Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2018/0110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Я” ХХК нарын нэр бүхий 10 компани

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох” тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, иргэдийн төлөөлөгч П.Т, шүүх хуралдааны нарийн бичгээр бичгийн даргаар Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Я” ХХК болон нэр бүхий 10 компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ:

“....Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэж 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргасан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол гарсныг нэхэмжлэгч 10 компанид огт мэдэгдээгүй. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журамд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Бид Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж гарч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг дам сургаар 2017 оны  09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд олж мэдэхдээ 50 дугаар тогтоол гарсан болохыг мэдсэн. Тус 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид уг 50 дугаар тогтоолыг гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалуудыг тус тус үндэслэсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.3.3-д шийдвэрийн төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ, 2.3.3 дахь заалтын  в/-д шийдвэр гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөж болохуйц бүлгийг тодорхойлох, г/-д хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авилга гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх, 2.3.6-д Шийдвэрийн төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж болно, 2.3.8-д шийдвэрийн төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт тухайн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр заавал хянуулна гэж заасныг зөрчиж 50 дугаар тогтоолыг шууд гаргасан.

Дээрх 50 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.3.9-д эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ, 2.5.2-д шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй тул 50 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй юм.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга хүчин төгөлдөр болоогүй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэврүүлэгчдийн 50 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргаж нэхэмжлэгч нэр бүхий 10 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож үйл ажиллагааг нь шууд зогсоож эрх ашгийг нь хөндөөд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг эрх бүхий этгээдээс гаргасан эсэх, шийдвэр гаргах ажиллагаа хэрхэн хийгдсэн, шийдвэр гаргах төслийг хэлэлцүүлэх, санал авах яаж хийгдсэн талаар тайлбар өгье.

Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.6.1-д "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр" гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг хэлнэ гэж заасан. Хуулиар тусгайлан эрх олгогдсон гэдэгт үндэслэсэн хуулийн заалт болох Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байна. Тэгэхээр уг асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хуулиар эрх олгогдоогүй байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байна.

Мөн 50 дугаар тогтоолд үндэслэл болгосон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4/-д хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох эрхтэй гэж заасан. Дээрх үндэслэл болгосон 3 хуулийн заалтууд нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй байхад уг тогтоолыг гаргасан байна.

Шүүхээс Нийслэлийн Засаг даргаас Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар судалгаа шинжилгээ, санал гаргасан талаар тайлбар ирүүлээч гэхэд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичгээр “...50 дугаар тогтоолтой холбоотой судалгааг тендерээр хийлгэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авах нь зүйтэй гэжээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 18.3-д хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Хуульд заасан бусад эрх гэдэг нь дээр дурдсан 3 хуульд заасан эрхийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд 50 дугаар тогтоолыг гаргах ёстой байжээ. Дээрх хуулийн 20 дугаар зүйлд  Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд дээрх 3 хуульд заасан эрхтэй холбоотойгоор тогтоол батлах эрх олгогдоогүй харагдаж байна.

Төслийг бэлтгэх ажиллагааг акт гаргах эрх бүхий этгээд зохион байгуулна. Төслийг бэлтгэхдээ нөлөөллийн шинжилгээг заавал хийнэ гэж Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.2, 2.3.4 дэх заалтуудад заасан байгаа. Нөлөөллийн шинжилгээг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 99 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын дагуу хийх ёстой.

Актыг гаргах эрх бүхий этгээд гэдгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж ойлгож байна. Дээрх эрх хэмжээгүй этгээдүүд нь нөлөөллийн шинжилгээ гэдгийг хийлгүйгээр 50 дугаар тогтоолыг гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр ажлын хэсгийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, судалгаа, бусад байгууллагаас санал авсан эсэх, нөлөөллийн шинжилгээг хийсэн эсэх, хэлэлцүүлэг зохион байгуулсан эсэхийг тодруулахаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт албан бичгийг хүргүүлсэн. Үүний хариуд хуулийн хүрээнд эрх олгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хийх ажил байна. Тиймээс тус байгууллагаас тодруул гэсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас нөлөөллийн шинжилгээг хийсэн эсэх, хэлэлцүүлэг зохион байгуулсан эсэхийг тодруулахад ямар нэгэн хийгдсэн ажил байхгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.

Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.5. Шийдвэрийн төслийг байгууллагын цахим хуудаст 30-аас доошгүй хоног байрлуулж, санал авна, 2.3.6-д шийдвэрийн төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж болно гэж заасан. Гэтэл цахим хуудаст байршуулсан, олон нийтийн санаа бодлыг тусгасан зүйл огт байхгүй байгаа. Мөн тус журмын 2.3.8-д Шийдвэрийн төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт тухайн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр заавал хянуулна гэж заасан.

Дараагийн асуудал маань бүртгэх асуудал байгаа. Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.10-д хянуулж, бүртгүүлэх ажлыг эрх бүхий этгээдийн хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтэн эрхлэн гүйцэтгэнэ, 2.5.1-д хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ гэж заасан. Гэтэл  Хууль зүй дотоод хэргийн яамнаас албан бичгээр 50 дугаар тогтоолыг захиргааны хэм, хэмжээний актын бүртгэлд бүртгэлгүй байна гэж мэдэгдсэн. Захиргааны байгууллага акт гаргаж байгаа бол Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлнэ. Хэрэв бүртгэх шаардлагагүй захиргааны хэм, хэмжээний акт биш гэж үзвэл албан бичгээр хариу өгдөг зохицуулалттай. Гэтэл өөрсдөө хэм, хэмжээний акт биш гэж үзээд эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлээгүй байна.

Усны тухай хуулийн  11.1.4-д энэ хуулийн  22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоол гаргасан гэдэг. Гэтэл Байгаль орчны яамнаас 2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дүгнэлтээ хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 50 дугаар тогтоолыг гарснаас хойш 1 жилийн дараа дүгнэлтийг хүргүүлсэн байна. Мөн хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтт байдаггүй.

Иймд дээрх хууль, журмыг зөрчсөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...“Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг тогтвортой барих, хуримтлуулах, ундны усны ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглахаар тогтоосон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглох хязгаарлалтын бүс, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг нийтийн эрх ашгийн төлөө  50 дугаар тогтоолоор батлан гаргасан.

Тус тогтоолыг Усны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалыг үндэслэн баталсан.

Нэхэмжлэгч талаас ямар нэгэн судалгаа, шинжилгээний ажил хийлгүйгээр 50 дугаар тогтоолыг гаргасан мэтээр ярьж байна. Эрдэмтдийн судалгаагаар 2030 онд гэхэд усгүй болох аюул нүүрлээд байгаа талаарх судалгааг гаргасан. Байгаль орчны яамны дүгнэлт, судалгаа хийгдсэн байгаа.

Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журамд зааснаар бүртгүүлэх ёстой гэж тайлбарлаж байна. Уг журамд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг эрх бүхий этгээд гэж тусгайлан заагаагүй байдаг. Ийм учраас тогтоолуудыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж байгаагүй. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан бүрэн эрхийн асуудал.

Шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Маргаан бүхий тогтоол нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөхөөс өмнө батлагдсан. Иймд хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 5 дугаар зүйлд хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Захиргааны ерөнхий хууль буцаан хэрэглэх талаар зааж өгөөгүй. Иймд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ажлын албатай байж болно. Ажлын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй болохоос биш Засаг даргаас өргөн баригдсан асуудалд судалгаа, шинжилгээ хийхгүй. Тийм чиг үүрэг ажлын албанд байдаггүй.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд эрх олгогдоогүй байхад тогтоолыг батлан гаргасан гэж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ, 9.1.1.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 9.1.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 9.1.3.баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал гэж заасан учраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийн хүрээнд тогтоол, шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я ХХК, Э ХХК, Г ХХК, Ц ХХК, Д ХХК, О ХХК, С ХХК, Э ХХК, С ХХК, Г ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шүүхэд хандаж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд мэдэгдээгүй, тэдний саналыг сонсоогүй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан...” гэж тодорхойлон маргаж байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар тушаалыг үндэслэн  Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургийг 1 дүгээр хавсралтаар, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн зургийг 3 дугаар хавсралтаар, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар, Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг 5 дугаар хавсралтаар, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 6 дугаар хавсралтаар, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг 7 дугаар хавсралтаар, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 8 дугаар хавсралтаар, Газрын доорхи усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зургийг 9 дүгээр хавсралтаар, эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 10 дугаар хавсралтаар тус тус тогтоож, Улаанбаатар хотын Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүс, Усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүс, тэжээгдлийн мужид хориглох үйл ажиллагааг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бд даалгажээ.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг баталжээ.

Аймаг, нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн  22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох”, түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д зааснаар “хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох” бүрэн эрхтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн   20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын тэргүүлэгчид энэ хуулийн...18.1.2.”з”-д заасан “нутаг дэвтгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах” Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоор зааснаас үзвэл хариуцагчийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүйн дээр түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байх ба уг тогтоолыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудын санал, зөвлөмж, дүгнэлтүүдийг  үндэслэн гаргасан нь нийтийн ашиг сонирхолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Нэхэмжлэгч нар уг актыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаж байх боловч Захиргааны Ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр батлагдан гарсан захиргааны хэм хэмжээний актад энэ хуулийн үйлчлэл хамаарахгүй тул маргаан бүхий хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч компаниуд нь Туул гол, Бөхөг голын усны энгийн, онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан, тэдгээр компаниудын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын бүсэд багтсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я ХХК, Э ХХК, Г ХХК, Ц ХХК, Д ХХК, О ХХК, С ХХК, Э ХХК, С ХХК, Г ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН

      ШҮҮГЧИД                                  Д.ХАЛИУНА

                                                                                         Д.ЧАНЦАЛНЯМ