Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2018/0078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Төмөрбат, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 тоот Т.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаал болон  Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Б.Эийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, Сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах болон нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, түүний өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээд А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Миний бие нь Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн гэрчилгээтэй.

Дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолоор тус албаны 2017 оны төсөв 72016400 төгрөг байхаар баталсан ба үүнд албаны бүтэц, орон тоо 6 ажилтантай байх, тэдгээрийн цалин урамшуулал, бусад холбогдох зардлууд тооцогдож батлагдсан байдаг. Гэтэл Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал гарч намайг ажил албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний бие тус 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг гарсан өдөр нь хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15/67 тоот албан бичгээр намайг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл" гэсэн хариу ирүүлсэн.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн бөгөөд миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон. Үүнд:

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал гаргасан үндэслэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг дурьджээ. Энэ заалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх тухай Тамгын газрын даргын эрх, үүргийн тухай заалт бөгөөд дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Засаг даргын Тамгын газарт хамаарахгүй, Засаг даргын дэргэдэх алба учир намайг ажлаас чөлөөлөх үндэслэл биш юм.

Мөн энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн нь намайг чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангасан зүйл, заалт бөгөөд уг зүйлийн 27.2.4 дэх хэсэгт ... эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаанд дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжинд заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан ба энд эхний ээлжинд ажлаас чөлөөлөх тухай заалт байхгүй байна. Түүнчлэн уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэлт баталгааг хуульчлан зааж өгсөн байна.

Мөн дээрх тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт "... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу зөрчсөн.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.А нь өөрөө төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, худалдан авах ажиллагааны мэргэшсэн гэрчилгээгүй гэж байсан бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 53.5 дахь зүйлд заасан ...албаны дарга нь төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна. гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж томилогдсон байж болзошгүй. Мөн Худалдан авах ажиллагааны албанд шинээр ажилд авсан 1, одоо ажиллаж байгаа 1 ажилтан нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, мэргэжил нь албаны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл албаны дарга болон бүтцийн өөрчлөлтөөр томилогдоод байгаа 3 ажилтан гээд 4 хүн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, бүтцийн захирамжид заасан ажлын байранд тавигдах ТЗ-4 ангилалын шаардлагыг хангаагүй. Гэтэл холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт ...Төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. гэж заасныг хэрэгжүүлээгүй зэрэг байдлаар хууль тогтоомж зөрчин намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Уг нэхэмжлэлдээ Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-ийн эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаанд дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжинд заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсэн заалтыг зөрчиж эхний ээлжинд ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хөндөхгүйгээр хуульд заасан нөхцлүүдийг сонгоогүйгээс болж өөрийнх нь эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд сөрөг нөлөөл үзүүлж байгааг дурдсан байгаа болно.

Түүнчлэн дээрх тушаалыг гаргахаас өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжпийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. гэж заасныг албаны дарга баримтлаж, хэрэгжүүлэх ёстой атал төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, мэргэжил нь албаны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл тангараг өргөөгүй, бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн захирамжид заасан ажлын байранд тавигдах ТЗ-4 ангилалын шаардлагыг хангаагүй хүмүүсийг албаны орон тоонд ажиллуулж байгаа нь холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ хаагч Т.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх гол угтвар нөхцөл болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн, ажилд томилох гэснийг Багануур дүүргийн Засаг даргыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны А/04 дүгээр Худалдан авах ажиллагааны албан бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батласан захирамжийн дагуу Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох гэж өөрчлөн найруулж байна.

Дээрх албан тушаалд томилогдоод байгаа А.Э нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч биш, харин 2016 онд Хөдөлмөрийн хэлтэст нярав хийж байгаад ажлаас халагдсан бөгөөд урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг шүүх гаргасан ч тухайн үеийн дарга нь хамтран ажиллахаас татгалзаж, манай албанд түр томилогдсон байсан. Одоо шүүхийн шийдвэрээрээ хөдөлмөр халамж үйлчилээний хэлтэст томилогдох хүсэлтээ илэрхийлсэн ч Т.Бгийн үүсгэсэн маргаанаас шалтгаалж түр хойшлуулсан байгаа юм. Учир нь сул ажлын байр гарчихаар Т.Бгийн боломж нээгдэх гээд байгаа болохоор албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч хаширласаар байгаагийн тод жишээ юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, өмгөөлөгч Э.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Иргэн Т.Бгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тушаал хүчингүй болгуулж ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах агуулга бүхий нэхэмжпэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандаж Багануур дүүргийн Худалдан авах 1 ажиллагааны албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн бүрэн үндэстэй гэж үзэж байна. Учир нь Багануур дүүргийн Засаг даргын Албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дугаартай захирамж батлагдан гарснаар орон тооны цомхотгол хийх үүрэг бий болсон.

Тус захирамжаар манай Худалдан авах ажиллагааны албаны бүтэц зохион байгуулалтыг баталсан бөгөөд шинэчлэгдсэн бүтцээр 6 байсан орон тоог 4 болгож өөрчилсөн. Хасагдсан орон тоо буюу ахлах мэргэжилтнээр нэхэмжпэгч Т.Б ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 /орон тоо хасагдсан/ дэх заалтад заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтуудын үйл ажиллагааг дэс дараалан хийж, Т.Бгийн өөрийнх нь саналыг авч ажлаас чөлөөлсөн. Энэ нь Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын түр орлон гүйцэтгэгч нь санаатайгаар ажлаас халсан тушаал биш байна.

Дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл гардуулж өгсөн.

Нэхэмжлэлд дурдсан тушаалынхаа үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дахь заалт нь /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө/ тухайн ажилтныг шууд чөлөөлөх агуулга бүхий заалт биш бөгөөд удирдлага болгосон нь хууль зүйн техникийн алдаа юм. Гэхдээ дээрх заалт ажлаас чөлөөлөх үр дагавар үүсгэсэн заалт биш учраас тушаалын хууль зүйн үндэслэлд нөлөө үзүүлэхгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна.

Багануур дүүргийн Засаг дарга дээрх актуудыг үндэс болгоод Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа тус албанд ажиллаж байгаа Т.Бгийн ажлын байр түр орлон гүйцэтгэгчийн ажлын байртай давхцаж байгаа учраас давхцлыг нь арилгах үүднээс Т.Бгийн ажлын байр тэр чигтээ хасагдсан. Хавтаст хэрэгт Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот захирамжаар баталсан баримт байна.

Ийм учраас Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь Засаг даргын харьяа хэлтэс учраас Засаг даргаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу Засаг даргын захирамжийг биелүүлж, Т.Бг чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Тэтгэмжийг хуулийн дагуу олгосон. Т.Бгийн ажлын байр хэвээр байгаа нь тогтоогдохгүй байна. н.Э, Т.Б нарын ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Т.Б нь ТЗ-5 зэргийн албан тушаал хашиж байсан бол одоо томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа албан тушаалтан нь ТЗ-4 ажилтных юм.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны үндсэн орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр багасаагүй, харин хасагдсан. Иймээс Т.Бгийн ажлын байр нь хасагдсан учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А.Эийг Сургалт олон нийт хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан байгаа. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “...Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд уг ажилтныг эгүүлэн авна” гэсэн заалт байгаа. Энэ зохицуулалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2 дэхь хэсэг буюу сургалт олон нийт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан тохиолдолд ажилтныг томилсон тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй. Нөгөө талаараа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрийн гэсэн дэг журам, хуультай. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаад жил гаруй хугацаа болж байгаа. Мөн нэхэмжлэгч шаардлагаа 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэгдүүлж гаргасан. Гэхдээ дээрх тушаал хүчингүй болгуулах асуудлын талаар хэлэлцэх гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааг ярих нь зүйтэй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

Маргаан бүхий тушаал нь Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлах ёстой заалтыг баримтлаагүй байсан. Иймээс үүнийг залруулсан тушаалыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Уг тушаалыг холбогдох хүмүүс болон нэхэмжлэгчид мэдэгдсэн. Гэхдээ дээрх заалт нь ерөнхий заалт учир маргаан бүхий үр дагавар үүсэхээр зүйл биш юм. Харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндсэн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг яагаад баримталсан гэхээр төрийн албан хаагчийн баталгааг хангах үүднээс буюу тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ажилтныг чөлөөлсөн гол үндэслэл нь  сүүлд дурдсан 3-н заалт юм. 

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан сонгон шалгаруулах байсан гэж тайлбар хийж байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын тухайд 2 агентлаг татан буугдаж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэгтгэж нийлүүлэх замаар шинээр бий болж 2 даргын орон тоо нэг болж өөрчлөгдсөн тохиолдолд ашиглах заалт юм. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийг баримтална” гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн маргааны тухайд өөрчлөн байгуулсан зүйл байхгүй. Мөн орон тоо цөөрсөн гэдэг нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу “...орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд зохион байгуулалтын бүтцээс тодорхойлж албан тушаал үгүй болно” гэж заасан. Энэ тохиолдолд хасагдсан орон тоо нь ахлах мэргэжилтний орон тоо байгаа. Өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан учир уг албан тушаалыг эрхэлж байсан хүнийг хасах тухай ойлголт юм. Мөн тогтоолын 15.1.2-т “...мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлсэн гэдэгт хуулийн этгээдийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалыг хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл 6 орон тоотой байж байгаад 4 орон тоо болохыг ойлгож байгаа. Иймээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын орон тоо хасагдсан гэдэг нь үндэслэлтэй юм. 

Нэхэмжлэгч нь 2015 онд ажлын байранд томилогдсон бөгөөд А.Э нь 2016 онд томилогдсон байдаг. Ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор доороо байгаа 4 мэргэжилтний ажлыг хариуцан ерөнхий чиг үүрэг удирдлагаар ханган ажиллаж байсан.

А.Эийн эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтоор түүний эрхэлж байсан ажлын үндсэн чиг үүрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу иргэд аж ахуйн нэгж байгууллагад  сургалт зохион байгуулдаг байсан. Мөн архив албан хэрэг хөтлөх чиг үүргийг давхар гүйцэтгэж байсан.  Гэтэл шинэ ажлын байрны тодорхойлолт буюу 2017 оны Худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар уг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байгаа. Орон тоо байхгүй болсон гэдэг ойлголтын тухайд тухайн эрхэлж байсан чиг үүрэг хасагдахыг ойлгох байтал, гуравдагч этгээдийн орон тоо байгаа төдийгүй нэхэмжлэгчийн чиг үүрэг бүхий ажил албан тушаал нь хасагдсан байна. Иймээс Улсын Дээд шүүхийн тогтоол болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу түүний эрхэлж байсан чиг үүрэг нэгэнт байхгүй болсон тул нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн тайлбарт байх “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу зохих албан тушаалыг надад тавьсан байх ёстой байсан” гэх тайлбарын тухайд нэхэмжлэгчийг үлдээх боломж байгаагүй. Учир нь орон тоо цөөрч 6 байсныг 4 болгосон учир шилжүүлэх томилох боломж үүсээгүй. Мөн тус заалтын 2 дахь хэсэгт байх төрийн хөрөнгөөр сургах боломж байхгүй учир баталгааг нь хангаж тэтгэмж олгож чөлөөлсөн зохицуулалт юм. Дээрх тайлбарт хэлсний дагуу нэхэмжлэгчийг хууль зөрчиж чөлөөлсөн асуудал байхгүй.

Нэхэмжлэгч Т.Бд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон. Иймд Т.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Гуравдагч этгээд А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ: Т.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны сургалт, олон нийт хариуцсан мэргэжилтнээр томилуулах нэхэмжлэлийн даардлага гаргасан байна.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Э миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд Т.Бгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь миний эрх хууль есны ашиг сонирхлыг илт зөрчиж байгаа тул шүүхэд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1. А.Э миний бие 2015 оны 11 дүгээр сарьга 09-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцэн, улмаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас намайг тус албанд гарсан сул орон тоо болох архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтний орон тоонд нэр дэвшүүлсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус албаны даргын, дугаар Б/05 тоот тушаалаар архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон юм.

Улмаар тус албаны даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/06 тоот тушаалаар архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтнээр жинхлэн томилж, няравын ажлыг хавсран гүйцэтгэхээр болсон юм.

Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн Засаг даргын А/04 тоот (захирамжаар Багануур дүүргийн худалдан авах, ажиллагааны албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан бөгөөд тус захирамжаар миний ажлын байр, албан тушаал нэршлийн хувьд өөрчлөн батлагдсан билээ.

Өөрөөр хэлбэл миний ажлын байр, албан тушаал сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн гэх нэршлийн хувьд өөрчлөгдсөн болно.

Үүний дагуу миний бие тус албан даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ниы өдрийн Б/02 тоот тушаалаар сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа.

Харин Т.Б нь тус албан тушаалд /сургалт, олон нийт хариуцсан/ урьд өмнө ажиллаж байгаагүй мөртлөө миний ажиллаж байгаа, албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад их гайхаад байгаа.

А.Э миний ажиллаж байгаа албан тушаал нь тус албанд шинээр бий болсон албан тушаал биш, уг албан тушаалд миний бие 2016 оноос хойш ажиллаж байгаа юм.

Иймд Т.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Б тус шүүхэд хандаж “Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар бүхий “Т.Бг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  Б/02 тоот “А.Эийг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, тус албаны сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” шаардлага гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эхний ээлжинд ажлаас чөлөөлөх асуудлыг хөндөхгүйгээр бусад нөхцлийг сонгох боломжтой байсан...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар “...шалгаруулж авах ёстой” байтал төрийн албаны шалгалтанд ороогүй ажлын байрны шаардлагыг хангаагүй хүмүүсийг ажилд томилж,  тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг ялгаварлан гадуурхаж гэнэт ажлаас чөлөөлсөн...” гэж тодорхойлон, хариуцагч гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны албаны бүтцийг дарга, ахлах мэргэжилтэн-1, инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн-1, тайлан мэдээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн-1, архив бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтэн-1 нийт 6  орон тоотой баталснаар Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар бүхий тушаалаар Т.Бг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус албаны ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, улмаар бичиг хэрэг, дотоод ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн түүний сарын үндсэн цалинг ТЗ-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлалд хамааруулж 599 237 төгрөг байхаар тогтоожээ.

Худалдан авах ажиллагааны албаны чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоо цалин хөлс, урсгал зардлыг бууруулах зорилгоор Багануур дүүргийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр “Албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” захирамж гарган тус албыг дарга, инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн-1, нягтлан бодох бүртгэл, хуулийн этгээдтэй харилцах мэргэжилтэн-1, сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн-1 нийт 4 орон тоотойгоор баталж, уг захирамжийн 2 дахь заалтаар шинэчлэн батлагдсан бүтцийн дагуу 2017 оны 01 дүгээр сард багтаан зохион байгуулалтын өөрчлөлт хийж ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн баталж мөрдлөг болгох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Худалдан авах ажиллагааны албанд /О.Ад/ үүрэг болгосон байна. 

            Уг тушаалыг үндэслэн гарсан Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар бүхий тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11.6, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн “...худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж цаашид ажиллах боломжгүй болсон” гэх үндэслэлээр Т.Бг ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

   Үүнээс үзвэл Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын орон тоог хасахаар шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

            Харин нэхэмжлэгч уг захирамжийг үндэслэн гарсан захиргааны акт болох Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар бүхий тушаалд “ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд заасан зарим чиг үүрэг бусад мэргэжилтнүүдэд шилжсэн, миний эрхэлж байсан бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар шалгаруулж авах ёстой байсан” гэж тодорхойлон маргасан боловч Т.Бгийн эрхэлж байсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг нь үгүй болж харин түүний хавсран хэрэгжүүлж байсан бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан чиг үүрэг нь бусдад шилжсэн хэдий ч энэ нь Т.Бгийн ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, мөн зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Энэ тохиолдолд захиргаа Т.Бгийн “албан тушаалын орон тоо хасагдсан” гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар бүхий “А.Эийг ажилд томилох тухай” тушаалаар А.Эийг тус албаны сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилж архив, бичиг хэрэг, няравын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс  “сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд А.Эийг томилсон нь үндэслэлгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд намайг ажиллуулах боломжтой байсан” гэж маргасан боловч нэгэнт Т.Бгийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан зохицуулалтыг хэрэглэх, ажилтнуудаас сонгон шалгаруулж авах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэ тушаал нь нэхэмжлэгч Т.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН

      ШҮҮГЧИД                                 С.ТӨМӨРБАТ

                                                                                          Д.ЧАНЦАЛНЯМ