Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2018/01717

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2018/01717

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

А.******* миний бие Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд миний бие дээрхи тушаалд гомдон өргөдөл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар 2017 оны 9 дүгээр сарын 07-ны шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан. Улмаар энэ шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 13-нд давж заалдах шатны шийдвэр, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор дахин баталгаажуулсан билээ. Гэсэн атал өнөөг хүртэл ******* бөгөөд Улаанбаатар хотын захирагч шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр 2017 оны 9 дугаар сарын 07-ноос хойшхи ажилд орох хүртэлх буюу 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалин олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг төлж нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ. гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн марган таслах комисс, шүүхэд аль алинд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа хамаарахаар байна. Нэхэмжпэгч нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч *******д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шитгэлийг нөхөн төлөхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, нийт ажлын 254 өдөр, 10,860,786 төгрөг гэж тодруулсан.

 

Хариуцагч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.*******ыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01688 тоот шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон  байна. /хх-ийн 6-10 дахь тал/

 

Хариуцагчийн хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан эсэх, энэ шаардлагыг хангасан бол хариуцагч нэмэгдэл хөлс төлөх үүрэгтэй эсэхийг тогтоох дарааллаар хянах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн тухайд 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустлах хугацааны цалин хөлс шаардсан энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч А.*******ыг ажилд эгүүлэн авах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй байж, цалин хөлс авах эрхээр хохирсон гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01688 тоот шийдвэрээр А.*******ын сарын дундаж цалин 919,326 төгрөг, өдрийн дундаж цалин 42,759 төгрөг болох нь тогтоогдсон байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон .... байвал түүнийг дахин нотлохгүй гэснийг баримталж сарын, өдрийн цалинг тооцлоо.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа ажлын 254 хоног гэвэл /42,759*254 хоног/ нийт 10,860,786 төгрөг байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас А.*******ын ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх 10,860,786 төгрөгийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргуулж А.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг олговороос гаргуулж зохих хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэр бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас 10,860,786 төгрөг гаргуулж А.*******д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны А.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 207,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.






ДАРГАЛАГЧ                                      Т.НАРАНЦОГТ