Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б , С.Х нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

“Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 136,231,138 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х, Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Б, С.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Х, Т.Б бид хамтран “Б” ХХК-тай 2018 оны 06 сарын 14- ний өдөр А/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 57,000,000 төгрөгөөр Хан-Уул Сүхбаатар Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргүүдэд байрлах “Номин констракшн” ХХК-ийн барилгын ажлын зам талбайн ажлуудыг 2018 оны 06 сард ажлыг хийж гүйцэтгэсэн боловч түүний үлдэгдэл төлбөрт 23,000,000 төгрөгийг өгөхгүй байна.

Бид ажил гүйцэтгэсэн талаарх бүхий л төрлийн ажлын акт, гэрээний эх хувь зэргийг Б ХХК-д 2018 оны 07 сард хүлээлгэн өгсөн болно. Үлдэгдэл төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай хэмжээний бүх баримтуудыг “Б” ХХК авсан. Гэвч ажил гүйцэтгэсэн баримт, гэрээний эх хувь зэргийг хүлээн авснаас хойш бидний ажлын хөлснөөс нэг ч төгрөг өгөхгүй байгаа юм.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 23,000,000 төгрөгийг
гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

Бид дээрх ажлыг хийж гүйцэтгэсний дараа “Дельта констракшн” ХХК-ийн
захиалгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Жаргалантын аманд байрлах Ундрам
хаус хотхоны автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр 2018 оны 8 сард 02 тоот гэрээ
байгуулж, уг ажлыг 185,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр анх тохирсон юм. Гэтэл
Захиалагч “Дельта констракшн” ХХК-иас замын трассыг өөрчилж, ажлын тоо
хэмжээг 350,670,500 төгрөг болгон өөрчилсөн. Бид уг ажлын 38 хувийг өөрийн нөөц
бололцоогоо шавхан хийж гүйцэтгэж байсан боловч, Б ХХК ажлын хөлс
олгохгүй байсан тул арга буюу гэрээнээс татгалзаж, ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн
өгсөн юм.

Ингээд бид 2 ажлын нийлбэрээр нийт 207,000,000 төгрөгийн ажил хийснээс 2
ажлын нийт төлбөрт Б ХХК нь хэсэгчлэн 85,466,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл
121,534,000 төгрөгөөс шүүхэд 23,000,000 төгрөгийг нэхэмжилж хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Одоо ихэсгэж байгаа шаардлагын тухайд
“Дельта констракшн” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт
Жаргалантын аманд байрлах Ундрам хаус хотхоны автозамын ажлыг хийж
гүйцэтгэхээр 2018 оны 8 сард 02 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 98,534,000
төгрөгийг гаргуулах хүсэлтэй буюу нэхэмжлэлийн шаардлагаа 121,534,000 төгрөг
болгож байна. Иймд ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, зохих журмын дагуу
шийдвэрлэж өгнө үү.

 Б ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 57,000,000 төгрөгөөр тохирч Номин холдингийн гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн.

Хариуцагчийн зүгээс 38,690,000 төгрөгийг төлж үлдэгдэл 18,310,000 төгрөг
төлөөгүй байх үедээ үлдэгдэл төлбөрийг чинь яаралтай барагдуулна хэмээн
хэлсний үндсэн дээр 2018 оны 08 дугаар сард Ундрам хотхоны барилгын гадна
тохижилтын ажлыг 185 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож Б ХХК-
тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэтэл анхны захиалагч “Дельта констракшн” ХХК нь 2018 оны 09 дүгээр сард
замын трассыг өөрчилж ажлын тоо хэмжээг нэмсэн учир үнэнд өөрчлөлт оруулж
350,667,480 төгрөгөөр үнийг тогтсон. Уг үнийн талаар Б ХХК-ийн зүгээс
захирал П.Б нь Б.Д, н.А нартай хамт байхдаа бид хоёрт
хандаж манай компанид НӨАТ төлөөрэй уг өөрчлөгдсөн ажлыг 350,667,480
төгрөгөөр хийж болно хэмээн хэлсэн болно.

Олон ажилчдынхаа өмнө хэлсэн учир бид саналыг хүлээн зөвшөөрч нэмэлт
гэрээг бичгээр байгуулаагүй шууд ажлаа үргэлжлүүлсэн болно. Уг үнийн дүнгээр
тохирч ажлаа үргэлжлүүлэх болсныг хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 20-
ны өдрийн хариу тайлбараараа давхар баталдаг болно.

Гэтэл санхүүжилт байхгүй нь улмаас ажил зогсохдоо хүрсэн учир “Беринг”
ХХК-иас санхүүжилтээ шийдэж өгөхийг удаа дараа хүсэхэд “Дельта” ХХК нь
санхүүжилтээ хийхгүй байна хэмээн хэлж та бүхэн өөрсдийн хөрөнгөөр ажлаа
явуулж байгаач хэмээн учирласан тул аргагүйн эрхэнд өөрсдийн хөрөнгөөр ажлаа
үргэлжлүүлэн хийсэн.

Гэтэл “Дельта” ХХК-иас Б ХХК-д 100 хувь санхүүжилт хийгдсэн талаар
мэдэж санхүүжилтээ нэхсэн боловч мөнгө өгөөгүй хэмээн худал хэлсэн учир арга
буюу ажлаа зогсоосон болно. Энэ хугацаанд бид нийт ажлын 58 хувийг буюу мөнгөн
дүнгээр 203,387,138 төгрөгийг өөрсдийн хөрөнгөөр хийсэн ч бидэнд 85,466,000 төгрөгийг Б ХХК-иас төлсөн болно. Үлдэгдэл 117,921,138 төгрөгийг огт төлөөгүй болно.

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 18,310,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 117,921,138 төгрөг. Нийт 2 ажлын гэрээний үлдэгдэл төлбөрт 136,231,138 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Б, С.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б, С.Х бид хоёр хамтран Б ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 57,000,000 төгрөгөөр тохирч Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд байрлах Номин холдингийн гадна тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр болсон. Үүнээс хариуцагчийн зүгээс 38,690,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 18,310,000 төгрөгийг өгөөгүй байх үедээ 2018 оны 08 дугаар сард Ундрам хотхоны гадна тохижилтын ажлыг 185,000,000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулсан. Анхны захиалагч Дельта констракшн нь 2018 оны 09 дүгээр сард замын трассыг өөрчилж, уг ажлын тоо, хэмжээ үнэд өөрчлөлт орж, 350,667,480 төгрөгөөр үнийг тогтоосон. Уг үнийн дүнг Б ХХК-ийн захирал Б, Д, А нар хамт байхдаа өөрчлөгдсөн үнийн дүнгээр 350,667,480 төгрөгөөр хийж болно гээд энэ ажлыг өгсөн байдаг. Үнийн дүнгээр тохирч ажлаа үргэлжлүүлэх болсныг хариуцагч 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хариу тайлбараар баталдаг. Гэтэл Дельта констракшн ХХК Беринг ХХК-д 100 хувь санхүүжилт хийсэн талаар мэдэж санхүүжилтээр нэхсэн боловч мөнгө өгөхгүй гэж худал хэлсэн учир арга буюу ажлаа зогсоож, энэ хугацаанд нийт ажлын 58 хувь буюу мөнгөн дүнгээр 203,387,138 төгрөгийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Бид нарт нийт 85,466,000 төгрөгийг Б ХХК-иас төлсөн. Үүнээс 117,921,138 төгрөг огт төлөгдөөгүй. Иймд гэрээт хоёр ажлын үлдэгдэл төлбөрийг гаргуулах дараах хоёр шаардлагыг гаргаж байна.” гэв.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 онд “Номин Реалтор” ХХК-ийн зарласан тендерт оролцоод тухайн ажлыг хийхээр болмогц, Т.Б Юнайтедийн гадна усан оргилуур, гүүр, зам талбайн ажлыг 21,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай компани “Номин реалтор” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн ажлыг хийж байхад дараагийн ажил буюу Оолмарт, 32, өнөр салбаруудын гадна талбайн ажлыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж хийхээр болж 36,000,000 төгрөгөөр бас Т.Бөөр хийлгэх болсон.

Нийт 57,000,000 төгрөг нь НӨАТ багатсан үнэ бөгөөд Т.Б нь өнөөдрийг хүртэл НӨАТ шивээгүй байгаа. НӨАТ-ын төлбөр 5,200,000 төгрөг Т.Бийн ажлын хөлснөөс хасагдах учиртай. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ажлыг хугацаанд хийж амжилгүй 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сунгаж гүйцэтгэсэн.

С.Х нь тухайн ажлуудыг гүйцэтгэж байхдаа манай компанийн удирдлагуудтай уулзаж байгаагүй юм.

“Номин Реалтор” ХХК-ийн ажлууд хийгдэж дууссан дараа дараагийн өөр ажил руу Т.Б бас орсон тэр үеэс техниктэй хүн нь С.Х гэж ярьж байсан. С.Х нь Т.Бтэй хамтрахаа болилоо гээд явсан сураг дуулдаж байснаа эргээд ирсэн байсан. Сүүлд эхлүүлсэн төслөө дуусгаагүй бөгөөд 2019 онд хийхээр байсан.

2019 онд ажил эхлэх гэсэн чинь Т.Б олдохгүй, холбогдохгүй байсан. Г.Хатанбаатар ирж уулзсан өөрийнх нь техник дуусгаагүй ажлын талбай дээр байгаа гээд. Өөрөө өөр ажил руу орох болсон ажил эхлэх мөнгө хэрэгтэй байна. Зээл хөөцөлдсөн чинь өмнөх ажлын гэрээ хэрэгтэй гэхээр захирал гэрээ хийгээд өгчих, хүн ажил эхлэх эхлэлээ олох гэж байхад гэхээр нь ажил гүйцэтгэх гэрээ нөхөж хийсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр огноо бичиж Т.Бийн гарын үсгийг С.Х зураад 1 хувийн авсан нөгөө хувь дээр хуулийн зөвлөх Б.Д гараар тэмдэглэл бичээд авч үлдсэн юм.

С.Х нь манай компанитай хийсэн ямар нэгэн хэлцэл байхгүй бөгөөд түүнтэй тооцоо байхгүй болно.

Т.Бийн хийсэн усан оргилуур нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд дахин “Дарамбат” ХХК-тай гэрээ байгуулан 1,100,000 төгрөгөөр янзлуулахаар гэрээлсэн боловч нийт засвар нь түүнээс давсан тул нэмж нийт 1,900,000 төгрөгөөр засуулсан.

“Номин Реалтор” ХХК-ийн ажлын төлбөр тооцоог Т.Бтэй бүрэн дуусгасан. Иймээс Т.Б, С.Х нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Т.Бтэй 2018 оны 8 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ундрам төслийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Тухайн ажил 350,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бөгөөд бүх ажлыг хийлгэх болсон. Тухайн ажлаас манай компани 129,261,117 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд 35,897,000 төгрөгийн ажлыг өөр компаниар 2019 оны 4 сард хийлгүүлсэн ба Т.Б нь 93,364,117 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.

“Номин Холдинг” ХХК болон “Делта констракшн” ХХК-уудын Т.Бөөр хийлгэсэн ажил нийтдээ 150,364,117 төгрөгөөс болсон бөгөөд үнээс НӨАТ 13,669,465 төгрөг хасагдаж 136,694,652 төгрөг олгох байсныг 138,177,020 төгрөг бүрэн олгосон нь Т.Бийн өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5751073444 тоот дансны хуулга болон бэлэн мөнгө хүлээн авсан акт, бараа материалын үнэ зэргээр нотлогдож байна.

н.А болон н.Аын дансаар Т.Б рүү шилжүүлсэн баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагатай байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахааргүй хуулбар манайд байгаа болно.

Авсан ажлын хөлснөөсөө түрээсийн техникүүдийнхээ төлбөрийг төлөлгүй одоогоор 30,340,000 төгрөгийн өр төлбөр нэхүүлээд байна. Энэ техникийн төлбөр Т.Бийн гэрээт ажлын хөлснөөс хасагдах ёстой боловч хасалгүй өр төлбөртэй хэвээр байгаа болно.

Иймээс Т.Б, С.Хын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхэд нэхэмжлэгч Т.Б, С.Х нарын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаа танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“Делта констракшн” ХХК-ийн захиалгаар хийх Ундрам хотхоны гадна зам талбайн ажлыг гэрээт хугацаанд хийж дуусгаагүй бөгөөд 2019 оны 4 сараас үргэлжлүүлэн хийхээр болсон боловч тухайн үед Т.Б, С.Х нар нь хийхгүй болж манай компани гэрээгээ цуцалсан.

Гэрээ цуцлах үед хийсэн ажлын тооцоо нийлж баталгаажуулах болоход
Т.Б огт ирээгүй бөгөөд С.Х, н.Бг нар нь ирж тухайн үед
манай компанийн ерөнхий инженер тус төслийг бүхэлд нь хариуцаж байсан
н.Алтанзултай сууж хийсэн ажлаа нэгтгэн “Делта констракшн” ХХК-тай тооцоо
нийлэх болсон.

Ингээд хийсэн ажлуудын тоо хэмжээг нэг бүрчлэн тулгаад тухайн ажлын
129,261,117 төгрөгийн буюу 36,86 хувийг Б ХХК хийж гүйцэтгэсэн байна гэж
үзэн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэхүү актыг үйлдэхэд С.Х өөрийн
биеэр байсан бөгөөд удаа дараагийн уулзалтуудад оролцож байсан.

Тухайн төсөл дээр хийсэн нийт ажлаас 91,199,240 төгрөгийн ажил хийсэн
бөгөөд энэ үнээс НӨАТ хасагдаад 81,167,323 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөх
байсныг бүгдийг өгсөн болно.” гэжээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх
хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани Т.Бтэй ажил гүйцэтгэх гэрээг
хоёр удаа хийсэн. С.Хтай хийгээгүй. Зарим зүйлийг нотлох баримт
шинжлэн судалсны дараа яръя. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Номин
холдинг компанитай байгуулсан гадна талын тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ
хийсэн. 57,000,000 төгрөгөөр тохирсон үнийн дүн дээр маргахгүй. Нэмэгдсэн
өртгийн албан татвар орсон үнийн дүн, 57,000,000 төгрөгийг НӨАТ-ыг Т.Б
төлөх ёстой, төлөгдөөгүй байгаа. Дельта ХХК-ийн Жаргалант төсөл нийт
350,670,500 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан. Беринг ХХК 129,261,117 төгрөгийн
ажил хийсэн тэнэ нь 36,86 хувь байна гээд талууд хоёр сар шахуу явж энэ үнийн
дүнд хүрсэн. Ингэж явахад С.Х цуг явсан. Яагаад гэхээр С.Х
манай компанид техник түрээслэгч гэдгээр яваад өөрийн гэж нэрлэх бичиг
баримтгүй экскаватор Дельта ХХК-ийн хашаанд ажлаа дуусгаагүй байсан учир
барьцаалагдсан байсан. Манай компанийн индүү, Т.Бийн ажил дээрээ
хэрэглэж байсан экскаватор барьцаалагдсан байсныг С.Х минийх, би
үүнийг авч ажилд гармаар байна гэсэн учраас бид С.Хыг түрээслэгч гээд
түрээсийн гэрээ байгуулаад Дельтагийн хурлын тэмдэглэл дээр түрээслэгч
С.Х гэж байгаа. С.Хын экскаваторыг Дельта констракшн
ХХК-тай эвлэрлийн гэрээ хийсний дараа хашаанаас нь гаргасан. 129,261,117
төгрөгийн ажлыг Беринг ХХК Ундрам хаус төслийн ажилд хийхдээ бүгдийг нь
Т.Б хийж гүйцэтгээгүй. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цас орсны
учраас ажил зогсоод 2019 оны 04 дүгээр сард эхэлье гээд манайх Дельта
констракшн ХХК-тай тохиролцоод ажлаа түр тохиролцсон. 2019 оны 05 сараас
эхлэх гэтэл Т.Б ирээгүй. Улирлын чанартай хийгдэх боллоо гээд Дельта
констракшн ХХК танай ирж хийхгүй юм бол бид өөр компани оруулаад манайх ажлаа
дүгнэсэн. Нэр бүхий ажлуудыг хийсэн гэдгийг жагсаагаад хэрэгт өгсөн. Энэ дотроос
тодорхой хэмжээний буюу 38,061,877 төгрөгийн ажлыг Т.Б хийж
гүйцэтгээгүй. Авто замын хашлага, явган замын хашлага, хашлаганы үнэ, суулгах
үнэ, тээвэрлэх зардал зэрэг орсон. 2018 оны 08 дугаар сард 02 дугаартай ажил
гүйцэтгэх гэрээг Т.Бтэй миний бие байгуулсан. Яагаад өдөргүй байна вэ
гэхээр Жаргалант төслийн газар шорооны ажил эхлэх боломжгүй байсан учраас бид
эхэлсэн өдрөөс нь дугаарлая гээд байж байгаад 09 дүгээр сарын 03-ны өдрөөс
Жаргалантын ажил хийсэн. Үүнийг Т.Бөд байгаа улаан дэвтэр нотолно.
Дельта констракшн ХХК-тай манайх хоёр төсөл хэрэгжүүлсэн. Дата төвийн төсөл нь
08 дугаар сарын 01-ний өдрөөс хийгээд, 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил дуусгавар
болсон. Дельта констракшн ХХК-ийн санхүүжилт нь хоёр өөр санхүүжилттэй байсан
учраас манайх руу явуулахдаа Худалдаа хөгжлийн банкны Жаргалант төслийн
мөнгөнөөс танай байгууллага руу өгч байна гээд Жаргалант гэдэг Худалдаа хөгжлийн банкнаас оруулж байсан. Дельта констракшн ХХК-аас ний хоёр ажлын гүйцэтгэлд 460,200,000 төгрөгийн санхүүжилт авсан. 280,000,000 төгрөг нь Дата төвийн санхүүжилт байсан. Жаргалант төсөл дээр 180,200,000 төгрөгийн санхүүжилт үүссэнээс 129,261,117 төгрөгийн ажлыг хийсэн байна гээд үлдэгдэл 75,000,000 төгрөгийн ажлыг дутуу хийсэн байна гээд манайх Дельта констракшн ХХК-д 75,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр шүүхийн шийдвэр гараад хэрэгт хавсаргасан. Т.Бийн хийсэн ажилд үлдэгдэл санхүүжилт байхгүй. Энэ санхүүжилт гэдэг нь зөвхөн мөнгөнөөс гадна бараа, материал тухайн ажил гүйцэтгэхэд юу шаардлагатай байгаа тэр бүгд ордог. Номингийн ажил дээр төлбөр төлөлт дууссан. 18 сая төгрөгт бараа материалуудыг өгөхөөр орохгүй гэж тооцож байгаа аяндаа харагдана. Хоёр гэрээнд хоёуланд нь төлөх төлбөр байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Б, С.Х нар нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж, нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 136,231,138 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,374,160 төгрөг болгож багасгаж, нийт 134,856,978 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу 16,935,840 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Б ХХК болон “Номин Реалтор” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Юнайтэдийн гадна усан оргилуур, гүүр зам талбайн ажил, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Оолмарт, 32, Өнөр салбарын гадна зам талбайн ажил, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Олл март, Өнөр Хайпермаркетын гадна зам талбайн нэмэлт засварын ажил хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Т.Б өөрийн материалаар дээрх ажлуудыг 57,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн NR/18/149 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн NR/18/277 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн NR/18/176 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.”, мөн зүйлийн 347.2.-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.” гэж заасны дагуу “Номин Реалтор” ХХК, Б ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хувьд Т.Б нь туслан гүйцэтгэгч байх бөгөөд туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл ерөнхий ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлтэй уялдаатай, туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хугацаа ерөнхий ажил гүйцэтгэх гэрээний хугацаанаас илүүгүй байх, гүйцэтгэх ажлын төсөв ерөнхий гэрээний төсөвт багтсан зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Б дээрх гэрээнүүдэд заасан ажлуудыг дуусгаж, уг ажлуудыг хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн талаар хариуцагч маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т.Б, С.Х бид хамтран Б ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/03 тоот гэрээ байгуулж, 57,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон.

Т.Б, С.Х бид хоёр хамтран Б ХХК-тай 2018 оны 06
дугаар сарын 14-ний өдрийн А/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 57,000,000
төгрөгөөр тохирч Номин холдингийн гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн.

Хариуцагчийн зүгээс 38,690,000 төгрөгийг төлж үлдэгдэл 18,310,000 төгрөг
төлөөгүй байх үедээ үлдэгдэл төлбөрийг чинь яаралтай барагдуулна хэмээн
хэлсний үндсэн дээр 2018 оны 08 дугаар сард Ундрам хотхоны барилгын гадна
тохижилтын ажлыг 185 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож Б ХХК-
тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 18,310,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2018 онд “Номин Реалтор” ХХК-ийн зарласан тендерт оролцоод тухайн ажлыг буюу Юнайтедийн гадна усан оргилуур, гүүр, зам талбайн ажлыг 21,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай компани “Номин реалтор” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн ажлыг хийж байхад дараагийн ажил буюу Оолмарт, 32, өнөр салбаруудын гадна талбайн ажлыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж хийхээр болж 36,000,000 төгрөгөөр бас Т.Бөөр хийлгэх болсон.

Нийт 57,000,000 төгрөг нь НӨАТ багатсан үнэ бөгөөд Т.Б нь өнөөдрийг хүртэл НӨАТ шивээгүй байгаа. НӨАТ-ын төлбөр 5,200,000 төгрөг Т.Бийн ажлын хөлснөөс хасагдах учиртай. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ажлыг хугацаанд хийж амжилгүй 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сунгаж гүйцэтгэсэн.

С.Х нь тухайн ажлуудыг гүйцэтгэж байхдаа манай компанийн удирдлагуудтай уулзаж байгаагүй юм.

Зээл хөөцөлдсөн чинь өмнөх ажлын гэрээ хэрэгтэй гэхээр захирал гэрээ хийгээд өгчих, хүн ажил эхлэх эхлэлээ олох гэж байхад гэхээр нь ажил гүйцэтгэх гэрээ нөхөж хийсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр огноо бичиж Т.Бийн гарын үсгийг С.Х зураад 1 хувийн авсан нөгөө хувь дээр хуулийн зөвлөх Б.Д гараар тэмдэглэл бичээд авч үлдсэн юм.

С.Х нь манай компанитай хийсэн ямар нэгэн хэлцэл байхгүй бөгөөд түүнтэй тооцоо байхгүй болно.

Т.Бийн хийсэн усан оргилуур нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд дахин “Дарамбат” ХХК-тай гэрээ байгуулан 1,100,000 төгрөгөөр янзлуулахаар гэрээлсэн боловч нийт засвар нь түүнээс давсан тул нэмж нийт 1,900,000 төгрөгөөр засуулсан.

“Номин Реалтор” ХХК-ийн ажлын төлбөр тооцоог Т.Бтэй бүрэн дуусгасан. Иймээс Т.Б, С.Х нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба талууд амаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б ХХК-ийн дээрх ажлуудыг гүйцэтгэсэн байна. Ажлын төсөвт өртгийг зохигч талууд 57,000,000 төгрөгөөр тохиролцож, дээрх ажлыг Т.Бийн хувьд хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй.

 

            Ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

                                                                                                                                               

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй, харин талууд гэрээний дагуу хөлс төлсөн талаар маргадаг.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон” гэж тус тус заажээ.

 

            Нэхэмжлэгч Т.Б нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт 40,064,160 төгрөгийг төлсөн 16,935,840 төгрөгийг төлөөгүй гэх, хариуцагч нийт төлбөрийг бүрэн төлж дууссан, ажлын хувьд зарим үр дүн доголдолтой, өөр компаниараа ажлыг хийж дуусгасан, ажил гүйцэтгэх гэрээний хувьд 57,000,000 төгрөгт нийт ажлын хөлс, бараа материалын үнэ орсон гэж тайлбарладаг.

 

            Хэрэгт авагдсан Б ХХК-ийн ажилтнууд гэх Л.А, Г.А, Б.Д, Ш.Ч нарын харилцах банкны дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, төлбөрийн баримтаар нийтдээ 38,690,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Бөд төлсөн, нэхэмжлэгч тал гэрэл болон дугуй цохигч гэх материалыг хариуцагч талаас худалдан авч өгсөн талаар маргаагүй бөгөөд нийтдээ 40,064,160 төгрөгийг төлсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, мөн хуулийн 351.1.1-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Т.Б нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч Б ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан боловч хөлсийг бүрэн төлөөгүй байна.

   

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн төлсөн, НӨАТ багтсан дүнг хасаж тооцоогүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан гэж үзэх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Б ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлөгдөөгүй дутуу хөлс 16,935,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бөд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн, дээрх гэрээний хувьд нэхэмжлэгч Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Б ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгч С.Х нь гэрээний оролцогч тал биш, уг ажил үүргийг хийж гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдохгүй, ажил гүйцэтгэх гэрээний оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч С.Х, Т.Б нартай Б ХХК 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг бичгээр байгуулсан байх боловч уг гэрээг С.Хын хүсэлтээр зээл хөөцөлдөхөд нь туслах зорилгоор талууд сүүлд байгуулсан талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б ХХК-ийн хувьд нэхэмжлэгч С.Хтай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцоогүй байх тул нэхэмжлэгч С.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

2. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 117,921,138 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Б ХХК болон “Дельта констракшн” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №ТГУ18/031 дугаартай “Гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүрэгт орших Ундрам төслийн гадна Авто замын далан бэлдэх /төслийн түвшин хүртэл ухсанаас хойш/, замын хөрс солих /бэлтгэл материал дэвсэх, бэлтгэх, нягтруулах/, авто болон явган замын бродур суулгах, явган замын хавтан суурилуулах, асфальт дэвсэх ажлыг 220,000,000 төгрөгөөр 20 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Б болон хариуцагч Б ХХК-тай дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр 2018 оны 08 дугаар сард “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, дээр ажлуудыг 185,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр, дээрх гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын №02 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

            “Дельта констракшн” ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан “Гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээ”-нд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ТГУ18/031 тоот ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулж, нийт гэрээний дүн 350,667,480 төгрөг болгож өөрчилсөн бөгөөд Б ХХК нь Т.Бтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах талаар амаар тохиролцож, ажил гүйцэтгэх төсөвт өртгийг 350,667,480 төгрөгөөр харилцан тохиролцсон талаар зохигчид тохиролцсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Дельта констракшн” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Жаргалантын аманд байрлах Ундрам хаус хотхоны автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр 2018 оны 8 сард 02 тоот гэрээ байгуулж, уг ажлыг 185,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр анх тохирсон юм. Гэтэл Захиалагч “Дельта констракшн” ХХК-иас замын трассыг өөрчилж, ажлын тоо хэмжээг 350,670,500 төгрөг болгон өөрчилсөн. Бид уг ажлын 38 хувийг өөрийн нөөц бололцоогоо шавхан хийж гүйцэтгэж байсан боловч, Б ХХК ажлын хөлс олгохгүй байсан тул арга буюу гэрээнээс татгалзаж, ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгсөн юм.

“Дельта” ХХК-иас Б ХХК-д 100 хувь санхүүжилт хийгдсэн талаар
мэдэж санхүүжилтээ нэхсэн боловч мөнгө өгөөгүй хэмээн худал хэлсэн учир арга
буюу ажлаа зогсоосон болно. Энэ хугацаанд бид нийт ажлын 58 хувийг буюу мөнгөн
дүнгээр 203,387,138 төгрөгийг өөрсдийн хөрөнгөөр хийсэн ч бидэнд 85,466,000 төгрөгийг Б ХХК-иас төлсөн болно. Үлдэгдэл 117,921,138 төгрөгийг огт төлөөгүй болно...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Т.Бтэй 2018 оны 8 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ундрам төслийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Тухайн ажил 350,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бөгөөд бүх ажлыг хийлгэх болсон. Тухайн ажлаас манай компани 129,261,117 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд 35,897,000 төгрөгийн ажлыг өөр компаниар 2019 оны 4 сард хийлгүүлсэн ба Т.Б нь 93,364,117 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.

“Номин Холдинг” ХХК болон “Делта констракшн” ХХК-уудын Т.Бөөр хийлгэсэн ажил нийтдээ 150,364,117 төгрөгөөс болсон бөгөөд үнээс НӨАТ 13,669,465 төгрөг хасагдаж 136,694,652 төгрөг олгох байсныг 138,177,020 төгрөг бүрэн олгосон нь Т.Бийн өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5751073444 тоот дансны хуулга болон бэлэн мөнгө хүлээн авсан акт, бараа материалын үнэ зэргээр нотлогдож байна.

н.А болон н.Аын дансаар Т.Б рүү шилжүүлсэн баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагатай байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахааргүй хуулбар манайд байгаа болно.

Авсан ажлын хөлснөөсөө түрээсийн техникүүдийнхээ төлбөрийг төлөлгүй одоогоор 30,340,000 төгрөгийн өр төлбөр нэхүүлээд байна. Энэ техникийн төлбөр Т.Бийн гэрээт ажлын хөлснөөс хасагдах ёстой боловч хасалгүй өр төлбөртэй хэвээр байгаа болно.

“Делта констракшн” ХХК-ийн захиалгаар хийх Удрам хотхоны гадна зам талбайн ажлыг гэрээт хугацаанд хийж дуусгаагүй бөгөөд 2019 оны 4 сараас үргэлжлүүлэн хийхээр болсон боловч тухайн үед Т.Б, С.Х нар нь хийхгүй болж манай компани гэрээгээ цуцалсан.

Гэрээ цуцлах үед хийсэн ажлын тооцоо нийлж баталгаажуулах болоход
Т.Б огт ирээгүй бөгөөд С.Х, н.Б нар нь ирж тухайн үед
манай компанийн ерөнхий инженер тус төслийг бүхэлд нь хариуцаж байсан
н.Атай сууж хийсэн ажлаа нэгтгэн “Делта констракшн” ХХК-тай тооцоо
нийлэх болсон.

Ингээд хийсэн ажлуудын тоо хэмжээг нэг бүрчлэн тулгаад тухайн ажлын
129,261,117 төгрөгийн буюу 36,86 хувийг Б ХХК хийж гүйцэтгэсэн байна гэж
үзэн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэхүү актыг үйлдэхэд С.Х өөрийн
биеэр байсан бөгөөд удаа дараагийн уулзалтуудад оролцож байсан.

Тухайн төсөл дээр хийсэн нийт ажлаас 91,199,240 төгрөгийн ажил хийсэн
бөгөөд энэ үнээс НӨАТ хасагдаад 81,167,323 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөх
байсныг бүгдийг өгсөн болно...” гэж маргажээ.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон”, 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

            Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэхээр байна. Харин зохигчид гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаар маргахаас гадна нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлс дутуу төлсөн гэж маргасан, хариуцагч тал Т.Б ажлыг бүрэн дуусгаагүй, гүйцэтгэсэн ажилд нь төлбөрийг бүрэн төлсөн талаар маргадаг.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.”, мөн зүйлийн 347.2.-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.” гэж заасны дагуу “Дельта констракшн” ХХК, Б ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хувьд Т.Б нь туслан гүйцэтгэгч байх бөгөөд туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл ерөнхий ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлтэй уялдаатай, туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хугацаа ерөнхий ажил гүйцэтгэх гэрээний хугацаанаас илүүгүй байх, гүйцэтгэх ажлын төсөв ерөнхий гэрээний төсөвт багтсан зэргээр тогтоогдож байна.

 

            Гэрээнд хэдийгээр гүйцэтгэх хугацаа, гүйцэтгэх ажлын хэмжээний талаар тохиролцсон зүйл байхгүй хэдий ч үндсэн ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа болон хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, төсөвт өртгийн талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д зааснаар ажлын хөлс 185,000,00 төгрөг бөгөөд урьдчилгаа төгрөгийг гэрээ хиймэгц банк дахь тоот дансанд шилжүүлнэ. /НӨАТ орсон үнэ/”, 6.2-т “Гэрээ байгуулснаас хойш гүйцэтгэгч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж эхэлсэн үед захиалагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээг цуцлахад хүрвэл үйлчилгээ үзүүлсэн хугацааны ажлын хөлсийг захиалагч тал төлнө.” гэж тус тус тохиролцжээ.

 

“Дельта констракшн” ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д “Гэрээний санхүүжилт нь захиалагч нь гүйцэтгэгчид урьдчилан төлөх зарчмаар хийгдэнэ”, 10.2.2-т “Гүйцэтгэлийн мөнгөн дүн нь авсан урьдчилгааны мөнгөн дүнгээс лавсан эсвэл түрүүчийн төлбөрөөс хойш нэмж багагүй ажлууд гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэгч нь төлбөрийн нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж талууд тохиролцжээ.

 

Дээрх зохицуулалтын дагуу “Дельта констракшн” ХХК-ийн хувьд Б ХХК-д Жаргалант хотхоны гадна зам талбайн ажилд 2018 оны 08 дугаар сарын 01-нд 124,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-нд 6,252,000 төгрөг, 2018 оны 09 дүгэр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт ажилгүй гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд 256,252,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч Б ХХК-ийн хувьд ажил гүйцэтгэгч Т.Бөд дээрх санхүүжилтийн дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдож байна.    

 

Нэхэмжлэгч тал ажлыг цааш үргэлжлүүлээгүй шалтгаан нь хариуцагч санхүүжилт өгөөгүй учир үргэлжлүүлээгүй, одоо хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардсан бөгөөд хариуцагч тал ажлыг хаяад явсан хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр тооцоо нийлээгүй, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарладаг.

 

            Нэхэмжлэгч Т.Б нийт гүйцэтгэх ажлын 58 хувийг хийж гүйцэтгэсэн гэж, хариуцагч Б ХХК нь нийт гүйцэтгэх ажлын 36,86 хувийг хийж гүйцэтгэсэн талаар маргадаг бөгөөд хэрэгт авагдсан “Ундрам хаус” хотхоны төсөлд Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн авто замын ажлын гүйцэтгэлийн хувийг “Дельта констракшн” ХХК-ийн ахлах инженер, төслийн удирдагч, гүйцэтгэх захирал, гүйцэтгэгч  Б ХХК-ийн ерөнхий захирлууд нийт хийгдсэн ажлын гүйцэтгэлийг 36,86 хувь болсон талаар акт үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч талууд нийт гүйцэтгэсэн ажлын талаар гэрээнд заасны дагуу хоорондоо акт үйлдээгүй, харилцан тохиролцоогүй боловч нэхэмжлэгчийн хувьд ажлын гүйцэтгэлийг 58 хувь гүйцэтгэсэн гэдгийг баримтаар нотлоогүй байна. Мөн нэхэмжлэгч тал өмнө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа 38 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар тайлбарлаж байсныг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан банкны дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, төлбөрийн баримтаар Б ХХК-иас Т.Бөд нийтдээ 85,466,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Т.Бийн хувьд нийт 36.86 хувийн гүйцэтгэл буюу 129,261,117.50 төгрөгийн ажил гүйцэтгэснээс хариуцагч Б ХХК-ис 85,466,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд 43,795,117.5 төгрөгийг төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Т.Б нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгээгүй нь хариуцагч Б ХХК-ийн хувьд санхүүжилтийг бүрэн хийгээгүйгээс шалтгаалсан нь баримтаар тогтоогдохоос гадна дээрх ажлыг талууд бүрэн гүйцэтгэж дуусгаагүй талаар маргаагүй.

  

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчид 36.86 хувийн гүйцэтгэлд тохирсон төлбөрийг бүрэн төлсөн, НӨАТ багтсан дүнг хасаж тооцоогүй, төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Б ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 43,795,117.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бөд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн, дээрх гэрээний хувьд нэхэмжлэгч Т.Б нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Б ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгч С.Х нь гэрээний оролцогч тал биш, уг ажил үүргийг хийж гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдохгүй, ажил гүйцэтгэх гэрээний оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б ХХК нь иргэний хувьд нэхэмжлэгч С.Хтай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцоогүй байх тул С.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч
Б ХХК-иас 60,730,957.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бөд
олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74,126,020.5 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч С.Х-ын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,155,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 461,604 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бөд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС