Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0308

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0228 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0228 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зйүлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ч.Б нь 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоож, Ч.Б-ыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалыг үргэлжлүүлэн хийлгэхгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 28747000 төгрөгийг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутган тооцож бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсэг “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байна. Иргэн Ч.Б нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрх нь тухайн үед нээлттэй байсан боловч Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/155 эрх сэргээх тушаал гаргах өдрийг хүртэл шүүхэд хандаагүй болно. Захиргааны ерөнхий хуульд төрийн байгууллага тасралтгүй, шуурхай байхаар заасан. Гэтэл иргэн Ч.Б нь ямар нэгэн байдлаар Гаалийн ерөнхий газарт хандаагүй, ажил хөдөлмөр эрхлэлгүй, эрх нь зөрчигдсөн нэрээр Гаалийн ерөнхий газрыг буруутган төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин буюу дээрх нийт хугацааны цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Б нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоолгох, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын ажлыг хийлгэхгүй байсан нь хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Тодруулбал,

Захиргааны эрх зүйн харилцаа гэж захиргааны байгууллага болон бусад субъектүүдийн хооронд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, эрх ба үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгож байгаа, эсхүл тогтоосон харилцааг ойлгох бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 156 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.Б-ын гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацаанаас Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Чиглэлийн ахлах мөрдөн байцаагчийн 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох хүртэл хугацаанд Ч.Б болон Гаалийн ерөнхий газрын хооронд захиргааны эрх зүйн харилцаа үргэлжилсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, захиргааны эрх зүйн харилцаанд оролцогч хоёр талын нэгнийх нь субъектив эрх, нөгөө талын хууль зүйн үүрэг харилцан холбоотой байгаа тохиолдолд нэхэмжлэгч Ч.Б-ыг 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоон, хүлээн зөвшөөрөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасантай нийцсэн, энэ талаар давж заалдах гомдол гараагүй.

Түүнчлэн, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоолоор Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Чиглэлийн ахлах мөрдөн байцаагчийн 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Ч.Б-ын албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад түүнийг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5 “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж заасныг зөрчсөн хууль бус байх ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж мөн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх Төрийн албаны тухай хуулийг хэрэглэхдээ хуулийн зохицуулалтыг оновчтой сонгож хэрэглээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “хохирол” гэж зөв дүгнэсэн атлаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нөгөөтэйгүүр, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1325 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилох боломжгүй талаар мэдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ч нэхэмжлэгчийн холбогдсон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, тэрээр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш удаа дараа иргэний хэргийн шүүхэд хандсан /Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05224 дүгээр шийдвэрээр эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан хугацааны хохирол гаргуулах хэргийг хянан шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар тогтоолоор Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/ зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Дээрхийг дүгнэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч Ч.Б-ыг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзэхгүй, хуульд заасан  “хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн” гэх урьдач нөхцөл үүсээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/155 дугаар эрх сэргээх тушаал гаргах өдрийг хүртэл шүүхэд хандаагүй” гэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар цалингийн тооцоолол, үнийн дүнгийн тухайд маргахгүй гэсэн тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.       

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0228 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэ рлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                   

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР   

                            ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР  

                            ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН