Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2144

 

МАГАДЛАЛ

 

2018.10.15                                                     Дугаар 2144                                Улаанбаатар хот

 

 

 

 

“ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01673 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Р-д холбогдох,

 

“СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгах 55 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Д.Р-д нь “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Д.Р-д эдгээр компаниудын гэрчилгээ, дүрэм, тамга тэмдэг, санхүүгийн баримт бичгүүд болон компанийн бүхий л хувийн мэдээллийг агуулсан санах ойг ажлын байрнаас авч явсан бөгөөд компанийн харилцагч нар болон санхүүгийн байдал, орлогын талаар нэхэмжлэгчид ямар ч мэдээлэл өгөхгүй, танилцах боломжоор хангахгүй байгаа болно.

Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна, 97 дугаар зүйлийн 97.1.6-д зааснаар компани нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан хадгалах үүрэгтэй, 97.6 дахь хэсэгт компани нь энэ хуулийн 97.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална, Компанийн дүрмийн 5.4-д зааснаар хувьцаа эзэмшигч нь Компанийн үйл ажиллагааны байдал, санхүүгийн болон бусад бичиг баримт мэдээ тайлантай танилцах эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл Д.Р-д нь “ЭЭЭ” ХХК-нд “СГ” ХХК, “НМ”  ХХК-иудыг үйл ажиллагааны болон санхүүгийн баримт бичгийг огт танилцуулахгүй, компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа болно. Мөн хариуцагч Д.Р-д нь 2012 оноос албан тушаалаа хууль бусаар ашиглаж “НМ”   ХХК-ийн данснаас түрээсийн төлбөр хэлбэрээр нийт 55 000 000 төгрөгийг гарган хувьдаа завшиж, уг 55 000 000 төгрөгөөр өөрийн нэр дээр Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой Даваатын амд байрлах амралтын газар худалдаж авсан байдаг. Тэрээр “НМ”   ХХК-ийн компанийн данснаас              55 000 000 төгрөгийн гүйлгээг хийхдээ газрын төлбөр гэсэн утгатайгаар гаргасан байдаг боловч компанийн тайлан, балансад түрээсийн төлбөр гэсэн утгатайгаар бүртгэж, тайлагнасан байдаг. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэж үзэн хэрэгсэхгүй болгосон болно. Иймд “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагч Д.Р-д даалгах, хариуцагч Д.Р-аас 55 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-нд олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “СГ”  ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011205020 дугаарт бүртгэгдсэн, 5323991 тоот регистрийн дугаартай “СГ”  ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. “СГ” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчтай болно. “ЭЭЭ” ХХК нийт хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшдэг, Д.Р-д нийт хувьцааны 49 хувийн хувьцааг эзэмшдэг. Израиль Улсын ВС компаниас “СГ”  ХХК-нд шилжүүлэх ёстой байсан 138 535 ам.долларыг “ЭЭЭ” ХХК-ийн захирал Израйль улсын иргэн Я Ж П 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авч хэрэглэсэн нь 2014 онд тогтоогдсон байдаг. Үүнээс үүдэн “СГ”  ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүссэн. “ЭЭЭ” ХХК болон тус компанийн захирал Израиль улсын иргэн Я Ж П нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяггүй. Үүний учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байдаг. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байна. Гэвч өнөөдрийн байдлаар оршин суугаа хаягийг тодорхойлж чадаагүй. “НМ”   ХХК-ийн тухайд Монгол Улсын хуулийн этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9019002143 дугаарт бүртгэгдсэн, 5048567 тоот регистрийн дугаартай “НМ”   ХХК 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. “НМ”   ХХК хоёр хувьцаа эзэмшигчтэй болно. “СГ”  ХХК, Их Британийн Турк Кайро арал улсын хуулийн дагуу байгуулагдсан “НГ”ХХК болно.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тухайд Д.Р-д компанийн хувьцаа эзэмшигч хийгээд гүйцэтгэх захирлын хувьд “СГ” ХХК, “НМ”  ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах талаар санаачлага гарган хуралдааны товыг “ЭЭЭ” ХХК-ийн захирал Израйль улсын иргэн Я Ж П-ыг мэдэгдэж байсан. Тухайлбал, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай зарыг “ЭЭЭ” ХХК-ийн захирал Я Ж П-д цахим шуудангаар мэдэгдсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлож мэдэгдэхэд Я Ж П мөн оны 5 дугаар сарын 02-ны өдө хийхийг хүсэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг өөрчилсөн. Гэвч Я Ж П хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ирээгүй байдаг. “ЭЭЭ” ХХК болон тус компанийн захирал Израйль улсын иргэн Я Ж П-ын Монгол Улсад оршин байх хаяг нь тодорхойгүй тул хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг бичгээр хүргэж өгөх боломжгүй тул ийнхүү цахим шуудангаар мэдэгдэж байсан. “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд Д.Р-д компанийн Гүйцэтгэх захирал төдийгүй компанийн хувьцаа эзэмшигч болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-тай нэгэн адил эрх, үүрэг, хариуцлага хүлээсэн хувьцаа эзэмшигч юм. Түүнчлэн “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй. “СГ”  ХХК болон “НМ”   ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд ажилтнууддаа цалин өгөх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ямар ч орлого, хөрөнгө мөнгөгүй болсон. “СГ”  ХХК болон “НМ”   ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдаж гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн гүйцэтгэх захиралд компаниудын хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд “СГ”  ХХК болон “НМ”   ХХК-иуд нь 2015 оноос хойш тогтвортой аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй. “СГ”  ХХК болон “НМ”   ХХК-иудын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулах болно.

Тухайн 55 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд “НМ”    ХХК-ийн албан тасалгааны зориулалтаар ашиглаж байсан байрыг Израйль улсын иргэн Я Ж П , Израйль улсын иргэн М Д болон Д.Р-д бид гурав хамтран өмчлөхөөр харилцан тохиролцож Хөрөнгө өмчлөгчдийн гэрээг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байдаг. Хөрөнгө өмчлөгчдийн гэрээний дагуу өмчилж буй талбайг бусдад түрээслэх тохиолдолд “...ашиглах талбайн түрээсийн төлбөрийг өмчлөгчдийн өмчлөх хувь хэмжээнд тэнцүүлж хувааж авах”-аар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу “НМ”   ХХК нь Израйль улсын иргэн Я Ж П , Израйль улсын иргэн М Д болон Д.Р-д нартай түрээсийн гэрээ байгуулж түрээсийн төлж байсан байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Р-д “НМ”   ХХК-нд хүсэлт гарган өөрт ногдох түрээсийн төлбөрийг “СТ” ХХК-иас шилжүүлж авсан газрын төлбөрт шууд шилжүүлэхийг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу нийт 53 770 000 төгрөгийг шилжүүлж авсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар “НМ”   ХХК Д.Р-д надад 37 753 128.09 өглөгтэй байна. Иймд “ЭЭЭ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 85 дугаар зүйлийн 85.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул Д.Р-аас “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгах, 55 000 000 төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн “ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 573 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Б нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулах хүсэлтийг тавьсан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан тул итгэмжлэлийнхээ бүрэн эрхээсээ татгалзсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг зөрчсөн байна. Мөн хариуцагчийг удаан хугацааны туршид эрэн сурвалжилсаны эцэст анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хариу тайлбарыг өгсөн байна. Шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хариуцагчийн тайлбар ирснийг мэдсэн бөгөөд анхан шатны шүүх хурлаас өмнө нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх нөхцөл боломж цаг хугацааны хувьд байхгүй байсныг анхаарч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК нь хариуцагч Д.Р-д холбогдуулан “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах, “СГ” ХХК болон “НМ” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулахыг даалгаж, 55 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримтыг шаардан авах буюу гаргуулахаар шүүх хуралдааны үед хүсэлт гаргасныг шүүгчийн 108/ШЗ2018/07639 дугаартай захирамжаар шийдвэрлэж, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж, хүсэлтийг хангахгүй орхижээ.

Шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан буюу шаардан авахаас татгалзсан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гарах бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар захирамжид гомдол гаргаж болохоор байна. Гэтэл хэргийн 119-120 дугаар талд авагдсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж зааснаараа хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь бүрэн эрхээсээ татгалзсан тайлбар гаргасныг хангаж, шүүх хуралдаанаас гарч явахыг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцсэн гэх байдлаар шийдвэрт тусгагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, талуудыг мэтгэлцэх боломжоор хангагдаагүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймээс давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2018/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 573 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

          ШҮҮГЧИД                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ