Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1939

 

 

 

 

 

   2018 оны 10 сарын 04 өдөр

      Дугаар 182/ШШ2018/01939

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: НГА,

Хариуцагч: “ТУ” ХХК

            газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт нийт 1.435.500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ТУ” ХХК-д  Нийслэлийн засаг даргын 2009 оны 217 тоот шийдвэрээр 450 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд жилдээ 198.000 төлөхөөр 143010/0029 тоот гэрээ байгуулсан.”ТУ” ХХК нь Монгол улсын газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчин газар эзэмшсэний төлбөр болох 2014 оны 198.000, 2015 оны 198.000 төгрөг, 2016 оны 198.000 төгрөг, 2017 оны 198.000 төгрөг, 2018 оны 198.000 төгрөг, нийт 990.000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд манай байгууллага Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүлийн 74.3 дахь заалтыг удирдлага болгон алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиар тооцож 445.500 төгрөг, нийт 1.435.500 төгрөгийг “ТУ” ХХК-аас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, итгэмжлэл, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол, газрын байршлын кадастрын зураг, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, “ТУ” ХХК-ийн компанийн шинэчилсэн дүрэм, “ТУ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч “ТУ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 тоот шийдвэрийн дагуу НГАтай 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 450 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшихээр нэгжийн үнийг 440 төгрөгөөр тооцон 1 жилд 198.000 төгрөгийг, улиралд 49.500 төгрөгөөр, 4 улиралд хуваан төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг зэргээр тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заажээ.

Хариуцагч “ТУ” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан болон гэрээнд заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй буруутай байх ба Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох газрын төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч газрын төлбөрт 2014 оны 198.000 төгрөг, 2015 оны 198.000 төгрөг, 2016 оны 198.000 төгрөг, 2017 оны 198.000 төгрөг, 2018 оны 198.000 төгрөг, нийт 990.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2015 онд хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрээг цуцлахаар санал хүргүүлж байсан байдал тогтоогдож байна. Тухайн үед гэрээг цуцлах, дуусгавар болгох боломжтой байсан гэж үзэж 2014, 2015 онуудын газрын төлбөрийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна. Одоо дээрх газарт орон сууцны барилга баригдаж, орчны газрыг оршин суугчид буюу Сууц өмчлөгчдийн холбоо эзэмшиж буйг нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Талууд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.6-д “төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон” нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй бөгөөд шаардсан алдангийн хэмжээг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн хариуцагч “ТУ” ХХК-аас газрын үндсэн төлбөрт 396.000 төгрөг, алдангид 198.000 төгрөг, нийт 594.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НГАнд олгох, үлдэх нэхэжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, түүнийг албадан ирүүлсэн ба нэхэмжлэлийн хувийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардан авсан боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан “ТУ” ХХК-аас 594.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НГАнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 841.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “ТУ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 18.470 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД