Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/20

 

Г.М холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Г.М холбогдох 2017000740042 дугаартай 1 хавтас 171 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чандмань” дэлгүүрийн ойролцоо “Даюун” маркийн 60-69 ДУЗ дугаартай мотоциклийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Е.У мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Ш овогт Г М тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Г.М оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М 881 050 /найман зуун наян нэгэн мянга тавь/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Е.У хууль ёсны төлөөлөгч Н.Е олгож, Насанд хүрээгүй хохирогч Е.У, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Е нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гомдол гаргахдаа гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудалд маргахгүй, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэдэг үндэслэлээр гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр насанд хүрээгүй хохирогч У мөргөж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулж 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан. Хэргийн нөхцөлөөс харахад насанд хүрээгүй хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан ч гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хүндрүүлэх нөхцөлийг хэрэглэж шийдвэрлэсэн. Г.М ар гэрээс хохирогчийн хохирол төлбөрт 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн тогтоолд баримтаар 881 050 төгрөгийн төлж барагдуулах үндэслэл тогтоогдсон. Цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардалд шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчийн хохирол төлбөр барагдуулсан болон анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Г.М нь 2000 онд өнчин тархины мэс засалд орж, түүнээс хойш байнга эмчийн хяналтад байх ёстой болсон. Одоо тархины 3 дугаар ховдлын хавдар гэсэн оноштойгоор групп-т 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай гэж хамрагддаг. Мөн 2019 онд тархины хүнд мэс засалд орж гуурс суулгаж тархины усжилтыг гадагшлуулдаг болсон. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үеээс хойш эмчийн хяналтад орж чадахгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг нь харгалзаж шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн анхаарал болгоомжгүйгээр энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцож “хохирол төлбөр төлөгдөөгүй, гомдолтой байна” гэсэн. Харин давж заалдах шатны шүүхэд “ Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Шүүгдэгчийн хувьд үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр нөхөн барагдуулсан, мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэжээ.

                ТОДОРХОЙЛОХ НЬ :

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чандмань” дэлгүүрийн ойролцоо “Даюун” маркийн 60-69 ДУЗ дугаартай мотоциклийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Е.У мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн  баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

     

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн:  ... шүүгдэгч Г.М нь 3 дугаар ховдлын хавдар бөглөрөлт, тархи унжилт эмгэгийн улмаас тархины хүнд мэс заслын хагалгаанд орж нүдний хараанд өөрчлөлт өгсөн, эмчийн хяналтанд байнга байх шаардлагатай тул ялыг биечлэн эдлэхэд эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байгаа аргагүй байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Учир нь: Шүүгдэгч Г.М нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө насанд хүрээгүй хохирогч Е.У учруулсан хохиролоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Е ‘’... эмчилгээ болон бусад зардлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй болно’’ гэж бичсэн тодорхойлолт байх ба Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд 2001, 2017 онуудад тархины хавдар, өнчин тархины хавдар авах мэс засалд орж байсан бөгөөд Өнчин тархины хавдар, 3 дугаар ховдлын хавдар бөглөрөлтөт тархи унжилт оноштой гэсэн /ХХ-н 48-51/ байх тул эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Г.М  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь үндэслэлтэй  гэж үзлээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх тул   шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

          Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дугаарыг ‘’2020/ШЦТ/56 гэж бичих байтал ‘’ 2019/ШЦТ/56 ‘’  гэж буруу ташаа бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан  байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогчид хүсэлт гаргах буюу шүүх санаачилгаар залруулга хийж байх шаардлагатайг цаашид анхаарах нь зүйтэй байна.     

            Иймд шүүгдэгч Г.М өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1.  Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... “ шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзасугай’’   гэж,

          Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад  ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэсний ард ‘’хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан үеэс тоолсугай ” гэж өөрчлөн найруулж, тус тус өөрчлөлт оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүйд тооцож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ТЭГШСУУРЬ

                        ШҮҮГЧИД                                        Х.БАЙГАЛМАА

                                                                                О.ОДНЯМАА