Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01529

 

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01529

 

 

 

Т.Б-, С.Х- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01611 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-, С.Х- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 136 231 138 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х-, Т.Б-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Б ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр А/03 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 57 000 000 төгрөгөөр Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд байрлах НК ХХК--ийн барилгын ажлын зам талбайн ажлуудыг 2018 оны 6 дугаар сард ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ажлын үлдэгдэл төлбөрт 23 000 000 төгрөгийг өгөөгүй. Бид ажил гүйцэтгэсэн талаарх бүхий л төрлийн ажлын акт, гэрээний эх хувийг Б ХХК-д 2018 оны 7 дугаар сард хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөрийн талаарх баримтуудыг Б ХХК авсан. Гэвч ажил гүйцэтгэсэн баримт, гэрээний эх хувь зэргийг хүлээн авснаас хойш ажлын хөлс өгөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 23 000 000 төгрөгийг гаргуулна. Бид дээрх ажлыг хийж гүйцэтгэсний дараа ДК ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Жаргалантын аманд байрлах Ундрам хаус хотхоны автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр 2018 оны 8 дугаар сард 02 дугаар гэрээ байгуулж уг ажлыг 185 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр анх тохирсон. Гэтэл захиалагч ДК ХХК-аас замын трассыг өөрчилж, ажлын тоо хэмжээг 350 670 500 төгрөг болгон өөрчилсөн. Бид уг ажлын 38 хувийг гүйцэтгэж байсан боловч Б ХХК ажлын хөлс олгохгүй байсан тул гэрээнээс татгалзаж ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгсөн. Бид 2 ажлын нийлбэрээр нийт 207 000 000 төгрөгийн ажил хийснээс 2 ажлын нийт төлбөрт Б ХХК нь 85 466 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 121 534 000 төгрөг төлөөгүй. Шүүхэд 23 000 000 төгрөгийг нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Одоо ихэсгэж байгаа шаардлагын тухайд ДК ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Жаргалантын аманд байрлах Ундрам хаус хотхоны автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр 2018 оны 8 дугаар сард 02 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 98 534 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 121 534 000 төгрөг болгож байна.

Б ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/03 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 57 000 000 төгрөгөөр тохирч Номин холдингийн гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн зүгээс 38 690 000 төгрөгийг төлж үлдэгдэл 18 310 000 төгрөг төлөөгүй байх үедээ үлдэгдэл төлбөрийг яаралтай төлж барагдуулна гэсний дагуу 2018 оны 8 дугаар сард Ундрам хотхоны барилгын гадна тохижилтын ажлыг 185 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл захиалагч ДК ХХК нь 2018 оны 9 дүгээр сард замын трассыг өөрчилж ажлын тоо хэмжээг нэмсэн учир үнэд өөрчлөлт оруулж 350 667 480 төгрөг болсон. Уг үнийн талаар Б ХХК-ийн зүгээс захирал П.Б нь Б.Д, н.А нартай хамт байхдаа бид хоёрт хандаж манай компанид НӨАТ төлөхөөр болж ажлыг 350 667 480 төгрөгөөр хийж болно хэмээн хэлсэн болно. Бид саналыг хүлээн зөвшөөрч нэмэлт гэрээг бичгээр байгуулаагүй шууд ажлаа үргэлжлүүлсэн. Уг үнийн дүнгээр тохирч ажлаа үргэлжлүүлэх болсныг хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тайлбараараа давхар баталдаг болно. Гэтэл санхүүжилт байхгүй нь улмаас ажил зогссон тул Б ХХК-аас санхүүжилтээ шийдэж өгөхийг удаа дараа хүсэхэд ...ДК ХХК нь санхүүжилт хийхгүй байна, өөрсдийн хөрөнгөөр ажлаа явуулж байгаач... гэсэн тул аргагүйн эрхэнд өөрсдийн хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Гэтэл Д ХХК-аас Б ХХК-д 100 хувь санхүүжилт хийгдсэн талаар мэдэж санхүүжилтээ нэхсэн боловч мөнгө өгөөгүй хэмээн худал хэлсэн учир арга буюу ажлаа зогсоосон болно. Энэ хугацаанд бид нийт ажлын 58 хувийг буюу мөнгөн дүнгээр 203 387 138 төгрөгийг өөрсдийн хөрөнгөөр хийсэн ч бидэнд 85 466 000 төгрөгийг Б ХХК-аас төлсөн. Үлдэгдэл 117 921 138 төгрөгийг төлөөгүй болно.

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/03 дугаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 16 935 840 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 117 921 138 төгрөг, нийт 134 856 978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд НР ХХК-ийн зарласан тендерт оролцоод тухайн ажлыг хийхээр болж Т.Б- нь Юнайтедийн гадна усан оргилуур, гүүр, зам талбайн ажлыг 21 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай компани НР ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн ажлыг хийж байхад дараагийн ажил буюу Оолмарт, 32, Өнөр салбаруудын гадна талбайн ажлыг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж хийхээр болж 36 000 000 төгрөгөөр Т.Б-өөр хийлгэх болсон. Нийт 57 000 000 төгрөгт НӨАТ орсон бөгөөд Т.Б- нь өнөөдрийг хүртэл НӨАТ шивээгүй байгаа. НӨАТ-ын төлбөр 5 200 000 төгрөгийг ажлын хөлснөөс хасагдах учиртай. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ажлыг хугацаанд хийж амжилгүй 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сунгаж гүйцэтгэсэн. С.Х- нь тухайн ажлуудыг гүйцэтгэж байхдаа манай компанийн удирдлагуудтай уулзаж байгаагүй. НР ХХК-ийн ажлууд хийгдэж дууссан дараа, дараагийн ажил руу Т.Б- бас орсон тэр үеэс С.Х- ярьж байсан. С.Х- нь Т.Б-тэй хамтрахаа болилоо гээд явсан сураг дуулдаж байснаа эргээд ирсэн байсан. Сүүлд эхлүүлсэн төслөө дуусгаагүй бөгөөд 2019 онд хийхээр байсан. 2019 онд ажил эхлэх тул Т.Б- олдохгүй байсан. Г.Х- ирж уулзаад ...техник ажлын талбайд байгаа гээд өөр ажил руу орох болсон мөнгө хэрэгтэй байна, зээл хөөцөлдсөн чинь өмнөх ажлын гэрээ хэрэгтэй ... гэхээр нь ажил гүйцэтгэх гэрээг нөхөж хийж огноог 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөр бичиж Т.Б-ийн гарын үсгийг С.Х- зураад 1 хувийн авсан нөгөө хувь дээр хуулийн зөвлөх Б.Д гараар тэмдэглэл бичээд авч үлдсэн. С.Х- нь манай компанитай хийсэн ямар нэгэн хэлцэл байхгүй бөгөөд түүнтэй тооцоо байхгүй. Т.Б-ийн хийсэн усан оргилуур нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд дахин Дарамбат ХХК-тай гэрээ байгуулан 1 100 000 төгрөгөөр янзлуулахаар болсон боловч нийт засвар нь түүнээс давсан тул нэмж нийт 1 900 000 төгрөгөөр засуулсан. НР ХХК-ийн ажлын төлбөр тооцоог Т.Б-тэй бүрэн дуусгасан.

Т.Б-тэй 2018 оны 8 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ундрам төслийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Тухайн ажил 350 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бөгөөд бүх ажлыг хийлгэх болсон. Тухайн ажлаас манай компани 129 261 117 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд 35 897 000 төгрөгийн ажлыг өөр компаниар 2019 оны 4 дүгээр сард хийлгүүлсэн ба Т.Б- 93 364 117 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. НХ ХХК болон ДК ХХК-иудын Т.Б-өөр хийлгэсэн ажил нийт 150 364 117 төгрөг болсон бөгөөд үнээс НӨАТ 13 669 465 төгрөг хасагдаж 136 694 652 төгрөг олгох байсныг 138 177 020 төгрөг бүрэн олгосон нь ХААН банк ХХК дахь Т.Б-ийн эзэмшлийн 5751073444 дугаар дансны хуулга болон бэлэн мөнгө хүлээн авсан акт, бараа материалын үнэ зэргээр нотлогдоно. н.А болон н.Аз-ын дансаар Т.Б- рүү шилжүүлсэн баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагатай байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар манайд байгаа болно.

Авсан ажлын хөлснөөсөө түрээсийн техникүүдийнхээ төлбөрийг төлөөгүй. Одоогоор 30 340 000 төгрөгийн төлбөр байгаа. Энэ техникийн төлбөр Т.Б-ийн гэрээт ажлын хөлснөөс хасагдах ёстой.

ДК ХХК-ийн захиалгаар хийх Ундрам хотхон-ы гадна зам талбайн ажлыг гэрээт хугацаанд хийж дуусгаагүй бөгөөд 2019 оны 4 сараас үргэлжлүүлэн хийхээр болсон боловч тухайн үед Т.Б-, С.Х- нар хийхгүй болж манай компани гэрээг цуцалсан. Гэрээ цуцлах үед хийсэн ажлын тооцоо нийлж баталгаажуулахад Т.Б- ирээгүй бөгөөд С.Х-, н.Б нар нь ирж тухайн үед манай компанийн ерөнхий инженер тус төслийг бүхэлд нь хариуцаж байсан н.Алтанзултай сууж хийсэн ажлаа нэгтгэн ДК ХХК-тай тооцоо нийлэх болсон. Ажлуудын тоо хэмжээг нэг бүрчлэн тулгаж 129 261 117 төгрөгийн буюу 36,86 хувийг Б ХХК хийж гүйцэтгэсэн гэж акт үйлдсэн. Энэхүү актыг үйлдэхэд С.Х- байсан бөгөөд удаа дараагийн уулзалтуудад оролцож байсан. Тухайн төсөл дээр хийсэн нийт ажлаас 91 199 240 төгрөгийн ажил хийсэн бөгөөд энэ үнээс НӨАТ хасагдаад 81 167 323 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөх байсныг бүгдийг өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 60 730 957,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 126 020,5 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч С.Х-ын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 155 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 461 604 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-өд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийн тэгш байдлыг хангаагүй. Нэхэмжлэл нь 2 ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн. Үүнд эхний ажил болох НР ХХК-ийн захиалгатай Б ХХК-тай хийсэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн NR/18/149 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн NR/18/176 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн NR/18/277 дугаар ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ажлуудыг туслан гүйцэтгэхээр болж нийт 57 000 000 төгрөгөөр хийхээр болсон. Уг ажлууд нь материалаа өөрсдөө авахаар тохиролцсон.

Хэрэгт тухайн ажлуудыг гүйцэтгэх ажлын даалгаврыг гаргаж өгсөн. Түүнд ямар материал хэдэн ширхэг орох нь тодорхой байгаа. Мөн тухай материалуудыг авсан баримтууд болох барилгын материалын дэлгүүрийн баримтыг хавсаргасан. Гэтэл шүүх эдгээр баримтуудыг үнэлээгүй материал нь орсон нийт үнэ нь 57 000 000 төгрөг гэж талууд тайлбарласаар байтал материалуудын үнийг хасалгүй давхардуулан төлөхөөр тооцож гаргасан нь буруу болсон.

Мөн 2 дахь ажил нь ДК ХХК-ийн хэрэгжүүлж байсан Ундрам төсөл хаусны гадна тохижилтын ажил. Уг ажил нь нь 2018 оны 9 дүгээр сард ажил эхлэсэн нийт ажлын гүйцэтгэл нь 350 667 480 төгрөг байсан бөгөөд тухайн ажлыг нэхэмжлэгч нар хийж дуусгаагүй. 2019 онд ажлын гүйцэтгэлийг ерөнхий захиалагчтай тулгаж дүгнэсэн. Ингэж дүгнэхэд нийт ажлын 36,86 хувь буюу 129 261 117,5 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна гэж үзсэн. Үндсэн гэрээ буюу Б ХХК болон ДК ХХК-тай байгуулсан гэрээний хавсралт болох ажлын төсвөөс нэг бүрчлэн шалгаж ажлуудын гүйцэтгэлийг хувилсан болно.

Ингэхэд нийт хийгдсэн гэх 129 261 117,5 төгрөгийн 36,86 хувийн ажлын 91 199 240 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч нар хийсэн болох нь тогтоогдсон үүнтэй маргах зүйлгүй юм. Энэ ажил нь НӨАТ-ыг нэхэмжлэгч нар манай компанид төлөхөөр гэрээлсэн ажил. НӨАТ төлөгдөөгүй учраас нийт төлөх үнийн дүнгээс хасч тооцоод үлдэгдэл 82 908 400 төгрөг төлөхөөс 85 466 000 төгрөгийг Т.Б-ийн данс болон бэлэн байдлаар төлж төлбөрийг бүрэн шилжүүлсэн.

Дээрх ажлын үлдэгдэл болох автозамын хашлага суулгах 3 121 440 төгрөг, хашлагын бетон 1 039 500 төгрөг, автозамын хашлага 21 900 937,5 төгрөг, автозамын хашлага тээвэр 5 400 000 төгрөг, бусад 6 600 000 төгрөг, нийт 38 061 877,5 төгрөгийн ажлын нэхэмжлэгч хийгээгүй талаар гэрч н.Алтанзул мэдүүлсэн. Шүүх Б ХХК болон ДК ХХК-ийн хооронд нийт хийгдсэн ажлын гүйцэтгэлийг 36,86 хувь гэж акт үйлдэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна гэж зөв үнэлсэн атлаа 38 061 877,5 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч хийсэн мэтээр тооцоолж ажлын хөлсийг давхардуулан гаргуулахаар тооцсон нь буруу.

НӨАТ багтсан дүн гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй гэж шүүх үзсэн. Т.Б-тэй 2018 оны 8 дугаар сарын 02 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсанд тооцсон. Уг гэрээний 3.1-т /НӨАТ орсон үнэ/ гэснийг нотлох баримт шинжлэн судлахдаа уншиж, шийдвэрийн үндэслэл хэсэгт НӨАТ орсон үнэ гэдгийг тусгасан. Гэтэл үндэслэх хэсэгт тусгагасан зүйлээ үгүйсгэж НӨАТ орсон гэдгээ нотлоогүй гэж дүгнэсэн нь зөрчилтэй. НӨАТ орсон эсэхийг гэрээгээр тохиролцоод явдаг бөгөөд дагнасан НӨАТ-ын гэрээ гэж хийх зохицуулалт хуулинд байхгүй болно.

Т.Б- нь тухайн ажлыг хийж дуусгаагүйгээс болж бид үндсэн захиалагчтай хийсэн ажлаа дүгнэн акт үйлдээд ажлаа хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч ажлыг бүрэн хийгээгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Мөн ажлыг бүрэн дуусгаагүйгээс ерөнхий захиалагчид төлбөрийн зөрүү хүртэл төлөх болсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байтал энэ тухай маргаагүй гэж дүгнэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Т.Б-, С.Х- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 134 856 978 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болон 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2 удаа гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч Т.Б-, захилагч Б ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талуудад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Харин шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу ажлын хэмжээ, түүнд тохирсон хөлс төлөгдсөн эсэх талаарх маргааны үйл баримтад хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг дараах байдлаар залруулах нь зүйтэй.

 

1.    2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний дагуу 16 935 840 төгрөгийн ажлын хөлс гаргуулах шаардлагын тухайд:

Б ХХК болон НР ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн NR/18/149 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь Юнайтэд Номингийн гадна усан оргилуур, гүүр зам талбайн ажлыг гүйцэтгэх, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн NR/18/176 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь Оолмарт, 32, Өнөр салбарын гадна зам талбайн ажил, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр Оол март, Өнөр Хайпермаркетын гадна зам талбайн нэмэлт засварын ажлыг тус тус гүйцэтгэх, захиалагч НР ХХК нь хөлсийг төлөхөөр тохиролцсон байна.

Улмаар ажил гүйцэтгэгч Б ХХК нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно гэж зааснаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т.Б-, С.Х- нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Номин холдинг ХХК-ийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр, ажлын хөлсөнд 57 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх ба ажил гүйцэтгэгч Б ХХК нь захиалагч НР ХХК-ийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, Т.Б-, С.Х- нар нь туслан гүйцэтгэгч болжээ.

 

Туслан гүйцэтгэгч Т.Б-, С.Х- нар гэрээний дагуу НХ ХХК-ийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй, харин хариуцагчийн төлөөлөгч ажил гүйцэтгэх гэрээний үнэд НӨАТ болон материалын үнэ багтсан бөгөөд нэхэмжлэгч НӨАТ шивээгүй тул үлдэгдэл төлбөрөөс 5 200 000 төгрөгийг хасаж тооцно, мөн материалын үнэ ажлын хөлсөнд орсон ч нэмж өөрийн зардлаар материал худалдан авч өгсөн тул ажлын хөлснөөс хасагдах ёстой гэж маргасан.

 

Талууд гэрээний 3.1-т Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг 57 000 000 төгрөг байна. Энэ нь материалын үнэ орсон өртөг бөгөөд бэлэн мөнгөөр шилжүүлсэн тохиолдолд татварын баримт бүрдүүлж өгнө гэж тохиролцсоноор нэмэгдсэн өртгийн албан татварыг шууд тооцож хасах үндэслэлгүй.

 

Учир нь гэрээний 3.1-т ... бэлэн мөнгөөр шилжүүлсэн тооцоонд татварын баримт бүрдүүлж өгнө гэж заасан байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-т зааснаар татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг хамааруулан ойлгох бөгөөд татварын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгч Т.Б- нь төлбөр төлсөнтэй холбоотой баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй, харин татвар төлөгч нь хариуцагч Б ХХК болно.

 

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Т.Б-өд замын гэрлийг 1 650 000 төгрөг, 4 160 төгрөгөөр, дугуй цохигч 1 370 000 төгрөгөөр, тэмдэг 1 080 000 төгрөгөөр, замын тэмдэг 484 000 төгрөгөөр, нийт 4 588 160 төгрөгийн бараа материал авч өгснөө материал худалдан авсан анхан шатны баримтаар нотолжээ. /1хх-48-49, 58,60, 2хх-36/

 

Түүнчлэн, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажлын хөлсөнд хариуцагч нийт 38 690 000 төгрөг төлсөн талаар тайлбарласан ба энэ талаар зохигчид маргаагүй. Иймд ажлын хөлс 57 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээн авсан болон бараа материалын үнэ 4 588 160 төгрөгийг хасаж тооцвол 13 721 840 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б ХХК-аас өгсөн төлбөрийн зарим баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, төлбөрийн мөнгөн дүн харагдах боломжгүй, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэггүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу туслан гүйцэтгэгч Т.Б-өд бараа материал авч өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 13 721 840 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-өд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ТГУ18/031 дугаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 117 921 138 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Б ХХК болон ДК ХХК-ийн хооронд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ТГУ18/031 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч Б ХХК нь Ундрам төслийн эхний ээлжийн 22 барилгын гадна автозам, явган хүний замын ажлыг гүйцэтгэх, захиалагч ДК ХХК нь ажлын хөлс 220 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /1хх-165-187/

 

Улмаар ажил гүйцэтгэгч Б ХХК болон Т.Б- нар нь 2018 оны 8 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож байгуулан Т.Б- нь Ундрам төслийн эхний ээлжийн 22 барилгын гадна автозам, явган хүний замын ажлыг гүйцэтгэх, Б ХХК нь ажлын хөлс 185 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, Т.Б- дээрх гэрээнд туслан гүйцэтгэгчээр оролцсон байна.

 

Захиалагч ДК ХХК болон ажил гүйцэтгэгч Б ХХК дээрх гэрээний үнийн дүнг 350 670 500 төгрөг болгож өөрчилсөн баримт хэрэгт авагдсан /1хх-120х/ байх тул Ундрам төслийн эхний ээлжийн 22 барилгын гадна автозам, явган хүний замын ажлын өртгийг 350 660 500 төгрөг болсон гэж үзнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ... гэрээнд заасан ажлаас манай компани 129 261 117 төгрөгийн ажлыг Т.Б-өөр, өөр компаниар 93 364 117 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн ... гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь ДК ХХК-ийн захиалгаар хийх Ундрам хотхон-ы гадна зам талбайн ажлыг гэрээний хугацаанд хийж дуусгаагүй, гэрээг цуцалсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Т.Б- нь ДК ХХК-ийн захиалгаар хийх Ундрам хотхон-ы гадна зам талбайн ажлын 36,86 хувийг гүйцэтгэсэн талаарх ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн акт хэрэгт баримтаар авагджээ. /1хх-120/

 

Захиалагч ДК ХХК болон ерөнхий гүйцэтгэгч Б ХХК нар Ундрам хотхон-ы гадна зам талбайн ажлын гэрээний үнийг 350 670 500 төгрөгөөр тохиролцсон, ерөнхий гүйцэтгэгч Б ХХК туслан гүйцэтгэгч Т.Б-тэй байгуулсан гэрээнд ажлын өртгийг 185 000 000 төгрөгөөр тохиролцсон.

 

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн анхны тохиролцсон үнэ 220 000 000 төгрөгөөс 185 000 000 төгрөгөөр тохиролцсон нь үндсэн гүйцэтгэгчийн ажлын 85 хувь болж байх бөгөөд 350 670 500 төгрөгөөс 85 хувиар тооцвол 298 069 925 төгрөг болно.

 

Талууд гэрээгээр тохиролцсон ажлын 36,8 хувийг гүйцэтгэсэн гэж үзсэнийг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, мөн хариуцагч буюу захиалагч ажлын хөлсөнд 85 466 000 төгрөг төлсөн тухайд маргаагүй. Иймд 298 069 925 төгрөгөөс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 38.6 хувийн ажлын хөлс 109 689 732 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 85 466 000 төгрөгийг хасахад 24 223 732 төгрөгийг төлөх үүргээ захиалагч зөрчсөн, ажил гүйцэтгэгч уг хөлсийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч Б ХХК-аас 24 223 732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-өд олгох үндэслэлтэй байна.

 

Дээрхийг нэгтгэвэл хариуцагч Б ХХК-аас нийт 37 945 572 төгрөгийг гаргуулан НР ХХК болон ДК ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгч Т.Б-өд олгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан дүнд болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01611 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 60 730 957,5 төгрөг... гэснийг ... 37 945 572 төгрөг... гэж, ... 74 126 020,5 төгрөг... гэснийг ... 96 911 406 төгрөг... гэж,

2 дахь заалтын ... 461 604 төгрөг ... гэснийг ... 347 678 төгрөг... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 461 605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ