Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/56

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шинжээч Ч.У,

насанд хүрээгүй хохирогч Е.У хууль ёсны төлөөлөгч Н.Е,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Г-н М-д холбогдох эрүүгийн 2017000740042 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 15-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Г аймгийн  дүгээр сургуульд жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, Төгрөгийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогт Г-н М /РД:ЗН/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чандмань” дэлгүүрийн ойролцоо 60-69 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Е.У-г мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чандмань” дэлгүүрийн ойролцоо “Даюун” маркийн 60-69 ДУЗ дугаартай мотоциклийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч буюу насанд хүрээгүй хохирогч Е.У мөргөж зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ансот эмийн сан орох гээд мотоцикл унаад явсан. Тухайн үед би хөлөө гэмтээсэн байсан учраас эмийн сан ороод эм аваад буцаад гэр лүү явсан. Тэгээд гэрийн баруун талын хашаагаа налаад зогсох шиг болсон. Тэгсэн хүүхэд уйлахаар нь буугаад харахад 2 хүүхэд шүргээд унагачихсан байсан. Сандраад 2 хүүхдийг босгоход том хүүхдийнх нь нэг хөл хавдсан байсан. Тэгээд намайг түшиж байгаад ээж рүүгээ залгасан. Ээж нь удалгүй ирээд цагдаа болон эмнэлэг дуудсан. Тухайн үед 2 хүүхдийг хараагүй, каскны уяа нүд хаасан байсан гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч Е.У-н хууль ёсны төлөөлөгч Н.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Одонтуяа гэдэг хүний охин манай охинтой хамт явж байсан. Охины ээж нь яриад манай охин болон өөрийнх нь охин 2 мотоциклд шүргүүлээд унасан байна. Одоо бид нар эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тухайн үед би Дундговь аймагт байсан. Тэгээд би маргааш нь ирэхэд хүүхэд маань хөлөө гибсдүүлсэн байсан. Яг ямар гэтэл авсан талаар мэдээгүй. Манай охины биед зулгарсан шарх байсан. Харин А толгой нь өвдөөд байгаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хот руу авч яваад зураг авахуулахад шагайны хавчаар яс хугарсан байсан учраас хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй гэсэн. Манай охин эхнэр бид 2-ыг ажилтай байх хугацаанд дүүгээ хардаг байсан. Эхнэр бид 2 тусдаа ажилтай болохоор байнга харж хандах хэцүү байдаг. Тухайн хэрэг болсон өдрөөс хойш над руу  яриад дүү охин яаж байна гэж асуугаагүй таг алга болсон. Тухайн үед манай хадмууд ярьсан юм байна. Би үүнийг мэдээгүй. Энэ асуудлаас болоод над руу яриагүй гэж хэлээд байна. Надад ямар ч сэтгэл гаргаагүй гэж харагдаж байгаа. Сүүлд би цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Ер нь бол байнга чөлөө зөвшөөрөл авах боломжгүй байсан. Хохирол мөнгөний баримтыг бүрэн гүйцэт нэхэмжлээгүй. Гэтэл  охиныг эмнэлэгт үзүүлээд явж байхад. Шүүгдэгч эмнэлэг дээр өөрийгөө үзүүлээд тодорхойлолт аваад явж байсан. Тэгэхэд би үнэхээр бухимдаж байсан хэдий ч юм хэлээгүй.  Мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч над руу залгаж яриагүй уучлалт гуйгаад, сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь над руу хохирол төлбөр хэд болж байна вэ? гэсэн би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу залгаад 400 000 төгрөг төлөх талаар хэлсэн, би юу яриад байгаа юм бэ гээд тасалсан. Дараа нь эхнэр нь залгаад 500 000 төгрөг өгье гэж хэлсэн. Үүнээс үзэхэд үнэ хаяалцаад байгаа юм шиг санагдсан. Энэ болгонд би уурлаад бухимдаад байгаагүй. Яагаад ийм үйлдэл гаргаад байгааг нь ойлгоогүй. Одоо манай охин гайгүй болсон. Хэвтрийн дэглэм сайн барьсан. Аль болох хүүхдийнхээ эрүүл мэндийг бодсон. Бид нарыг хүүхдээ үзүүлээд явж байхад өөрийнхөө биеийг үзүүлээд яваад байсан. Яаж байна гэж нэг ч асуугаагүй. Яг ямар зорилгоор эмнэлгээр яваад байсан талаар сайн мэдэхгүй байна. Мөн өөрөө группт байдаг хэрнээ хүүхдээ асарч хамгаалж чаддаг юм уу? Юу ч харахгүй байж мотоцикл унаад явах шаардлага байсан уу? нэг нь 100 хувийн хараагүй, нөгөө нь 50 хувь хардаг. Тэгсэн каскны уяа хаасан байсан гэж яриад байгаа. Юу ч харахгүй байж тээврийн хэрэгсэл жолоодоод, мөн өөрийн хүүхдийг ардаа суулгаад явж байсан гээд байгаад нь үнэхээр харамсаж байна. Шүүгдэгч нь хуульд заасан хариуцлагаа хүлээгээд явах байх. Хэрэгт авагдсан баримтын дагуу төлбөрийг нэхэмжилнэ. Хүний эрүүл мэндийг хохироосон хэрнээ сэтгэл гаргаагүйд нь гомдолтой байна гэв.

 

1.3. Шинжээч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э.М-с 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор ирүүлсэн, хэрэг бүртгэлтийн 201700074 дугаартай зам тээврийн ослын хэргийн материалтай танилцаад 08 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдөр гаргасан. Мөрдөгч Э.М-н тогтоолд 3 асуулт байсан. Үүнд 1. мотоциклийн жолооч Г.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар зүйл заалтыг зөрчсөн бэ? гэсэн асуултад  Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3 дугаар бүлэг 3.7 дахь хэсэгт зааснаар жолоочид дараах зүйлийг хориглоно. Үүнд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамааралгүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг “Тээврийн хэрэгслийн хурд” 12.3 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 2 дахь асуулт Г овогтой М нь /ЗН92121516/ тухайн тээврийн хэрэгсэлд тохирох эрхийн үнэмлэхтэй эсэх? гэсэн асуултад Цагдаагийн Ерөнхий газрын АСАП сангаас Г овогтой М-г жолооч эсэхийг шалгахад В ангиллын 990084 дугаартай хүчинтэй, үнэмлэхтэй байна. 3 дугаар асуулт Осол гаргах болсон шалтгаан юу вэ? гэсэн асуултад Г.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а заалт болон 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн байгаа гэв.

 

1.4. Насанд хүрээгүй хохирогч Е.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш Чандмань дэлгүүрээс гэр лүүгээ ирж явсан. Надтай хамт А явсан. Тэгсэн чинь мотоциклийн чимээ гарсан. Ард юм уу урд талын гудамж руу орох гэж байгаа гэж бодсон чинь ирээд мөргөсөн. Бид хоёр арагшаа оочсон. Мотоциклтой хүн өнгөрч зогсоод бууж ирээд А босгосон. Дараа нь намайг босгосон чинь зүүн хөл өвдөөд байсан. Намайг босгочихоод түшиж байгаад О эгч рүү ярьсан чинь О эгч ирсэн. О эгч цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн. Тэгээд О эгч бид хоёрыг аваад эмнэлэг дээр ирсэн.

...Ямар ч дуут дохио өгөөгүй.

...Зүүн хөл хугарсан хэсгээрээ өвдөж байгаа. Баруун гараа хөдөлгөхөөр булчингаараа янгинаж өвдөж байгаа. Хөл гишгэж болохгүй суга таягтай явж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн үед хөлөө гэмтээсэн байсан юм. Хөлийнхөө шарханд түрхэх ам авна гээд мотоциклтойгоо Ансот эмийн сан орох гээд явсан.

...Би энэ оны 03 дугаар сарын 27-ны өдөр хөдөө яваад 04 дүгээр сарын 10-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн чинь ногоон өнгөтэй мотоцикл авчихсан байсан. Хэнээс авсныг мэдэхгүй байна, дараа нь мотоциклийн мөнгө гээд хүнд 350 000 төгрөг өгсөн. Хэнд өгснийг мэдэхгүй. Өөрөө аваачиж өгсөн. Бичиг баримт байхгүй. 6069 ГСЗ гэсэн улсын дугаар тухайн мотоциклд зүүлттэй ирсэн. Ямар учиртайг нь мэдэхгүй байна.

...Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Норсонгийн хяналтанд байдаг. 2002 оноос хойш эмчийн хяналтанд байсан. Говьсүмбэр аймагт шилжиж ирээд Норсон эмчийн хяналтанд орсон.

...Мотоцикл барих эрхийн үнэмлэх байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Е.У манай хадам эгчийн охин, Б.А манай охин байгаа юм. Тэр хоёр Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан усны 1-6 тоотод өвөөгийнхөө гэрт эмээ Д.Ж хамт байж байгаад өндөг идмээр байна гээд байсан. Тэгсэн өвөө нь тэр хоёрыг Ч дэлгүүр дээр хүргэж өгчихөөд явсан юм байна лээ. Тэгээд тэр хоёр өндөгөө авчихаад буцаж явахдаа мотоциклд мөргүүлсэн гэсэн. Тухайн үед У над руу залгаад Б.А бид хоёрыг мотоциклтэй хүн дайрчихлаа хүрээд ирээч гэсэн. Тэр хоёр дэлгүүрээс гараад нээх удаагүй байсан. Тэгээд гараад очсон чинь манай дэлгүүрээс урдхан талд харагдаж байсан. Тэгээд би гүйж очоод цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. Намайг очиход ногоон өнгийн мотоциклтой хүн зогсож байсан. Хажууд нь 4 настай гэмээр хүүхэд байсан. Чи яаж байгаа юм гэсэн чинь каск өмсчихсөн байсан болохоор харсангүй гээд зогсож байсан. Тэгээд би А, У хоёрыг аваад эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь Е.У-н хөлний хавтсан яс нь цуураад цус хурсан байна гээд хурдан цусыг нь соруулж аваад гийбэс тавьсан. Манай охин А эмнэлэг үзээд одоогоор зүгээр байна гэхдээ сайн ажиглаарай гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

1.7.  Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай бэр дүү О над руу залгаж У А хоёр Чандмань дэлгүүрийн урд явж байгаад мотоциклд мөргүүлчихлээ, одоо эмнэлэг дээр үзүүлж байна гэсэн. Удалгүй О дахиж яриад У-н шагайны хавчаар яс нь цуураад цус хурчихсан байна, хурсан цусыг нь соруулж аваад гибс тавьлаа гэж хэлсэн. Ямар эмч эмчилгээ хийсэн талаар надад хэлээгүй. Тэгээд маргааш нь нөхөртэйгээ хамт Чойрт ирсэн чинь манай охин У-г тавхайнаас нь эхлээд өвдөгний дээшээ гуяны тал хүртэл гибс тавьсан байдалтай хөл гар нуруу нь хөхөрч шалбарсан байсан. Хөл нь өвдөөд өвчин намдаах эм ууж байгаа гээд байж байсан.

...2020 оны 04 дүгээр сарын 22-нд Улаанбаатар авч яваад гэмтлийн эмнэлэгт томографикт харуулж Чойрт гибстсэн гибсийг нь солиулаад үзүүлсэн. Тэрнээс хойш гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Энэ оны 05 дугаар сарын 22-н хавьцаа гибсээ авахуулсан. Эмч нь таяг тулаад зөөлөн явж байж болно гэсэн. Одоогоор бага зэрэг гэр дотроо явж байгаа. Явахаар хөл нь хавдаад байгаа. Эмчилгээнд хэдэн төгрөг гарсан эсэхийг мэдэхгүй байна. Эмчилгээ сувилгаанд нь зориулж цаг зав зөндөө алдсан, тэр болгоныг тооцоогүй байгаа.

...Г.М нь манай охиныг мөргөж гэмтээснээс хойш биеийг нь асууж сурч надтай холбоо бариагүй, хүний эрүүл мэнд цаг зав ажил төрөл алдагдуулчихаад чимээгүй байгаа болохоор нь гомдолтой байна. Цаашид манай хүүхэд хөл нь яахыг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

1.8. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний нэр дээр 6069 ДУЗ улсын дугаартай Даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл байгаа. Уг мотоциклоо 2017 онд аваад хөдөө малд явахдаа унаж байгаад 2019 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр байхаа улсын дугаараа гээсэн. Одоо болтол дугаараа олж аваагүй байгаа. Хаана хаясанаа санахгүй байна. Одоо миний мотоцикл асахгүй байгаа. Бичиг баримт нь бас олдохгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

1.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтэд:

- Б.А-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

1.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтэд:

1.Е.У-н биед зүүн хавчаар ясны хугарал, зүүн ташаанд зулгаралт, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

1.11. Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтэд:

1. Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдэгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг “тээврийн хэрэгслийн хурд” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2. Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангаас Г овогтой М /ЗН92121516/-г жолооч эсэхийг шалгаж үзэхэд В ангиллын  990084 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна.

3. Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.У гэжээ. /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

1.12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаартай дүгнэлтэд:

1. Г.М нь урьд өмнө нь 3-р ховдлын хавдар бөглөрөлтөд тархи унжилт эмгэгтэй байсан.

2. Г.М нь одоо 3-р ховдлын хавдар бөглөрөлт тархи унжилт эмгэгтэй байна. Г.М нь өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Г.М нь хэрэг үйлдэх үедээ 3-р ховдлын хавдар бөглөрөлтөд тархи унжилт эмгэгтэй байсан байна. Г.М нь өөрийнхөө хийж буй үйлдлийг ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

4. Г.М нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

5. Г.М эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Дүгнэлт гаргасан: Комиссын дарга О.Баатаржав, /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/ гишүүн Л.Баттулга, /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/ илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

1.13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

 

1.14. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

1.15. Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

1.16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирлын тооцоо /хх-ийн 89-93 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч Г.М-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Э нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Г.М нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэв.                   

          Иймд шүүгдэгч Г.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

1992 оны 12 дугаар сарын 15-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. Эхээс 7-лаа, айлын бага хүүхэд байгаа юм аа. 2009 оны Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 9-р анги төгссөн. 2009-2012 оны хооронд Говьсүмбэр аймгийн МСҮТ-д авто засварчнаар суралцаж төгссөн. 2019 оноос хойш Говьсүмбэр аймгийн 1-р сургуульд харуулаар ажилладаг. 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. 2016 оны 02 дугаар сарын 22-нд хүүтэй болсон. Манай нөхөр М нь 2001 онд тархины хагалгаанд ороод баруун нүд нь хараагүй болсон. Зүүн нүд нь бас муу хардаг. 2017 оны тархины хагалгаанд орж гуурс тавиулсан. Одоо бол тархины 3-р ховдолд хавдартай хагалгаанд орох боломжгүй, амьд гарах магадлал бага гэсэн. Ниа сахарын диапид гэх оношоор 80 хувийн группт байдаг. Хүнтэй харьцахдаа эв зүйгээр боловсон харьцдаг. Хүнд тусархуу өглөгч зантай, гэртээ байхдаа хэрэлдэж муудалцаж байсан удаа байхгүй тайван байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г.М-н аав ээжтэй Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд нэг нутагт амьдардаг байсан. Ээж нь өөд болсон. Аав нь амьд байдаг байхаа. Багаасаа ээж аавыгаа дагаад мал малладаг байсан.  Говьсүмбэр аймгийн МСҮТ-д цахилгаанчин мэргэжлээр сурч төгссөн. Г.М-той хамт ажиллаад 2 жил болж байна. Энэ хугацаанд бол архи дарс ууж асуудал үүсгэж байсан удаа байхгүй. Эхнэр О хүү Б нарын хамт амьдардаг. Г.М нь ер нь бие муутай хүүхэд байгаа юм аа. Түүний хүү Б бас явж чаддаггүй бие муутай юм байна лээ. Хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, ажилдаа сайн. Саяхан нэг мотоцикл хүнээс авсан гэж сонсож байсан. эрхийн үнэмлэхтэй эсэхийг мэдэхгүй. Мотоциклоо унаад явж байдаг байсан. Хүнтэй их эвтэй харьцдаг, тусархуу зантай. Амьдрал нь тийм сайн бишээ. Саяхан мотоциклтойгоо явж байгаад хүүхэд шүргэсэн гэж ярьж байсан. Санаатай тийм үйлдэл хийх хүүхэд биш ээ, хараа жаахан муутай байж магадгүй. Тэрнээсээ болоод хараагүй байх. Байнга эмнэлгээр явж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

2.3. Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М нь 1992 онд төрсөн. 7 хүүхэдтэй айлын бага хүү. Говьсүмбэр аймгийн Полетихник коллежид суралцаж цахилгаанчнаар төгссөн. Гэзэгт ЗБН ХХК-д ажиллаж байсан. Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд жижүүрээр ажиллаад 2 жил болж байна. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд эхнэр О, хүү Б нарын хамт амьдардаг. Эхнэр болох О нь Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуульд үйлчлэгч ажилтай. Хүү Б нь 4 настай, Сүмбэр сумын 6-р цэцэрлэгт суралцдаг. М нь зан аашны хувьд муухай харьцаад байдаггүй, тархины хагалгаанд орсноос хойш мартамхай болсон. Тусархуу, архи хэрэглээд байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

2.4. Говьсүмбэр аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

2.5. Шүүгдэгч Г.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Г.Э нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Г.Э-н гаргасан саналыг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Г.М нь насанд хүрээгүй хохирогч Е.У-д учирсан хохирлыг төлөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул өмгөөлөгч Г.Э-н гаргасан дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-н овогт Г-н М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Е.У-н хууль ёсны төлөөлөгч Н.Е нь 1 139 050 /нэг сая нэг зуун гучин есөн мянга тавь/ төгрөг нэхэмжилсэн боловч 258 000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөгний баримт давхардсаныг хэрэгсэхгүй болгож, 881 050 /найман зуун наян нэгэн мянга тавь/ төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М-с 881 050 /найман зуун наян нэгэн мянга тавь/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Е.У хууль ёсны төлөөлөгч Н.Е-д олгох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Н.У, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Е нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.М-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Г-н М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М-с 881 050 /найман зуун наян нэгэн мянга тавь/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Е.У-н хууль ёсны төлөөлөгч Н.Е-д олгосугай.

         

7. Насанд хүрээгүй хохирогч Н.У, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Е нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.М-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАНДАХ