Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2168

 

МАГАДЛАЛ

 

2018.10.22                                                 Дугаар 2168                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01633 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЕБ-ын 61 С холбогдох,

 

ЕБ-ын 61 С-ын дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Г нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус сургуульд 2008 онд дизайн технологийн багшаар ажиллаж байсан. Нийт 34 жил улсад ажилласнаас багшаар 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж, гүйцэтгэж байсан. Түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажлыг хоёргүй сэтгэлээр хийж, шавь нараа олимпиадад амжилттай бэлдэж шагналт байруудад шалгаруулж байсан. 2018 оны 05 дугаар сарын   25-ны өдөр ажлаа хийж байтал гэнэт толгой эргэж бие муудаж эхэлсэн. Өглөөнийхөө хичээлийн орчихоод өрхийн эмнэлэг орж үзүүлэхэд даралт ихэдсэн байна гээд эмч 3 өдрийн магадлагаа бичиж өгсөн. Ингээд 3 хоног акттай байж байгаад 5 дугаар сарын     31-ний өдөр ажилдаа очиж ажлаа хийж байтал 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр сургалтын менежер н.Д таныг захирал дуудаж байна гэсний дагуу захирлын өрөөнд орход захирал ажлаас халах тушаал гарсан талаар хэлсэн. Иймд нэхэмжлэгч намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн дизайн технологийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Б нь сүүлийн жилүүдэд хичээл сургалтын цаг ашиглалт хангалтгүй, сургууль дээр архи үнэртүүлж ирж хичээлээ заадаг. Энэ талаар нь багш сурагчид эцэг эхээс удаа дараа гомдол гарч байсан. Хэлэхээр хүлээж авсан дүр үзүүлдэг ч алдаагаа засдаггүй, амлаад л өнгөрдөг. Энэ байдал газар авч түүнд авсан сануулах арга хэмжээ хэрээс хэтэрсэн. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/21 тоот тушаалаар цалинг бууруулах, 2016 оны 12 сарын 27-ны өдрийн А/79 тоот тушаалаар мөн л цалинг суутгах арга хэмжээ авагдсан байна. Өөрийнхөө гараар бичсэн дутагдлаа баталсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бичиг байгаа. Мөн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/48 тоот тушаалаар мөн л цалингийн арга хэмжээ авагдаж байсан. Харин энэ тушаалд архитай холбоотой үг үсэг оруулахаас өөр аргагүй болсон нь түүний өөрийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй, худлаа аргацаасан дүр байдлыг тэвчиж чадахаа байсан төдийгүй, сурагчдын эрх ашгийг хамгаалахад нааштай нөлөөлнө гэж гэж бодсон илрэл гэж үзэж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-нд Д.Б-ийн багшийн нэр хүндийг удаа дараа унагаж, ёс зүйгүй үйлдэлд төгсгөл болгохоор хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан. Гэвч энэ тушаалыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учирсан. Учир нь цалингийн өр зээлтэй, ахимаг настай тул орлогогүй бол амьдралын нөхцөл хүндэрнэ гэх шалтгаар мэргэжлийн багш нарын баг хуралдан хэлэлцэж, батлан даах тухай хүсэлт гаргасан тэмдэглэл зэргийг харгалзан мөн өөрийнх нь хүсэлтээр халагдвал үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл зэрэг нь олгогдох байсан тул Д.Б-ийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тушаал гарсан юм. Гэвч Д.Б нь эргээд өдөр бүр сургууль дээр ирж тодорхой байдлаар дарамт үзүүлж эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн нийт багш нарын зөвлөлийн хуралд энэ байдлыг Д.Б-г байлцуулан захирал өөрийн биеэр танилцуулсан бөгөөд багш нарын саналыг сонсохоор Д.Б-г хэлэлцсэн юм. Өөрөөр нь үүрэг амлалт авахуулаад хичээлийн жилийг дуустал түр авахаар ярилцаж, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б/11 тоот тушаалаар ажилд нь түр авсан юм. Гэвч өнгөрсөн 3 сар хүрэхгүй ажилласан хугацаандаа өмнөх алдаагаа давтсаар ажлын цаг ашиглалтгүй, архи үнэртүүлж ирсэн хэвээр байсан төдийгүй, багшийн ёс зүйн дүрмийн олон заалтуудыг зөрчсөн. Сурагчдын дүн үнэлгээг гаргахдаа мөнгөний асуудалтай холбогдсон, сурагчдын дүнг гаргахдаа ялгаварлан ханддаг, энэ байдлаа далдлахын тулд сурагчид эцэг эхийг дарамталсан байгаа нь баримтаар тогтоогдоно. Сурагчдаас мөнгө төгрөг нэхэх, дүн үнэлгээ гаргахдаа багшийн ёс зүйг зөрчиж байсан тул 2018 оны 05 дугаар сарын 23-нд дуудаж захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас чөлөөлөх шийдвэрээ хэлсэн болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-г ЕБ-ын 61 С-ын дизайн, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 562 982 төгрөгийг хариуцагч ЕБ 61 С-иас  гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-ийн 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ЕБ-ын 61 С даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЕБ 61 С-иас  39 958 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А.М миний бие ЕБ-ын 61 С 2006 оноос эхлэн захирлаар ажиллаж байна. Тус сургуулийн багш Д.Б-ийн нэхэмжлэлээр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь уг асуудлыг нягтлаж, шалгаагүй гаргасан шийдвэр гэж үзэж гомдол гаргаж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн ээлжийн амралтаа эдэлж, энэ хугацаандаа 1 416 856 төгрөгийн цалин хөлс авсан болно. Иймд нөхөн олговор олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ЕБ-ын 61 С холбогдуулан тус сургуулийн дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Б-г хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/36 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “сахилгын зөрчил давтан гаргасан буюу ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хариуцагч тайлбарласан атал ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан нь дээрх тушаал хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Б-г удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан, ёс суртахууны хувьд доголдолтой, багшийн ажил эрхлэх, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй хүн учир холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутайд тооцсон хөдлөшгүй үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг  ажлаас халах үндэслэл байгаа эсэх нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

         ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ