрүүлэх нөхцөл байдал хангалттай байгаагүй. Яагаад гэхээр хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй байсан. Тиймээс бидний гомдлыг хүлээн авч миний үйлчлүүлэгчийн ялыг хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд байр суурь маань хэргийг прокурор луу буцаах зорилготой оролцсон байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бид гэм буруу дээр маргаагүй. Харин зарим гэрч нарын мэдүүлгийн хоорондын зөрүү байна. Үүнийг шалгаж өгөөч гэсэн байр суурьтай оролцож байсан. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ эргэлзээ арилгаж шүүхээс гэм буруугийн асуудлыг үндэслэлтэй дүгнэсэн гэж үзсэн. Дараагийн асуудал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн агуулгатайгаар гомдол гаргасан. Хэргийн нөхцөл байдлаас харахад үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг холбож ярьж байна. Гэхдээ хохирогчийг буруутгах гэж энэ зүйлийг яриагүй. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийн асуудал дээр өмнөх шатны шүүх хурал болон мөрдөн байцаалтын шатанд хохирлоо төлөхөө илэрхийлж байсан боловч боломжгүй байсны улмаас өдийг хүрсэн. Тэгээд шүүх хурлын өмнө хохирлыг барагдуулсан. Хэрэг болох үед хамт байсан хүмүүстэйгээ нийлж эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл харагдаж байна. Мөн хэрэг гарах үед шүүгдэгч Л баруун гар нь хугархай гипстэй болон арван хадаастай байсан. Дээр нь баруун хөлний яс нь төвийж гарсан бэртэлтэй байсан учраас Л зүүн гар нь л ажиллаж байсан. Харин талийгаачийн биеийн байдал эрүүл байсан. Шүүгдэгч 2 гар зүгээр байсан бол найзыгаа тэврээд авах боломж байсан. Даанч нэг гар маань гэмтсэн байсан учраас тэврээд авах боломж байгаагүй гэсэн зүйлийг хэлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрхшээлийн байдал байсан гэсэн баримтаар тогтоогддог. Энэ хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд авагдсан мөрдөн байцаах тасгийн даргын албан тоот байдаг. Уг баримт дээр 461 дүгээр хорих анги луу хагалгаанд орохоор явсан нөхцөл байдал байгаа. Мөн хавтаст хэргийн 139-143 дугаар хуудсанд эмнэлгийн карт, 148 дугаар хуудас мөрдөн байцаагчийн тэмдэглэл харагддаг. Биеийн байдлын хувьд эрхшээлийн байдалд байсан гэдэг нь харагдаж байгаа. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд талийгаачийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэсэн байдал харагдаж байдаг. Яг ямар байдал нөлөөлсөн бэ гэхээр багийн найзуудаараа суугаад архи ууж байхдаа шүүгдэгч маргааш өглөө явъя эхнэр хүүхэд санаа нь зовж байгаа гэж хэлэхэд талийгаач маргааш орой явна гэж хэлсэн байдаг. Тэгээд шүүгдэгчийг сууж байхад талийгаач 0,75 граммын архины шилээр дух хэсэгт цохисон байдаг. Энэ гэмтэл шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 108 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж гарсан. Шүүгдэгч цохиулсныхаа дараа зугтаад гарахад араас нь ална гээд цээж хэсгийн хувцсаа тайлаад гарсан байдаг. Яагаад энэ бүгдийг яриад байгаа вэ? гэхээр шүүгдэгчийг хэрэг үйлдэхэд талийгаачийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдгийг хэлэх гээд байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хохирол төлбөр барагдуулаагүй гэсэн үндэслэл байгаа. Гэхдээ хохирол төлбөрийг шүүх хуралдааны дараа бүрэн барагдуулсан. Мөн шүүгдэгч нь циркийн жүжигчин улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан баримтууд хэрэгт авагдсан. Хэрэг болохоос өмнө эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хохирол төлбөр төлсөн. Мөн хохирогчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзаад хуульд заасан боломжит хугацаагаар ялыг хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байсан. Миний гар зүгээр байсан бол найзыгаа тэврээд авах байсан. Намайг өршөөгөөрэй гэж хэлмээр байна гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын талаар сонслоо. Шүүгдэгч Л холбогдох хэргийг анхан шатны шүүхээр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг хөнгөрүүлэх талаар ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр хохирогч, шүүгдэгч нарын аль аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биеэ зөв зохистой авч яваагүй байдал харагддаг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйлийг яриад байна. Гэтэл шүүгдэгч өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогдохгүй байна. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд хохирол төлбөр төлсөн, хор уршиг арилсан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч хүний амь насыг мөнгөөр илэрхийлэх боломжгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон хохирогчийн давж заалдсан гомдол, хохирогчийн гаргасан хүсэлтүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч С.Л нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг “Билүү түлүү” гэх газар иргэн  А.Д маргалдаж, улмаар зодолдон түүний толгойн тус газар гараараа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Л холбогдох  хавтас хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэрэг нотлогдсон эсэх болон  прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ зүйлчилсэн  хэргийн зүйлчлэл тохирсон эсэх асуудлаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

 

Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь амь хохирогч А.Д нь архидан согтуурч, агсам согтуу тавьж, шүүгдэгч С.Л толгойн тус газар архины шилээр цохисон хууль бус үйлдлээс үүссэн байх бөгөөд энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцсон нь зөв байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байх ба хохирогч нь давж заалдсан гомдлоосоо татгалзаж, гомдол саналгүй болсон болон ял шийтгэл хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн байна.

Дээрхи нөхцөл байдлаас гадна хэрэг үйлдэгдсэн арга буюу хохирогчийг шүүгдэгч нь солгой гараараа нэг удаа цохисон зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 10 жил хорих ялыг хөнгөрүүлэн 8 жил хорих ял болгон өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт заасан тус тус “10/арав/ жилийн “ гэснийг тус тус “8 /найм/ жилийн “ гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                  Г.ТЭГШСУУРЬ