Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0226

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “ОЭ” ХХК-ийн өмгөөлөгч Ж.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.2, 54 дүгээр зүйлийн 54.7, 55 дугаар зүйлийн 55.1-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: “        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримт, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх дараах үндэслэлүүдээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 2/776 дугаар албан бичиг нь хууль бус захиргааны акт болох нь:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актын үндсэн шинжийг заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан үндэслэлээр л захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгохоор хуульчилсан байхад хуульд заагаагүй үндэслэлээр гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь үндэслэлгүйгээр үнэлгээний хорооны шийдвэрийг өөрчлөхийг хориглосон байдаг.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан байгууллага болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тухайн албан бичиг нь хуульд заагаагүй үндэслэлээр, хориглосон заалтыг зөрчиж, зөвхөн "М" ХХК-д хандан түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон эрх зүйн үр дагаврыг бий болгосон, нөгөөтэйгүүр гэрээ байгуулахаас татгалзсан бичгэн хэлбэрээр гарсан захирамжилсан шийдвэр байтал анхан шатны шүүх "...уламжилсан, мэдээллийн шинжтэй... үр дагавар үүсгэхгүй " гэж буруу дүгнэсэн байна.

Энэхүү албан бичгийг хүчингүй болгосноор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/70-1 тоот албан бичгээр нэхэмжлэгчид олгосон гэрээ байгуулах эрх сэргэх юм.

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий "Гэрээ буцаах тухай" 06/630 тоот албан бичиг нь хууль бус захиргааны акт болох нь:

Тус албан бичгийг анхан шатны шүүх эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт болох талаар зөв дүгнэлт хийсэн хирнээ түүний хууль бус болох нөхцөл байдалд доорх байдлаар хуулийг буруу тайлбарлаж, хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу, дутуу үнэлж шийдвэрээ гаргасан.

Учир нь анх тухайн "Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр "А" хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай" нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/221 дугаар захирамжийн дагуу Санхүү, төрийн сангийн хэлтэс зөвхөн гүйцэтгэлээр санхүүжүүлэх ёстой ба захиалагч биш байтал гэрээг баталгаажуулахаас татгалзаж буцааж, улмаар гэрээ байгуулагдахгүй байх үр дагавар хүргэсэн нь түүнд ямар нэг хууль, хэм хэмжээний акт, эрх зүйн актаар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хууль бус захиргааны актыг гаргасан юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 54 дүгээр зүйлийн 54.7, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтыг хэрэглэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Тодруулбал, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/70-1 тоот бичигт заасан 2017 оны 02 сарын 22-ны өдрөөс өмнө "М" ХХК нь шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг хүргүүлж, өөрийн зүгээс гэрээ байгуулахуйц бүхий л үйлдлийг хийж, гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь гэрээнд гарын үсэг зураад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс рүү хүргүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримт, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог. Энэ нь гэрээний талууд болох "М" ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хоёрын хооронд гэрээ тухайн үед байгуулагдсан гэдэг нь харагддаг ба түүний дараагаар 2017 оны 02 дугаар сарын 15-нд Санхүү, төрийн сангийн хэлтэс гэрээг баталгаажуулахаас татгалзаж буцаасан үйлдлийг хийснээрээ тус актын үндсэн дээр манай эрхийг зөрчсөн.

Мөн зөрчсөн үйлдлийг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2/776 тоот албан бичгээрээ дэмжиж өмнөх гэрээ байгуулах мэдэгдлээ хүчингүй болгосон нь мөн манай компанийн эрхэд халдсан шийдвэрийг гаргасан дараагийн үйл явдлыг ялгаж салгалгүй 2017 оны 02 дугаар сарын 22-ноос хойш гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйд гомдол гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруу мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн дээрх 2 албан бичгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Санхүү, төрийн сангийн хэлтэс албан ёсоор Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлбэрээр мэдэгдээгүй ба ийнхүү мэдэгдсэн гэдгээ мөн зүйлийн 43.8-д заасны дагуу захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй. Санхүү, төрийн сангийн хэлтсийн албан бичгийг захиргааны хэрэг үүссэний дараа л нэхэмжлэгч мэдсэн байхад шүүхээс яг хэзээ тухайн актуудыг мэдсэн гэж үзэж, “хуульд заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад хандаагүйг зөвтгөх боломжгүй” гэж дүгнэсэн нь өөрөө ойлгомжгүй байна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар захиргааны актыг мэдэгдсэнээс хойш тоологддог.

Үүнээс дүгнэвэл дээрх захиргааны актуудад гомдол гаргах буюу нэг талаас Санхүү, төрийн сангийн хэлтсийн гэрээг баталгаажуулахаас татгалзаж буцаасан шийдвэр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон шийдвэрүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасантай хамаарахгүй, Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд гарсан захиргааны акт учир мөн хуулийн 55.1 дэх заалт манай тохиолдолд хамаарахгүй юм.

"М" ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гомдол, мөн нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хариу ирүүлээгүй, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05/2478 тоот "Хариу өгөх тухай" албан бичгээр шинэ тендерт оролцох талаар хариу ирүүлсэн билээ.

3. Санхүүжилт шийдвэрлэгдсэн байсан тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар "Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" захирамжийн үйлчлэл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дүгээр "Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тогтоол батлагдсанаар дуусаж, Гэр хорооллын дэд бүтцийн газраас санхүүжилт тодорхой болж шийдэгдсэний дараа 2016 оны 11 сард сонгон шалгаруулалтыг зарласан байхад үндэслэлгүйгээр төрийн захиргааны байгууллагууд нь гэрээ байгуулахаас татгалзаж, олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон.

4. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай "Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил"-ын тендер шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагаа нь илт эрх зүйн зөрчилтэй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангаагүй болох нь:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/221 дугаар захирамж, түүний дагуу Гэр хорооллын дэд бүтцийн газраас зарласан сонгон шалгаруулалт, тендерт ялсан "М" ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх хүчинтэй хэвээр, сонгон шалгарсан этгээд нь бэлэн байхад нийслэлийн Засаг даргаас тухайн ажлыг дахин зохион байгуулахаар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамж гарч, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалтыг зарлаж, шинэ тендерийн үйл ажиллагаа аль хэдий нь эхэлсний дараагаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2/776 тоот албан бичиг гарсан нь дээрх сонгон шалгаруулалт илт эрх зүйн зөрчилтэй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангаагүй болохыг харуулж байна. Сүүлийн тендерт "М" ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хэргийн үйл баримт, нотлох баримтын хувьд тодруулах зүйлсийг бүрэн тодруулаагүй тухайд:

Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 тоот "Гэрээ буцаах тухай" албан бичигт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2017 оны 1/208, 1/180 тоот албан бичгүүдээр гэрээ баталгаажуулахаар ирүүлсэн ба түүнд нь мөн хэлтсийн 2017 оны 06/539 тоот албан бичгээр гэрээнүүдийг баталгаажуулахаас татгалзаж буцаасан талаар дурдсан байдаг. Гэтэл уг нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирлын гарын үсэг зурсан гэрээг яг хүргүүлсэн болон буцаасан албан бичиг аль болох нь тодорхойгүй байна.

Мөн Тендерийн хүчинтэй байх хугацааг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас сунгасан эсэх талаар баримтыг хариуцагч нараас тодруулаагүй хирнээ гэрээ байгуулах хугацаа хэзээ хэний буруугаас болж дуусгавар болж байгааг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй хэвээр байгаа болно.

Сүүлд анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах буюу нийслэлийн 2016 оны төсөв өөрчлөлт оруулахад маргаан бүхий тендерийн ажлын хувьд задаргаа тооцоолол нь хаанаас ямар бичиг баримтын үндсэн дээр бий болсныг тогтоохоор баримт шаардахад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий нягтлан бодогч Ц.А, мэргэжилтэн Д.П нарын гарын үсэг, санхүүгийн тэмдэг бүхий санхүүжилтийн задаргааг ирүүлсэн дүн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дугаар "Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтын 11-д 2,958.2 мянган төгрөг гэдэгтэй яг таарч байхад яагаад 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн огноотой байгаа зөрүүг гаргалгүй, баримтыг буруу үнэлсэн.

Мөн нэхэмжлэгчээс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хамтран хариуцагч татах тухай шаардлагад нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагчийг нийслэлийн Засаг дарга гэж тодорхойлж татсан байдаг.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул, дараахь үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

1. Анх нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/221 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар /Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар/-т, санхүүжилтийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т тус тус даалгажээ.

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн тодотгол батлагдах хүртэл хугацаанд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар сонгон шалгаруулалт зарлагдаагүй, гэрээ байгуулаагүй, худалдан авалт эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоохыг Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст үүрэг болгожээ.

Үүний дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дүгээр тогтоолоор нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтын 11-д Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын 2016 онд санхүүжих дүнг 2,958,200,000 төгрөгөөр тогтоосон байна.

Ийнхүү 2016 оны нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт орж, төсвийн тодотгол хийгдсэний дараа Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/36 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий тендерийн үнэлгээний хороог байгуулж, “М” ХХК-ийг уг тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 221 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсний дагуу тус газраас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/70-1 дүгээр албан бичгээр “М” ХХК-д шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг ирүүлж, гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгджээ. Уг мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгч компаниас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт дээрх албан бичигт дурдсан хугацаанд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгаа болон гэрээг байгуулан хүргүүлснийг хүлээн авснаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд уг тендерт шалгарч, гэрээ байгуулагдсан гэсэн итгэл, үнэмшлийг төрүүлсэн байна.

Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “холбогдох захирамжуудыг зөрчин үнэлгээний хороо байгуулсан” гэсэн үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгосон 2/70-1 дүгээр албан бичиг хүчингүй болсныг мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүйн дээр “гэрээ байгуулаагүй үндэслэлийг хариуцагчаас тодруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацаанд холбогдох төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд ...бичгээр мэдэгдэнэ”, 29.3-т “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заажээ.

Дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй, захиалагч гэрээг хүчингүйд тооцсон, цуцалсан аливаа шийдвэр гаргаагүй байхад “холбогдох захирамжуудыг зөрчин үнэлгээний хороо байгуулсан” гэх үндэслэлээр төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээс татгалзаж, гэрээг баталгаажуулах боломжгүй талаар мэдэгдсэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичиг нь хууль бус бөгөөд тендерт шалгарсан нэхэмжлэгчийн гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосныг мэдэгдсэн сөрөг үйлчлэлтэй захиргааны актын шинжийг агуулж байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар захиалагчийг төлөөлөн эрх, үүргийг хэрэгжүүлж буй этгээд үндэслэлгүйгээр үнэлгээний хорооны тендерийг хянан үзэж, үнэлсэн, үнэлгээний дүгнэлт гаргасан, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг өөрчлөхийг хориглосон байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн гэрээг баталгаажуулаагүй буцаан хүргүүлсэн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “М” ХХК-ийн гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.

Түүнчлэн дээрх маргаан бүхий 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичиг гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд “М” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

2. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр гаргах тохиолдолд үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлах бөгөөд уг актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргийг түүнийг гаргасан захиргааны байгууллага хүлээхээр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зохицуулжээ.

 Гэтэл анхан шатны шүүх “захиалагч хуульд заасан шийдвэр гаргаагүй тухай гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлсан хуулиар зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, урьдчилан мэдэгдэх ажиллагаа хийгдэхгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дүгээр тогтоолоор нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн оны төсөвт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг 2,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгаж, мөн тогтоолын 14 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс хойшлогдож буй төсөл, арга хэмжээг нийслэлийн 2017 оны төсөвт тусгаж, батлуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгажээ.

Улмаар нийслэлийн 2017 оны төсвийг баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/11 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 7 дахь хэсэгт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг 2017 онд санхүүжих дүнг 11.4 тэрбум төгрөг” гэж тусгаснаас үзвэл эхний тендерийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх эрх үүсвэрийг баталсан гэж үзэхээр байна.

 Ийнхүү “М” ХХК-ийн шалгарсан НГХБДГ-02/2016 дугаар тендер шалгаруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг 2017 оны нийслэлийн төсөвт шилжүүлэн баталсан байхад нийслэлийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамж, түүний гуравдугаар хавсралт “Нийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 3-т маргаан бүхий Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр ”А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг 1,973,775,926 төгрөгөөр санхүүжүүлэхээр баталж, улмаар 2017 онд дахин тендер шалгаруулалт явуулснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаа үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг ноцтой зөрчжээ.

Гэтэл анхан шатны шүүх “захиалагч нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсээс ...гэрээ байгуулахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн зарим шаардлага болох “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичиг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичиг нь дотогш чиглэсэн буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т хандан хөрөнгийн эх үүсвэргүй гэрээг хүлээн зөвшөөрч баталгаажуулах боломжгүй талаар мэдэгдсэн агуулгатай, өөрөөр хэлбэл, уг мэдэгдэл нь захиргааны актад тавигдах үндсэн шинж болох тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш чиглэсэн, захирамжилсан болон эрх зүйн үр дагавар үүсгэх шинжийг агуулаагүй тул тус мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичиг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичиг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т даалгасугай гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан  бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 17550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

                          ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН