Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2018/0228

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2018/0228

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоолгох, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил албан тушаалын ажлыг хийлгэхгүй байсан нь хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: Ч.Б миний бие нь 1992 оноос гаалийн улсын байцаагчаар ажилласан бөгөөд Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын Шивээхүрэн хилийн боомтын Гаалийн хорооны ахлах байцаагчаар ажиллаж байх үед намайг Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт 2010 оны 2 сараас сэжиглэн шалгасан.

Ингээд Мөрдөн байцаах албаны 2011.03.28-ны өдрийн тогтоол гарч Гаалийн ерөнхий газарт хүргэгдснээр 2011.04.04-ны өдрийн 156 дугаар тушаал гарч, улмаар миний гаалийн байцаагчийн албан үүргээ биелүүлэхийг түр  түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон боловч Нийслэлийн прокурорын газрын 2013.03.05-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгож, миний гаалийн байцаагчаар ажиллах эрх нээгдсэн.

Энэхүү прокурорын тогтоолыг үндэслэл болгон миний бие ажилдаа эргэн орохыг хүсч байсан боловч 2013.04.16-ийн өдрийн 04/1325 дугаар бичгээр хуульзүйн үндэслэл бүрэн бүрдээгүй байна, хүлээж бай гэсэн эрүүгйин хэрэг шийдвэрлэгдэхийг хүлээж байсан.

Гаалийн ерөнхий газрын даргын 2015.05.11-ний өдрийн Б/155 тушаалаар миний Гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээж, Шивээ хүрэн хилийн боомтод гаалийн байцаагчаар томилсон.

Надад холбогдуулсан эрүүгийн хэрэг Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2015.10.27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх заалт, Иргэний хуулийн 498 дүгээр

зүйлийн 498.2-т заасны дагуу төрөөс гэм хорын хохирлоо шаардан нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2016.09.28-ны өдрийн 102/ШШ2016/05224 дүгээр шийдвэрээр “Нийслэлийн прокурорын 2013.03.05-ны өдрийн 05 тоот тогтоолын биөлэлттэй холбогдох хугацааны цалин хөлс нь Гаалийн өрөнхий байгууллагад хамаарах асуудал учир төрөөс хариуцахгүй, харин бусад хэсгийг нь төр хариуцаж нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна.

Миний бие орон нутагт ажиллаж байгаа шалтгаан үндэслэлээр өмгөөлөгч төлөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн дагуу оролцуулж байсан.

Ингээд 2016.11.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүхийн 2017.03.09- ний өдрийн 181/ШТ2017/00096 дугаар тогтоолын Үндэслэл хэсэгт “захиргааны хэргийн харъяалан шийдвэрлэх маргаан” гэж дүгнэлт хийсэн атлаа ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дугаар зүйлийг удирдлага болгож, хууль хэрэглээний алдаа гаргасан байдаг.

ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1:8 дугаар зүйлд “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн хэргийн журмаар шалгаж байгаа” тохиолдолд гэеэн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тогтоох хэсэгтээ дүгнэж, ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэсэхгүй болгосон байдаг.

Энэхүү шүүхийн тогтоолыг намайг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан өмгөөлөгч Ж.Ц нь гардан авсан боловч 2017.03.17-ны өдөр нас барсан шалтгааны улмаас миний бие дээрх шүүхийн тогтоолыг танилцаж мэдээгүй юм.

Ингээд 2017.05.12-ны өдөр талийгаачийн ар гэрийн хүнтэй уулзаж, материалаа авснаар өмгөөлөгч авч, хэргийн шийдвэрлэлт болон шүүхийн тогтоолын алдаа зэргийг мэдсэн бөгөөд миний өмгөөлөгч гомдол гаргах эрхийг сэргээлгэх хүсэлт гаргасан.

Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 2017.05.31-ний өдрийн 181/Ш32017/08101 дугаар захирамжаар “шүүхийн 2017.03.09-ний өдрийн 181/ШТ2017/00096 дугаар тогтоолд гомдол гаргах хугацааг сэргээж" шийдвэрлэсэн учир гомдлоо гаргаж, улмаар өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, 2017.06.20-ны өдрийн хурлаар 181/ШТ2017/00285 дугаар тогтоолоор шүүхийн 2017.03.09-ний өдрийн 181/ШТ2017/00096 дугаар тоггоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Ингээд гомдол гаргагчаас удаа дараа шүүхэд очиж хүссэн боловч 181 /ШТ2017/00285 дугаар тогтоолын эх хувийг шүүхээс гардан авч чадаагүй учраас шүүхийн Тамгын газарт хандан гомдол гаргаж, тогтоолын хувийг хуулбар үнэн тэмдэг даруулан хүлээн авч, ийнхүү Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд 2017.09.14-ний өдөр хандах хүртэлх хугацаанд холбогдох шүүхийн байгууллагад хандаж, тухайн шүүх нь харьяаллын бус гэж нэхэмжлэлийг татгалзаж байгаагүй бөгөөд шүүгчийн 2017.09.21-ний өдрийн 5922 дугаар захирамжаар ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 541.3-т зааснаар "... урьдчилсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Гэвч Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн ерөнхий газар ажилд томилоогүй нь хууль зөрчсөн буруутай байна гэж тайлбарлаж байсан атлаа бичгийн хариугаа “өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна” гэж өгсөнийг Төв аймгийн шуудангаас 2017.11.06-ны өдөр утсаар мэдэгдсэнээр хариу бичгийг хүлээн авлаа.

Ийнхүү төрийн албаны байгууллага, Гаалийн ерөнхий газар асуудлыг шийдвэрлэхгүй байгаа учраас Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолоо хамгаалж, шүүхээр шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн гомдол гаргасан шалтгаан үндэслэлийн тухайд: Гаалийн байцаагч миний ажил албаа гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр хүчингүй болчихсон байхад ажил албанд нь эргүүлэн томилох шийдвэр гаргахгүй байсан Гаалийн ерөнхий газрын эс үйлдэл нь хууль бус бөгөөд үүний улмаас Төрийн тусгай албан хаагчийн хувьд төрийн албанд ажил алба эрхлэх, цалин хөлс авах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал тасралтгүй байх эрх нь зөрчигдсөн гэж үздэг.

Өөрөөр хэлбэл, Миний бие гаалийн байцаагчийн эрх, ажил үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасны улмаас учирсан хохиролыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх заалт, Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2-т заасны дагуу Төр хариуцахаар шийдвэрлэж, харин бусад хугацааны ажилгүй, цалин хөлсгүй байсны улмаас учирсан хохирлыг Гаалийн ерөнхий газарт холбогдуулан зэхиргааны хэргийн харъяаллаар шийдвэрлэх маргаан байна гэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэн тус шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна.

Иймд 2011.04.04-ны өдрөөс 2013.03.05-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоож, 2013.03.06-ны өдрөөс 2015.05.10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил албан тушаалын ажлыг хийлгэхгүй байсан нь хууль бус байсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эруүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:“...Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсэг “Иргэн, хуулийн кгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зуйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх |хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно.” гэж заасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдюрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад“дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан щийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж тус тус заасан байна.

Иргэн Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2011.04.04-ны өдрөөс 2013.03.05- ны өдрийг хүртэж хугацаанд гаалийн улсын байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоож, 2013.03.06-ны өдрөөс 2015.05.10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил албан тушаалын ажлыг хийлгэхгүй байсан хууль бус байсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” дурдсан байна.

Мөн иргэн Ч.Б нь нэхэмжлэлдээ “Гаалийн байгууллагаас 2013.04.16-ны өдрийн 04/1325 дугаар албан бичгээр гомдлыг хариуг өгч байсан” талаар дурдсан байдаг.

Гэтэл иргэн Ч.Б нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрх нь тухайн үед нээлттэй байсан боловч Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/155 эрх сэргээх тушаал гарах өдрийг хүртэл шүүхэд хандаагүй болно.

Иймээс Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байх тул иргэн Ч.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Б тус шүүхэд хандаж  “...2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоолгох, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хийлгэхгүй байсан нь хууль бус болохыг тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгуулах” шаардлага гаргасныг хариуцагч “...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Б нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээ хүрэн хилийн боомтод Гаалийн хорооны ахлах байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2010 оны 02 дугаар сараас эхлэн Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байх ба Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны Чиглэлийн ахлах мөрдөн байцаагчийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”-оор Ч.Бын албан үүргээ биелүүлэхийг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлж тогтоолын хувийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэснээр Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тушаалаар Ч.Бын гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна.

Нийслэлийн Прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Бын гаргасан 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар бүхий тогтоолоор “...энэхүү албадлагын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх нь хүний эрхийг зөрчихөд хүргэж байна” гээд дээр дурдсан, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны Чиглэлийн мөрдөн байцаагч М.Бийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолыг Ч.Б-од мэдэгдэж Гаалийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.  

  Гэвч хариуцагч Гаалийн ерөнхий газар нэхэмжлэгч Ч.Быг ажилд нь томилохгүй байж байгаад 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/155 дугаар бүхий “Гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээж ажилд томилох тухай” Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар, Гаалийн тухай хуулийн 271.1.10 дахь заалт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Ч.Бын түр түдгэлзүүлсэн Гаалийн улсын байцаагчийн болон албан үүргээ биелүүлэх эрхийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэргээж, мөн өдрөөс Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилж түүний үндсэн цалинг ТТ-10-29 зэрэглэлээр сард 667784 төгрөгөөр тогтоож, албан тушаалын туслах түшмэл, тэргүүн зэрэг дэвийн 25, төрийн алба хаасан хугацааны 10, гаалийн зөвлөх цолны 15, албан ажлын онцгой нөхцлийн 10, хилийн 25 хувийн нэмэгдэл олгох...-ыг санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчид болон Шивээхүрэн дэх Гаалийн газрын даргад тус тус зөвшөөрсөн байна.

Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ингэснээр нэхэмжлэгч нь цагдан хоригдсон хугацааны хохиролд 5616000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс 48 548 273 төгрөгийг төрөөс  гаргуулахаар нэхэмжилснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05224 дүгээр шийдвэрээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолын биелэлтийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр биелүүлсэн нь ажил олгогч байгууллагад хамаарахаар байх тул энэ хугацааны цалин хөлсийг Засгийн газрын нөөц сангаас гаргах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн, үүнийг үндэслэн нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна..

Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар бүхий тогтоолоор Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны Чиглэлийн мөрдөн байцаагч М.Бийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосон байхад хариуцагч Гаалийн ерөнхий газар нь 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг ажил үүргийг нь үргэлжлүүлэн хийлгээгүй нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагч Гаалийн ерөнхий газар нь нэхэмжлэгч Ч.Бын албан үүргийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол гарснаар Ч.Бын ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад энэ хугацаанаас хойш 2 жил 2 сарын хугацаанд ажлаар хангаагүй, түүний талаар ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй тул 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Ч.Б нь ажил албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байсныг тогтоох үндэслэлтэй.

Мөн хариуцагч захиргааны байгууллагын  хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгч Ч.Б ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байж улмаар 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөөр хохирсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д төрийн албан хаагч нь “төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг...хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийг шаардах” нийтлэг эрхтэй..гэж тус тус заажээ.

Гаалийн тухай хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Гаалийн улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс тус тус бүрдэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн цалин хөлсний хохирлыг “С” ХХК-ийн гаргасан, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Хараат бус аудиторын дүгнэлт"-ийг үндэслэн тооцуулах хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргаж нотлох баримтаар ирүүлсэн, шүүх хуралдааны явцад хохирлын хэмжээний талаар хариуцагч маргаагүй тул уг дүгнэлтийг үндэслэн цалин олговрыг тооцож нийт 28747000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсны дараагаас эхлэн иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байх тул хариуцагчийн гаргасан “Гаалийн байгууллагаас 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариу өгсөн, үүний дараа шууд шүүхэд хандаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.5, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Ч.Б нь 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоож, нэхэмжлэгч Ч.Быг 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалыг үргэлжлүүлэн хийлгэхгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 28 747 000 төгрөгийг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутган тооцож бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН