Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 459

 

“М..” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0729 дүгээр магадлалтай, “М..” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг дарга /Тамгын газар/, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэрээр: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “М..” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгүүд болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож,

2.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3-д тус тус заасныг баримтлан “Хамгийн сайн” гэж үнэлэгдэж, гэрээ байгуулах эрх олгогдсон “М..” ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0729 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.Эрдэнэсувд би “М..” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Засаг дарга түүний тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0729 дүгээр магадлалыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. “Одкон эрчим” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй учир эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй, түүнийг оролцуулснаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийг 22.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь:

Магадлалын хянавал хэсэгт: ”... “Одкон эрчим” ХХК нь сонгон шалгаруулалтын мэдэгдлийг авсан, аваагүй эсэхээс үл хамаарч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэх үндэслэлээр гуравдагч этгээдээр татахгүй байх боломжгүй, шүүхийн шийдвэрийн улмаас “Одкон эрчим” ХХК-ийн эрх зөрчигдөхгүй гэж үзэхээргүй байна... оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, улмаар энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болох нь доорх үндэслэлээр тогтоогдоно.

“Одкон эрчим” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 22 дугаар зүйлийн 22.1-т заасан буюу тухайн захиргааны хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн этгээд биш юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох гуравдагч этгээд нь дараах гурван шаардлагыг хангах ёстой. Үүнд:

1. Тухайн захиргааны хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хуулийн этгээд байх,

2. Бие даасан шаардлагатай байх,

3. Шүүх тухайн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар захирамж гаргасан байх.

Дээрх шаардлагыг хангахгүй бол оролцуулахгүй, бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй.

“Одкон эрчим” ХХК-д тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны актыг гаргаагүй тул энэ хэргийг шийдвэрлэхэд түүний эрх хөндөгдөхгүй.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.8, 12.4, 29.1-д зааснаар “гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг хэлэх ба Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болох бөгөөд шаардлагыг хангахгүй тохиолдолд үнэлгээний хорооны зөвлөмжийг буцаадаг. Харин шаардлага хангаж   байгаа бол хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчид гэрээ байгуулахаар шийдвэрлэж мэдэгдэл хүргүүлснээр тухайн этгээд гэрээ байгуулах эрх үүссэн буюу эрх зүйн үр дагаврыг бий болгосон гэж үзнэ.

Захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчээс 2017.06.29-ний өдөр гаргасан. Д.Оюумаа шүүгч ээлжийн амралтаа эдлэх болсон тул 2017.07.03-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг Г.Мөнхтулга шүүгчид шилжсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хэргийн бүх оролцогчдод 2017.07.06-ны өдөр мэдэгдэж, 2017.07.18-ны өдөр эхний урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгаланг оролцуулах шаардлагатай гэж 10 хоногоор хойшилсон. Тухайн урьдчилсан хэлэлцүүлэг дээр НХААГ-ын төлөөлөгч М.Ганзориг “... үнэлгээ тавьсан хорооны дүгнэлт хараахан гараагүй байгаа” гэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй оролцогчийг байлцуулах шаардлагагүй, тендерийн маргааныг түргэн шийдвэрлэж, актын биелэлтийг түдгэлзүүлэлгүй, шинэ тендерээр зарлагдсан этгээдэд гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд оролцох болж хэрэг улам төвөгтэй болох талаар хэлж байсан. Гэвч шүүгчээс үүнийг анхааралгүй 2017.07.28-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг товлон хойшлуулж мөн өдрийн хэлэлцүүлэг дээр НХААГ-ын төлөөлөгчөөс шинээр зарлагдсан тендер сонгон шалгаруулалтаар ямар нэгэн хуулийн этгээдийн шалгаруулсан талаар хэлээгүй учир шүүхээс шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмуудыг хангах үүднээс гэж захирамждаа дүгнэлт хийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Гэтэл шүүхэд 2017.08.02-ноос хойш ирүүлсэн 2017.07.24-ний өдрийн огноотой Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжөөр “Одкон эрчим” ХХК-ийг шалгаруулахаар болж, гэрээ байгуулахыг НХОГ-т зөвлөсөн. Гэхдээ зөвлөмж хүргүүлсэн болгонд автоматаар тухайн зөвлөмж дэх этгээдтэй гэрээ байгуулна гэсэн үг биш, зарим тохиолдолд зөвлөмжийг буцаадаг ба захиалагч НХОГ-аас албан ёсоор тухайн этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлээгүй нь НХААГ-ын төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог тул захиргааны байгууллагаас ямар нэгэн эрх олгоогүй этгээдийн эрх энэ хэргийг шийдвэрлэхэд зөрчигдөхгүй юм. Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны зөвлөмж нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Мөн хуулийн 54.5-т зааснаар тухайн тендертэй холбоотой гомдол байгаа бол гэрээ байгуулах эрхийг олгохгүй байхаар зохицуулснаас үзэхэд шүүхэд хэрэг маргаан хянагдаж байгаа тохиолдолд ч гэрээ байгуулах эрхийг олгохгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс дээрх байдлаар дүгнэхдээ гуравдагч этгээдээр татан оролцуулснаар шүүхийн шийдвэр гарахад хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийгээгүй байдаг. Бодит байдал дээр эрх нь зөрчигдөхгүй этгээдийг татан оролцуулснаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй. Учир нь “М..” ХХК гэх нэгэнт өмнөх тендерээр шалгарсан хуулийн этгээд байхад дахин шинээр тендер зарлах үндэслэл байгаагүй тул шинээр зарлагдсан тендер сонгон шалгаруулалт нь хүчингүй болох тул нэг ажилд хоёр гүйцэтгэгчийг шалгаруулж, зэрэг гэрээ байгуулах боломжгүй.

Иймээс “М..” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас татгалзан буцааж, эс үйлдэхгүй гаргасан хариуцагчийн үйлдэл, актууд нь хууль бус, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй, гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй, оролцууллаа гэхэд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд өөрчлөлт орохгүй учир давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан бичгүүд нь захиргааны акт мөн болох тухайд:

Магадлалын хянавал хэсэгт: “...нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017.02.15-ны өдрийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий “Гэрээ буцаах тухай” 06/630 дугаар албан бичиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017.05.16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/776 дугаар албан бичгүүдийг тус тус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэх, эдгээр албан бичгийг хүчингүй болгосноор түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх эсэхийг анхаарах нь зүйтэй” гэжээ.

Дээрх албан бичгүүд нь захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх талаар тус бүрд нь дор тайлбарлая.

2.1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017.02.15-ны өдрийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий “Гэрээ буцаах тухай” 06/630 дугаар албан бичиг захиргааны акт мөн болох нь:

НХОГ-аас гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон мэдэгдэл ирүүлсэн, гэрээ байгуулаагүй шалтгаанаа дээрх албан бичгийг үндэслэсэн /НХОГ-аас гэрээнд гарын үсэг зурж санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэхэд холбогдох захирамжуудыг зөрчиж үнэлгээний хороо байгуулсан тул гэрээнд гарын үсэг зуралгүй буцаасан гэх/ гэж тайлбарладаг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний Санхүү, төрийн сангийн хэлтэс нь 5.1.1-д заасан Засаг даргын ажлын алба түүний нэгж буюу захиргааны байгууллага тул тухайн албан бичгээр “М..” ХХК-тай гэрээ байгуулахгүй байх үр дагаврыг бий болгосон захиргааны байгууллагын татгалзсан хүсэл зоригийг илэрхийлсэн бичгэн шийдвэр байна.

Энэхүү албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “М..” ХХК-ийн тендерт оролцож хамгийн сайн тендерээр үнэлэгдсэний дагуу олж авсан “гэрээ байгуулах эрх”, цаашлаад холбогдох ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсийг олж авах эрх сэргээх боломжтой болно.

2.2. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017.05.16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/776 дугаар албан бичиг захиргааны акт мөн болох нь:

НХОГ нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017.02.15-ны өдрийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий “Гэрээ буцаах тухай” 06/630 дугаар албан бичгийг дэмжиж, дээрх албан бичгээрээ өмнөх гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүчингүй болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн байдаг. Уул нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан үндэслэлээр л захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгохоор хуульчилсан.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан байгууллага болох НХОГ-ын тухайн албан бичиг нь хуульд заагаагүй үндэслэлээр зөвхөн “М..” ХХК-д хандан түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон эрх зүйн үр дагаврыг бий болгосон нөгөөтэйгүүр гэрээ байгуулахаас татгалзсан бичгэн хэлбэрээр гарсан захирамжилсан шийдвэр байна.

Энэхүү албан бичгийг хүчингүй болгосноор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017.01.11-ний өдрийн 2/70-1 тоот албан бичгээр нэхэмжлэгчид олгосон гэрээ байгуулах эрх сэргэх юм.

Дээрх хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа тухайн хоёр албан бичгийг хүчингүй болгоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн “гэрээ байгуулах эрх” сэргэхгүй цаашлаад тухайн албан бичгүүдээс үүдэн гэрээ байгуулахыг даалгах, шинээр зарлагдсан тендерийг хүчингүй болгох боломжгүй болно.

Нэгэнт сонгон шалгаруулалтаар шалгарч хамгийн сайн гэж үнэлэгдсэн компани байгаа, эх үүсвэр, санхүүжилт нь шийдэгдсэн ажилд гэрээ байгуулалгүй, дахин сонгон шалгаруулалт зарласан нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 6.1, 29.2, 29.3, 47.2.2-т заасныг зөрчиж байгаа төдийгүй тухайн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр гаргаж, мэдэгдлийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг хийж, тайлбар аваагүй, оролцоог хангаагүй байдаг.

3. Тендерийн маргааныг хурдан шийдвэрлэлгүй үндэслэлгүйгээр анхан шатанд буцааж байгаа нь гэрээ байгуулах эрх авсан манай компани тухайн ажилд зориулж гаргасан зардлаар хохирч, цахилгаан хангамж шаардлагатай байгаа   иргэдийн эрхийг дам зөрчиж, төсвийн хөрөнгө буцаан татагдахад хүргэж санхүүжилтгүй болгох тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т зааснаар тусгай журмаар шийдвэрлэх буюу шүүх тухайн маргааныг түргэн шуурхай шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл шийдвэрийн хууль зүйн үндэслэлд өөрчлөлт орохгүй хэрэгт давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр ийнхүү буцааж байгаа нь Баянгол дүүргийн иргэд, оршин суугчдад нэн шаардлагатай цахилгаан хангамжийн барилгын ажил болох “нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ыг удаашруулж, дам байдлаар иргэдийн эрхийг хөндөж байна.

Энэхүү ажлыг намрын сэрүү орсон цагт хугацаа алдалгүй эхлүүлэхгүй бол өвлийн улирал ирж, хүйтрэхэд барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болж, цаг хугацаа хийгээд эдийн засгийн хувьд хохирол хүлээх эрсдэлтэй ба хэрэг маргаан он дамжин үргэлжилбэл тухайн ажилд зориулан нийслэлийн 2017 оны төсөвт тусгагдсан хөрөнгө буцаан татагдаж, санхүүжилтгүй болох эрсдэлтэй.

Мөн “М..” ХХК нь “нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын НГХДБГ-02/2016 дугаартай ажил”-ыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг авсны дагуу 130,160,345 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргахтай холбогдон гарсан зээлийн хүүд 22,500,000 төгрөг, алдагдсан боломжийн өртөг 3,212,827 төгрөг, тендерийн бэлтгэл ажилд 8,000,000 төгрөгийн зардал гаргасан. Тухайн ажилд зориулан 600,000,000 төгрөгийн үнэтэй 1800м кабель утсыг бараа худалдан авах гэрээгээр авахаар захиалж, урьдчилгаанд 60,000,000 төгрөгийг төлсен ба гэрээ цуцалсан тохиолдолд 30,000,000 төгрөгийн торгууль төлөх ёстой. Дээрх тендерт оролцож шалгарсантай холбоотойгоор өөр томоохон тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй болно.

4. НХОГ-ыг төлөөлөн давж заалдах гомдол гаргасан Д.Батхуягт давж заалдах гомдол гаргах эрх байхгүй байхад гомдлыг буцаалгүй хүлээн авч шийдвэрлэсэн болох нь:

Дээрх хэрэг маргааны нөхцөл байдал, шүүхийн шийдвэрийг ойлгож хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хариуцагчид болох НХААГ, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газраас шүүхийн шийдвэрт давж заапдах гомдол гаргаагүй гэж үзэж байна. Харин НХОГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягаас анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан байдаг.

Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2017.06.20-ны өдрийн 6/1062 дугаар итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-д заасан давж заалдах гомдол гаргах эрхийг тусгайлан заагаагүй тул Д.Батхуяг нь НХОГ-ын нэрийн өмнөөс давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Тухайн асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй ба гомдол гаргах эрхгүй этгээдийн давж заалдах гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д заасны дагуу буцаалгүй, гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээрээ тус хуулийг зөрчсөн.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 729 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер зарласан, уг тендерт оролцохоор нэр бүхий 8 компани тендер ирүүлснээс “Одкон-Эрчим” ХХК-иас 2,228,029,966 төгрөг буюу хамгийн бага үнийн санал ирүүлж, “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгарсан, уг тендерт нэхэмжлэгч “М..” ХХК нь мөн оролцож, 2,492,416,900 төгрөгийн үнийн санал гаргасан байна.

            Нэхэмжлэгч “М..” ХХК-иас дээр дурдсан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан шийдвэрлэхдээ уг тендерт ялсан “Одкон-Эрчим” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... үндсэн нэхэмжлэлийн шаардлага .../-ын/ улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа ... этгээдийг ... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэсэнтэй нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан “... “Одкон эрчим” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй учир эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй... /байхад/ давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгч “М..” ХХК нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зарласан маргаан бүхий тендерт өөрөө оролцсон атлаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “...”М..” ХХК нь нэгэнт өмнөх тендерээр шалгарсан .../тул/ дахин шинээр тендер зарлах үндэслэлгүй, ...  шинээр зарлагдсан тендер сонгон шалгаруулалт нь хүчингүй болох /ёстой/” гэж маргасан үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй, “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ буцаах тухай” 06/630,  нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын  2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/776 дугаар албан бичгүүд нь захиргааны акт мөн эсэх талаар зохих дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүх мөн зөв дүгнэлт хийжээ.   

            Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (ОНӨААТҮГ)-ын дарга Ц.Ариунбаяр нь “итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн мэргэжилтэн Д.Батхуягийг уг захиргааны хэрэгт оролцуулах”-аар итгэмжилсэн, 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 6/1062 дугаар албан бичигт итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг нь “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд заасан эрх үүрэгтэй оролцох”-оор заасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “... хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ... хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх /эдэлнэ/”,  20 дугаар зүйлийн 20.1.6-д “…/хэргийн оролцогч нь/ шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан, хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (ОНӨААТҮГ)-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг давж заалдах журмаар гомдол гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... итгэмжлэлд ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-д заасан давж заалдах гомдол гаргах эрхийг тусгайлан заагаагүй тул Д.Батхуяг нь ... давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна, ... гомдол гаргах эрхгүй этгээдийн давж заалдах гомдлыг ... хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д заасны дагуу буцаалгүй, гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээрээ тус хуулийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

            Эдгээр үндэслэлээр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0729 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М..” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА